Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 370

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

Нэхэмжлэгч:  Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо багийн иргэн Осорпунцагийн Очирбатад холбогдох 

Малжуулах төслөөр олгосон 15 хонь эсвэл 450.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Малжуулах ажлын талаар гэрээний үүргээ биелүүлээгүй Алтансоёмбо багийн иргэн Осорпунцаг овогтой Очирбатын талаар 1/125, 1/138 тоотоор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчдад нэхэмжлэл гаргаж ажилласан боловч иргэн О.Очирбат нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй тул аймгийн Аудитын газрын 2016.04.22-ний өдрийн 12/07 тоот актын заалтыг хангуулахаар танай байгууллагад хандан нэхэмжлэл гаргаж, энэхүү асуудлыг шийдвэрлэж өгөхийг уламжлав гэжээ.

Хариуцагч О.Очирбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Энэхүү сумын Засаг даргын нэхэмжилсэн 15 малыг төлж барагдуулна. Уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга нь малжуулах төслөөр олгосон 15 мал эсвэл 450.000 төгрөгийг гаргуулахаар хариуцагч О.Очирбатад холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд О.Очирбат нь 15 малыг төлөхөөр  хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй  бөгөөд  15 малыг  төлөхөөр  хүлээн  зөвшөөрсөн  нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын  тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн  7  дугаар  зүйлийн  7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 14.150 төгрөгний тал хувь буюу 7.075 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,  малжуулах төслөөр олгосон 15 хонь гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Очирбат нь 15 малыг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 14.150 төгрөгийн тал хувь буюу 7.075 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар  зохигчид  давж  заалдах,  хяналтын  журмаар  хянан шийдвэрлүүлэхээр  гомдол  гаргах,  тухайн асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин нэхэмжлэл  гаргахгүй болохыг дурдсугай.

                     

 

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                       Ц.ҮЙТҮМЭН