| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0174/Э |
| Дугаар | 171 |
| Огноо | 2019-10-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 171
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Э*******
Нарийн бичгийн дарга Г.Н******* нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2-д зааснаар ******* овогт Ш******* Б******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1931003120177 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар баг * дугаар хэсэг ** тоотод оршин суудаг, С********* АЗЗА ХХК-д индүүдэгч машин жолоодогч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан 3 жил 06 сарын хугацааагаар хорих ялаар шийтгэгдэж 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хугацааны өмнө 01 жил 26 хоног тэнсэн суллагдаж байсан, ******* овогтой Ш******* Б /РД:*************/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар багт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ө.Ш******* эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч Ш.Б******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Гэм буруугийн талаар маргаан байхгүй....” гэх мэдүүлэг
Хохирогч Ө.Ш******* 2019 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 18 цагийн үед манай нөхөр Ш.Б над руу утсаар яриад “би суманд байна ирээд ав” гэж хэлсэн тэгэхээр нь би таксинд суугаад сумаас цаашаа зам дагуу ажиллаж байгаа газар нь очиход манай нөхөр Ш.Б хэдэн эмэгтэй хүмүүстэй архи уугаад согтуу байсан. Тэгээд надад хэлэхдээ “цэцэрлэгийн багш нартай бид нар архи ууж байна” гэж хэлсэн. Аль цэцэрлэгийнх гэдгийг нь би мэдээгүй. Тэгэхээр нь би уурлаад орхичихоод буцаад гэртээ хүрээд ирсэн юм. Тэгээд 21 цаг өнгөрч байхад Ш.Б ирээд уурлаад агсам тавьж хүүхдээ тэвэрч сууж байхад зүүн мөр лүү цохиж авсан. Тэгэхээр нь би хүүхдээ тавиад “яаж байгаа юм бэ” гэхэд элдэв үгээр доромжилж орилоод нүүр лүү өшиглөж газар унагаасан. Дараа нь миний толгой руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Би босоод зугтаах гэтэл гараас барьж аваад хэд хэд цохисон, би арай гэж гарнаас нь мултраад урд айл руугаа орох гээд гэрээсээ гарч гүйгээд “хүн байна уу туслаарай, авраарай” гэж орилсон. Тэгэхэд араас хөөж гарч ирээд гэр лүүгээ чирж оруулаад “би цай уумаар байна, цай хийж өг” гэхээр нь цай хийж өгөхөд уучихаад унтаад өгсөн. Тэр үед цагдаа нар орж ирээд “Ш.Б ыг эрүүлжүүлнэ” гээд аваад гарсан. Намайг “эмнэлэгт үзүүл” гээд түргэн дуудаж өгсөн. Эмч ирэхэд би эмнэлэг орж үзүүлсэн юм. Ш.Б бид хоёрын дунд гэр бүлийн бага сага маргаан байдаг л байсан. Гэхдээ тэгж айхтар хэрүүл маргаан болж байгаагүй, урд нь ч гэсэн намайг зодож цохиж, гар хүрч байгаагүй. Энэ удаад юу болсон юм мэдэхгүй намайг ингэж зодно гэж бодоогүй. Би суманд очоод Ш.Б тай хэрүүл маргаан хийгээгүй, Ш.Б ыг эмэгтэй хүмүүстэй архи уугаад сууж байхаар нь уурлаад буцаад явчихсан юм. Манай нөхөр нэг их архи уугаад байдаггүй юм, хааяа нэг л архи уудаг. Архи уусан үедээ бухимдуу зантай уурласан л хүн болчихдог юм. Миний цээж хөндүүрлэж, толгой энд тэндгүй хөх няц, хавдар болж тэр болгон нь өвчтэй хөндүүрлэж байна. Мөн толгой байнга өвдөж байна...” гэх мэдүүлэг, / хх-ийн 09-10 дугаар тал/
Гэрч Б.Н 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 08-ны орой 21 цаг өнгөрч байсан шиг санаж байна намайг гэртээ унтах гэж байхад гадаа харуй бүрий болсон хойно манайхаас зүүн урд зүгт нэг эмэгтэй хүн ёо ёо болиочээ, хүн байна уу туслаарай гээд орилоод байсан тэгэхээр нь би цагдаагийн газрын жижүүр лүү утасдаад манай энэ хавьд нэг эмэгтэй хүн зодуулаад байх шиг байна, хурдан ирэхгүй бол болохгүй нь байна шүү гэж хэлсэн тэгээд тэр эмэгтэй ойролцоогоор 10 минут орчим орилсон байх тэгээд байж байхад жижүүрийн цагдаа нар ирэхэд би цагдаа нарыг дагуулаад тухайн хүн орилоод байсан газар луу явсан тэр хавиар гудамжаар хайсан боловч олоогүй тэгээд би гэртээ орсон цагдаа нар хайгаад үлдсэн. Тэр хүмүүсийг зүс мэднэ, манай гудамжны манайхаас зүүн тийшээ 2 дахь айл байгаа юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 12 дугаар тал/
Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний албаны Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн 223 дугаартай:
“....1.Ө.Ш******* биед тархи доргисон, зовхи, бугалганд цус хуралт, дух, чамархай, хацарт зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар тал/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 18-19 дүгээр тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар тал/
Эрүүлжүүлэгдсэн болон захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар багт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ө.Ш******* эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж байна.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд 11.6 дугаар зүйлийн 2-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч Ш.Б******* гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ө.Ш******* биед тархи доргисон, зовхи, бугалганд цус хуралт, дух, чамархай, хацарт зулгаралтын зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл тогтоогдсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар хохирол, хор уршигт тооцов.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ө.Шинэгэрэл шүүгдэгч Ш.Баас нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Б нь хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирогч хохирол, төлбөр нэхэмжлээгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон 550 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ш.Б******* тогтмол орлоготой ажил төрөл эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ш.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогтой Ш******* Б ыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогтой Ш******* Б ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ш.Б д оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ш.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Ш.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Ялтан Ш.Б******* урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ