| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 197/2025/29322/И |
| Дугаар | 210/МА2026/01178 |
| Огноо | 2026-05-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2026/01178
******* СӨХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Азбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 197/ШШ2026/08146 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 6,058,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч *******т холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 6,058,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж, 147.3-т Орон сууцны дээвэр ... тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргана гэж заасан.
Хариуцагч ******* нь ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоот ******* орон сууцны өмчлөгч болохын хувьд Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж заасны дагуу тухайн байрны дээврийг засварлахтай холбогдон гарсан зардлын тодорхой хувийг нэхэмжлэгч ******* СӨХ-нд хариуцан төлөх үүрэгтэй.
Сууц өмчлөгчийн зардлыг ийнхүү тодорхойлохдоо сууцны зориулалттай барилгын дангаар өмчлөлийн нийт талбайн дүнг нэг өмчлөгчийн дангаар эзэмшлийн талбайтай харьцуулан ногдох хувийг тогтоох замаар дундын өмчид гарсан зардлаас өмчлөгч тус бүрийн хариуцах хувийг тодорхойлох үндсэн зарчмыг баримтлах учиртай.
4.Нэхэмжлэгч СӨХ нь орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд нийт 6,058,600 төгрөг гаргуулахаар шаардсанаас анхан шатны шүүх сууцны ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон сар бүрийн төлбөл зохих тогтмол зардалд 2,458,000 төгрөгийн шаардлагыг хангаж, харин сууцны байшингийн дээврийн зардал 3,600,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо уг зардлын тооцоолол тодорхойгүй, нотлогдоогүй гэж дүгнэсэн нь хэргийн байдалд нийцээгүй, шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүй байна.
Тус ******* байрны дээврийн хар цаасан хучлага урагдаж, хагарал үүссэнээс 12 дугаар давхрын айлуудын таазаар хур тунадасны ус нэвчсэнээс тухайн айлуудын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдсан талаар Хотын стандарт, хяналтын газрын улсын байцаагчийн 2024.01.12-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтээр тогтоогджээ. Дүгнэлтэд үндэслэн ******* СӨХ-ны 2025.05.04-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, бүх гишүүдийн хурлын 2025.05.20-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр ******* байрны дээврийг засварлах, засварын зардалд нэг айлын хариуцан төлөх төлбөрийн хэмжээг тогтоосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэжээ.
Мөн нэхэмжлэгч нь дээврийн засварыг ******* ХХК-аар гүйцэтгүүлсэн, нийт зардал 43,754,000 төгрөг болсон нь хавтаст хэргийн 17-27 дахь талд баримтаар авагдсан байна.
Барилгын дангаар өмчлөлийн хэсэгт дундын өмчийн зүйл болох дээврийн хэсэг шууд бэхлэгдсэн нь тухайн хэсгийн засварыг уг өмчлөгч дангаар хариуцах үр дагаврыг бий болгохгүй тул барилгын дээврийн засварын зардлыг бодитой эзэмших хэсгээр бус хийсвэр байдлаар өмчлөгч бүрт хувилан тооцож, ногдол хувийг тогтоосон нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3-т нийцжээ. Өөрөөр хэлбэл, тус тогтоолоор нэг сууц буюу ******* хүртэлх талбайд ногдох зардлыг 600,000 төгрөг, хоёр сууц буюу ******* м.кв хүртэлх талбайд 1,200,000 төгрөг, зургаан сууц буюу *******-аас дээш талбайд 3,600,000 төгрөг байхаар тогтсон нь нэг сууцыг дунджаар ******* м.кв гэж тооцжээ.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн хариуцвал зохих зардлыг 6 сууцны хэмжээ буюу ******* талбайгаар тооцон 3,600,000 төгрөгийг шаардсан нь хариуцагчийн бодитой өмчилж буй ******* сууцны талбайн хэмжээнээс илүү гараагүй байх тул хариуцагч *******өөс уг зардал 3,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
5.Хариуцагчаас 2025.01-09 сарын хугацааны орон сууцны ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 2,458,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагаас шүүх 2,458,000 төгрөгийн хэмжээнд хангасан байх боловч үлдэх 600 төгрөгт холбогдох шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар дүгнэлт өгөөгүй байна. Нэхэмжлэгч 2,458,600 төгрөгийг хариуцагчаас шаардсан ба уг шаардлагын хэмжээг багасгаагүй, нэхэмжлэлээ нотолж 2,458,600 төгрөгийн тооцооллын баримтыг шүүхэд гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн энэ шаардлагыг бүхэлд нь хангасан байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт 600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоогүй, энэ тухай дүгнэлт өгөөгүй байна. Иймд шүүх тооцооллын алдаа гаргасан гэж үзэхээр байх тул шүүхийн шийдвэрлэлгүй орхигдуулсан 600 төгрөгийг нэмж хариуцагчаас 2,458,600 төгрөгийг гаргуулна.
6.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасан болон анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон хуулийг баримталсан нь оновчгүй болсныг хассан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 197/ШШ2026/08146 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 147.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******өөс 6,058,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгосугай гэж,
2 дахь заалтын ...54,278 төгрөг... гэснийг 111,887.6 төгрөг гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Э.ЭНЭБИШ