Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2026/00973

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШШ2026/05485 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,

 

2,449,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д 2,449,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

           

            3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...манай орон сууц 2023.12 сард ашиглалтад орсон. Өнгөрсөн хугацаанд орон сууцны усны чанарын асуудлууд маш их гарч усыг уух нь бүү хэл юм юм угаахад ч асуудалтай байдаг. Энэ талаар байцаагчид биечлэн хэлж байсан. Иймд усны холигч сольсон зардал 783,000 төгрөг, ус захиалж авсан төлбөр 756,000 төгрөг, хувцас угаасны дараа дахин өмсөх боломжгүй болсон тул куртикний үнэ 499,400 төгрөг, нийт 2,146,400 төгрөгийг гаргуулна...” гэж,

            Хариуцагч татгалзлын үндэслэлээ “...нэхэмжлэгчийн орон сууц 2023 онд ашиглалтад орсон ба энэ хугацаанд манай компанид усны асуудлаар албан ёсоор мэдэгдэж байгаагүй. Ажилтанд мэдэгдсэн гэдэг боловч тухайн ажилтан 2025.04 сард ажлаас гарсан ... барилгын тухай хуульд зааснаар манай байгууллагад хандахаас гадна барилгын компанидаа хандаж болох байсан ...” гэж тус тус тайлбарлажээ.

 

            4.Хариуцагч байгууллага нь хэрэглээний цэвэр усаар хангах үүргээ биелүүлж ажиллаагүйн улмаас өөрт нь нэмэлт зардал гарч хохирол учирсан гэсэн агуулгаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ тодорхойлжээ.

            Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахаар заасан бөгөөд хангагч байгууллага нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах үүргийг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй байна.

            Хариуцагч хуулиар хүлээсэн болон гэрээнд заасан үүргээ биелүүлж ажилласан эсэхтэй холбоотой хэрэглэгч, хангагчийн хооронд маргаан гарсан нөхцөлд уул маргааныг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасны дагуу ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах чиг үүрэг бүхий зохицуулах хороо өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээр зохицуулжээ. Хэрэв Зохицуулах хорооны шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй байна.

            Зохигчийн тайлбар, хэргийн баримтаар үзвэл нэхэмжлэгч нь зохицуулах хороонд энэ асуудлаар хандсан, зохих мэргэжлийн байгууллагаас ямар хариу өгсөн тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах журамтай.

            Нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульд заасан журмыг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд нийцэхгүй бөгөөд өмнө дурдсанаар нэхэмжлэгч нь зохицуулах хороонд гомдлоо гаргах боломжгүй байдал тогтоогдоогүй байна.

            Энэ тохиолдолд мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн бөгөөд уг журмыг хэрэглэх боломжтой гэж үзсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай.

 

            6.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, *******гийн нэхэмжлэлтэй, “*******” ХХК-д холбогдох 2,449,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШШ2026/05485 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар *******гийн нэхэмжлэлтэй, “*******” ХХК-д холбогдох 2,449,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,140 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Э.ЭНЭБИШ

 

 

                                  ШҮҮГЧИД                                       Ч.ЦЭНД

 

 

                                                                                          Б.АЗБАЯР