| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00393/и |
| Дугаар | 374 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 374
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Найрамдлын хороо 3-14 тоотод оршин суух Баянбуурал Алтанцэцэгийн Батцоожийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Найрамдлын хороо 3-14 тоотод оршин суух Сэржмядагийн Баянмөнхөд холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Батцоож шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Батцоож 1983 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумд төрсөн. Би С.Баянмөнхтэй 2009 онд танилцаж, 2011 оноос хамт амьдарч эхэлсэн. Гэр бүлийн баталгаагүй. Энэ хугацаанд 2011 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүү Батбилгүүн, 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Гэрэлт-Ирээдүй нар төрсөн. С.Баянмөнх нь хамт амьдраагүй намайг гэртээ байхад зодон дарамталдаг байсан. Түүнээс хойш ч гэсэн байнга янз бүрийн хэл амаар доромжилдог байсан. 2015 онд намайг архи ууж зодоод байхаар нь Цагдаагийн газарт хандаж байсан. Мөн 2016 онд архи ууж, зодож дарамталхаар нь би цагдаа дуудаж өгсөн. Энэ бүх хугацаанд хүүхдүүдээ бодон тэсдэг байсан боловч намайг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хутга барьж айлган сүрдүүлж, хутга тулгаж чамайг дүрнэ гэж гэрээсээ хөөсөн учир хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж, 2 хүүхдэд насанд хүртэл хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.Батцоож шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А.Батцоож миний бие С.Баянмөнхөөс 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Одоо цаашдаа эвлэрч хамтран амьдрахаар болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
А.Батцоожийн нэхэмжлэлтэй, С.Баянмөнхөд холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч А.Батцоож нь хариуцагчтай эвлэрсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээс татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Найрамдлын хороо 3-14 тоотод оршин суух Баянбуурал Алтанцэцэгийн Батцоожийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Найрамдлын хороо 3-14 тоотод оршин суух Сэржмядагийн Баянмөнхөд холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй гаргах эрхгүй боловч нэхэмжлэгч тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргахад энэ захирамж саад болохгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН