| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/09924/И |
| Дугаар | 210/МА2026/00687 |
| Огноо | 2026-03-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00687
2026 03 27 210/МА2026/00687
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Ууганбаяр, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/11660 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд 26,889,444 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: барьцаа 3,500,000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* нь өөрийн өмчлөлийн ******* дүүргийн, ******* хороо, ******* ******* тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг аж ахуйн зориулалтаар *******-д түрээсэлсэн.
1.2.Түрээсэлж байх хугацаандаа бидэнд мэдэгдэлгүйгээр байрыг эзэнгүй орхиж хаалга болон дотор сантехник, цахилгааны шугам, эд хогшлыг эвдэж эзэнгүй хаяж явснаас их хэмжээний хохирол учруулсан. ******* дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан боловч гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Мөрдөгчийн тогтоолоор үнэлгээ хийлгэж, *******-ийн 2024 оны 10 дугаар сард гаргасан үнэлгээгээр Үл хөдлөх хөрөнгийн засварын үнэлгээ 6,843,950 төгрөг, хөдлөх хөрөнгийн үнэлгээ 6,400,011 төгрөг нийт 13,243,961 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсныг тогтоосон. Үнэлгээний төлбөрт 118,000 төгрөг төлсөн.
1.3.Мөн хариуцагчаас түрээсэлж байх явцдаа ашиглалтын зардал төлөөгүй тул цэвэр, бохир ус, дулаан 299,548 төгрөг, цахилгааны төлбөр 629,050 төгрөг, цахилгааны төлбөрийн алданги 316,385 төгрөг, хог тээвэр, цэвэрлэгээний зардал 300,000 төгрөг, түрээсийн төлбөр 7,800,000 төгрөг, түрээсийн төлбөрийн алданги 1,182,500 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 3,000,000 төгрөг тус тус гаргуулна.
1.4.Түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай, гэрээний аль нэг талаас гэрээ цуцлах талаар санал гараагүй бол гэрээ автоматаар сунгагдах нөхцөлтэй байсан. Хариуцагч 4, 5 сард тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үйл ажиллагаандаа ашиглаж байсан болох нь 5 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн төлбөр төлсөн баримтаар нотлогддог.
1.5.Тухайн үл хөдлөх эд хөрөнгө банкны барьцаанд байсан боловч 2024 оны 9 сар хүртэл *******-ийн өмчлөлд байсанд хариуцагч маргадаггүй тул шаардах эрхтэй. 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нүүгээд засвар хийгээд өгөхөөр аваарай гэж хэлсэн боловч засвараа хийгээгүй хаяад явсан. 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл тухайн үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын зардлууд зохих байгууллагуудаас бичигдэж байсан учир энэ хүртэл хугацаанд түрээслэгч тал ашиглаж байсан гэдэг нь нотлогдож байна.
Иймд хариуцагчаас гэм хорын хохиролд 26,889,444 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Түрээсийн гэрээнд иргэн ******* гарын үсэг зурсан байдаг. *******-ийн зүгээс *******ид 2023 онд 5 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийг шүүхэд баримтаар ирүүлсэн. Энэ итгэмжлэлийг шүүхэд хариу тайлбар гаргасны дараа нөхөж үйлдсэн хуурамч итгэмжлэл гэж үзэж байна. Иргэний хуульд итгэмжлэлийн хугацаа дээд тал нь 3 жил байдаг. Бид *******той гэрээ байгуулсан тул ******* нэхэмжлэл гаргах эрхгүй.
2.2.Манай байгууллагын хувьд нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгийг ямар нэг байдлаар эвдэж, устгасан, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан зүйл байхгүй. Гэм буруутай үйлдэл байхгүй болох нь прокурорын тогтоолоор тогтоогдсон. Цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад түрээсэлж байх хугацаанд дээврээс ус гоожсоныг *******ид мэдэгдсэн. Нийт 17 нэр төрлийн эд хөрөнгө актаар хүлээлцсэн боловч *******-ийн үнэлгээнд энэ эд хөрөнгөөс өөр бусад хөрөнгүүдэд үнэлгээ гаргаж 6,400,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.
2.3.Гэрээний хугацаа дууссанаас хойш цахилгааны төлбөр гарсан огноогоор тооцож түрээсийн төлбөр 7,800,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдаж 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хугацаа дуусгавар болсон. Түрээслүүлэгчид түрээсийн зүйлийг хүлээж авах эрх нь байсан ба хүлээлгэж өгөх гэхээр очиж амжихгүй, хөдөө явж байна гэж хэлээд аваагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжилсэн тул гар гэсэн тухай мэдэгдэж хаалгыг нь цоожлоод явсан түлхүүрээ орхиод явсан атал өөрөө хүлээж аваагүй.
2.4.Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр өмгөөлөгч авч байгаа учраас тус зардлыг хүлээн зөвшөөрөхгүй.
2.5.Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 406,000,000 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээнд Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хураалгасан байна. Эвдрэл гэмтэл гарсан асуудалд банк үнэлгээг хасаж өр төлбөрийг хаах ёстой байсан. Тухайн хөрөнгийг банканд зээлийнхээ үнийн дүнд хаагаад өгсөн учраас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөхгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1.******* нь нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулахдаа 3,500,000 төгрөгийг барьцаа болгон шилжүүлсэн. Гэвч түрээсийн хугацаа дуусах үед дээрх барьцааг эргүүлэн шилжүүлээгүй тул барьцаа хөрөнгийг шаардах эрхтэй.
3.2.Нэхэмжлэгчээс төлбөр төлсөн талаарх баримтыг харвал нийт 40,000,000 төгрөгийг төлсөн байна. Гэрээ 12 сарын хугацаатай, сарын 3,000,000 төгрөгийн түрээс төлөхөөр хийсэн тул 36,000,000 төгрөгийн түрээс төлөх ёстой. ******* нь барьцаанд 3,500,000 төгрөгийг илүү төлсөн. Түрээсийн төлбөрийг сар сард нь зохих ёсоор төлөөд дууссан. Гэрээ дууссан, буцаагаад шаардах эрхтэй учраас барьцаанд төлсөн 3,500,000 төгрөгийг буцааж гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгч талын сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
4.1.Нэхэмжлэгч нь шаардаж буй барьцааны 3,500,000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн түрээсийн төлбөрт суутган тооцсон тул буцааж өгөх үндэслэлгүй гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******-аас 9,044,983 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,844,461 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******-аас 3,500,000 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч *******-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,400 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 159,669 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д, нэхэмжлэгч *******-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70,950 төгрөгийг гаргуулан хариуцагч *******-д тус тус олгож шийдвэрлэжээ.
6.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1.Милкмен дэливери ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 18-нaac 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 14 удаа нийт 38,500,000 төгрөг төлснөөс 35,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт, барьцааны мөнгө 3,500,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 4 дүгээр сарын 20-ны хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрт суутган тооцсон атал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, барьцааны мөнгө 3,500,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
6.2.Түрээслэгч Милкмен дэливери ХХК нь бидэнд мэдэгдэлгүйгээр байрыг эзэнгүй орхиж хаалганууд болон дотор сантехник, цахилгааны шугам, эд хогшлыг эвдэж эзэнгүй хаяж явснаас бидэнд их хэмжээний хохирол учруулсан. Цагдаагийн байгууллагад шалгах явцад мөрдөгчийн тогтоолоор *******-ийн үнэлгээгээр 13,243,961 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсныг тогтоосон.
Түрээслэгч талын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан үл хөдлөх эд хөрөнгийн засварын үнэлгээ 6,843,950 төгрөг, хөдлөх хөрөнгийн үнэлгээ 6,400,011 төгрөг, үнэлгээний төлбөрт төлсөн 118,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7.Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
7.1.Нэхэмжлэгч үнэлгээний компанийн үнэлгээний талаар дурдаж байна. Хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэсэн эд хөрөнгүүд нь биднийг хүлээлгэж өгснөөс хойш болсон явдлууд байгаа. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч мессенжерийн зураг гаргаж өгдөг бөгөөд тус баримт нотлох баримтын шаардлага хангаагүй. Мөн тус баримтад үзлэг хийсэн зүйл байхгүй.
Манай компани нэхэмжлэгчийн байшингийн түлхүүрийг хүлээлгэж өгөх гэсэн боловч тэрээр зугтаад ирдэггүй байсан учир түлхүүрийг хүлээлгэн өгч явсан тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэв.
8.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 26,889,444 төгрөгөөс 17,844,461 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрч байгаа боловч үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 9,044,983 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
8.1.Анхан шатны шүүх түрээсийн төлбөрт 7,800,000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч баримтаар няцаагаагүй гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийг мөн хүлээдэг. Гэтэл ямар баримтыг үндэслэн хариуцагч тус түрээсийн зүйлийг 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ашигласан гэж үзэж байгаагаа тайлбарлаагүй. Нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүх зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбарт үндэслэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Нэхэмжлэгч тус хугацааг хэрэглэсэн цахилгааны төлбөр гарсан өдрөөр шаардсан гэж тайлбарладаг боловч тус цахилгааныг манай компани хэрэглэсний улмаас төлбөр гарсан гэх баримт байхгүй.
8.2.Хариуцагч түрээсийн зүйлийг 2024 оны 4 дүгээр сарыг дуустал ашигласан ба түрээсийн зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхөөр холбогдсон боловч хүлээж аваагүй тул цоожлон орхиж 2024 оны 4 дүгээр сард нүүж явсан тухай баримтууд авагдсан. Энэ талаар гэрч мэдүүлсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* 2024 оны 5 дугаар сард түрээсийн зүйлийг хүлээж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн баримт хэрэгт авагдсан. Үүнээс үзэхэд түрээсийн зүйлийг 2024 оны 6 дугаар сар гэхэд хүлээж авсан байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Иймд 2024 оны 5-7 дугаар саруудын түрээсийн төлбөрийг хариуцагч компани төлөх үндэслэлгүй.
8.3.Нэгэнт түрээсийн зүйлийг ашиглаагүй тул тус хугацаанд бодогдсон төлбөр буюу ашиглалтын зардал, цэвэр бохир усны төлбөр, дулааны төлбөр зэрэгт 1,244,983 төгрөг төлөх үүргийг мөн хүлээхгүй.
Иймд ашиглаагүй хугацааны түрээс, түүнийг дагалдах төлбөрийг төлөх үүрэг үүсэхгүй тул гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
9.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
9.1.Цаг хугацааны хувьд мессенжерт үзлэг хийсэн тэмдэглэлээр бүх зүйл таарч байгаа. Хамгийн сүүлд 7 дугаар сард тоолуурын заалт бичсэн өдрөөр бүх төлбөрөө нэхэмжилсэн. Би хөрөнгөө анх хүлээлгэж өгсөн байдлаар буцааж авахыг хүссэн боловч хариуцагч талаас үйлдэл хийхгүй байгаа учраас цагдаад хандаж үнэлгээ гаргуулсан. Хэрэгт авагдсан үнэлгээнд ч мөн санал нийлэхгүй байна. 2 өрөөний цахилгааны монтаж тасалж авсан байсан. Цахилгаан, сантехникийн байгууллагаас тодорхой дүгнэлт гараагүй гээд хийж өгөөгүй. Хашааны хаалга эвдсэн үйл баримтаа хүлээн зөвшөөрсөн, өөрсдөө мэдэж байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийн компанийн хүн учир манай объект дээр юу болсон ямар асуудал шийдвэрлэх ёстой эсэхийг мэдэхгүй.
Би өөрийн хөрөнгийг эвдүүлсэн, мөн хариуцагчийн өөрсдийн ашигласан ашиглалтын зардал болоод түрээсээ ч төлөхгүй гэж гомдол гаргасанд гайхаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан хохиролд 26,889,444 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч иргэнтэй гэрээ байгуулсан тул компани нэхэмжлэх эрхгүй, түрээсийн хөрөнгөд хохирол учруулаагүй, гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацааны төлбөрийг бүрэн төлсөн, түрээсийн зүйлийг нэхэмжлэгч өөрсдөө хүлээж аваагүй үндэслэлээр эс зөвшөөрчээ.
Улмаар хариуцагч *******-иас нэхэмжлэгчид холбогдуулж барьцаа 3,500,000 төгрөг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгчээс түрээсийн төлбөрт оруулж тооцсон үндэслэлээр эс зөвшөөрч талууд мэтгэлцжээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1.*******, ******* нар 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр: *******-ийн ******* дүүргийн ******* хороо, *******, ******* тоот хаягт байршилтай объектыг сүүн бүтээгдэхүүний зориулалтаар дагалдах эд хөрөнгийн хамтаар түрээслүүлэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэхээр, түрээслэгч ******* түрээсийн төлбөрт нэг сард 3,000,000 төгрөг төлөх, харилцан тохиролцсон; /1хх 6-8/
3.2.Дээрх гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч ******* гэрээний зүйл болох эрхийн улсын бүртгэлийн , дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн ******* дүүргийн ******* хороо, 21 дүгээр хороолол /18081/ *******, ******* болон ******* тоот хаягт байрших 87,75 м.кв болон 141,44 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэлтэй байсан, хожим өмчлөгч өөрчлөгдөж 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр -ийн өмчлөлд шилжсэн нь бүртгэх байгууллагын лавлагаагаар тогтоогдсон; /1хх 141, 10/
3.3.Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1615 тоот прокурорын тогтоолоор: иргэн *******, нар 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж гэрээний дагуу объектыг түрээслэн үнэ хөлсийг төлсөн, мөн түрээсэлсэн объектын бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцах үүрэгтэй байх бөгөөд тухайн түрээсийн гэрээний 3.2.8. 3.2.9, 3.2.11 заалтуудыг зөрчиж үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал үүссэн нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн 240803111 тоот хэргийг хаасан байна. Энэ тогтоол хүчин төгөлдөр байна. /1хх-ийн 59-61/
4.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хог тээвэр, цэвэрлэгээний зардал 300,000 төгрөг, түрээсийн төлбөрийн алданги 1,182,500 төгрөг, өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ шийдлийг хэвээр үлдээж, эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
5.Хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө компанийн өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдсон, мөн гэрээний 1.1 дэх хэсэгт *******-ийн өмчлөлийн хөрөнгө гэж тодорхой дурдагдсан байх тул Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээд хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзэх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
Гэрээ байгуулсны дараа хэрэгжилтийн явцад маргаан бүхий хөрөнгийн өмчлөгч нь болж өөрчлөгдсөн үйл баримт тогтоогдсон ч 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс өмнөх хугацааны хөрөнгийн эзэмшил, ашиглалттай холбоотой шаардах эрхийг ******* хэрэгжүүлэх талаар тус банкнаас тодорхойлсон тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.
6.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
6.1.Талууд үл хөдлөх эд хөрөнгийг аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар түрээслэхээр тохирч гэрээг байгуулсан хэдий ч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүйгээс мөн зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхдээ анхан шатны шүүх тухайн маргаанд Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
6.2.Үүргийн хэлцэл хүчин төгөлдөр бус болсон тул хариуцагч нь хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх үүргийг, нэхэмжлэгч нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг тус тус буцаан өгөх үүргийг хуулиар хүлээнэ. Ийнхүү буцаахдаа нэхэмжлэгч хөрөнгийг бодитоор эзэмшиж, ашигласан тул үүний улмаас бий болох эдийн засгийн давуу байдлыг үр шимд тооцож хариуцагчийн төлсөн мөнгөн хөрөнгөөс хэлэлцэн тохирсон нэг сарын 3,000,000 төгрөгөөр тооцон хасаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.6-д заасантай нийцнэ.
7.Харин анхан шатны шүүх түрээсийн зүйлийг ашигласан хугацаа, төлсөн төлбөр хэмжээг тодорхойлохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна. Уг алдааг хэргийн баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс дор дурдсан байдлаар залруулна.
7.1.Хэрэгт авагдсан гэрээнд хариуцагч хөрөнгийг хэдий хугацаанд эзэмшиж ашиглах талаар тодорхой хугацаа заагаагүй байхаас гадна гэрээний 2.3-т түрээсийг тооцож эхлэх хугацааг 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэж, түүний доод талд 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс гэж хоёр өөр хугацааг тусгасан байна.
Зохигчид хөрөнгийг бодитоор эзэмшиж ашигласан хугацаанд маргасан тул шүүх энэ тохиолдолд гэрээний 2.3-т заасан сүүлийн хугацаа болох 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж анхан шатны шүүхийн дүгнэсэн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаагаар хариуцагч хөрөнгийг эзэмшил ашиглалтдаа байлгасан гэж үзэх нь зүйтэй.
7.2.Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй гэж зохицуулсан.
Талууд хөрөнгийг буцаан хүлээлцсэн акт үйлдээгүй боловч хариуцагч талаас түлхүүрийг чулуун дор хийж зургийг авч нэхэмжлэгчид явуулсан болохоо шүүх хуралдаанд тайлбарласан, мөн энэ талаар гэрч мэдүүлсэн байна. Хэрэгт авагдсан фэйсбүүк чатаар харилцсан цахим захидлаар ийнхүү чулууны зургийг нэхэмжлэгчид илгээсэн огноо 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 13:04 цагт байна. /1хх 182, 244, 2хх 4/
Хариуцагч хөрөнгийг 2024 оны 6 дугаар сард сулласан үйл баримтыг нэхэмжлэгч эсэргүүцээгүй хүлээн зөвшөөрсөн боловч хөрөнгөд тодорхой хэмжээнд засварын ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөхөөр талууд амаар хэлэлцэн тохирсон үйл баримт гэрч гийн цэвэрлэгээ, засварыг тодорхой хэмжээнд хийсэн талаарх мэдүүлэг, *******-ийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн үнэлгээний тайланд хавсаргасан хөрөнгийн дотор талын байгаа байдлыг илтгэсэн гэрэл зураг зэргээр тогтоогдож байна. /1хх 146, 156 ар, 160, 4, 2хх 4/
Иймд анхан шатны шүүхээс дээрх баримтууд болон зохигчдын тайлбарыг тус тус харьцуулан үзсэний эцэст цахилгааны төлбөр бичигдсэн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаагаар хариуцагч хөрөнгийг эзэмшил ашиглалтдаа байлгасан гэж үзсэн нь үндэслэлтэй, шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
7.3.Хавтаст хэргийн 68 дахь талд авагдсан нэхэмжлэгчийн гаргасан тооцооллоос өөр төлбөр төлсөн талаарх баримтыг зохигч хэн аль нь шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй байна.
Талууд нэхэмжлэгчийн ирүүлсэн уг баримтын тооцоололд маргаагүй байх тул тухайн баримтын дагуу тооцвол нэхэмжлэгч энэ хугацаанд барьцаа 3,500,000 төгрөгөөс гадна түрээсийн төлбөрт 38,500,000 төгрөгийг хүлээн авчээ.
Иймд хариуцагчийн хөрөнгийг эзэмшил ашиглалтдаа байлгасан 14 сар 23 хоногт /2023.04.15-2024.07.08/ гэрээнд заасан нэг сарын 3,000,000 төгрөгөөр тооцвол төлбөл зохих хөлс 44,300,000 төгрөг байхаас төлсөн 38,500,000 төгрөгийг хасаж үлдэх 5,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт нийцнэ.
Анхан шатны шүүх энэ шаардлагыг шийдвэрлэхдээ гэрээний 2.3 дахь зохицуулалтыг анхааралгүй гэрээ байгуулсан өдрөөс хойш түрээсийн зүйлийг эзэмшиж ашигласан хугацааг тооцож алдаа гаргасныг дээрх байдлаар залруулна. Энэ үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоос түрээсийн төлбөрт 7,800,000 төгрөг төлөх үндэслэлгүй гэсэн хэсгийг хүлээн авч, харин нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоос барьцаа 3,500,000 төгрөгийг төлбөрт оруулж тооцсон гэсэн хэсгийг хангах үндэслэлгүй байна.
7.4.Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс барьцаа 3,500,000 төгрөгийг хариуцагчийн төлсөн төлбөрөөс дээрх байдлаар хасаж тооцсон, мөн талуудын хоорондох суурь хэлцэл хүчин төгөлдөр бус болсон тул анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдлийг хэвээр үлдээх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт нийцнэ.
7.5.Талуудын хоорондох гэрээний 2.4-т түрээслэгч хэрэглээний зардлыг төлөх үүргийг хүлээхээр заасан, хэрэгт орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын төлбөрийн нэхэмжлэхүүд, ******* Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй хуулга, тус газартай нэхэмжлэгчийн байгуулсан Авлага барагдуулах гэрээ тус тус авагдсан тул анхан шатны шүүхээс хариуцагч хөрөнгийг эзэмшил ашиглалтдаа байлгасан 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны хэрэглээний зардал /цахилгаан, цэвэр бохир ус, дулаан/ болох 1,244,983 /299,548 +629,050 + 316,385/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт нийцнэ. Шүүх хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас учирсан хохирол гаргуулах шаардлагыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг шаардах эрхгүй хэмээн Иргэний хуулийг тухайн маргаанд буруу тайлбарлаж хэрэглэжээ. Улмаар хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулна.
8.1.Хариуцагч хөрөнгийг буцаан хүлээлгэж өгөх хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, улмаар түлхүүрийг чулуун дор орхиж явсан илтэд болгоомжгүй гэм буруутай үйлдэл, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө, түүн доторх хөдлөх хөрөнгө эвдэрч гэмтэж хөрөнгийн хохирол учирсан байдал, тэдгээрийн хооронд шалтгаант холбоотой гэж үзэх үндэстэй тул хөрөнгөд учирсан бодит хохирлыг нөхөн төлөх нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.7 дахь хэсэгт нийцэх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч хөрөнгийг хугацаандаа хүлээж аваагүйгээс хохирол учирсан талаарх хариуцагчийн татгалзал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул үндэслэлгүй гэж үзэх бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй дүгнэлтийг магадлалын 7.2-т дүгнэснийг дурдав.
8.2.Хэргийн 9 дэх талд авагдсан баримтаар талууд анх хөрөнгө хүлээлцсэн акт үйлдэх үед оффисын ширээ, шкаф, буйдан, урт модон сандал, гал тогооны ширээ, тавиур, төмөр хувцасны шкаф, хөшиг зурагт зэргээр 17 нэр төрлийн хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар тусгасан, хэрэг бүртгэлтийн явцад гаргасан -ийн үнэлгээний тайлангаар хөдлөх хөрөнгөд учирсан хохирлыг 6,400,011 төгрөгөөр тогтоосон байна. /1хх 9, 151-153/
8.2.1.Тухайн үнэлгээний тайланд хавсаргасан гэрэл зургаас үзвэл гадна хашааны хаалга, гадна төмөр хаалга, түүний цоож эвдэрсэн байдал тогтоогдох боловч үнэлгээний тайланд 3 ширхэг төмөр хаалга, гадна хашааны хаалга нийт 4 хаалгыг 2,698,620 төгрөгөөр засварлах бус солих өртгийг тусгасан байх тул үнэлгээнээс энэ хэсгийг хасна. Мөн гэрэл, зурагт, хөргөгч тусгагдсан байх хэдий ч анх хүлээлцсэн актад хөргөгч гэж тусгагдаагүй тул хөргөгчний үнэ болох 227,943 төгрөгийг хасах нь зүйтэй.
8.2.2.Харин үнэлгээний тайланд дотор модон хаалга рамаар нь авсан байхгүй, хаалганы цоож байхгүй гэж тусгагдсан, үүнийг ашиглалтын явцад эвдсэн болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон байна.
Мөн тайланд хөшиг чүүл, холигч, хивсэнцэр, шкаф буйдан, сандал зэргээр үнэлсэн, энэ нь нэхэмжлэгчээс хариуцагчид хүлээлгэн өгсөн актад тусгагдсан тул хариуцагчаас хөдлөх хөрөнгийн хохиролд 3,473,448 /6,400,011 2,698,620 227,943/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.7, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт нийцнэ.
8.3.Хэрэгт авагдсан шүүхийн үзлэгийн тэмдэглэлээс үзвэл 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр түрээсийн зүйлийн дээврээс дотогш ус нэвчиж таазны зарим хэсэг нурсан үйл баримт тогтоогдсон, үүнд талууд маргаагүй байна.
Нэхэмжлэгч ийнхүү ус гоожих болсон шалтгааныг хариуцагч дээвэр дээр гарч цоолсон үйлдлээс үүссэн гэж тайлбарласан ч уг тайлбарыг дэмжих баримт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Хариуцагч ус нэвчиж дээврийн зарим хэсэг ховхорсон талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, нэхэмжлэгч Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.3 дахь хэсэгт заасан хөрөнгөд засвар үйлчилгээг хийх хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн байдал тогтоогдсон тул шүүх энэ тохиолдолд -ийн тогтоосон 6,843,950 төгрөгийг зохигч талуудад 50/50 хувиар хуваан хариуцуулах нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.7, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт нийцнэ гэж үзлээ.
Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангана.
9.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс зохигчийн гэм буруугийн талаар нэхэмжлэгч түрээсийн алдангийн хугацаа 408 хоног гэдэг үндэслэлгүй. Мөн эд хөрөнгөө түрээслүүлэхдээ дээврийн цас цэвэрлэх талаарх заалтыг тусгаж өгөөгүй учир дусаалаас болж учирсан хохирлыг нэхэмжлэх үндэслэлгүй. Түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон учир *******-ийн нэхэмжилж буй барьцааны мөнгө болох 3,500,000 төгрөгийг гаргаж өгөх байх гэж бодож байна гэсэн дүгнэлт гаргасан байна.
Шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул иргэдийн төлөөлөгчийн энэ талаарх дүгнэлт үндэслэлтэй. Харин нэхэмжлэгчийн хохирол шаардах эрхийг давж заалдах шатны шүүхээс хэргийн баримтын хүрээнд дээрх байдлаар залруулж шийдвэрлэсэн тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн энэ хэсэг үндэслэлгүй.
10.Иймд хариуцагчаас нийт 13,940,406 /5,800,000+1,244,983+3,473,448+3,421,975/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 3,500,000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулна.
Мөн нэхэмжлэгч гэрээнээс учирсан хохирол шаардсан байхад анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ гэрээний бус үүргийн шаардах эрхийн зохицуулалтыг хэрэглэсэн байгааг засаж, хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулна.
11.Дээрх үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг тус тус хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/11660 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.7-д зааснаар Милкмен дэливери ХХК-иас 13,940,406 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,949,038 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******-иас 3,500,000 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч Милкмен дэливери ХХК-д олгосугай. гэж өөрчлөн найруулж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтад 159,669 гэснийг 227,652 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,400 төгрөг, хариуцагч Милкмен дэливери ХХК-иас урьдчилан төлсөн 159,701 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
О.ОДГЭРЭЛ