Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 377

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 6-22 тоотод оршин суух, /РД:ДЕ89031021/, Боржигон Энхтөрийн Цэдэвхоролын  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 1-43 тоотод оршин суух, /РД:ДЮ84111471/, Бэсүд Цэцэгмаагийн Лхагвацэрэнд холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр  хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Цэдэвхорол, хариуцагч Ц.Лхагвацэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Цэдэвхорол шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Энхтөрийн Цэдэвхорол 1989 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн. Нөхөр болох Цэцэгмаагийн Лхагвацэрэнтэй 2007 онд танилцаж, 2009 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. 2010 онд хүү Санжаасүрэн төрсөн. Нөхөр Ц.Лхагвацэрэнтэй 3 жил хамт амьдарч, сүүлийн 4 жил тус тусдаа амьдарсан. Хэрвээ эвлэрэх боломж байсан бол энэ хугацаанд эвлэрэх боломжтой байсан. 4-5 жилийн хугацаанд нэг ч удаа ирж уулзаагүй, уулзах боломжгүй, хааяа утсаар ярихаараа хэл амаараа доромжилохоос өөр зүйл ярьдаггүй байсан учраас эвлэрэх боломжгүй. Хүүхдийн тухайд 6 настай учраас шүүх хуралдаанд оролцох боломжгүй. Эвлэрүүлэн зуучлалд гэр бүлийн бусад хүмүүс буюу аав, ээжийгээ оролцуулсан байсан. Гэр бүл цуцлах асуудал бол бид хоёрын хоорондох асуудал. Үүнээс өмнө нь ийм байдалд хүрэхэд аав, ээж нь ирж гуйгаад би энэ хүнийг гайгүй болох байх гэж хүлээдэг байсан. Гэвч Ц.Лхагвацэрэнгийн иймэрхүү байдал хэвээр байсан учраас аргагүй эрхэнд эвлэрэх ямар ч боломжгүй гэж үзээд шүүхэд хандсан. Хариуцагч талаас шүүхэд хандсаныг гэв гэнэт л мэдэж байгаа юм шиг тайлбар өгсөн байсан. Тийм зүйлийг ярих шаардлагагүй байх. Би хүүхэдтэй нь ярихад нь аль болох саад болохгүйг хичээж болж өгвөл байнга яриулахыг хүсдэг. Цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул миний байдлыг харгалзан үзэж гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Лхагвацэрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Цэцэгмаагийн Лхагвацэрэн нь 1984 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн. Эхнэр болох Энхтөрийн Цэдэвхоролтой 2009 онд гэрлэлтээ батлуулсан. Э.Цэдэвхоролтой 7 жил хамтран амьдарсан ба энэ хугацаанд МУИС төгстөл хотод ажил хийж оюутан эхнэртэйгээ хамт амьдран амьдарлаа авч явж байсан. 2012  онд  Алтайн  хүдэр  ХХК-д  лабораторт 3 жил ажилласан. Энэ хугацаанд эхний нэг

2

жил өөрийн хүү Л.Санжаасүрэнг харж хоёулаа амьдарч байсан. Бидний салах шалтгаан нь хамт амьдраагүй 4 жил юм. Ажилд байх хугацаанд нь хүүгээ авч очих гэхээр өөр нөхөртэй болсон гэх сураг дуулдсан учир уулзах боломжгүй байсан. Э.Цэдэвхоролын гэрлэлтээ цуцлуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Цэдэвхорол нь хүү Санжаасүрэнг өөр дээрээ биш аав ээж дээрээ байлгадаг ба би ч бас өөрийн хүүгээ эцэггүй өсгөхийг хүсэхгүй  байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Э.Цэдэвхоролын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Э.Цэдэвхорол нь Ц.Лхагвацэрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Э.Цэдэвхорол, хариуцагч Ц.Лхагвацэрэн нар 2009 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 07 дугаар сарын 31-ний өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Тэдний дундаас 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүү Лхагвацэрэнгийн Санжаасүрэн төрсөн болох нь №0390511 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

 Шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг баримтлан эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 20 /хорь/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй, мөн сүүлийн 4 жил хамтран амьдраагүй, нэхэмжлэгч нь одоо өөр хүнтэй хамтран амьдрах болсон учир Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу тэдгээрийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч нь хүүхдийг өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа гэсэн боловч хүүхдийг цаашин өсгөх, сургаж хүмүүжүүлэх боломжтой, анхаарал халамж тавьж байдаг зэргээ шүүхэд баримтаар нотлоогүй тул мөн хүү Л.Санжаасүрэн нь гэрлэгчдийг тусдаа амьдрах үеэс эхлэн эхийн асрамжид байгаа зэргийг үндэслэн хүү Л.Санжаасүрэнг эх Э.Цэдэвхоролын асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгө нэхэмжлээгүй бөгөөд талууд эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Лхагвацэрэнгээс хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 28.195 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5,  Гэр  бүлийн   тухай   хуулийн   14   дүгээр   зүйлийн   14.1   дэх   хэсэгт   зааснаар /РД:84111471/ Бэсүд Цэцэгмаагийн Лхагвацэрэн, /РД:ДЕ89031021/ Боржигон Энхтөрийн Цэдэвхорол нарын 2009 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэн 113 дугаартай гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан  2010 оны 07 дугаар сарын  07-ны өдөр төрсөн хүү Бэсүд Лхагвацэрэнгийн Санжаасүрэнг эх Энхтөрийн Цэдэвхоролын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Лхагвацэрэнгийн Санжаасүрэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Бэсүд Цэцэгмаагийн Лхагвацэрэнгээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Цэдэвхоролд даалгасугай.

5. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Ц.Лхагвацэрэн нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Цэдэвхорол нь Ц.Лхагвацэрэнг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг мэдэгдсүгэй.

7.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Лхагвацэрэнгээс хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 28.195 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чанцалдуламд даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь  хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Ц.ҮЙТҮМЭН