Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2026/00974

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2026/02137 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.АНУ-руу 2018 онд гэр бүлийн хамт амьдрахаар явсан бөгөөд миний бие 2021 онд зам тээврийн осолд орж, нэг жилийн хугацаанд эмчилгээтэй байсан. Энэхүү зам тээврийн ослын улмаас надад 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 59,000 ам.долларын нөхөн төлбөр олгогдсон.

1.2.Дээрх мөнгийг 2022 оны 7 дугаар сард хадам ээж *******ийн эзэмшлийн, “*******” ХК-ийн долларын данс руу орон сууц худалдан авах зорилгоор шилжүүлсэн. Тухайн үед зайсанд баригдаж байгаа орон сууцыг онлайноор орж хараад худалдан авах хүсэлттэй байгаагаа илэрхийлснээр хадам ээж *******т хэлж мөнгөө шилжүүлснээр ******* нь миний даалгавраар орон сууц захиалгын гэрээг тухайн компанитай байгуулсан.

1.3.******* нь Найман шарга валютын зах дээр очиж надаас явуулсан долларыг солиулж авч байгаа талаараа надад хэлж байсан. Тухайн үед миний худалдан авсан орон сууцны гэрээг нөхрийн дүү ******* хийсэн талаар мөн хэлж, мэдэж байсан. Дараа нь ******* орон сууц авахад асуудал үүсэх байх гээд байрны нэрийг хадам аав *******ын нэр дээр гарсан талаар хэлсэн.

1.4.Би нөхөртэйгээ таарамжгүй харилцааны улмаас бид Монгол Улсын шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулснаар би 2025 оны 8 дугаар сард хүүхдүүдээ аваад Монгол улсад ирсэн бөгөөд өөрийн худалдан авсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авъя гэхэд хариуцагч нар өгөхгүй байгаа тул Хан-Уул дүүрэг, хороо, ******* гудамж, ******* 1б байр, 6 дугаар давхар, хаягт байрлах, 44 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1.*******гаас 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 58,000 ам.доллар орж ирсэн мөнгөөр орон  сууц авсан нь үнэн. Тухайн үед надад байр авах даалгавар өгөөгүй, итгэмжлэл хийж ирүүлээгүй, орон сууц авах талаар хэлж байгаагүй.

2.2.******* миний хүү хоёр 17, 18-тай байхдаа анх гэр бүл болоод үр хүүхэд төрүүлж хамт амьдрахад нь бид хоёр байнга тусалж, дэмжиж ирсэн бөгөөд тэдэнд тодорхой хэмжээний мөнгө шилжүүлж байсан тул ээж, аавдаа тусалж байсны хариу болгож бидэнд мөнгө өгч, туслалцаа үзүүлсэн гэж ойлгосон. ******* бол миний хууль ёсны нөхөр учраас орон сууц захиалах гэрээг байгуулсан бөгөөд бидний өмчлөлийн орон сууц юм.

2.3.2021 онд миний хүү *******гийн аав, ээж байргүй болчихлоо гэсэн учраас ганц бэрийн маань ээж, аав учраас худуудаа шинэ байрандаа оруулсан. ******* миний хүүтэй хууль ёсны гэр бүл байсан тул шинэ авсан байраа ач охиндоо өгнө гээд хэлсэн байсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:

3.1.Тодорхой хугацаанд *******д шилжүүлсэн мөнгийг тохиролцоод бидэнд 57,000 ам.доллар шилжүүлсэн, үүн дээр бид мөнгө нэмээд *******-н орон сууцыг худалдан авсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар нэхэмжлэгч ******* хариуцагч *******ын өмчлөлд бүртгэгдсэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, /17020/, ******* гудамж хаягт байршилтай, 45,36 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоож, хариуцагч *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,075,417 төгрөгнөөс 949,295 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 126,122 төгрөгийг, хариуцагч *******аас 949,295 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1.Шүүхээс зохигчдын хооронд болсон үйл баримтыг зөв тогтоож, улмаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т “Харин хариуцагч нар тухайн орон сууцыг өөрсдийн хөрөнгөөр захиалан өмчлөгч болсон бидний хөрөнгө гэх, *******гаас авах төлбөрт тооцон 57.000 доллар авсан гэх тайлбарыг гаргаж байх боловч эдгээр тайлбар татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй юм.

Гэвч шүүхээс дээрх дүгнэлтийг хийсэн боловч нь үндэслэх хэсгийн 11-д “Нэхэмжлэгч ******* нь хариуцагч нарын хүү болох нар гэр бүлийн бүртгэлтэй байсан боловч тэдний гэрлэлтийг тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27- ны өдрийн 191/ШШ2025/02570 дугаар шийдвэрээр цуцалсан байх бөгөөд нэхэмжлэгч нь гэр бүл бүртгэлтэй байх хугацаанд өөрийн хуваарьт хөрөнгөөрөө маргаан бүхий орон сууцыг захиалан авах зорилгоор төлбөрийг хариуцагч *******ийн дансанд шилжүүлсэн, хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн сонгосон орон сууцны захиалгын гэрээг байгуулж, хариуцагч ******* нь хариуцагч *******ын захиалсан орон сууцны төлбөрийг төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул хуульд зааснаар дундаа хамтран өмчлөх хөрөнгө үүссэн гэж үзэв" хэмээн дүгнэж улмаар Иргэний хуулийн 108 дугаар зүйлд зааснаар маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл анх нэхэмжлэлд бичигдсэн үйл баримт ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон бөгөөд уг орон сууцыг *******гийн өгсөн үүрэг даалгаврын дагуу түүний хөрөнгөөр бий болгосон, харин Монголд ирэхээс нь дөнгөж өмнөхөн амжиж өөрсдийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээг нь гаргуулан авч “хүүгээсээ асууж байж болно” гэж байсан хүмүүс шүүх дээр “угаасаа бидний орон сууц, 57,000 доллар бол авах ёстой мөнгөө авсан гэх” тайлбар нь үндэслэлгүй болохыг шүүхээс зөв тогтоосон боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж маргаан бүхий орон сууцыг ******* нь өмчлөх эрхтэй болохыг тогтоолгүй, харин хариуцагч *******тай Иргэний хуулийн 108 дугаар зүйлд зааснаар хамтран өмчлөгчөөр тогтоож байгаа нь үндэслэлгүй.

Учир нь ******* нь маргаан бүхий орон сууцны төлбөрт өөрөөсөө огт төлбөр мөнгө төлөөгүй, түүний хөрөнгө энэ орон сууцанд орж миний хөрөнгөтэй холилдоогүй нийлээгүй, мөн *******тай хамтран өмчлөхөөр талууд харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдоогүй байхад дундын хамтран өмчлөгч гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр *******г тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

6.1.Нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцыг өөрийн хөрөнгөөр авсан гэж маргаж байгаа боловч орон сууцыг худалдаж авахад бусад этгээдийн оролцоо байсан гэж үзэх боломжтой. Маргаан бүхий орон сууцыг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй тул шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Мөн шүүх мөнгөний шилжих харилцааны шинж чанар, орон сууцны ашиглалт болон маргааны үйл баримтыг бодит байдалд нийцүүлэн дүгнэсэн. Уг маргаан өмчлөх эрх тогтоолгох бус мөнгөн хөрөнгөтэй холбоотой бөгөөд мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэггүй буюу тодорхой эд хөрөнгийг хамтран бий болгох зорилготой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч талын гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Хан-Уул дүүрэг, хороо, /17020/, ******* гудамж байр, , хаягт байршилтай, 45,36 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

 

            3.1.******* нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 57,944 ам.долларыг *******ийн эзэмшлийн, “*******” ХК дахь тоот долларын дансанд “-Yukljev6tpurchasing Apartmen t” гэсэн утгатайгаар шилжүүлсэн.

 

            3.2.“” ХХК болон ******* нарын хооронд 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “Guest house”-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь цогцолбор хотхоны 5 дугаар блок 1 дүгээр орц, т байрлах, 2 өрөө 46.2 м.кв бүхий орон сууцыг нийт 161,200,000 төгрөгөөр захиалсан байх ба уг орон сууцны төлбөрийг ******* нь *******гийн шилжүүлсэн дээрх мөнгөн хөрөнгөөр бүрэн төлсөн.

 

            3.3.Улмаар маргаан бүхий Хан-Уул дүүрэг, хороо, /17020/, ******* гудамж байр, , хаягт байршилтай, 45,36 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******ыг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр бүртгэж, түүнд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001401085 дугаар гэрчилгээ олгожээ. Зохигч эдгээр үйл баримтын талаар маргаагүй.

 

            4.Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй, мөн Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

            4.1.Хэрэгт нотлох баримтаар авагдсан тохиролцооны төлбөр олгох санал /хуваарилалт/ гэх баримтад “Edward Y. Lee, APC хуулийн фирмээс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр үйлчлүүлэгч *******д тохиролцооны төлбөр олгох хуваарилалтын саналыг гаргаж, хохирлын огноог 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэж тэмдэглэж, нийт тохиролцооны төлбөрийг 179,000 ам.доллар байхаар тогтоосон байх бөгөөд үүнээс өмгөөлөгчийн хөлсөнд 59,666.66 ам.доллар, эмнэлгийн өр төлбөрт 59,666.67 ам.доллар, үйлчлүүлэгчид олгох дүнг 59,666.67 ам.доллар байхаар тус тус хуваарилж, цаашид тухайн осолтой холбоотой гарч болох эмнэлгийн төлбөр, даатгалын байгууллагын нэхэмжлэл болон бусад үүрэг хариуцлагыг өөрөө бүрэн хариуцахаа баталгаажуулсан” агуулга тусгагджээ.

 

            4.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******гийн нэртэй фейсбүүк хаягнаас хариуцагч *******ийн нэртэй фейсбүүк хаягтай 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн, 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд харилцсан цахим зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэлд:

“...******** хаягнаас -ээж нь асуулаа, - айлууд чинь орчихсон гэж байна, -түлхүүрээ одоо очоод авий гэлээ, -дуусаагүй байгаа 1 сар гаргаад ав гэнээ, баахан хэрүүл хийлээ наад талын хугацаагаа хэл гэлээ, -тэгсэн 1 сарын 10 аас нааш дуусгахыг бодий гэнэ” гэж,

            “...2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******** хаягнаас байр чинь он гарч байж ашиглалтанд өгнө гэнээ, овойгий наачиж гэнэ, -жаахан дутуу байна гэнээ, -би очоогүй хулан тулгаа хоёр очсон, -түлхүшрийг нь аваад ээжид нь хүргээд өгнөө, - нэрээ яаж солиулнаа” гэж,

            “...2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хаягнаас -танай байрны түлхүүрийг авлаа. Одоо 3 хоногийн ажил байна гэнээ, 3 хоногийн дараа нүүж ороорой гэж хэлээрэй, - бид хоёр яармагийн байрнаас нүүсэн. Хулан танай хуучин байранд орсон. Одоо яармаг явах шаардлаггүй болсон. Энд усандаа орчихно” гэж,

            “...2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр You sent Сөх-ийн төлбөрөө төлөх гээд байраа аавын нэрээр хайлгасан чинь олдохгүй байна. Тэгээд ухаж ухаж гаргаж ирсэн чинь ********гийн нэр дээр байх юм. Нэрээ солиогүй байгаа юмуу? Ордер нь хэний нэр дээр байгаа вэ? гэж, ...******** хаягнаас *******н нэр дээр байгаа, ...” гэж тус тус тусгагджээ.

 

            4.3.Талуудын тайлбар болон дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч ******* нь өөрт олгосон нөхөн төлбөрийн мөнгөн хөрөнгөөр Монгол Улсад орон сууц худалдан авахаар хариуцагч *******т дансаар 57,994 ам.доллар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. Улмаар хариуцагч ******* нь орон сууц захиалгын гэрээ байгуулах, орон сууц ашиглалтад ороход өмчлөх эрхийг хариуцагч *******ын нэр дээр бүртгүүлэх зэрэг үүргийг *******аар гүйцэтгүүлэх талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, тэрээр зөвшөөрч татгалзаагүй байна.

           

            Иймд нэхэмжлэгч ******* болон хариуцагч *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэнэ.

 

            Хэрэгт хариуцагч нар “гэр бүл болж хүүхэд төрүүлэхэд нь тусалж мөнгө шилжүүлж байсны хариу болгон бидэнд туслалцаа үзүүлсэн гэж ойлгосон” гэсэн тайлбарыг гаргаж, хариуцагч нараас нэхэмжлэгч ******* болон түүний нөхөр, хүүхдэд мөнгө шилжүүлж байсан баримт авагдсан нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн 57,994 ам.доллараар орон сууц худалдан авч өгөх үүрэг хүлээсэн үйл баримтыг үгүйсгэж чадаагүй буюу хариуцагч нар шилжүүлсэн мөнгө нь хариу төлбөртэй байсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

            Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

            Иймд хариуцагч нар нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, Хан-Уул дүүрэг, хороо, /17020/, ******* гудамж хаягт байршилтай, 45,36 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг түүний өмчлөлд шилжүүлж өгөх үүрэгтэй.

 

5.Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* хариуцагч нарын хүү нар гэр бүлийн бүртгэлтэй байсан хугацаанд орон сууцыг захиалан авах зорилгоор төлбөрийг хариуцагч *******ийн дансанд шилжүүлсэн, хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн сонгосон орон сууцны захиалгын гэрээг байгуулж, өмчлөгчөөр бүртгүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарыг орон сууцны хамтран өмчлөгч гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасантай нийцээгүй.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж заасан. Гэвч хэргийн баримтаар хариуцагч ******* нь маргаан бүхий орон сууцыг худалдан авахад хөрөнгө оруулаагүй, мөн хуульд зааснаар өмчлөх эрх үүссэн үндэслэл тогтоогдоогүй. Маргааны зүйл болсон орон сууц хариуцагч *******ын өмчлөлд бүртгэлтэй байгаа нь хариуцагч *******ийг нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг *******ын хамт хамтран хариуцна.

 

            Иймд Нийслэлийн Хан-Уул дүүрэг, хороо, /17020/, ******* гудамж , хаягт байршилтай, 45,36 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******г тогтоож, үүнтэй холбоотойгоор орон сууцны өмчлөх эрхийг *******ын нэр дээрээс *******гийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулна. 

 

            6.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2026/02137 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан Нийслэлийн Хан-Уул дүүрэг, хороо, /17020/, ******* гудамж , хаягт байршилтай, 45,36 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******г тогтоож, орон сууцны өмчлөх эрхийг *******ын нэр дээрээс *******гийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...*******аас...” гэснийг “*******, ******* нараас” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 949,295 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Э.ЭНЭБИШ

 

 

                                  ШҮҮГЧИД                                       Ч.ЦЭНД

 

 

                                                                                          Б.АЗБАЯР