Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 378

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, 10 айл 2-20а тоотод оршин суух Лхамцэрэнгийн Баяртуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 8-3 тоотод оршин суух Жүрмэдийн Идэржавхланд холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлэн хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Баяртуяа, хариуцагч Ж.Идэржавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Баяртуяа нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Баяртуяа миний бие 1993 онд Жүрмэд овогтой Идэржавхлантай танилцан улмаар 1994 оны 08 сарын 01-ний өдөр 13 тоот иргэний гэр бүлийн гэрлэсний бүртгэлд бүртгүүлж гэр бүл болсон. Энэ хугацаанд 4 хүүхэдтэй болсон. 1994 онд хүү И.Мөнх-Эрдэнэ, 1995 онд охин И.Сувд-Эрдэнэ, 2001 онд хүү И.Мөнхтүшиг, 2013 онд хүү И.Мөнхдэлгэр нар мэндэлсэн. Одоо би 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд амьдарч байна. Ж.Идэржавхлан нь 2007 оноос хойш Говь-Алтай аймгийн “Мандал Хүдэр” компанид уурхайн экскаваторчноор ажиллаж байгаа. Энэ хугацаанд 2012 оноос эхлэн А.Отгонболд гэдэг эмэгтэйтэй танилцан улмаар 2013 оноос хойш цуг амьдрах болсон учир бид тус тусдаа амьдарч байна. 2014 онд өөрийн биеэр хүү Мөнхдэлгэрийн хамт Говь-Алтай аймгийн “Мандал Хүдэр” компани Хөв булгийн уурхайд очиж 3 сар ажилласан боловч энэ компани нь надад ямар нэг арга хэмжээ авч өгөөгүй. Ингээд бид тус тусдаа амьдрах болсон. Ж.Идэржавхлан нь А.Отгонболдтой амьдарна гэж надад удаа дараа хэлээд явсан. Иймд гэр бүлээ цуцлуулж, 4 хүүхдээ өөрийн асрамжинд авч, 2001 онд төрсөн хүү И.Мөнхтүшиг /сурагч/, 2013 онд төрсөн хүү И.Мөнхдэлгэр нарт тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ж.Идэржавхлан шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүнээс ажлын шаардлагаар Мандал Хүдэр ХХК-д 2005 оны 11 сард ирээд 10 гаруй жил ажиллаж байна. Хээрээр их явдаг. Мааньтын уурхайд 7 жил, Хөв булагийн уурхайд 6 жил ажиллаж байна. Хүү И.Мөнхдэлгэртэй намайг яриулдаггүй. Би Л.Баяртуяаг шүүхэд салъя гэж өргөдөл гаргахад нь зөвшөөрсөн. Манай хадам ээж хүртэл мэдэж байгаа. Бид хоёрын дунд маргалдах, муудалцах зүйл байсан. Би залхаад ажилдаа явдаг байсан. Тэр миний алдаа байж болно. Тэр хугацаанд энэ хүн намайг өөд нь  татаад  аваад  явах  боломжтой  байсан.  Гэтэл  араас  ажил  дээр  ирж  

2

хэрүүл хийсэн. Миний нас барсан ээжийг маань сумд очсон гуйлгачин гэж хэлсэн. Тэрнээс хойш би энэ хүнд дургүй минь хүрч салахаар шийдсэн. Би үр хүүхэддээ өгөх зүйлээ өгдөг. Одоо ч гэсэн өгч байгаа. Банкны хуулгаар нотлогдоно. 7 сард цалин буугаад 600.000 төгрөг явуулсан. Би хэзээ ч 4 хүүхдээ орхихгүй. Харин Л.Баяртуяатай салах хүсэлтэй байна. Эд хөрөнгө, хүүхдүүдийн хувьд маргах зүйл байхгүй, хашаа байшин, машин зэрэг эд зүйлийг эхнэр хүүхдүүдэд өгнө. Харин эцгээс өв дамжин ирсэн хөөргөө өөрөө авах хүсэлтэй байна. Өөр авах зүйлгүй. Хүүхдийн тэтгэлгийн тухайд ажиллаж байх хугацаандаа төлнө. Би одоогоор эмнэлэгт үзүүлээд жаахан өвчтэй байгаа. Ажилгүй болчихвол яаж төлөхөө сайн мэдэхгүй байна. Тэрийг дараа нь шийдэж болох байх. Бусдаар бол татгалзах зүйл байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Л.Баяртуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Л.Баяртуяа нь Ж.Идэржавхланд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Л.Баяртуяа, хариуцагч Ж.Идэржавхлан нар 1994 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болж, 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Тэдний дундаас 1994 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Идэржавхлангийн Мөнх-Эрдэнэ, 1995 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Идэржавхлангийн Сувд-Эрдэнэ, 2001 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Идэржавхлангийн Мөнхтүшиг, 2013 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Идэржавхлангийн Мөнхдэлгэр нар төрсөн байна.

Шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг баримтлан эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй учир Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу тэдгээрийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүүхдийн асрамжийн талаар хариуцагч маргаагүй бөгөөд хүү И.Мөнхтүшиг, хүү И.Мөнхдэлгэр нар нь гэрлэгчдийг тусдаа амьдрах үеэс эхлэн эхийн асрамжид байгаа болон хариуцагч Ж.Идэржавхлангийн шүүх хуралдаанд хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн, асрамжийн талаар маргаагүй тайлбар зэргийг үндэслэн насанд хүрээгүй хүү И.Мөнхтүшиг, И.Мөнхдэлгэр нарыг эх Л.Баяртуяагийн асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгө нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Идэржавхлангаас хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг

3

жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 66.041 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Жүрмэдийн Идэржавхлан, Лхамцэрэнгийн Баяртуяа нарын Говь-Алтай аймгийн Чандмана сумд 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бүртгэгдсэн 13 дугаартай гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан  2001 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Идэржавхлангийн Мөнхтүшиг, 2013 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Идэржавхлангийн Мөнхдэлгэр нарыг эх Лхамцэрэнгийн Баяртуяагийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2013 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Идэржавхлангийн Мөнхдэлгэрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,  Идэржавхлангийн Мөнхтүшиг, Идэржавхлангийн Мөнхдэлгэр нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Жүрмэдийн Идэржавхлангаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Л.Баяртуяад даалгасугай.

5. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Ж.Идэржавхлан нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Баяртуяа нь Ж.Идэржавхланг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг мэдэгдсүгэй.

7.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Идэржавхлангаас хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 66.041 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чанцалдуламд даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь  хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Ц.ҮЙТҮМЭН