| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/07058/И |
| Дугаар | 210/МА2026/01051 |
| Огноо | 2026-05-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2026/01051
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2026/03038 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,
Алдангид 110,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.“*******” ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “*******” ХХК-тай GSH/KHT-03ENG дугаартай ажлын гэрээ байгуулж, уг гэрээгээр манай хийж гүйцэтгэсэн ажлын хөлс нийт 386,361,126 төгрөг болсон бөгөөд бид 166,361,126 төгрөгийн хөлсийг авсан, харин үлдэгдэл хөлс болох 220,000,000 төгрөгийг тухайн төслийн хөрөнгө оруулагч, захиалагч баталгаажуулсан боловч төслийн бусад хөрөнгө оруулагчидтай зөвшилцөж, холбогдох шийдвэр тогтоол гарсны дараа хөрөнгө оруулагчийн үүргийн дагуу дараагийн санхүүжилтийг олгоно гэсэн хууль бус үндэслэлээр төлбөр төлөхөөс зайлсхийж, тохиролцсон хугацаандаа төлөөгүй.
1.2.Ингээд бид ажлын хөлсний үлдэгдэл төлбөрөө авахаар шүүхэд хандсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/00882 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 220,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.
1.3.Хариуцагч “*******” ХХК хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж ирсэн тул бид шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулж, гүйцэтгэх хуудас бичүүлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна.
1.4.Талуудын хооронд байгуулсан ажлын гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-д зааснаар захиалагч “*******” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн.
Иймд хариуцагч "*******" ХХК нь гэрээгээр тохиролцсон хугацаандаа ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 220,000,000 төгрөгийг төлөхгүй байх тул хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцоход нийт 3,600,300,000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т "Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 110,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч нь шүүхэд тайлбар гаргаагүй болно.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “*******” ХХК-иас алданги 110,000,000 төгрөг гаргуулах тухай “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 707,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Хариуцагч нь ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 220,000,000 төгрөгийг төлөхөөс зайлсхийж, тохиролцсон хугацаандаа төлөөгүй тул бид ажлын хөлсний үлдэгдэл төлбөрөө авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/00882 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.
4.2.Гэвч өнөөдрийг хүртэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдээгүй, төлбөр төлөгдөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 болон гэрээний 6.1, 6.2-т зааснаар хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй хугацааны алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, дахин нэхэмжлэл гаргасан.
4.3.Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг “... 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “*******” ХХК, “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан...” гэсэн хууль бус үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 182/ШШ2023/00882 дугаартай захирамжаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй “*******” ХХК-д холбогдох гэрээний алдангийн төлбөр гаргуулах тухай иргэний маргааныг хянан шийдвэрлээгүй, энэ асуудлаар өмнө ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.
Дээрх шийдвэрээр нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч "*******" ХХК-иас авах ёстой байсан ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 220,000,000 төгрөгийг гаргуулсан боловч "*******" ХХК хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг огт биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл хугацаанд нэг ч төгрөгийн төлбөр төлөгдөөгүй болно.
Ийнхүү бидний хооронд байгуулагдсан ажлын гэрээний ажлын хөлсний үлдэгдэл төлбөртэй холбоотой иргэний маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг “гэрээгээр хүлээсэн үүгээ хугацаандаа биелүүлээгүй хугацааны алданги гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний маргааны талаар гарсан шүүхийн шийдвэр гэж үзсэн нь буруу буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
4.4.Тухайн хоёр хэрэг нь хоорондоо харилцан адилгүй өөр өөр хэргүүд болох нь хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудаас тодорхой харагдана. Өмнө Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсийг гаргуулах маргааныг хянан шийдвэрлэсэн бол сүүлд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч “*******" ХХК-д холбогдуулан Иргэний хуулийн 232.6, бидний хооронд байгуулагдсан “Ажлын гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй хугацааны алдангийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Үүнээс үзэхэд энэхүү 2 иргэний хэргийн нэхэмжлэл, түүний шаардах эрхийн хууль зүйн үндэслэл нь хоорондоо харилцан адилгүй өөр болох нь тодорхой юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан алданги 110,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримт, тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.
Гэрээний дагуу гүйцэтгэгч нь ажлын хөлс 386,361,126 төгрөгөөс үлдэгдэл ажлын хөлс 220,000,000 төгрөгийг захиалагч талаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/00882 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК, “*******” ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 220,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “*******” ХХК-аас татгалзаж, “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 220,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
4.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
4.1.Дээр дурдсан шүүхийн шийдвэрээр талуудын хооронд байгуулагдсан ажлын гэрээний дагуу нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК, “*******” ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 220,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан үндэслэл нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй хэргийн нэхэмжлэгч, хариуцагч, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага давхацсан буюу адилхан тохиолдолд хамаарна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэмэгдэл үүрэг бөгөөд үндсэн үүргийг шаардсан нь нэмэгдэл үүргийг шаардах эрхийг үгүйсгэхгүй.
Иймд хариуцагчаас 110,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт гэж дүгнэхгүй.
4.2.Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр “*******” ХХК нь ******* аймагт байрлах ******* ********ын инженер геологийн ажиглалт судалгаа хийж гүйцэтгэх, “*******” ХХК нь ажлын хөлс 386,361,126 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
4.3.Гэрээний 6.1-д Шийтгэл: “Гэрчилгээг хариуцах захиалагчийн гэрээний 2.1-д тогтоосон хугацаанд заасан чанарын шаардлага, бусад нөхцөлд тухайн ажлыг хангалттай гүйцэтгэж, хүлээлгэн өгч чадаагүй, захиалагчийн тогтоосон эцсийн хугацаанд гүйцэтгэх үүргээ буруу гүйцэтгэсэн буюу хойшлуулсан бол тухайн гүйцэтгэгч талд гүйцэтгээгүй үүрэгт нь шийтгэл болгож хойшлуулсан өдөр тутамд 0,5 хувийн торгууль тавина. Хэрэв тэдгээр гүйцэтгээгүй үүргийн төлбөрийг тодорхойлоход хэцүү бол энэхүү гэрээний 3.1-д заасан хэмжээгээр төлнө.” гэж, 6.2-т Торгууль: “Хэрэв гүйцэтгэгч ямар нэгэн хүндэтгэх шалтгаангүй өөртөө тохиромжтойгоор тус гэрээг цуцлах эсвэл 7.1 зүйлийг зөрчвөл гүйцэтгэгч нь торгууль болгож гэрээний үнийн 50 хувийг төлөх ба захиалагч талд учирсан хохирол болон зардал /хуулийн болон үйл ажиллааны зардал/ болон захиалагчид тулгарах тухайн үүргээ биелүүлээгүй байдалтай холбоотой хохирлыг хариуцна.” гэж тохиролцсон байна.
Гэрээний 6.3-т “Хэрэв аливаа тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчвөл тухайн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тал нь нөгөө талд учирсан тухайн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хохирол зардлыг /тэр битгий хэл гэрээний үнэ, шийтгэл, торгууль/ хариуцна” гэжээ. Энэ тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар үгийн шууд утгаар тайлбарлавал гэрээний аль нэг тал гэрээний үүргээ зөрчвөл тухайн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тал нь нөгөө талдаа гэрээний 6.1-д заасан алданги, 6.2-т заасан торгуулийг хариуцахаар тохиролцсон гэж үзнэ.
Алдангийн талаарх дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй.
4.4.Талууд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны тооцоог нийлж, хариуцагч “*******” ХХК-ийн төлөх үлдэгдэл төлбөрийн хэмжээг 220,000,000 төгрөг болохыг баталгаажуулсан байна. “Гашуун сухайд төмөр зам” ХХК уг үүргээ гүйцэтгээгүйн улмаас ******* ХХК-д шүүхэд нэхэмжлэл гаргасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/00882 дугаартай захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон. Иймээс талуудын тооцоо нийлсэн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх хугацааны гүйцэтгээгүй үүргээс алданги тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцнэ.
Нэхэмжлэгч нь мөн хуулийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг болох 220,000,000 төгрөгийн 50 хувиар тооцон 110,000,000 төгрөг гаргуулахаар хариуцагчаас шаардсан нь зөв.
5.Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2026/03038 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 110,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...хэвээр үлдээсүгэй...” гэснийг “хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 707,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Б.АЗБАЯР