| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00349/и |
| Дугаар | 379 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 379
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багт оршин суух, Хөх дангийнхан Монхоодойн Буянгийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Буян нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Монхоодойн Буян нь 1965 онд Говь-Алтай аймгийн Чандмань сумд төрсөн. 1980-1990 онд Чандмань сумын үүрийн туяа нэгдлийн Хүрхрээ бригадад малчнаар ажиллаж байсан. Ингээд тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний овог нэр зөрүүтэй улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна. Учир нь 1980-1985 оны лавлагаа маань Монхоодойн Долгорсүрэн, 1986 оны лавлагаа маань Дуламсүрэнгийн Буян гэж овог нэр зөрж гарч ирж байгаа юм. Миний бие нь 1965 онд Түндэвийн Монхоодой, Өлзийбаярын Цэгмид нарын 5 дахь охин болон мэндэлж улмаар нагац ах Дуламсүрэнгийнд өргөгдөн Дуламсүрэнгийн Должинсүрэн нэртэй болсон бөгөөд ийнхүү сум нэгдэлд ажиллах хугацаанд миний нэрийг Монхоодойн Долгорсүрэн, Дуламсүрэнгийн Буян гэж зөрүүтэй тэмдэглэж байсан байх бөгөөд төрөлтийн бүртгэлд хүртэл Монхоодойн Должинсүрэн гэж өөр өөр тэмдэглэгдсэн байх тул намайг Монхоодойн Буян мөн болохыг тогтоож, намайг Чандмань сумын Үүрийнтуяа нэгдлийн Хүрхрээ бригадад 1980 оны 1-2, 7-12 сар, 1981-1989 оны 1-12 сар, 1990 оны 1-9 сар, 11-12 саруудад буюу 10 жил 9 сарын хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний бие нь өрх толгойлсон бөгөөд нэн ядуу тогтмол орлогогүй тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарыг дуустал, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарыг дуустал, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн Үүрийн туяа нэгдлийн Хүрхрээ бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 119 дугаартай архивын лавлагаанд “...Тус аймгийн Чандмана сумын Үүрийн туяа нэгдлийн Хүрхрээ бригадад малчин байсан Монхоодой овогтой Долгорсүрэн нь 1980 оны 1-2, 7-12 сард 1061 төгрөг, 1981 оны 1-12 сард 3910 төгрөг, 1982 оны 1-12 сард 3013 төгрөг, 1983 оны 1-12 сард 3426 төгрөг, 1984 оны 1-12 сард 1812 төгрөг, 1985 оны 1-12 сард 2232 төгрөгний цалин авч байсан байна...” гэсэн болон мөн архивын тасгийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 120 дугаартай архивын лавлагаанд “...Тус аймгийн Чандмана сумын Үүрийн туяа нэгдлийн Хүрхрээ бригадад малчин байсан Дуламсүрэн овогтой Буян нь 1986 оны 1-12 сард 3266 төгрөг, 1987 оны 1-12 сард 6136 төгрөг, 1988 оны 1-12 сард 1141 төгрөг, 1989 оны 1-12 сард 2100 төгрөг, 1990 оны 1-9, 11-12 сард 1853 төгрөгний цалин авч байсан байна...” гэсэн байгаагаар нотлогдон тогтоогдож байна.
Хэдийгээр архивын лавлагаанд Монхоодойн Долгорсүрэн, Дуламсүрэнгийн Буян зэргээр зөрүүтэй бичигдсэн байгаа боловч “Чандманийхны удам ургийн хэлхээ” номын 375 дугаар хуудсанд “...Монхоодойн Буян /өргүүлсэн/ 1965 онд төрсөн...” гэсэн байгаагаар хүсэлт гаргагч бусдад өргөгдөн овог, нэр солигдсон гэх тайлбар нь нотлогдож байх тул архивын лавлагааг үнэлсэн болно.
Иймд Хөх дангийнхан Монхоодойн Буянг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарыг дуустал, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарыг дуустал, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийн туяа нэгдлийн Хүрхрээ бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.Буянг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хөх дангийнхан Монхоодойн Буянг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 сумын 02 дугаар сарыг дуустал, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарыг дуустал, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийн туяа нэгдлийн Хүрхрээ бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН