Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 685

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийж, “И ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Гаалийн байгууллагын албан хэрэгцээнд хэрэглэх нэг удагийн троссон ломбо нийлүүлэх 02/2017 нээлттэй тендерийг бүхэлд нь хүчингүй болгож дахин тендер явуулах шийдвэр гаргаж хууль зөрчсөн буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцох, эсхүл тендерийн материал худалдаж авахад төлсөн 100000 /нэг зуун мянга/ төгрөг, тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, мөн эдгээр тендерүүдэд манай компани гадаадын түншүүдтэйгээ хамтран оролцсон нөхцөлд ямар нэгэн зөрчил дутагдалгүй, оролцохгүй байх ямар ч шалтгаан байхгүй, санхүүгийн боломж, ажлын туршлага, чадварын мэдээллээр хуулийн дагуу оролцох бүрэн боломжтой байсан бөгөөд уг тендерүүдээс гадаадын түншүүдтэйгээ хамтран ирээдүйд олох байсан /улсад татвар хураамжаа бүрэн төлөөд/ цэвэр ашиг болох 60,000,000 /жаран сая/ төгрөг олох бүрэн боломжтой, магадлалтай байсан тул энэ мөнгөний тавин хувь болох 30,000,000 /гучин сая/ төгрөг, нийт 30,170,200 /гучин сая нэг зуун далан мянга хоёр зуу/ төгрөгөөс хариуцагч Гаалийн ерөнхий газраас 15,085,100 /арван таван сая наян таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “И ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Гаалийн ерөнхий газраас зарласан нэг удаагийн троссон ломбо нийлүүлэх 02/2017 дугаартай тендерт оролцохоор 50000 /тавин мянга/ төгрөг төлж тендерийн баримт бичгүүдийг зохих журмын дагуу худалдан авч тендерт оролцох гэсэн боловч захиалагч тал нь тендерийн бичиг баримтаа боловсруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21.3-ыг зөрчин тендерийн урилгыг өдөр тутмын хэвлэлд тендерийн баталгааны дүнг 4095000 /дөрвөн сая ерэн таван мянга/ төгрөг байхыг зориуд өөрчлөн 409500 /дөрвөн зуун есөн мянга таван зуу/ төгрөг болгосон нь тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг зөрчин гадаадын этгээдүүд дангаар болон дотоодын компаниуд гадаадын компани, этгээдүүдтэй хамтран тус тендерт оролцох боломж, бололцоог бүрэн хаахын зэрэгцээ тендерийн баримт бичиг бэлтгэхдээ учир нь олдохгүй, замбараагүй, техникийн тодорхойлолт өгөгдөл нь ойлгомжгүй, тодорхойгүй уг тендерт оролцогчдыг хааж хаясан, урьд нь тус тендерт оролцож байсан компаниудын эрх ашигт нийцүүлэн дахин ялах боломж бололцоог зориудаар нээж өгсөн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн тийм л хүмүүс тендерийн бичиг баримтыг тендерийн хуулиа сайн мэддэг хэрнээ олон жил дараалан ийм байдлаар зориуд ноцтойгоор зөрчин бэлддэг байсан бэлдсэн нь тэдний байгаа байдал, увайгүй хандлагаас илт харагдаж байна. 

Тухайлбал, ГЕГ-аас ирүүлсэн тендерийн бичиг баримтад 1 дүгээрт. Нэг удаагийн троссон ломбо худалдан авах өртөг нь 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөг байсныг зориуд нуун дарагдуулж гадаадын этгээд тендерт оролцох хууль ёсны эрх, боломжийг хаан боогдуулсан, 2 дугаарт. Тендерт оролцох шалгуур нь: сүүлийн хоёр жил буюу 2015-2016 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 30%-иас багагүй үнийн дүнтэй төстэй ижил бараа нийлүүлсэн байх /нотлох баримт болгож гэрээ болон гэрээ дүгнэсэн актын хуулбарыг хавсаргаж ирүүлнэ/ гэж заасан байгаа нь ГЕГ-аас өөр хаана ч ийм их хэмжээгээр лац ломбо хэрэглэдэг газар байхгүй. Судалгааны дүнгээс танилцуулбал ГЕГ-аас өөр хамгийн их хэрэглэдэг газар гэвэл Монголын төмөр зам жилд хамгийн дээд тал нь 53000 /тавин гурван мянга/ ширхэг буюу 18,550,000 /арван найман сая таван зуун тавин мянга/ орчим төгрөгийн нэг удаагийн троссон ломбо хэрэглэж байгааг харьцуулан дүгнэж үзвэл жилд 30% буюу 60,000,000 /жаран сая/ төгрөгийн нэг удаагийн троссон ломбо хэрэглэх, шингээх газар хаана ч байх боломжгүй юм. Үүнээс үзэхэд тус тендерт үнэн зөвөөр тендерийн бичиг баримт  бүрдүүлж оролцож шударгаар ялах ямар ч боломжгүй юм. 

Захиалагч тал нь энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1.5, 9 дүгээр зүйлийн 9.2, 21 дүгээр зүйлийн 21.4, 23 дугаар зүйлийн 23.1, 46 дугаар зүйлийн 46.1.2, 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2, 52 дугаар зүйлийн 52.1.12-т заасан заалтуудыг анхнаасаа мөрдөөгүй, ойшоож үзээгүй, одоо ч мөрдөхгүй байна. Дээрх хууль зөрчсөн үйлдлүүдийн талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасны дагуу гомдол гаргасан боловч ШӨХТГ холбогдох албан тушаалтанд хуулийн хариуцлага тооцоогүй бөгөөд гаргасан гомдлын дагуу хуулийн хүрээнд нухацтай судлан үзэж, хууль зөрчсөн үйлдлүүдийг нэг бүрчлэн зааж сануулан зөрчлийг арилгах, авах арга хэмжээний талаар тодорхой зааж зөвлөн, зөрчлийг хэрхэн яаж арилгасан талаар хариу авахыг мэдэгдсэн бол тус тендер хуулийн дагуу зөв шударгаар явагдах боломжтой байлаа. 

Тус байгууллагын ийм хариуцлагагүй мэдэгдэл, зөвлөмжийн үр дүн нь ГЕГ-аас манайд ирүүлсэн албан бичигтээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зөвлөмжийг хүлээн авсан мэт харагдуулж “гадаадын этгээдийг оруулахаар” тендерийн бичиг баримтандаа залруулга хийн хугацааг 4–5 хоног сунгасан төдийгөөр тендерийн нээлт хийсэн нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1.5, 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 21.4, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 46 дугаар зүйлийн 46.1.2, 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2, 52 дугаар зүйлийн 52.1.12 гэсэн нийт 11 зүйл заалтыг зөрчсөн тул ийнхүү хуульд заасан эрхийнхээ хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 56.3-т заасны дагуу 55.4.1, 55.4.2-т заасныг үндэслэн сайтар хянан үзэж эдгээр хууль зөрчсөн тендерүүд дээр яаралтай арга хэмжээ аван түдгэлзүүлж, улмаар бүхэлд нь хүчингүй болгож дахин тендер явуулах шийдвэр гаргаж хууль зөрчсөн буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцох, эсхүл тендерийн материал худалдаж авахад төлсөн 100000 /нэг зуун мянга/ төгрөг, тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, мөн эдгээр тендерүүдэд манай компани гадаадын түншүүдтэйгээ хамтран оролцсон нөхцөлд ямар нэгэн зөрчил дутагдалгүй, оролцохгүй байх ямар ч шалтгаан байхгүй, санхүүгийн боломж, ажлын туршлага, чадварын мэдээллээр өндөр хуулийн дагуу оролцох бүрэн боломжтой байсан бөгөөд уг тендерүүдээс гадаадын түншүүдтэйгээ хамтран ирээдүйд олох байсан /улсад татвар хураамжаа бүрэн төлөөд/ цэвэр ашиг болох 60,000,000 /жаран сая/ төгрөг олох бүрэн боломжтой, магадлалтай байсан тул энэ мөнгөний тавин хувь болох 30,000,000 /гучин сая/ төгрөг, нийт 30,170,200 /гучин сая нэг зуун далан мянга хоёр зуу/ төгрөгөөс хариуцагч Гаалийн ерөнхий газраас 15,085,100 /арван таван сая наян таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 63 тоот тушаалаар 2017 онд Гаалийн байгууллагын албан хэрэгцээнд хэрэглэх нэг удаагийн троссон ломбо 210,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй батлагдсаны дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/76 дугаар тушаалын дагуу үнэлгээний хороо байгуулагдсан. 

Гаалийн байгууллагын албан хэрэгцээнд хэрэглэх нэг удаагийн троссон ломбо нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны хурал Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын даргын 305 тоот өрөөнд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаж, техникийн тодорхойлолт болон тендерийн жишиг бичиг баримтыг захиалагчаар батлуулж, уг тендерийг зарласан.

Тендерийн урилгыг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр үндэсний хэмжээний өдөр тутмын сонин “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” сонинууд болон гаалийн байгууллагын веб хуудас болох http://www.ecustoms.mn/ сайтад тус тус байршуулан нийтэд мэдээлж ирсэн.

Тендерийн “И ” ХХК, “А О” ХХК, “Э И С Т Э” ХХК, “С г” ХХК, “Э у” ХХК зэрэг нийт 5 компани худалдан авсан.

Гаалийн ерөнхий газраас 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зарласан “Гаалийн байгууллагын албан хэрэгцээнд хэрэглэх нэг удаагийн троссон ломбо нийлүүлэх” 02/2017 тоот тендерт оролцогч “И ” ХХК нь тендерийн баримт бичигтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан ба тус газраас 2017 оны 05 дугаар сарын 1/625 дугаартай албан бичгээр тендер шалгаруулалтын материал хүлээн авах, нээлт хийх үйл ажиллагааг түр түдгэлзүүлж байгааг мэдэгдэн мөн, уг тендер шалгаруулалттай холбоотой баримт бичгийг ирүүлэхийг хүссэний дагуу манай байгууллага 01-1/2069 тоот албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Гаалийн байгууллагын албан хэрэгцээнд хэрэглэх нэг удаагийн троссон ломбо нийлүүлэх” 02/2017 тоот тендерийн холбогдох бүх материалыг эх хувиар нь хүргүүлсэн.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хянан үзэж 1-рт: ТОӨЗ 18.1 (г) Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2015 - 2016 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байх. /Нотлох баримт болгож гэрээ болон гэрээ дүгнэсэн актын хуулбарыг хавсаргаж ирүүлнэ./ гэж заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3-д гэж заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна. 2-рт: захиалагч тендерийн баримт бичигт өөрчлөлт орсон тухай 2017 оны 5-р сарын 17-ны “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” сонинуудад залруулга гарган, тендерт оролцогчдод мэдэгдсэн ба Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиалагч тендерт оролцогчдод тендер бэлтгэн ирүүлэх хангалттай, ижил хугацаа олгоно” гэсний дагуу тендерийн нээлт хийх хугацааг хуульд нийцүүлэн тогтоох зөвлөмж өгсөн.

Үүний дагуу 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 9:20 цагт тендерийн нээлт хийх өдөр байсан боловч захиалагч тендерт оролцогчдод тендер бэлтгэн ирүүлэх хангалттай, ижил хугацаа олгоно гэсний дагуу Үнэлгээний хорооны хурлыг зохион байгуулж, тендерийн нээлтийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 9:20 цаг хүртэл хойшлуулж, тус өдөр тендерийг нээхэд “Э С Т Э” ХХК, “Э у” ХХК, “С г” ХХК-иуд тендер ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч компанийн зүгээс тендер ирүүлээгүй болно.

Үнэлгээний хурлаар хэлэлцэж, Багц 1, Багц 2-т “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн ба тендерийн баримт бичигт заасан Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт - Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа 18.1 (г)-д заасан тухайн тендерт оролцогчийн туршлагыг харуулах сүүлийн /ТШӨХ-д заасан тоо/ жилийн хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй гэрээний талаарх мэдээлэл; гэх шаардлагыг хангаагүй “Э С Т Э” ХХК, “С г” ХХК-иудын тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу татгалзсан.

Харин багц 1, 2-т хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн “Э у” ХХК-д 181,500,000 /зуун наян нэгэн сая таван зуун мянга/ төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасны дагуу 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Э у” ХХК-тай 18/2017 тоот гэрээг байгуулсан.

Гаалийн байгууллагын зохион байгуулсан тендер, үнэлгээний хорооны гаргасан шийдвэр нь хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байхгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

“И ” ХХК нь Гаалийн ерөнхий газарт холбогдуулан “Гаалийн байгууллагын албан хэрэгцээнд хэрэглэх нэг удаагийн троссон ломбо нийлүүлэх 02/2017 нээлттэй тендерийг хүчингүй болгуулах, дахин тендер явуулах шийдвэр гаргаж хууль зөрчсөн буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцох, эсхүл тендерийн материал худалдаж авахад төлсөн 100000 /нэг зуун мянга/ төгрөг, тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, мөн эдгээр тендерүүдэд манай компани гадаадын түншүүдтэйгээ хамтран оролцсон нөхцөлд ямар нэгэн зөрчил дутагдалгүй, оролцохгүй байх ямар ч шалтгаан байхгүй, санхүүгийн боломж, ажлын туршлага, чадварын мэдээллээр хуулийн дагуу оролцох бүрэн боломжтой байсан бөгөөд уг тендерүүдээс гадаадын түншүүдтэйгээ хамтран ирээдүйд олох байсан /улсад татвар хураамжаа бүрэн төлөөд/ цэвэр ашиг болох 60,000,000 /жаран сая/ төгрөг олох бүрэн боломжтой, магадлалтай байсан тул энэ мөнгөний тавин хувь болох 30,000,000 /гучин сая/ төгрөг, нийт 30,170,200 /гучин сая нэг зуун далан мянга хоёр зуу/ төгрөгөөс хариуцагч Гаалийн ерөнхий газраас 15,085,100 /арван таван сая наян таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.  

   Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр бүлэгт заасан тусгай журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэж мэтгэлцсэн болно. Үүнд:

 -Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 18.1 (г)-д “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2015-2016 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгээс 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байх” гэх монголын зах зээлийн  бодит байдалд нийцээгүй шаардлага тавьж шударга өрсөлдөх боломжийг хязгаарласан.

-  2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тендерт гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй гэж залруулга хийсэн боловч тендерийн баримт бичиг, урилгыг гадаад хэл дээр бэлтгэж тараагаагүй, гадаадын этгээдтэй хамтран оролцох хангалттай хугацаа олгоогүй.

Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/76 дугаар тушаалаар Гаалийн байгууллагын албан хэрэгцээнд хэрэглэх нэг удаагийн троссон ломбо нийлүүлэх 02/2017 дугаар нээлттэй тендерийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулагдаж 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар техникийн тодорхойлолт болон тендерийн жишиг бичиг баримтыг баталжээ. Улмаар тендерийн үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан шаардлагын хүрээнд тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн байна.

 Тендер шалгаруулалтын баримт бичгийг “И ” ХХК, “С м” ХХК, “Э у” ХХК, “А О” ХХК, Э И С Т Э” ХХК худалдан авснаас нэхэмжлэгч “И ” ХХК 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт тендерийн бичиг баримттай холбогдуулан гомдол гаргасан байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг хянан үзээд гомдолд дурдсан Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 18.1 (г)-д “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2015-2016 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгээс 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байх” гэж заасан нь холбогдох хуулийн шаардлагыг зөрчөөгүй гэж дүгнэн, харин гомдлыг хянан шийдвэрлэх явцад 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тендерт гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй гэдгийг гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, 409,500 төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ гэдгийг 4,095,000 төгрөг гэх залруулгыг Гаалийн ерөнхий газраас тус тус хийжээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиалагч тендерт оролцогчдод тендер бэлтгэж ирүүлэх хангалттай, ижил хугацаа олгоно” гэх хуулийн заалтын хүрээнд тендерийн нээлт хийх хугацааг хууль нийцүүлэн тогтоох шаардлагатай гэж үзжээ.

Энэхүү шаардлагын хүрээнд гаалийн байгууллагын албан хэрэгцээнд хэрэглэх нэг удаагийн троссон ломбо нийлүүлэх 02/2017 дугаар тендерийн нээлтийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хойшлуулсан талаар тендерийн бичиг баримт худалдан авсан аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэж байсан байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Тендерийн баримт бичиг, урилгыг дараахь тохиолдолд монгол хэлээс гадна олон улсын худалдаанд өргөн хэрэглэгддэг хэл дээр бэлтгэнэ”, 23.1.1-д “энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу гадаадын этгээд худалдан авах ажиллагаанд оролцох эрхтэй бол” гэж заасны дагуу тендерийн үнэлгээний хороо гадаадын этгээд оролцох эрхтэй тендерт зохих тендерийн материалыг гадаад хэл дээр бэлтгэх ёстой байсан боловч энэхүү шаардлагыг биелүүлээгүй байдал нь нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлаагүй гэж үзэхээр байна. 

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 “б”-д “хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд” гэж тодорхойлсны дагуу “И ” ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хуулийн этгээд болох “Ш Т Ч Ж” компанитай тендерт хамтран оролцох сонирхолтой байсан тохиолдолд тендерт хамтран оролцох гэрээ байгуулсан байх шаардлагатай. Гэтэл  троссон ломбо нийлүүлэх тендерийн нээлтийг 2017 оны 05 дугаар 22-ны өдөр хийхэд нэхэмжлэгч компани нь тендерт ирүүлээгүйгээс гадна, тендер ялагчийг тодруулж бараа нийлүүлэх гэрээ байгуулсны дараа буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаатай зэрэгцэн “Ш Т Ч Ж” компаниас 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн итгэмжлэлээр тендерт хамтран оролцох боломжгүй юм. 

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно”, 16.1.3-т “сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үйлчилгээ, тэдгээрийн үнийн дүн, хугацаа болон худалдан авагчдын жагсаалт, шаардлагатай бол бараа, үйлчилгээний гүйцэтгэлийн талаархи өмнөх худалдан авагчдын тодорхойлолт” гэж заажээ. 

Хуулийн заалтыг тодруулбал тендерийн үнэлгээний хороо нь тендерт оролцогчийн чадавхи, туршлагыг тогтоох зорилгоор сүүлийн 5 жил хүртэлх хугацаанд нийлүүлсэн бараа, үйлчилгээтэй нь холбогдуулан зохих шалгуурыг тогтоох үүрэгтэй тул гаалийн байгууллагын албан хэрэгцээнд хэрэглэх нэг удаагийн троссон ломбо нийлүүлэх тендерийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар сүүлийн 2 жилийн аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байхаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй болно. 

Гаалийн байгууллагын албан хэрэгцээнд хэрэглэх нэг удаагийн троссон ломбо нийлүүлэлт удаашрах, тасрах тохиолдолд гаалийн байгууллагын үйл ажиллагаа доголдож  улмаар төсвийн орлого тасалдах ноцтой сөрөг үр дагавартай онцлог бараа гэж хариуцагч тал мэтгэлцсэнийг дурдах нь зүйтэй. 

Иймээс дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч нь тендер шалгаруулалтад зохих тендер ирүүлж оролцогч болоогүй атлаа тендер шалгаруулалтыг хууль бус гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд  гаалийн байгууллагын албан хэрэгцээнд шаардлагатай нэг удаагийн троссон ломбо нийлүүлэгч сонгон шалгаруулах тендерийг хариуцагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан  “... ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай” байх зарчмыг хангаж хуулийн шаардлагын хүрээнд явуулсан гэж шүүхээс дүгнэлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 “б”, 6 дугаар зүйлийн 6.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг тус тус баримтлан “И ” ХХК-ийн “Гаалийн байгууллагын албан хэрэгцээнд хэрэглэх нэг удаагийн троссон ломбо нийлүүлэх 02/2017 нээлттэй тендерийг хүчингүй болгуулах, дахин тендер явуулах шийдвэр гаргаж хууль зөрчсөн буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцох, эсхүл тендерийн материал худалдаж авахад төлсөн 100000 /нэг зуун мянга/ төгрөг, тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, мөн эдгээр тендерүүдэд манай компани гадаадын түншүүдтэйгээ хамтран оролцсон нөхцөлд ямар нэгэн зөрчил дутагдалгүй, оролцохгүй байх ямар ч шалтгаан байхгүй, санхүүгийн боломж, ажлын туршлага, чадварын мэдээллээр хуулийн дагуу оролцох бүрэн боломжтой байсан бөгөөд уг тендерүүдээс гадаадын түншүүдтэйгээ хамтран ирээдүйд олох байсан /улсад татвар хураамжаа бүрэн төлөөд/ цэвэр ашиг болох 60,000,000 /жаран сая/ төгрөг олох бүрэн боломжтой, магадлалтай байсан тул энэ мөнгөний тавин хувь болох 30,000,000 /гучин сая/ төгрөг, нийт 30,170,200 /гучин сая нэг зуун далан мянга хоёр зуу/ төгрөгөөс хариуцагч Гаалийн ерөнхий газраас 15,085,100 /арван таван сая наян таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.ТӨМӨРБАТ