Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2020/0386

 

2020 оны 06 сарын 17 өдөр           Дугаар 221/МА2020/0386                          Улаанбаатар хот

“У...” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагч Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын өмгөөлөгч Ч.Ж, Б.Б нарыг оролцуулан Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “У...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Шарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Шарга сумын Засаг дарга, Шарга сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6, Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2, 53.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “У...” ХХК-ийн “Шарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 02 дугаар тогтоолын нэг, хоёр дахь заалт, Шарга сумын Засаг даргын А/53 дугаар захирамжийн нэг дэх заалтын “Засаг даргын 2003 оны А/01 дүгээр захирамж” гэсэн хэсэг, Шарга сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 08 дугаар тогтоолын нэг дэх заалтыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Шарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 05 дугаар тогтоолын дагуу “У...” ХХК-д 450 га хадлангийн талбай эзэмшүүлэхийг Шарга сумын Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “У...” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй байна гэж дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

“У...” ХХК-ийн хувьд Говь-Алтай аймгийн Шарга суманд 2001 оноос эхлэн хадлан хийж орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл хадлангийн нөөцийг бэлтгэж ирсэн. 2003 онд Газрын тухай хууль батлагдаж, хуулийн дагуу газар эзэмших эрхийг олж авсан. Гэтэл тухайн цаг үеийн захиргааны байгууллагын хууль хэрэглээ, ажлын алдаа дутагдал, эмх замбараагүй өөрсдийн байдлыг одоогийн захиргааны байгууллага нь иргэд, хуулийн этгээдийг буруутгаж үндэслэлгүйгээр эзэмших эрхийг олж авсан мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй.

Мөн Говь-Алтай аймгийн Шарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын гаргасан эрх зүйн акт нь илт хууль бус төдийгүй, тухайн эрх зүйн актыг гаргах болсон хуулийн үндэслэл тодорхойгүй байхад тухайн байгууллагуудын гаргасан захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч “У...” ХХК-аас “Говь-Алтай аймгийн Шарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1, 2 дахь заалт, Шарга сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/53 дугаар захирамжийн 1 дэх заалтын “Ус алтай” ХХК-д холбогдох “Засаг даргын 2003 оны А/01 дүгээр захирамж” гэсэн хэсэг, Шарга сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолын 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, Шарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 5 дугаар тогтоолын хавсралтын дагуу “У...” ХХК-д 450 га хадлангийн талбайг эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

1. Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/53 дугаар захирамжийн 1 дэх заалтын “У...” ХХК-д холбогдох “Засаг даргын 2003 оны А/01 дүгээр захирамж” гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Р.Д, “У...” ХХК-д Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг дэвсгэрт тус сумын Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 061700133 дугаар бүхий 800 м.кв /га/ газрыг 40 жилийн хугацаатай хадлангийн зориулалтаар эзэмшүүлэхээр 2003 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0007061 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д "... газрыг ... сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” нь сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаарахаар байна. Өөрөөр хэлбэл, сумын хэмжээнд хуулиар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Засаг дарга шийдвэрлэхээр (газар эзэмшүүлэх шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргах), уг шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахаар Газрын тухай хуульд зохицуулжээ.

Гэтэл нэхэмжлэгч “У...” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээнд тусгагдсан “У...” ХХК-д газар эзэмших эрх үүсгэсэн гэх Шарга сумын Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр захирамж бодитоор гарсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хийсэн үзлэгээр нотлогдоогүй байна.

Үүнээс үзвэл, нэхэмжлэгч “У...” ХХК-д газар эзэмшүүлж, ашиглуулахаар тухайн шатны Засаг даргаас шийдвэр гараагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээнд нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон мэтээр “Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот шийдвэр” гэж тэмдэглэсэн нь Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрх үүсэх зохицуулалтад нийцээгүй байна.

Иймд Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/53 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн үндэслэл болсон гэх дээрх захирамжийг (уг захирамжийн дагуу үүссэн гэх газар эзэмших эрхийг) хүчингүйд тооцсон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасантай нийцсэн байна.

Нөгөө талаар, Говь-Алтай аймгийн Шарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаар тогтоолын 3 дахь заалтаар “Сумын хадлангийн талбайн 1800 га талбайгаас 1100 га талбайг хүсэлтийн дагуу эзэмшүүлэхээр” шийдвэрлэсэн байх бөгөөд үүнээс нэхэмжлэгч “У...” ХХК 800 га хадлангийн талбай эзэмшихээр хүсэлт гаргаснаас 450 га хадлангийн талбайг эзэмшүүлэхээр зөвшөөрчээ. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээд 800 га хадлангийн талбай эзэмшихээр хүсэлт гаргасан боловч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор нэхэмжлэгчид 450 га хадлангийн талбайг эзэмшүүлэхийг зөвшөөрсөн, уг тогтоол нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээнд тусгагдсан шийдвэрээс хойш гарсан байгааг тэмдэглэв.

2. Говь-Алтай аймгийн Шарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1 дэх заалтаар “Хадлангийн зориулалтаар эзэмшүүлж байгаа нийт 1800 га талбайн 900 га газрыг хадлангийн зориулалтаар, Баруун, Зүүн салаа, Шар харганы өвөлжөө, Тохой нуураас урагш 900 га газрыг бэлчээрийн зориулалтаар тус тус ашиглахаар тогтоож”, 2 дахь заалтаар “Хадлангийн талбайг ашиглуулах асуудлыг жил бүр Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэн, ашиглагчтай байгуулсан гэрээг тухай бүр нь дүгнэж, хэрэгжилтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнаж, ажиллахыг сумын Засаг дарга, газрын даамал нарт үүрэг болгосон” байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн  “з”-д “нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах” нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх байхаар заажээ.

Говь-Алтай аймгийн Шарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1 дэх заалтаар хадлангийн зориулалтын эзэмшүүлж байгаа талбайн ашиглалтын талаар, 2 дахь заалтаар хадлангийн талбайг ашиглуулах асуудлын талаар зохицуулсан нь дээрх хуульд заасан тус хурлын бүрэн эрхэд болон Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т заасантай тус тус нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

3. Говь-Алтай аймгийн Шарга сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолын 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, Шарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 5 дугаар тогтоолын хавсралтын дагуу “У...” ХХК-д 450 га хадлангийн талбай эзэмшүүлэхийг даалгах шаардлагын тухайд:

Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т зааснаар сумын Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн хуваарилахаар зохицуулсан.

Говь-Алтай аймгийн Шарга сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолоор “тус багийн хадлангийн талбайг “У...” ХХК, “З ш” ХХК, “Э гол” малчдын бүлэгт тус бүр 100 га хүртэл, Баянгол, Хамтын хүч, Сондуулт, Улаантуг багуудад тус бүр 30 га хүртэл, аймгийн Улаан загалмайн хороонд 10 га хүртэл газрыг тус тус ашиглуулахаар тогтоосон” нь Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т зааснаар нэхэмжлэгчид хадлангийн талбай ашиглах эрх олгох санал гаргасан байна.

Түүнчлэн, Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5-д зааснаар хадлангийн талбайг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сумын Засаг дарга уг талбайг нь эзэмшүүлж болохоор заасан бөгөөд ингэхдээ “хадлангийн талбайг усалгаатай болгох, хамгаалах, бордох, ойн зурвас тарих зэргээр өөрийн хүч, хөрөнгөөр сайжруулалт хийж, ургацыг нь тогтвортой дээшлүүлсэн” зэрэг шаардлагыг хангасан байдлыг харгалзах бөгөөд эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэхээр байна.

Харин Шарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5-д заасны дагуу нэхэмжлэгчид хадлангийн талбай эзэмшүүлэх шийдвэр гараагүй, уг хуулийн дагуу шаардлага хангасан болохоо нотолж хүсэлт гаргасныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэн шийдвэрлээгүй.

Газрын тухай хуульд зааснаар тухайн нутаг орны бэлчээр, хадлангийн газрын эзэмшил ашиглалтын талаар зохион байгуулалт хийж шийдвэр гаргах эрхийн хүрээнд гарсан учир “Говь-Алтай аймгийн Шарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын гаргасан эрх зүйн акт нь илт хууль бус төдийгүй, тухайн эрх зүйн актыг гаргах болсон хуулийн үндэслэл тодорхойгүй байхад тухайн байгууллагуудын гаргасан захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” гэх гомдлын үндэслэлийг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй.

Нөгөөтэйгүүр, “У...” ХХК-ийн хадлангийн нөөцийг бэлтгэж ирсэн боломж, нөөц бололцоо, тухайн нутаг орны бэлчээр болон хадлангийн газрын зохистой харьцааг үндэслэн багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолоор нэхэмжлэгч хуулийн этгээдэд тодорхой хэмжээний газар ашиглуулах санал гаргажээ. Эдгээр үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Маргаан бүхий актууд илт хууль бус болох нь тогтоогдоогүй байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны ерөнхий хуулийг баримталсан нь буруу байх тул хассан өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6” гэснийг хасаж өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ