Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 380

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг багт оршин суух, /РД:ДП83010312/, Өөлд Өвдөлийн Төмөрсүхийн хүсэлттэй

О.Отгончимэгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүх 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ө.Төмөрсүх шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ө.Төмөрсүх би О.Отгончимэгтэй 2007 онд албан ёсоор гэр бүл болж, улмаар 3 хүүхэд төрүүлсэн юм. Гэтэл О.Отгончимэг нь 2013 оноос 3 хүүхдээ хаяад ор сураггүй алга болсон одоо эхийн хайр ч үгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Би удаа дараа шүүхэд гэр бүл цуцлах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл өгөхөд хаяг тодорхой бус гэсэн шалтгаанаар удаа дараа буцсан. Иймд Оюунбилэг овогтой Отгончимэг /УУ89110406/-ийг хаана байгаа газрыг нь тогтоож эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Ө.Төмөрсүхийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ  “...Би удаа дараа шүүхэд гэр бүл цуцлах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл өгөхөд хаяг тодорхой бус гэсэн шалтгаанаар удаа дараа буцсан. Иймд Оюунбилэг овогтой Отгончимэг /УУ89110406/-ийг хаана байгаа газрыг нь тогтоож эрэн сурвалжилж өгнө үү…” гэх тул иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч нь О.Отгончимэгийг байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авч лавлаж сурагласан боловч байгаа газрыг тодруулж чадаагүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа явдал нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.      

Иймд шүүх хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Отгончимэгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, уг ажиллагааг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраар гүйцэтгүүлэхийг даалгах нь зүйтэй байна.

Боржигон бүл Оюунбилэгийн Отгончимэг /РД: УУ89110406/ нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт оршин сууж байсан, утас: 88989674, дүү О.Отгонцэцэгийн утас: 88989074  болно.

Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан  байх  тул  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг багт оршин суух, /РД:ДП83010312/, Өөлд Өвдөлийн Төмөрсүхийн хүсэлтийг хангаж, хариуцагчаар оролцвол зохих этгээд /РД:УУ89110406/, Боржигон бүл Оюунбилэгийн Отгончимэгийг эрэн сурвалжилсугай.

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар  зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Отгончимэгийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Ө.Төмөрсүхэд мэдэгдэхийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                             Ц.ҮЙТҮМЭН