| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/07997/И |
| Дугаар | 210/МА2026/01108 |
| Огноо | 2026-05-15 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2026/01108
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШШ2026/00949 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
104,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* эгч 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай ажил дээр ирж уулзаад “...Яармагт баригдсан Шинэ яармаг хорооллоос хямдралтай үнээр 2 ширхэг орон сууц авч өгье, өмчлөх эрхийн гэрчилгээ 2 өдрийн дараа гаргах гээд байна, эхнээсээ хүмүүс нь орон сууцандаа орчихсон байгаа” гэж итгэл төрүүлсэн тул би итгээд 104,000,000 төгрөгийг өөрийнх нь данс руу шилжүүлсэн.
1.2.Гэтэл 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “орон сууц бүтэхээ больчихлоо, эгч нь хашаа байшингаа зараад мөнгийг чинь өгье” гээд хамт нотариат орж 104,000,000 төгрөгийг зээлсэн хэлцэл хийсэн. Уг хэлцэлээр 2025 оны 05 дугаар сарын 08-ны дотор миний мөнгийг эргүүлэн өгөхөөр тохирсон боловч өгөөгүй.
Иймд *******ээс 104,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1.******* орон сууц захиалсан хүнтэйгээ утсаар ярьж байх явцад ******* “та ямар байр авч байгаа юм гэж асуусан, хариуцагч /Би шинэ яармагт байр авч байгаа гэж хэлсэн/ утсаа салгахгүйгээр хамт ажилладаг дүү орон сууц авъя гэж байна” гэхэд “би хөдөө явж байгаа наад хүн чинь зөвшөөрвөл та дансаараа авчих” гэхэд ******* зөвшөөрөөд мөнгийг шилжүүлсэн.
2.2.Өөрийнхөө дансаар тухайн цаг хугацаанд нь *******, ******* гэх 2 хүний данс руу шилжүүлсэн. *******ийн зөвшөөрсний дагуу мөнгийг шилжүүлсэн болохоос мөнгө авсан зүйл байхгүй.
2.3.2024 онд хийсэн хэлцэл нь зээлийн гэрээний дагуу зээлж авсан гэсэн агуулгатай зүйл бичээгүй, зээлийн гэрээ гэж үзэхгүй. Тухайн үед тулган шаардаж байсан учир нотлох баримтаар шүүхийн шийдвэрийн үндэс болохгүй гэж үзэж байна.
2.4.Нэхэмжлэгч тайлбар дээрээ ч орон сууцыг авах гэж өгсөн гэж бичсэн байна. Тэгэхээр энэ нотариатаар батлуулсан гэрээ бол халхавчилж хийсэн гэрээ учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 104,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 677,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 677,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүх “...хариуцагч өөрөө орон сууц худалдаагүй гуравдагч өөр бусад этгээдэд нэхэмжлэгчийн мөнгийг шилжүүлэх замаар орон сууцтай болгох талаар хэлэлцэж байсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна.” гэж зөв дүгнэлт хийсэн боловч намайг бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
4.2.Нэхэмжлэгч нь хэлцлээр тохирсон 104,000,000 төгрөгөө нэхэж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад уг хэлцлийн агуулгыг дүгнээгүй.
4.3.******* нь надтай уулзсанаас хойш "*******ын хүсэлтийн дагуу миний болон *******гийн дансыг ашиглаж шилжүүлсэн баримтыг ашигласан үйл баримт дансны хуулгаар тогтоогддог. Гэтэл миний адил дансаа ашиглуулсан хүний үйлдэлд дүгнэлт хийгээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. ******* нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр *******т тус бүр 52,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Хариуцагч нь орон сууц захиалан бариулах эрх бүхий этгээд биш мөртлөө *******ээс хямдралтай орон сууц авч өгнө гэх үндэслэлээр 104,000,000 төгрөгийг аваад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. ******* нь дансны хуулга гаргаж өгдөг боловч Т.Төмөрхүүгийн данс руу ******* нь шилжүүлэг хийгээгүй.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 104,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
4.Нэхэмжлэгч нь хариуцагчид 104,000,000 төрөгийг шилжүүлсэн зорилгоо “...хариуцагч ******* хямд үнээр орон сууц авч өгье гэж хэлсний дагуу шилжүүлсэн боловч орон сууц авч өгч чадаагүй” гэж тайлбарласан бол хариуцагч нь “...уг мөнгийг хүлээн авсан талаар маргахгүй, харин нэхэмжлэгч орон сууц авах талаар ******* гэж хүнтэй ярилцаад миний дансаар дамжуулан ******* руу шилжүүлсэн” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.
5.Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 104,000,000 төгрөгийг хариуцагч *******ийн эзэмшлийн, “*******” ХК дахь ******* тоот дансанд шилжүүлсэн байх ба тэдгээрийн хооронд 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан хэлцлээр хариуцагч ******* нь дээрх 104,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дотор эгүүлэн төлөхөөр тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
5.1.Дээрх үйл баримт болон талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч ******* нь хямд үнээр орон сууц худалдан авах зорилгоор шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагч хүлээн авсан боловч уг зорилгын дагуу орон сууцыг худалдан авч өгөөгүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд орон сууц худалдан авахтай холбоотой хэлцлээр бодитоор эрх, үүрэг үүсгээгүй буюу хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байна.
Хариуцагч нь “...нэхэмжлэгчтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, түүний мөнгийг өөрийн дансаар дамжуулан авч *******д шилжүүлж өгсөн тул нэхэмжлэлийг хариуцах этгээд биш” гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй, баримтаар тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
5.2.Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгчийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан.
Иймд нэгэнт нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгө шилжүүлсэн үндсэн зорилго биелэгдээгүйгээс хариуцагч нь шилжүүлэн авсан 104,000,000 төгрөгийг буцаан төлөхөө 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн зөвшөөрч, төлж барагдуулах тодорхой хугацааг талууд харилцан тохиролцсон байх тул тэрээр өөрийн дансаар хүлээн авсан мөнгөн хөрөнгийн эрх зүйн үр дагаврыг хариуцах нь зүйтэй.
Анхан шатны шүүх зохигчийн хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй, хариуцагчийг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж дүгнэн түүнээс 104,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцсэн байх тул хариуцагчийн “...зөвхөн дансаа ашиглуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
6.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШШ2026/00949 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 677,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Б.АЗБАЯР