| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00395/и |
| Дугаар | 381 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 381
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Чандмань сумын 1 дүгээр багт оршин суух, /РД:ДО65050303/, Бэсүд Сономын Гантогтохын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Гантогтох шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие С.Гантогтох нь 1965 онд төрсөн. 4 хүүхэдтэй. 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийн туяа нэгдэлд малчнаар нийт 8 жил ажиллаж байсан тул миний ажиллаж байсан 8 жилийг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч С.Гантогтохын хүсэлтийн заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийн туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргаснаас 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмана сумын Үүрийн туяа нэгдлийн Чандмань-Уул бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаартай архивын лавлагаанд “...Тус аймгийн Чандмана сумын Үүрийн туяа нэгдлийн Чандмань-Уул бригадад малчин байсан Соном овогтой Гантулга нь 1983 оны 8-12 сард 432 төгрөгний цалин авч байсан байна...” гэсэн болон мөн архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 436 дугаартай архивын лавлагаанд “..Тус аймгийн Чандмана сумын Үүрийн туяа нэгдлийн Чандмана-Уул бригадад малчин байсан Соном овогтой Гантогтох нь 1984 оны 1-12 сард 2691 төгрөг, 1985 оны 1-12 сард 2463 төгрөг, 1986 оны 1-12 сард 1110 төгрөг, 1987 оны 1-12 сард 2565 төгрөг, 1988 оны 1-12 сард 1395 төгрөг, 1989 оны 1-12 сард 1395 төгрөг, 1990 оны 1-7, 9-10, 12 сард 2587 төгрөгний цалин авч байсан байна...” гэсэн байгаагаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Харин хүсэлтээс 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал нь шууд нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд Бэсүд Сономын Гантогтохыг 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийн туяа нэгдлийн Чандмана-Уул бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож, хүсэлтээс 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарыг дуусталх хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар /РД:ДО65050303/, Бэсүд Сономын Гантогтохыг 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийн туяа нэгдлийн Чандмана-Уул бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож, хүсэлтээс 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарыг дуусталх хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН