| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 103/2026/00234/И |
| Дугаар | 210/МА2026/01109 |
| Огноо | 2026-05-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2026/01109
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 103/ШШ2026/00285 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Гэм хорын хохиролд 6,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 6,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...*******д 2023 оны 04 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө цохиулсны улмаас хамар хугарсан. Жилийн өмнө томограф зургаар харуулахад хамрын хөндийд гамрит болсон бөгөөд эмчилгээ хийлгэж намдаагаад 2026 оны 01 дүгээр сарын 19-ний хагалгаанд орж 6,100,000 төгрөгийн зардал гарсан тул хариуцагчаас гаргуулна. ...” гэж,
хариуцагч нь тайлбар, татгалзлын үндэслэлээ “...зардлыг төлөх боломжгүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн эмнэлгийн магадлагаанд хамрын пластик гоо сайхны мэс засал гэж бичсэн байсан. Хамар хугараад гэмтэлтэй байсан бол ийм мэс засалд орох боломжгүй талаар гэмтлийн эмч, чих хамар, хоолойн гоо сайхны эмч нараас зөвлөгөө авсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ...” гэж тус тус тайлбарлажээ.
4.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
4.1.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/69 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” лоунж бааранд зүс таних *******ыг тодорхой шалтгаангүйгээр зүүн нүд орчим баруун гараараа нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн, уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна. /хх10-14/
4.2.Дээрх шийтгэх тогтоолд шинжээч эмч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “...Үзүүлэгч *******ын биед үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр ...хамар ясны хугаралтай гэж оношлогдсон...” гэж,
4.3.Мөн “*******” эмнэлгийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22/10 албан тоотод “...******* нь *******т хамрын үзүүр өндөрлөх, хянга нарийсгах, монхор засах болон гэмтлийн мэс засал хийлгэсэн нь үнэн болно. Нийт үнийн дүн 6,100,000 төгрөг, үүнээс хамрын гэмтлийн мэс засал 3,500,000 төгрөг болов.” гэжээ. /хх8/
4.4.Нэхэмжлэгч *******ын эзэмшлийн, “*******” ХК дахь ******* тоот данснаас 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 6,100,000 төгрөгийн зарлага гарсан. /хх5/
5.Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч *******аас гэм хорын хохиролд 3,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг зөрчөөгүй.
5.1.Учир нь, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ын биед халдсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон тул түүнээс өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.
5.2.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хамрын гэмтлийн мэс заслаас гадна хамрын үзүүр өндөрлөх, хянга нарийсгах, монхор засах клиник мэс засалд орсон төлбөр 2,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна.
6.Хариуцагч нь хамрын мэс засал хийлгэсэн зардлын хувьд 2023 онд эрүүл мэндэд гэм хор учруулсан үйлдэлтэй шалтгаант холбоогүй, хамааралгүй гэж маргаж байх боловч энэ талаарх тайлбар, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
Түүнчлэн, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж байгаагүй байна.
Иймд “...нэхэмжлэгчийн гоо сайхны шинжтэй хагалгаад орсон нь 2023 онд нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учруулсан гэмтэлтэй холбоогүй, ...нэхэмжлэлийг нотлох баримт, шинжээчийн дүгнэлт хангалтгүй” гэсэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 103/ШШ2026/00285 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Б.АЗБАЯР