| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00354/и |
| Дугаар | 382 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 382
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр баг, Харзат 1 дүгээр гудамж 9 тоотод оршин суух, /РД:ДЮ61032414/, Жалайр овогт Намсрайн Галиардын нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 3-15 тоотод оршин суух, /РД:ДЕ00293010/ Дархчууд овогт Энхтүвшингийн Алтандөлийн хууль ёсны төлөөлөгч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр баг, Баянхайрхан 9 дүгээр гудамж 6 тоотод оршин суух, /РД-ДЕ74091015/, Дархчууд овогт Чойжингийн Энхтүвшинд холбогдох
эд хөрөнгөнд учруулсан хохиролд 180.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Галиард, иргэдийн төлөөлөгч Ш.Чулуунбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төвшинтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Галиард шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Алтандөл нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “LG OPTIMUS L200” загварын гар утасыг хулгайлж 180.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн боловч эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй байна гэж Э.Алтандөлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд миний хохиролыг холбогдох этгээдээс нэхэмжилж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Э.Алтандөлд холбогдох хохирол 180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Галиардын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Э.Алтандөл нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 1-09 тоотод оршин суух иргэн Н.Галиардын гэрээс 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “ЛЖ Оптимус Л200” загварын гар утсыг хулгайлж 180.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай Говь-Алтай аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол /хх-33/, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 24 дугаартай Говь-Алтай аймгийн Прокурорын газрын мэдэгдэх хуудас /хх-5/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Э.Алтандөл нь 2000 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 16 настай буюу эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээд байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг баримтлан хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний аав Ч.Энхтүвшинг татан оролцуулж, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчийн эзгүйд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг хянан хэлэлцэв /хх-16, 18/.
Мөн хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхтүвшинд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар өөрт нь гардуулсан байх боловч шүүх хуралдаанд ирээгүй, ирээгүйд нь хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна /хх-26/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхтүвшингээс 6.050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Галиардад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Алтандөлийн бусдын эд хөрөнгөнд учруулсан хохирол 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч /РД: ДЕ74091015/ Дархчууд овогт Чойжингийн Энхтүвшингээс гаргуулан нэхэмжлэгч Жалайр овогт Намсрайн Галиард /ДЮ61032414/-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхтүвшингээс улсын тэмдэгтийн хураамж 6.050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Галиардад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН
ШҮҮГЧИД Н.ОЮУНБИЛЭГ
Д.ЯНЖИНДУЛАМ