Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2026/01110

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 197/ШШ2026/05954 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 3,096,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

            2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 3,096,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

           

            3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах ******* молл худалдааны төвийн төлбөртэй автомашины зогсоол дээр зогсож байсан 1 машин гарсны дараа өөрийн машинаа зогсоолд тавиад бууж ирэхэд хариуцагч ******* хэл амаар доромжилж “би энэ зогсоолд машинаа тавих гэж байсан” гэж дайрахад нь хүүхэдтэй явж байсан тул “уучлаарай, мэдсэнгүй” гээд явсны дараа миний машины жолооч талын хаалгыг санаатайгаар хурц үзүүртэй зүйлээр зурж 3,096,000 хохирол учруулсан тул хариуцагчаас гаргуулна. ...” гэж,

 

            хариуцагч нь тайлбар, татгалзлаа “...*******-ын зогсоолд 30 минут орчим хүлээгээд арай гэж машин гарахаар нь орох гэсэн боловч араас нэг машин ороод зогссон. Би хаалгаа онгойлгоод жолоочид нь “би хүлээж байгаад орох гэж байсан, чи гарчих гэсэн боловч хэл амаар доромжлоод зугтаагаад явчихсан. ...машинаасаа буугаад түүний машин дээрээс утасны дугаар харах гээд очсон болохоос машиныг зураагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ...” гэж тус тус тайлбарлажээ.

           

            4.Анхан шатны шүүх, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ын эд хөрөнгөд санаатай үйлдлээр гэм хор учруулсан үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн зөв тогтоожээ.

            Тодруулбал, талууд 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр автомашины зогсоолд машин байрлуулахтай холбогдон маргасан байх бөгөөд улмаар ******* нь *******ын эзэмшлийн ******* улсын дугаартай, Тоёота Ландкрузер 200 маркийн автомашины зүүн талын 2 хаалгыг зурсан үйл баримт нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн дүрс бичлэгээр тогтоогдсон байна. Анхан шатны шүүх уг нотлох баримтад үзлэг хийж бэхжүүлэн, шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ. /хх26-29/

            Хариуцагч ******* нь дээрх нотлох баримтыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасны дагуу гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Иймээс мөн хуулийн 497.1-д зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан хариуцагч ******* нь уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.  

            Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх хуулийн зохицуулалтыг баримтлахдаа техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            5.“*******” ХХК нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч *******ын эзэмшлийн, Toyota/LC200 GX V6 маркийн автомашины эвдрэл, гэмтлийг оношилж, засварын зардал буюу хаалга засахад 3,240,000 төгрөг, будаг уусгалтад 1,920,000 төгрөг, нийт 5,160,000 төгрөгөөс 2,064,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж засварын зардал 3,096,000 төгрөг болох талаар үнийн санал гаргасныг нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгчээ. /хх11/

            Хариуцагч уг нотлох баримтыг өөр баримтаар  үгүйсгэж, няцаагаагүйн гадна анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын хэмжээтэй холбоотой мэтгэлцээгүй байна.

            Анхан шатны шүүх дээрх баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцжээ.

           

            6.Хэрэгт 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай” 2412 дугаар тогтоолоор “Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, *******ын гадаа зогсоол дээр байсан машиныг үзүүртэй юмаар зурчхаад явсан байна” гэх гомдол мэдээллийг хүлээн авч шалгаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.

            Дээрх тогтоол нь хариуцагчийн гэм буруугүй үйлдлийг тогтоосон эрх зүйн акт биш тул энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

            7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.4-т зааснаар анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэн шүүх хэргийг хянан шийдвэрлэх журамтай ба хариуцагч нь анхан шатны шүүхэд “нотлох баримтын шаардлага хангахгүй, хөрөнгийн тусгай мэдлэг бүхий үнэлгээчнээр үнэлүүлж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй баримтыг шүүх үнэлсэн, гэм буруугүйг болохыг эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон...” гэх агуулгаар маргаж, мэтгэлцээгүй байна. Иймээс хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

            8.Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 197/ШШ2026/05954 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...491 дүгээр зүйлийн 491.1...” гэснийг “497 дугаар зүйлийн 497.1” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,486 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ч.ЦЭНД

 

 

                                  ШҮҮГЧИД                                      Э.ЭНЭБИШ

 

 

                                                                                         Б.АЗБАЯР