Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 383

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр баг, Баянхайрхан, хөгжил 7 байр 9б тоотод оршин суух, /РД:ДЛ76100906/, Шаравынхан овогт Омбодоржийн Цэрэнхандын нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 1 дүгээр баг, Цоохорт оршин суух, /РД:ДЛ82030317/, Доогийнхон овогт Ган-Эрдэнийн Даваажаргалд холбогдох

Эд хөрөнгөнд учруулсан хохиролд 5.700.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Ч.Эрхэмбаяр, нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Цэрэнханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Цэрэнханд миний бие нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний дотор иргэн Г.Даваажаргалаас 6.000.000 төгрөг авахаар нотариатаар батлуулсан. /Миний машинд учруулсан хохирол/ Даваажаргал нь 2015 оны 12 сард бага насны адуу 300.000 төгрөгөөр бодож өгсөн. Үлдэгдэл 5.700.000 төгрөгийг өгнө өгнө гэж явсаар одоог болтол өгөөгүй удаа дараа шаардсан боловч утсаа авахаа больсон. Үлдэгдэл 5.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Даваажаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О.Цэрэнхандын гаргасан нэхэмжлэлийг Г.Даваажаргал би О.Цэрэнхандтай тохиролцон төлөх болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 5.700.000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Г.Даваажаргал нь эд хөрөнгөнд учруулсан хохиролд 5.700.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч О.Цэрэнхандын нэхэмжлэлийн  шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

 Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.3  дахь  хэсэгт  заасны  дагуу  нэхэмжлэлийн  шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 106.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгөнд учруулсан хохиролд 5.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч /РД:ДЛ76100906/ Шаравынхан овогт Омбодоржийн Цэрэнхандын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч /РД:ДЛ82030317/ Доогийнхон Ган-Эрдэнийн Даваажаргал төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 106.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Цэрэнхандад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.ҮЙТҮМЭН

 

                                      ШҮҮГЧИД                                     Н.ОЮУНБИЛЭГ

 

                                                                                           Д.ЯНЖИНДУЛАМ