| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/10560/И |
| Дугаар | 210/МА2026/01113 |
| Огноо | 2026-05-15 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2026/01113
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2026/02985 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХК-д холбогдох
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.“*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/715 дугаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар *******тэй байгуулсан М/2022/0725 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
1.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Компанийн дүрмийн 3.4.2.3, 3.4.2.10, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.2, 8.4, 8.4.12, Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хориглох, шалгах журмын 7 дугаар зүйлийн 7.1, 8.1, Хөдөлмөрийн гэрээний 3.1.16, 4.5, 4.5.12-т заасныг үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр амрах байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалыг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гардаж авсан бөгөөд дээрх зөрчлийг гаргаагүй.
1.3.2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр оройн ээлжид гарахаасаа өмнө бамбайн өвчинд тан уусан. Энэ танг жилийн өмнөөс ууж байгаа өмнө нь эмчид хэлж байсан. ******* дарга дарамт үзүүлж энэ өргөдлийн санааг хэлж бичүүлсэн. Ийм олон жил ажилласан хүнийг халчихгүй байх гэж хэлээд байсан.
Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1.******* нь “*******” ХК-ийн Салбарын Нүүрс ачилт, логистикийн хэлтэст Гаалийн бүртгэлийн мэргэжилтэн албан тушаалд ажилладаг байсан ба Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/715 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.
2.2.Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээс 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ажилд гарч байсан нийт ажилчдаас согтууруулах ундааны сорил авч үүргийн чиглэлийн дагуу алкохал тандагчаар үзлэг хийхэд анхны сорилоор согтуурлын эерэг дохио дуугарсан. Дараа нь Цагдаагийн байгууллагын драгераар согтуурлын зэргийг тодорхойлоход согтуурлын зэрэг илэрсэн байсан.
******* нь компанийн Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь өөрийнх нь болон холбогдох бусад ажилтнуудын гаргасан тайлбар, Согтуурлын зэрэг тогтоох сорил хийсэн тэмдэглэл, ******* аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн багажаар согтуурлын зэрэг илэрсэн нь тогтоогдсон.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно", 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасны дагуу 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/715 дугаар тушаалаар *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тул гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 158.1.5, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ХК холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 126,575,152 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Ажил олгогчийн тушаалд дурдагдаж буй зөрчил болох 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундаа хэрэглээгүй бөгөөд ажил олгогч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгаагүй, шууд удирдлагын дарамтан дор зөрчил гаргасан гэх худал тайлбар бичиж өгсөн талаараа шүүх хуралдаанд тайлбарласан.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17-д ...тайлбарыг сүрдүүлж, мөн олон жил ажиллахгүй болохоор ажлаас халахгүй байлгүйдээ гэж хууран мэхлэх замаар тайлбар бичүүлсэн гэх боловч баримтаар нотолж чадахгүй байна.” гэж дурдсан. Гэрчүүдийн мэдүүлгээр ******* болон ******* нараас 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тайлбар бичүүлэн авсан өрөө камергүй байсан болох нь тодорхой болсон учир нэхэмжлэгчээс тайлбар авсан талаарх үйл баримтыг зөвхөн гэрчийн мэдүүлгээр тогтоох боломжтой. Өөрөөр хэлбэл, гэрч *******гийн мэдүүлэг, *******ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартай зөрөөгүй тул үнэн зөв гэж үнэлэх боломжтой байна.
Мөн дээрх үйлдлийг Хүний эрхийн үндэсний комисст хандан шалгуулахаар хүсэлт гаргасан бөгөөд энэ нь гэмт хэргийн шинжтэй талаар комисоос дүгнэсэн хариуг хүргүүлсэн. Гэрчээр оролцсон хэлтсийн дарга ******* нь *******тэй хамтын гэрээний асуудлаар санал зөрөлдсөний дараа *******ээс согтууруулах ундааны сорил авсан болох нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.
Эндээс дүгнэвэл *******ийн шууд удирдлага болох ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн гэх тайлбарыг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр сүрдүүлж, хууран мэхлэх замаар *******, ******* нараас тулган шаардаж авсан нь нотлогдсон. Түүнчлэн нэхэмжлэгчийг үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэхээр нь ялгаварлан гадуурхаж, Хөдөлмөрийн тухайн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг зөрчиж хөдөлмөрлөх эрхийг нь хязгаарласан үйл ажиллагаа явуулсан байх боломжой байна. Гэвч шүүх тухайн нотолгооны ач холбогдол бүхий гэрчийн мэдүүлгийг огт үнэлээгүй.
4.2.Байгууллагаас ажилтныг шалгасан тандагч багаж нь “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хориглох, шалгах” журамд заасан согтуурлын зэрэг зориулалтын багаж биш болохыг хүлээн зөвшөөрсөн. Мөн гэрч буюу согтуурлын зэргийг шалгасан хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан ******* нь “тандагч багаж нь Стандарт хэмжил зүйн газраас баталгаажсан зүйл байхгүй, хугацаа нь дууссан, шинийг захисан байсан” гэж мэдүүлсэн. Эндээс дүгнэхэд зориулалтын бус тандагч багажаар *******ийг үлээлгэж ноцтой зөрчил гаргасан эсэхийг шалгасан учир тухайн үйл ажиллагааг баталгаажуулж авсан дүрс бичлэг болон Согтуурлын зэрэг тогтоох сорил хийсэн тэмдэглэлийг хүчин төгөлдөр нотлох баримт гэж үзэх боломжгүй.
4.3.Анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэгч талаас Стандартчилал хэмжилзүйн газраас зөвшөөрөгдсөн, баталгаажсан багаж алколайзар багаж байгууллагад байгаа эсэх, хугацааг сунгуулсан эсэх баримтыг шүүхийн журмаар гаргуулах болон Цагдаагийн байгууллагаас согтуурах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан төхөөрөмжийг мөн шалгуулах хүсэлтийг тус тус гаргаж өөрсдөө бүрдүүлэх боломжгүй гэдгээ тайлбарласан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох эрхийг ноцтой зөрчсөн.
4.4.Цагдаагийн албаны тухай хуулийн 32.1-т зааснаар гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэх үндэслэл бүхий сэжиг байгаа тохиолдолд хүнийг согтуурсан, мансуурсан эсэхийг шалгахаар заасан. Ажилтны шууд удирдлага Цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хориглох, шалгах зөрчлийн талаар дуудлага, мэдээлэл өгөөгүй, Хөдөлмөрийн дотоод журам, журамд заасан шалгах ажиллагаа хийлгэх зорилгоор хүсэлт гаргажээ. Улмаар цагдаагийн байгууллага нь Цагдаагийн албаны тухай хуулийг зөрчиж, гэмт хэрэг, зөрчилтэй холбогдолгүй асуудлаар *******ээс согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх сорил авсан бөгөөд шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон ******* аймгийн Цагдаагийн газрын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 44H/31 тоот албан бичиг, гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл зэрэг нь нотлох баримтаар тооцогдох боломжгүй.
4.5.Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан дүрс бичлэгийн үзлэгийн тэмдэглэлд *******ийг цагдаагийн ажилтнууд нэг удаа багаж үлээлгэн шалгасан нь тодорхой байдаг. Цагдаагийн байгууллагаас согтуурлын зэрэг шалгасан ажиллагааны үр дүнг үндэслэж нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан учир хэн зориулалтын багажийг ашиглаж байгаагаас үл хамааран "Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хориглох, шалгах журмын 4.3-т заасны дагуу эхний, давтан, батлах сорилт гэсэн гурван үе шаттайгаар шалгаж, төхөөрөмжийн хэвийн ажиллагааг баталгаажуулах ёстой байна. Гэтэл хариуцагчийн зүгээс цагдаагийн албаны драгтераар согтуурлын зэргийг шалгахдаа компанидаа дагаж, мөрдөж байгаа журмыг баримтлаагүй болохоо илэрхийлж, Цагдаагийн байгууллагын драгтераар үлээлгэхэд манай журам үйлчлэхгүй, цагдаагийн байгууллага тусдаа хууль сахиулах байгууллага болох талаар тайлбарласан.
4.6.Нэхэмжлэгчийн зүгээс согтууруулах ундаа хэрэглэсэн өдөр согтууруулах ундаа хэрэглээгүй тан хэрэглэсэн гэдгээ илэрхийлсэн боловч журамд зааснаар ойролцоо эрүүл мэндийн байгууллагад хандан шинжилгээ өгөх боломжоор хангаагүй. Тус журмыг ажилтанд танилцуулж гарын үсэг зуруулсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд хэлэлцүүлгийн үед лавлахад мэйл хаягаар хүргүүлсэн гэж тайлбарладаг.
Ийнхүү шүүх илтэд хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгож, хэрэгт ач холбогдол бүхий гэрчийн мэдүүлгийг огт үнэлээгүйн улмаас хэргийн үйл баримтыг буруу тодорхойлж, үндэслэлгүй шийдвэр гаргасан.
4.7.Нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлэх байгууллагууд болон шүүхэд хандсан талаар тайлбарласан боловч шүүх хөөн хэлэлцэх хугацааг хаанаас хэрхэн тоолж, хэрхэн хэтрүүлсэн талаар тайлбарлалгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
4.8.Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.6-д зааснаар уртын ээлжээл ажиллуулах зорилгоор ажилтныг байрлуулсан байршил болон ажил үүрэг гүйцэтгэх ажлын байр нь хоёр өөр байршил болохыг тодорхойлсон. Гэтэл хариуцагч нь дотоод журамдаа хууль зөрчиж, амрах байр буюу уртын ээлжээр ажиллах ажилтныг байршуулах байрын ажлын байранд хамруулан тусгасан. Шүүх үүнийг харгалзан үзэлгүй ажил олгогчийн хууль бус тушаалыг зөвтгөсөн.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1.Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, гэрчийн мэдүүлгийг дутуу судалсан, согтуурлын зэргийг журмын дагуу тогтоогоогүй гэх 3 үндсэн агуулгаар гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Хэргийн үйл баримтаар, 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 23-ны шилжих өдөр “*******” ХК-ийн хилийн бүс дэх салбар болох Эрдэнэс нэгдсэн терминал-д маргаан бүхий үйл явдал болсон. Тухайн ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс согтуурал тандагч багажийг ашиглаж байсан. Нэхэмжлэгч ******* нь тухайн өдрийн 17 цаг 19 минутаас дараа өглөөний 07 цаг 00 минут хүртэл оройн ээлжид ажиллах хуваарьтай байсан бөгөөд ээлжид гарахаас өмнө ажилтнуудын байрлах кемпд *******тай хамт согтууруулах ундаа хэрэглэсэн. Гэрч *******гийн зүгээс ээжийнх нь бие муудсантай холбоотойгоор нэхэмжлэгчтэй хамтран нэг шил вино хувааж уусан тухай үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.
5.2.Нэхэмжлэгч нь зөрчил илэрсэн даруйд арга хэмжээ аваагүй, үргэлжлүүлэн ажиллуулсан гэж буруутгаж байна. Хөдөлмөрийн харилцаанд ноцтой зөрчлийг тогтоох, шалгах ажиллагааг Хүний нөөцийн албанаас холбогдох журмын дагуу албан ёсоор явуулдаг. Шалгах ажиллагаа тодорхой хугацаанд үргэлжилж, улмаар сахилгын шийтгэл оногдуулах тушаал 7 дугаар сард гарсан нь хуульд заасан хугацаанд багтсан. Иймд тухайн өдөр нь ажлаас чөлөөлөх ёстой байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй.
5.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нь хэрэгт авагдсан журмууд хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй гэж шүүхийг буруутгаж байна. Хариуцагч байгууллага нотлох үүргийнхээ хүрээнд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлагыг ханган, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан дүрмүүдийг нотариатаар гэрчлүүлж шүүхэд өгсөн. Хэрэв нэхэмжлэгч тал эдгээр журмын хүчин төгөлдөр байдалд эргэлзэж байсан бол анхан шатны шүүх хуралдааны явцад маргах, баталсан тушаалыг нь гаргуулах хүсэлт гаргах эрх нь бүрэн нээлттэй байсан. Анхан шатны шүүх дээр уг баримтуудыг үгүйсгэж маргаагүй атлаа, одоо давж заалдах шатанд хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй журмыг үндэслэсэн гэж шүүхийг буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
5.4.Нэхэмжлэгч ******* нь Үйлдвэрчний эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн учраас ажлаас халагдахгүй байх давуу эрхтэй мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн зохицуулалт нь ажилтны сонгуульт ажил үүрэгтэй нь холбоотой эрхийг хамгаалахаас бус, ажилтны гаргасан хөдөлмөрийн ноцтой зөрчил, сахилгын шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Ажилтан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдсон тул хамт олноос заавал зөвшөөрөл авах шаардлагагүй, энэ нь тусдаа ойлголт юм.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХК-тай 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Гаалийн бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/715 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна.
3.1.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг нэхэмжлэгч 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гардаж авсан тэмдэглэгээ хийгдсэн байна. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Т-25/17 дугаар тэмдэглэлд ажилтан тус комисст гомдлоо 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаргасан талаар тусгагдсан. Талууд харилцан тохиролцоогүй учир тэрээр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хандсан байх ба тус хорооны 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 25/79 дугаар шийдвэрээр талууд харилцан тохиролцоогүй учир урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч тус шийдвэрийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гардан авч, нэхэмжлэлээ шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг дээрх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь буруу боловч шийдвэрийн үндэслэл болгоогүйгээс гадна давж заалдах шатны шүүхээс дүгнэлтийг залруулсан нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.
4.“*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/715 дугаар тушаалаар “Гаалийн бүртгэлийн мэргэжилтэн ******* нь 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр амрах байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.
4.1.Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Компанийн дүрмийн 3.4.2.3, 3.4.2.10, Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1, 8.4, 8.4.12, Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хориглох, шалгах журмын 7.1, 8.1, Хөдөлмөрийн гэрээний 3.1.16, 4.5, 4.5.12-т заасныг баримталж, нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь холбогдох хууль, журамд нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Ажилтан ******* нь 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 0,51 хувийн согтолттой гарсан болох нь согтуурлын зэрэг тогтоох сорил хийсэн тэмдэглэл, ******* аймгийн Цагдаагийн газрын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 49и/31 тоот албан бичиг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тохиолдлыг мэдээлэх, судлан бүртгэх журмын хавсралтын дагуу мэдэгдлийн хуудас болон мэдээллийн хуудсуудыг бөглөсөн ажилтан *******, *******, , , нарын тэмдэглэл, *******гийн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “*******” ХК-ийн Цагаанхад дахь ЭНТЦ-ын удирдлагад гараар бичсэн “...олон жил хамт ажилласан *******ийг уруу татаж өөрт байсан виноны үлдэгдлийг уусан юм. Шөнийн ээлжинд гараад ажил маань 00 цагаас хойш эхэлдэг тул асуудал гарахгүй гэж бодсон нь миний алдаа байсан. ...” гэх тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын гаргасан хүсэлтээр флаш дискт байсан 3 ширхэг бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.
5.Ажил олгогчийн хөдөлмөрийн харилцааг цуцалсан тушаалын үндэслэл болсон хөдөлмөрийн гэрээний 4.5.12, хөдөлмөрийн дотоод журмын 8.4.12-т “ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд буюу уурхайн бүсэд согтууруулах ундаа, ...хэрэглэх, хэрэглэсэн үедээ ирэх,...” гэж заасан зөрчил нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарч байх ба нэхэмжлэгч ******* нь уг зөрчлийг гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул ажил олгогч түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
6.Хэрэгт авагдсан баримтаар согтуурлын зэрэг тогтоох төхөөрөмж нь буруу үр дүн гаргасан, эсхүл уг сорилын дүн нь бодит бус байсан болох нь тогтоогдоогүй байна.
Шүүх хуралдаанд гэрч ажил олгогчийн дотоод журмын хүрээнд ашиглагдсан согтуурлын зэргийг шалгадаг тандагч багаж нь стандарт хэмжил зүйн байгууллагын баталгаажуулалтгүй, хугацаа нь дууссан, шинийг захисан байсан талаар мэдүүлсэн боловч энэ нөхцөл байдал нь хэргийн бусад баримтаар тогтоогдоогүй, гэрчийн мэдүүлэг нь дангаараа сорилын дүнг үгүйсгэх, улмаар нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль бус үр дагавар бий болгосон гэж үзэх үндэслэл болохгүй.
Түүнчлэн, цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг, зөрчил болон нийтийн хэв журамтай холбоотой асуудлаар хуульд заасан нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй бөгөөд ажил олгогчоос ажилтныг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоолгохоор дуудлага өгсөн тохиолдолд уг асуудлаар шалгалтын ажиллагаа явуулсан нь хууль сахиулах чиг үүргийн хүрээнд хамаарна.
Иймд энэ ажиллагааны хүрээнд цуглуулж, хэрэгт хавсаргасан нотлох баримтыг шүүх үнэлсэн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
Түүнчлэн, нэхэмжлэгч ******* нь 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “*******” ХК-ийн ЭНТЦ-ын удирдлагад гаргасан гараар бичсэн тайлбартаа “...2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр *******тай зураг будаж дуусгаад 4 цагийн үед усанд орчхоод *******гийн өрөөнд ортол ээж дахиад хагалгаанд орсон ганцаараа үлдэх нь гэж уйлаад сэтгэл санааны хямралд орчихсон, ширээн дээр цаасан аяганы тал виног чи уучих гэхэд нь гайгүй биз, найздаа нэмээд яах вэ гээд уучихсан...” гэсэн байх ба тэрээр энэ үедээ Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар өөрийн үйлдлийн утгыг бүрэн ойлгож, үр дагаврыг ухамсарлан хариуцах насанд /18 нас/ хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай хүний хувьд тухайн баримтыг үйлдсэн гэж үзнэ.
Тодруулбал, нэхэмжлэгч нь тухайн нөхцөл байдалд бусдын нөлөөлөл, шахалтад автсан гэж үзэж буй бол ажил олгогч талын зүгээс тавьсан зүй бус шаардлагыг хүлээн авахаас татгалзах, өөрийн эрх зүйн байдлыг дордуулах үйлдэл хийхгүй байх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байжээ. Түүнээс гадна хэрэгт авагдсан баримтаар ажил олгогчоос үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэхээр нь ялгаварласан, сүрдүүлж, хууран мэхэлсэн гэх байдал тогтоогдоогүй.
Иймд гэрчийн мэдүүлэг өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй тохиолдолд дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй тул нэхэмжлэгч талын “гэрч *******гийн мэдүүлгийг үнэлээгүй” гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
Анхан шатны шүүх үзлэгийн тэмдэглэлээр илэрсэн нөхцөл байдлыг тодорхой тусгаж, бэхжүүлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасныг зөрчөөгүй.
7.Хөдөлмөрийн дотоод журмын 1.5-д “Төв оффис, уурхайн бүс,хотхон, амрах байр, салбар төлөөлөгчийн газрын байр, агуулах, спорт заал, компанийн нэр дээр бүртгэлтэй болон гэрээт тээврийн хэрэгсэл, агаарын хөлөг, Цагаан хад дахь гаалийн хяналтын бүс, компанид хамаарал бүхий бусад газрыг ажлын байранд тооцно.” гэж заасан байх ба ажилтан хөдөлмөрийн гэрээний дагуу байгууллагын дотоож журам, дүрмийг даган мөрдөж ажиллах үүрэгтэй. Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн газар буюу амрах байр нь ажлын байранд хамаарахыг зөв тогтоосон учир энэ талаарх нэхэмжлэгч талын гомдол хангагдахгүй.
8.Нэхэмжлэгч нь согтууруулах ундаа хэрэглээгүй, харин цэвэр спиртээр найруулсан тан уусан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үүссэнээс хойш 6 сар өнгөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2-т тус тус заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах 90 хоногийн хугацаа дууссан байх ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримт буюу хариуцагч “*******” ХК-ийн *******т согтуурлын сорил хийсэн багажуудыг шалгалт баталгаажуулалтад хамруулсан талаарх баримт, ******* аймгийн Ханбогд сумын цагдаагийн газраас согтуурлын хувь хэмжээ шалгах багажид хяналт баталгаажуулалт хийсэн эсэх талаарх баримтыг тус тус гаргуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т зааснаар шүүх хуралдааны үед гаргах болсон хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо нотлоогүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч “*******” ХК-ийн согтуурлын сорил хийсэн багажуудыг шалгалт баталгаажуулалтад хамруулсан талаарх баримтыг гаргуулах хүсэлтийг тэрээр шүүхэд өмнө гаргах боломжгүй байсан буюу өмнө нь санал болгох боломжгүй байсан үндэслэл тогтоогдоогүйгээс гадна түүний согтуурлын зэрэг шалгасан багажийн талаар өөрөө баримт олж, нотлох боломжгүй баримт гэж үзэхээргүй байна.
Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 105 дугаар зүйлийн 105.1-д заасан эрхийн хүрээнд хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
9.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2026/02985 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Б.АЗБАЯР