| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0792/Э |
| Дугаар | 821 |
| Огноо | 2019-10-29 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 821
2019 10 29 2019/ШЦТ/821
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч С.Мөнхгэрэл,
шүүгдэгч Т.Э , түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овгийн Т.Э т холбогдох эрүүгийн 1902006170229 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Халх овгийн Т.Э , 1993 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нефтийн технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 58-37 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оогий гэгчээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта тетрагидроканнабинол”-ын агууламжтай гялгар уутны хамт 1.5 грамм жинтэй, “Өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар авч, 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Т.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 3-10/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 10-13/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Ногоон өнгийн ургамлын үртэс мэт зүйлтэй, тунгалаг өнгийн гялгар ууттай амыг нь хуйлж боосон байдалтай, Улаан өнгийн гялгар уутанд хийж боосон, ногоон өнгийн ургамал мэт зүйл /жин тодорхойгүй/, Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох 50 төгрөг 1 ширхэг, 20 төгрөг 1 ширхэг, 10 төгрөг 3 ширхэг, Оригнал асаагуур гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг, Хамгийн сайн асаагуур гэсэн бичиглэлтэй асаагуур 1 ширхэг, Олон үйлдэлтэй багаж 1 ширхэг, Хар өнгийн дотроо ургамлын үртэс мэт зүйлтэй хуванцар сав /гутал өнгөлөгчний таг/ зэрэг эд зүйлийг хүлээлцэв...” гэх тэмдэглэл /1-р хх 24-28/,
Гэрч Б.Анхбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Тухайн үед Монгол Шилтгээн дээр Т.Э ийг Оогийгоос өвс гэх зүйл авсан гэдгийн Л.Цэрэнчимэд бид хоёр мэдээгүй. 2019 оны 07 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө хорооллын GO On PC тоглоомын газар тоглочихоод гарч ирэхэд Т.Э халааснаасаа хайрцагтай өвс гаргаж ирсэн, хаанаас авсан юм бэ гэж асуухад шоу үзэж байхад Оогий гэх залуу надад өгсөн, тэр үед халаасандаа хийгээд мартчихсан байна гэсэн. Би 2010 онд Дарханд байхдаа хүмүүсийн дам ярианаас өвсний талаар сонсож байсан. 2019 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө анх удаа өвс хэрэглэсэн. Тухайн үед сонирхоод хэрэглэчихсэн юм. Л.Цэрэнчимэд тугалган цаасан дээр тавьж байгаад шатаагаад утааг нь мөнгө хуйлж байгаад сордог гэж хэлэхээр нь би Л.Цэрэнчимэдийн хэлсэний дагуу Т.Э ийн гаргаж ирсэн өвсийг эхэлж хэрэглэсэн. Миний дараа Л.Цэрэнчимэд, Т.Э , Б.Хишигням нар хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 36-37/,
Гэрч Л.Цэрэнчимэд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би найз Т.Э , Б.Анхбаяр нарын хамт 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Монгол шилтгээнд болсон Ibiza нэртэй шоу очиж үзсэн юм. Уг шоуг үзээд зогсож байхад нэг залуу бид гурав дээр ирснээ намайг чи 1 дүгээр хороололд амьдардаг байсан тэ гэх зэргээр танимхаараад байхаар нь түүнтэй танилцсан юм. Тухайн үед тэр залуу өөрийгөө Оогий гэж танилцуулсан. Тэгээд Т.Э Оогийгоос тамхи байна уу гэж асуухад Оогий пармалент гэх нэртэй тамхи гаргаж ирээд Т.Э т өгсөн ... 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 22 цагийн үед Т.Э , Б.Анхбаяр бид гурав PC тоглоом тоглохоор тохирчихсон байсан юм. Тэгээд Т.Э , Б.Анхбаяр, манай үеэл Б.Хишигням бид дөрөв хорооллын GO On нэртэй PC тоглоомын газар 2 цаг тоглож байгаад гархад Т.Э халааснаасаа өвс гаргаж ирээд нэг ийм зүйл байна, хэрэглэж үзэх үү гэсэн. Тухайн үед Б.Хишигням машинд ганцаараа сууж байсан. Т.Э , Б.Анхбаяр бид гурав хоорондоо ярилцаж байгаад хэрэглэхээр болсон юм. Тэгээд бид нар хаана хэрэглэхээ ярилцаж байгаад Б.Хишигнямыг лагерын гэрт нь хүргэж өгчихөөд буцахдаа хэрэглэхээр болсон. Б.Хишигнямын лагер нь Янзага зуслангийн ойролцоо байдаг юм. Бид нар хорооллоос хөдлөөд Шарга морьт руу эргээд явж байхдаа түр зогсоод Т.Э т байсан өвсийг хэрэглэсэн. Өвсөө хэрэглэж дууссаны дараа Б.Хишигням би гэртээ харихаа болилоо хот руу найз охин дээрээ очьё гэхээр нь бил нар буцаад хот руу хөдөлсөн. Жигжидийн гүүрний ойролцоо цагдаагийн албан хаагч нарт шалгуулсан. ...Т.Э ийн гаргаж ирсэн хайрцаг дотор хуйлсан мөнгө, мөнгөлөг цаас байсан. Бид нар мөнгөлөг цаасан дээр нь өвсөө асгаж байгаад доороос нь асаагуураар халааж гарсан утааг нь хуйлсан мөнгийг соруул болгон ашиглаж татсан. Америк кино дээрээс өвсийг хэрхэн хэрэглэж байгааг нь харж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 41-42/,
Гэрч Б.Хишигням нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 08-ны шөнө өөрийн хамаатны ах Л.Цэрэнчимэд, түүнийх найз Б.Анхбаяр, Т.Э нарын хамт мансууруулах бодис хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 44-45/,
Гэрч Ш.Дэлгэр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Т.Э 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр найз охинтойгоо уулзана гээд гэрээс гараад явсан тэгээд нилээн орой ирэхдээ найзуудтайгаа шоу үзсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 47-48/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 4003 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “2019.07.08 Хишигням”, “2019.07.08 Т.Э ”, Цэрэнчимэд, “2019.07.08 Б.Анхбаяр” гэж хаягласан 4 ширхэг шээсний дээж тус бүрээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх 59-61/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 4004 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...AU8806699 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АМ4033217 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АК4834208 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, гялгар уутанд байх ургамал мэт зүйлийн үлдэгдэл, улаан өнгийн гялгар уутанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс дельта 9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта 9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний байгууллагийн сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх 68-73/,
Шинжээч эмч А.Батбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Хүний шээсэнд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн тохиолдолд хэдий хугацаанд хадгалагдах ёстой гэсэн тодорхой заасан цаг хугацаа байхгүй. Тухайн хүний идэж, уусан зүйл, унтаж амарч байгаа байдал, бие организмын онцлог, биеийн эсэргүүцэл зэргээс шалтгаалан харилцан адилгүй байх боломжтой...” гэх мэдүүлэг /1-р хх 78-79/,
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 950 дугаар дүгнэлтэд: “...Т.Э нь урьд өмнө нь ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт байхгүй байна. Т.Э нь одоо ямар нэг сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Т.Э нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Т.Э нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна. Т.Э нь мансууруулах сэтгэцэд нөлөөлт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна. Харин мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэж оношлогдсон тохиолдолд Монгол Улсын Сэтгэц эрүүл мэндийн төвд энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой болно. Т.Э т эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэх дүгнэлт /1-р хх 108-110/,
Шүүгдэгч Т.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би найз Л.Цэрэнчимэд, Б.Анхбаяр нарын хамт 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Монгол Шилтгээнд болсон Ibiza нэртэй шоу очиж үзсэн юм. Монгол шилтгээн дээр очиж шоугаа үзээд зогсож байхад пиво уухаар болоод архи, пиво зарж байсан текэн дээр очоод пиво авах гээд зогсож байхад үл таних залуу бид нар дээр ирснээ Л.Цэрэнчимэдтэй юм яриад байсан. Тухайн үед Б.Анхбаяр бид хоёр наана нь зогсож байсан. Тэгтэл тэр залуу тамхилах уу гээд хайрцагтай тамхиа өгсөнөө наад дотор чинь хоёр гурван ширхэг тамхи байгаа байх татвал тат гэж хэлээд өгсөн. Тэр залуугийн өгсөн тамхинаас нь 1 ширхэгийг аваад хайрцагтай тамхийг нь буцаагаад өгөх гэсэн чинь нөгөө залуу байж байгаарай утсаар ярьчихаад ирье гэж хэлээд явсан. Л.Цэрэнчимэд, Б.Анхбаяр бид гурав 1 ширхэг тамхиа хувааж татчихаад нөгөө залууг нилээн хүлээгээд ирэхгүй байхаар нь би хайрцагтай тамхийг нь өмсөж явсан якныхаа халаасанд хийчихсэн юм. Тэгээд бид гурав ч удалгүй гэрлүүгээ явцгаасан. 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бид нар хоорондоо утсаар ярьж байгаад PC тоглохоор болсон юм. Тэгээд PC тоглоомны газраас гарч ирээд Б.Хишигнямыг лагерын гэрт нь хүргэж өгөхөөр Хандгайт руу явсан. 7 буудал өнгөрөөд Шарга морьт руу дөнгөж эргээд тамхи татахаар зогссон юм. Машинаас буухад нилээн сэрүүхэн байсан болохоор үүргэвчнээсээ якаа гаргаж ирээд өмссөн юм Тамхи татаад зогсож байхдаа якныхаа халаасыг тэмтэрч үзэхэд нэг хайрцагтай зүйл байхаар нь гаргаад хартал Монгол шилтгээн дээр шоу үзэж байхад Л.Цэрэнчимэдийн найз гэх залуугийн өгсөн тамхи байсан, онгойлгож үзэхэд нэг ширхэг тамхи, гялгар ууттай жижиг өвс, хуйлсан мөнгө, тугалган цаас зэрэг байхаар нь би Л.Цэрэнчимэд, Б.Анхбаяр хоёрт энд ийм юм байна гээд үзүүлсэн. Тэгээд бид гурав хоорондоо ярилцаж байгаад гялгар ууттай өвсийг нь тугалган цаасан дээр тавьж асаагуураар халааж байгаад гарсан утааг нь хуйлсан мөнгөөр нь сорж хэрэглэсэн. Бид гурвыг хэрэглээд зогсож байхад Б.Хишигням машинаас бууж ирээд хэрэглэсэн. Бид нар гялгар ууттай өвснөөс хэрэглэчихээд буцаад хотын төв рүү явж байгаад цагдаагийн албан хаагч нарын шалгалттай таарч баригдсан...” гэх мэдүүлэг/ 2-р хх 62-64/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 184/, иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх 187/, оршин суугаа газрын тодорхойлолт /1-р хх 186/, шүүгдэгч Т.Э ийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /1-р хх 119-120, 188-191/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 3865 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх 81-86/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /ХХ-ийн 25-р хуудас/, мөн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах талын бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оогий гэгчээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта тетрагидроканнабинол”-ын агууламжтай гялгар уутны хамт 1.5 грамм жинтэй, “Өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар авч, 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 3-10/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 10-13/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 24-28/, гэрч Б.Анхбаярын “...2019 оны 07 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө хорооллын GO On PC тоглоомын газар тоглочихоод гарч ирэхэд Т.Э халааснаасаа хайрцагтай өвс гаргаж ирсэн, хаанаас авсан юм бэ гэж асуухад шоу үзэж байхад Оогий гэх залуу надад өгсөн, тэр үед халаасандаа хийгээд мартчихсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 36-37/, гэрч Л.Цэрэнчимэдийн “...Т.Э ийн гаргаж ирсэн хайрцаг дотор хуйлсан мөнгө, мөнгөлөг цаас байсан. Бид нар мөнгөлөг цаасан дээр нь өвсөө асгаж байгаад доороос нь асаагуураар халааж гарсан утааг нь хуйлсан мөнгийг соруул болгон ашиглаж татсан...” гэх мэдүүлэг /1-р хх 41-42/, гэрч Б.Хишигнямийн “...2019 оны 07 дугаар сарын 08-ны шөнө өөрийн хамаатны ах Л.Цэрэнчимэд, түүнийх найз Б.Анхбаяр, Т.Э нарын хамт мансууруулах бодис хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 44-45/, гэрч Ш.Дэлгэр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Т.Э 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр найз охинтойгоо уулзана гээд гэрээс гараад явсан тэгээд нилээн орой ирэхдээ найзуудтайгаа шоу үзсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 47-48/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 4003, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 4004 дугаар шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх 59-61, 68-73/, шинжээч эмч А.Батбаярын “...Хүний шээсэнд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн тохиолдолд хэдий хугацаанд хадгалагдах ёстой гэсэн тодорхой заасан цаг хугацаа байхгүй. Тухайн хүний идэж, уусан зүйл, унтаж амарч байгаа байдал, бие организмын онцлог, биеийн эсэргүүцэл зэргээс шалтгаалан харилцан адилгүй байх боломжтой...” гэх мэдүүлэг /1-р хх 78-79/, сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 950 дугаар дүгнэлт /1-р хх 108-110/, шүүгдэгч Т.Э ийн “...Тамхи татаад зогсож байхдаа якныхаа халаасыг тэмтэрч үзэхэд нэг хайрцагтай зүйл байхаар нь гаргаад хартал Монгол шилтгээн дээр шоу үзэж байхад Л.Цэрэнчимэдийн найз гэх залуугийн өгсөн тамхи байсан, онгойлгож үзэхэд нэг ширхэг тамхи, гялгар ууттай жижиг өвс, хуйлсан мөнгө, тугалган цаас зэрэг байхаар нь би Л.Цэрэнчимэд, Б.Анхбаяр хоёрт энд ийм юм байна гээд үзүүлсэн. Тэгээд бид гурав хоорондоо ярилцаж байгаад гялгар ууттай өвсийг нь тугалган цаасан дээр тавьж асаагуураар халааж байгаад гарсан утааг нь хуйлсан мөнгөөр нь сорж хэрэглэсэн...” гэх мэдүүлэг/ 2-р хх 62-64/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Э ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх, шүүгдэгч С.Эрдэнэбаатарын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Ингэхдээ Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар уг тэнссэн хугацаанд мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоов.
Шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.
Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “ногоон өнгийн ургамлын үртэс мэт зүйлтэй, тунгалаг өнгийн гялгар уут /амыг нь хуйлж боосон байдалтай/, улаан өнгийн гялгар уутанд хийж боосон, ногоон өнгийн ургамал мэт зүйл, оргинал асаагуур гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг, хамгийн сайн асаагуур гэсэн бичиглэлтэй асаагуур 1 ширхэг, олон үйлдэлтэй багаж 1 ширхэг, хар өнгийн дотроо ургамлын үртэс мэт зүйлтэй хуванцар сав /гутал өнгөлөгчний таг/” зэргийг зэргийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох AU8806699 сери дугаартай 50 төгрөг 1 ширхэг, AM4033217 сери дугаартай 2 төгрөг 1 ширхэг, AK4834208, AO4239231, AF01466528 сери дугаартай 10 төгрөг 3 ширхэгийг Монгол банкид шилжүүлж шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халх овгийн Т.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Э т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар уг тэнссэн хугацаанд мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “ногоон өнгийн ургамлын үртэс мэт зүйлтэй, тунгалаг өнгийн гялгар уут /амыг нь хуйлж боосон байдалтай/, улаан өнгийн гялгар уутанд хийж боосон, ногоон өнгийн ургамал мэт зүйл, оргинал асаагуур гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг, хамгийн сайн асаагуур гэсэн бичиглэлтэй асаагуур 1 ширхэг, олон үйлдэлтэй багаж 1 ширхэг, хар өнгийн дотроо ургамлын үртэс мэт зүйлтэй хуванцар сав /гутал өнгөлөгчний таг/” зэргийг зэргийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, Монгол Улсын мөнгөн дэвсгэрт болох AU8806699 сери дугаартай 50 төгрөг 1 ширхэг, AM4033217 сери дугаартай 2 төгрөг 1 ширхэг, AK4834208, AO4239231, AF01466528 сери дугаартай 10 төгрөг 3 ширхэгийг Монгол банкид шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч Т.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН