| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0823/Э |
| Дугаар | 830 |
| Огноо | 2019-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 830
2019 11 01 2019/ШЦТ/830
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Э.Бадрал,
шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэдээ овогт Эрдэнэбатын Мөнхбатад холбогдох эрүүгийн 1911008711119 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Овоо 3 дугаар гудамжны 13б тоотод оршин суух хаягтай,
-урьд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, Хан-Уул дүүргийн шүүхийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэгдэж уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
-2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 481 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, Бүргэдээ овогт Э, /РД:/,
/Холбогдсон хэргийн талаар/
Шүүгдэгч Э.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.М нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний орой Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамж 798 тоотод байрлах нийтийн байрны гадна хохирогч Б.Бат-Өлзийг “ээж Ш.Ууганцэцэгийг дээрэлхэж, доромжилсон” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь “зүүн зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
Шүүгдэгч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг болон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...”, “...Би тухайн өдөр ээжийнхээ амьдардаг ЧД-ийн 7 дугаар хороонд байрлах нийтийн байранд орой 19 цагийн үед очиход ээж хүмүүстэй хэрүүл маргаан хийж байсан тэгэхээр нь ээжээс юу болсон талаар асуухад “Бат-Өлзий гэгч нь өмнөх орой нь миний ээжийн амьдардаг өрөөний хаалгыг нь нүдээд оруулахгүй бол манай байрнаас зайлаарай” гэж хэлсэн гэсэн. Тэрнийг нь эзэндээ хэлээд байж байна гэсэн тэгэхээр нь би Бат-Өлзийд хандан чи давраад байгаа шүү өмнө нь бас хөөсөн гэсэн гэж хэлэхэд Бат-Өлзий миний өөдөөс “та нар 3-лаа ирж намайг зодох гэж байгаа юм уу” гэж хэлэхээр нь чамайг зодохоо хүрвэл ганцаараа зодно гэж хэлэхэд Бат-Өлзий хамт гадаа гараад заамдаж аван зүүн талын шанаа орчимд нь 2-3 удаа баруун гараараа цохисон. Тэгсэн манай хоёр найз гарч ирээд салгасан өөр зүйл болоогүй...”, “...Тухайн үед Бат-Өлзийгийн хамарнаас цус гарчихсан байсан өөр гэмтэл анзаарч хараагүй...”, “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх /хх-ийн 33-36х/,
Хохирогч Б.Бат-Өлзий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-798а тоотод би өөрийн хариуцаж ажиллуулдаг байсан нийтийн байрандаа байсан. Тухайн үед уг нийтийн байранд манай хамаатны ах Отгонбаатар, эгч Ундрах нар ирчихсэн байсан. Манай нийтийн байрны №4 тоотод өрөө түрээсэлдэг Ууганцэцэг гэгч нь мөнгө төгрөгөө өгөөгүй удаасан тул манай ах Отгонбаатар түүнээс түрээсийн мөнгөө өгөөч гэж хэлээд түүнтэй маргалдсан. Тэднийг хоорондоо хэрэлдэж байх үед гаднаас Ууганцэцэгийн хүү нь болох Мөнхбат гэх зүс мэдэх залуу үл таних хоёр залуу дагуулж ирээд намайг гарья гээд нийтийн байрнаас гарсан. Гадаа гармагц Мөнхбат нь шууд миний баруун нүд, шанаа, хамар зэрэг рүү гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон...” гэх /хх-ийн 15-16х/,
Гэрч Ш.Ууганцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 03.11-ний орой 19 цагийн үед манай хүү Мөнхбат 2 найзынхаа хамтаар орж ирээд байж байхад байрны эзэн Отгонбаатар хаалга нүдээд уулзья гээд манай нөхрийг хажуу өрөө рүү аваад явсан. Тэгээд араас нь ортол Отгонбаатар манай нөхөр Баатаржавтай муудалцаж байсан. Тэгтэл энэ үед Бат-Өлзий хамт байсан ба манай хүү Мөнхбат гарч ирээд манай ээжийг доромжлоод байсан чи юу гэж хэлээд маргасан. Тэгэхээр нь би миний хүү ингэж болдоггүй юм шүү гэж хэлээд байж байхад хүү маань Бат-Өлзийг аваад гарсан. Тэгээд 2 найз нь гараад очтол Мөнхбат нөгөө Бат-Өлзийг зодчихсон байсан гэсэн. Би яг зодооныг хараагүй, хоёр найз нь хэлэхдээ гараад очиход Мөнхбат нөгөө залууг зодчихсон байна гэж байсан...”, “...Тухайн үед манай хүү болон найз нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Өөр ямар нэгэн зодоон болоогүй...” гэх /хх-ийн 23-24х/,
Гэрч Ж.Отгонбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 03.11-ний орой Ууганцэцэг гээд эмэгтэй төлбөрөө төлөхгүй байхаар нь түүнд хандаж төлбөрөө өг гэтэл “юун сүртэй юм 5 хоног хэтрээ л биз” гэсэн утгатай юм хэлсэн. Тэгээд түүнээс болж маргаан болсон ба Ууганцэцэгийнд ороод төлбөр мөнгөө нэхээд маргаан болж байх үед Ууганцэцэгийн хүү гээд залуу 2 найзынхаа хамтаар ирсэн. Маргаан болж байх үед Ууганцэцэгийн хүү нь найз нарынхаа хамтаар Бат-Өлзийг аваад гарсан ба би араас нь 3-4 минутын дараа гартал нөгөө 3 нийлчихсэн Бат-Өлзийг зодож байгаа харагдсан. Яг хэн нь яаж хэрхэн зодсон талаар сайн хэлж мэдэхгүй байна. Намайг очоод салгах үед Ууганцэцэгийн хүү нь Бат-Өлзийн дээр нь гарчихсан цохиж байсныг би салгасан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд ирэхийн хооронд нөгөө 3 зугтаагаад явчихсан...”, “...Бат-Өлзийгийн нүүр нь хавдчихсан байсан. Хэн яаж хэрхэн зодож байсан талаар сайн хараагүй, манай нийтийн байрны гадна харанхуй хэсэгт зодолдсон байсан болохоор хяналтын камер тусдаггүй...” гэх /хх-ийн 25-26х/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 3284 дугаартай дүгнэлт:
- Б.Бат-Өлзийгийн биед зүүн зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх /хх-ийн 28х/,
Шүүгдэгч Э.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43х/,
Хохирогч Б.Бат-Өлзийгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 59х/,
Шүүгдэгч Э.Мын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 58х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Э.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Мыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бүргэдээ овогт Эрдэнэбатын Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 / нэг сая / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Э.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД