| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0814/Э |
| Дугаар | 834 |
| Огноо | 2019-11-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 834
2019 11 04 2019/ШЦТ/834
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Г.Ууганбаатар,
шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Отгонцагааны Маралд холбогдох эрүүгийн 1911022051043 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 08 дугаар хороо, ад7 байр, 44 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 20-57 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Отгонцагааны Марал, /РД:МЗ99062405/,
Шүүгдэгч О.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.М нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 5 дугаар байрны 57 тоотод хохирогч Х.Нандин-Эрдэнэтэй маргалдаж, улмаар хөлөөрөө өшиглөх, нүүр рүү нь алгадах зэргээр зодож Х.Нандин-Эрдэний биед “...хүзүү, зүүн дал, зүүн хөх, хэвлий, баруун гуянд цус хуралт, хүзүү, зүүн өгзөгт зулгаралт...” бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
Шүүгдэгч О.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна...”, “...2019 оны 07 дугаар сарын сүүлээр миний найз болох Нандин-Эрдэнэ нь манай гэрт ирээд найз нь орох оронгүй болчихлоо, танайд хэсэг байя гэхээр нь би ээж аавдаа хэлээд зөвшөөрөөд гэртээ хэсэг хугацаанд хамт амьдарч байсан. 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө үүр цайж байсан, цагийг нь тодорхой санахгүй байна. Нандин-Эрдэнэ надад хандаж манай хоёр эрэгтэй найз буудалд байна гэнэ, дуудаад байна хоёулаа оччихоод ирье, би ойрд уулзаагүй юм гээд байхаар нь зөвшөөрөөд түүнтэй хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Зурагт руу өгсөх замд байсан “Кентавр” нэртэй зочид буудалд очсон. Уг буудалд Нандин-Эрдэний найз нь гэх 25-26 орчим насны хоёр залуу виски уугаад сууж байсан. Тэгээд бид хоёр суугаад 1 цаг орчим юм ярьж сууж байгаад гэртээ харихаар гарцгаасан. Уг буудалд Нандиа бид хоёр вискинээс нь бараг уугаагүй, амсаад л өгсөн. Бид хоёр буудлаас гараад харих замдаа маргалдсан, юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Тэгээд Нандин-Эрдэнэ намайг орхиод ганцаараа явчихсан ба би араас нь такси бариад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 20-р байрны гадаа ирэхэд Нандин-Эрдэнэ өөр таксинаас буугаад надтай зэрэг ирж таарсан. Би тухайн үед таксины мөнгө байхгүй байсан учир Нандин-Эрдэнээс таксины мөнгө өгчих гэтэл Нандин-Эрдэнэ юу ч хэлэхгүй ирсэнээ таксины жолооч руу мөнгөө шидэж өгсөн. Тэгээд бид хоёр гэр рүү ороод би Нандин-Эрдэнэд хандаж чи яагаад уурлаад байгаа юм, уурлах хүндээ уурлаарай гэтэл Нандин-Эрдэнэ уурлаад орилж хашгичаад бид хоёр хоорондоо барилцаж аваад бие биенийгээ алгадаад хувцаснаасаа зууралцаад ноцолдсон. Хоорондоо зууралцаад л энэ тэндээсээ зулгаалцаад байснаас нэг нэгнийгээ цохиж зодоод байсан зүйл болоогүй. Тэгтэл Нандин-Эрдэнэ зүрх өвдөөд байна гэхээр нь би айгаад больсон. Тэгтэл Нандин-Эрдэнэ гарч яваад цагдаа дуудсан. Уг хэрэг болсноос хойш би найз Нандин-Эрдэнэтэйгээ уулзаж учраа ололцсон. Бид хоёр хоорондоо хэвийн харилцаатай байгаа...” гэх /хх-ийн 34-35х/,
Хохирогч Х.Нандин-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 07 дугаар сарын сүүлээр гэр бүлийнхэнтэйгээ маргалдаад найз Маралаагийн гэрт хэсэг хамт амьдарсан. 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө үүрээр манай хоёр найз Зурагтад байрлах “Кентавр” гээд зочид буудалд хүрээд ир, юм ярья, ууя гэхээр нь бид хоёр очсон. Тэнд очтол манай хоёр найз нэг литрийн виски задлаад ууцгаасан. Уг вискинээс би уугаагүй, харин Маралаа ганц нэг татаад байсан. Тэгээд сууж байтал надад байгаа орчин нэг биш санагдаад, Маралаа ч нэг залуутай нь хувийн харилцаа үүсгэх гээд байхаар нь би Маралаад хандаж гэрт найз залуу чинь хүлээж байгаа, одоо харья гэтэл Маралаа дургүйцээд үлдэх гээд байсан. Маралаа надад хандаж хоёр найзыгаа энд үлдээмээргүй байна гээд надаас зөрүүдлээд байсан. Би Маралаад хандаж наад залуу чинь чамтай унтчихаад л яваад өгнө, одоо боль явья гээд бид хоёр маргалдсан ба би уурлаад түрүүлээд такси бариад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 20-р байранд гэртээ иртэл Маралаа гэрийн гадаа такси бариад ирчихсэн намайг хүлээж байсан. Тэгтэл Маралаа намайг таксины мөнгө өгчих гэхээр нь би уур хүрээд мөнгөө базаад Маралаа руу шидчихээд гэр рүү түрүүлж ороод гэртээ хувцасаа солиод сууж байтал Маралаа над руу хандаж чи муу гичий минь гээд орилсон. Тэгэхээр нь би урдаас нь чи одоо яагаад байгаа юм, би чиний найз залуугийн чинь хажууд хэлье. Чи ингэж хоёр хүний дунд үерхэж байхаар болиоч гэтэл бүр их уурлаад намайг үсдэж унагааж дараад нүүр рүү олон удаа алгадсан, мөн нуруу, хөл, хэвлий хэсэг рүү цохиж зулгаасан. Миний зүүн дал хэсэгт хазсан. Би төрөлхийн бие султай тул уг хэрэг болж байхад ухаан алдчихсан байсан. Нэг ухаан ортол эмч ирчихсэн надад тайвшруулах эм өгсөн. Би ч сэргээд цагдаа дуудсан...” гэх /хх-ийн 12-13х/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9827 дугаартай дүгнэлт:
- Х.Нандин-Эрдэнэ-н биед хүзүү, зүүн дал, зүүн хөх, хэвлий, баруун гуянд цус хуралт, хүзүү, зүүн өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх /хх-ийн 18х/,
Шүүгдэгч О.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 21х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29х/,
Хохирогч Х.Нандин-Эрдэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 41х/,
Шүүгдэгч О.Мын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 40х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч О.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Мыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 3 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон хасч торгох ялыг биелүүлэх хэмжээг тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Отгонцагааны Маралыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мын цагдан хоригдсон 3 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон хасаж, 405,000 төгрөгөөр торгох биелүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД