| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/10135/И |
| Дугаар | 210/МА2026/01175 |
| Огноо | 2026-05-22 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2026/01175
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2026/00017 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ТӨХК-д холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.“*******” ТӨХК-ийн Зуухан цехийн Ашиглалтын инженер албан тушаалд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаартай Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан бөгөөд Гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/61 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар ажлаас чөлөөлсөн.
1.2.Тус тушаалд намайг Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1.й-д заасан "Өөрийн албан тушаалын эрх мэдэл, давуу байдлыг ашиглан ажилтнуудад бүх хэлбэрийн дарамт, хүчирхийлэл үзүүлэх, эд зүйл болон мөнгө төгрөг нэхэх, авах" ноцтой зөрчил гаргасан нь Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр нотлогдсон гэж үзсэн.
1.3.Гэтэл бодит байдал дээр миний бие ажилтнуудад дарамт үзүүлж мөнгө, эд хөрөнгө нэхэж авсан үйлдэл хийж байгаагүй.
Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1.******* нь компанид ажиллаж байх хугацаандаа өөрийнх нь удирдлага дор ажилладаг ажилтан болох *******ыг дарамталж, үндэслэлгүйгээр мөнгө нэхэж, *******ад олгогдох сарын үр дүнгийн шагналт цалингаас нь үндэслэлгүйгээр хасаж, уг шагналт цалингаас нь нэхэж өөрийн банкны данс руу шилжүүлж авсан асуудлаар ажилтан ******* нь ажлаас халагдах өргөдөлдөө дурдаж, энэ талаар компанид мэдэгдсэн.
2.2.Үүний дагуу Ёс зүйн дүрэмд заасны дагуу "ДЦС-2" ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөл хуралдсан бөгөөд тус хурал дээр ******* нь өөрөө ажилтан *******аас түүний шагналт цалингаас өөр лүүгээ шилжүүлж авсан, "...би мөнгө авсан юм аа, гэхдээ уг мөнгийг би өөртөө хувьдаа аваагүй, шинэ жилд зарцуулсан гэж..." хэлсэн, мөн уг хурлаар цугларсан дансны хуулга, бусад нотлох баримтаар нэхэмжлэгч ******* нь өөрийнх нь дор, зуухан цехэд харьяалагдан ажилладаг *******аас үндэслэлгүйгээр мөнгө нэхэж авсан нь нотлогдсон.
2.3.Дээрх үйлдэл нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын Ёс зүйн дүрэмд зааснаар ёс зүйн зөрчилд тооцогдох бөгөөд уг тохиолдолд шууд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгаж, хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалттай болно. Иймд нэхэмжлэгч ******* нь компанийн хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн дүрмийг зөрчиж, Ёс зүйн зөрчил гаргасан болох нь холбогдох баримт, "ДЦС-2 ТӨХК-ийн ёс зүйн хорооны дүгнэлтээр тус тус тогтоогдож, нотлогдсон учраас холбогдох хууль, журамд заасны дагуу Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч *******ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүх ажил олгогчийн тушаалд дурдсан “албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, айлгах, сүрдүүлэх, хясан боогдуулах арга замаар ажилтнаас мөнгө нэхэх, авах” гэсэн хэсэгт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн “мөнгө нэхэх, авах” гэх үйл баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс мөнгө авсан үйлдлийг анхнаасаа хүлээн зөвшөөрч байсан бөгөөд өөрийн удирдлагад ажиллаж байсан ажилтанд ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй, харилцан тохиролцсоны үндсэн дээр мөнгө хүлээн авсан талаар ёс зүйн хорооны хуралдаан болон шүүхийн шатанд илэрхийлж байсан бөгөөд энэ нөхцөл байдлыг гэрчлэх этгээдүүдийг гэрчээр асуулгах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан.
Нэхэмжлэгч нь “бусдыг дарамтлах, айлгах, сүрдүүлэх, хясан боогдуулах арга замаар” бусдаас мөнгө авах үйлдэл хийгээгүй болохыг гэрч этгээдүүд нотлох бөгөөд дарамтад өртсөн гэх ажилтан нэхэмжлэгчид мөнгө шилжүүлэх санал тавих үед хамт байсан хүмүүс байдаг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож буй чухал үйл баримт юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1.Зуухын цехийн ашиглалтын инженер гэдэг нь дээрээс хоёр дахь удирдлага бөгөөд удирдлага доор ажиллаж байгаа ажилтны цагийн бүртгэл, гүйцэтгэл, зөрчилд хяналт тавьж ажилладаг.
Сарын үр дүнгийн урамшуулал тухайн улирлын үйл ажиллагааны хэвийн горим, ашигт ажиллагаа болон зөрчил гарсан эсэхээс шалтгаалан 50 хүртэлх хувиар батлагддаг бөгөөд ажилтнуудын сарын үндсэн цалин дээр батлагдсан хэмжээгээр нэмэгдэж ордог. Сарын үр дүнгийн урамшууллыг хасах эрх нь цехийн дарга болон ашиглалтын инженерт байдаг. *******ын сарын урамшууллыг хасах ёстой байдал албан тушаалын эрх мэдлээ ашиглаж үр дүнгийн урамшууллыг хасахгүйгээр тооцож цалинг олгосон бөгөөд уг мөнгийг өөрийн хувийн данс руу шилжүүлсэн үйлдэл нь зөрчилд тооцогдож байна.
Ажилтан *******тэй байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 048 дугаар хөдөлмөрийн гэрээний 6.1.6.и-д хориглосон заалтыг тусгайлан заасан байдаг. Уг заалт нь эсвэл гэдэг холбоосоор холбогдсон байгаа учраас бүх шинж тэмдэг бүрэн хангагдсан байх шаардлагагүй бөгөөд мөнгө нэхэх үйлдэл нь дангаараа зөрчил болох хангалттай үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ТӨХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...ажил олгогчийн тушаалд дурдагдсан зөрчлийг гаргаагүй. Ажилтан ******* нь Зуухан цехийн шинэ жилийн мөнгө гэж миний хувийн дансаар мөнгө шилжүүлснийг хувьцаа ашиглаагүй, шинэ жилийн үйл ажиллагаанд зарцуулсан болохоос түүнээс мөнгө нэхээгүй, дарамт үзүүлж мөнгө аваагүй. ******* нь сайн дураар мөнгө өгсөн. ...” гэж,
Хариуцагч татгалзлаа “...******* нь компанид ажиллаж байх хугацаандаа өөрийнх нь удирдлагад ажилладаг ажилтан *******ыг дарамталж, үндэслэлгүйгээр мөнгө нэхэж, сарын үр дүнгийн шагналт цалингаас нь үндэслэлгүйгээр хасаж, уг шагналт цалингаас нь нэхэж өөрийн банкны данс руу шилжүүлж авсан нь тогтоогдсон тул ажил олгогчийн тушаал үндэслэлтэй...” гэж тус тус тайлбарлажээ.
4.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.
Нэхэмжлэгч нь ажилтан *******аас шилжүүлсэн мөнгийг хүлээн авсанд маргаагүй, харин түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг цуцалсан тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн гэрээний 6.1.1.1.й-д “өөрийн албан тушаалын эрх мэдэл, давуу байдлыг ашиглан ажилтнуудад бүх хэлбэрийн дарамт, хүчирхийлэл үзүүлэх, эд зүйл болон мөнгө төгрөг нэхэх, авах” гэсэн заалтыг зөрчөөгүй буюу өөрийн удирдлагад ажиллаж байсан *******ад албаны эрх мэдэл, давуу байдлаа ашиглан дарамт, шахалт үзүүлэх байдлаар мөнгө аваагүй болохоо нотлохоор *******, *******, ******* нарыг гэрчээр асуулгаж хэргийн бодит байдлыг тогтоолгохоор 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг нь шүүх хэрэгт ач холбогдолгүй гэсэн үндэслэлээр хангахгүй орхисон нь үндэслэлгүй болжээ.
Учир нь, хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ ажилтан *******аас ДЦС-2 ТӨХК-ийн захиргаанд гаргасан өргөдөл, “*******” ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлийн тэмдэглэл зэрэгт тусгагдсан зохигчийн тайлбаруудад тулгуурласан байна. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс *******ын өргөдөл, Ёс зүйн зөвлөлийн тэмдэглэлд тусгагдсан тайлбарыг няцаах зорилгоор гаргасан хүсэлтэд нь нэр дурдагдсан хүмүүсийн мэдүүлгийг ач холбогдолгүй гэж шүүх урьдчилсан дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 43 дугаар зүйлийн 43.1-д заасантай нийцээгүй байна.
5.Шүүх хөдөлмөрийн эрхийн ганцаарчилсан маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах гэсэн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах эсэхээс үл хамааран нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж баталгаажилт хийлгэх эсэх шаардлагын талаар тодруулж ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагатай хамт нэг мөр шийдвэрлэх учиртай.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг чиглүүлэх үүргийн хүрээнд хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарлах байдлаар нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын хүрээнд цалин хөлс гаргуулах эсэхийг тодруулах байжээ. Нэхэмжлэгч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгах шаардлагыг гаргасан нь Нийгмийн датагалын ерөнхий хуулийн 7, 18 дугаар зүйлд зааснаар даатгуулагчийн буюу нэхэмжлэгчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос уг шимтгэл төлөгддөг болохыг анхан шатны шүүх анхаараагүй байна.
6.Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дурдсан ажиллагааг нөхөн гүйцэтгэх замаар хэргийн үйл баримтыг тогтоох боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2026/00017 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Б.АЗБАЯР