| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 192/2025/04447/И |
| Дугаар | 210/МА2026/00782 |
| Огноо | 2026-04-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2026/00782
2026 04 10 210/МА2026/00782
*******
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/10265 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******, ******* нарт холбогдох,
Сургалтын гэрээний үүрэгт 183,268,441 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг хариуцагч*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч*******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* нь иргэн *******г Австрали улсын Брисбанд хотын Griffith их сургуульд Master of Aviation Management мэргэжлээр 2 жилийн хугацаагаар сургалтын, байр, эрүүл мэндийн даатгал болон тээврийн зардлыг жилд 1 удаа, Монголын үндэсний агаарын тээвэрлэгчийн агаарын хөлөг зорчиж байгаа агаарын шугамд хоорондын тооцоогоор тооцохоор зардлыг хариуцан төлж, сар тутам 300 ам.долларын тэтгэлэгтэйгээр нийт 63.000 ам.долларын зардалтай суралцуулахаар сургалтын 2 талт гэрээг 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан.
1.2.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээний үүргийн хугацаанд сургалтын төлбөрт 58,957 австрали доллар, байр, тэтгэлгийн төлбөрт 15,600 ам.доллар шилжүүлэн суралцуулсан.
1.3.******* нь 2021 онд сургуулиа сургуулиа төгсөөд тухайн эзэмшсэн мэргэжлээрээ томилогдсон ажлын байранд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллах үүргээ биелүүлээгүй тул сургалтын гэрээний 3.9-д заасны дагуу суралцсан хугацааны нийт зардлыг буцаан төлүүлэх нөхцөл бүрдсэн. 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор гэрээний үүргээ биелүүлж, мэргэжлээрээ ажиллах, эсвэл суралцах хугацааны зардлыг буцаан төлж байгууллагыг хохиролгүй болгох талаар мэдэгдсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй.
1.4.Иймд гадаад валютын ханшийг Монгол банкны 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ханшаар тооцож сургалтын төлбөрт 58,957 австрали доллар буюу 128,861,725.33 төгрөг болон байр, тэтгэлгийн төлбөрт 18,600 ам.доллар буюу 64,869,546 төгрөг, нийт 193,731,271.33 төгрөгийг гаргуулахаар анх нэхэмжилсэн.
1.5.Энэхүү шаардлагаас 3,000 ам.доллароор нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, гадаад улсад ажиллаж амьдарч байгаа гэх хариуцагч *******гаас татгалзаж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 183,268,441.33 төгрөгийг батлан даагч болох хариуцагч*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч*******гийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Миний охин ******* нь *******тай 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр сургалтын гэрээ байгуулж, Австрали Улсын Брисбан хотын Криффид их сургуульд 2 жилийн хугацаатай суралцах, ******* сургалтын төлбөр, байр, тэтгэлэгт нийт 63,000 ам.доллар төлөхөөр тохирсон. Миний бие гэрээнд хамтран хариуцахаар гарын үсэг зурж оролцсон.
2.2.******* нь одоогоор Австрали Улсад амьдарч байгаа тул энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй байна. Мөн *******гийн гаргасан хүсэлтийг үндэслэн талууд 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, суралцах хугацааг 2019 оны 6 дугаар сарын 25-ыг хүртэл сунгах, ******* төлбөрийн 63,000 ам.долларын үлдэгдэл 16,282 ам долларыг сургуулийн нэхэмжлэхийн дагуу шилжүүлэхээр болсон.
2.3.******* нь Засгийн газрын тохируулагч агентлаг бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар Агентлагийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Валютын зохицуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь *******гийн төлбөр тооцоог валютаар гүйцэтгэхгүй бөгөөд банк валютын гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтэд буюу гүйлгээ хийсэн өдрийн төгрөгт шилжүүлсэн үнийн дүнгээр хийх үүрэг хүлээдэг.
2.4.Иргэний нисэхийн ерөнхий газраас шилжүүлсэн төлбөрүүдийг төлбөр шилжсэн тухайн үеийн Монгол банкны зарласан ханшаар тооцож нийт 112,272,073 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 82,342,762 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гаас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******гээс 183,268,441 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч *******т олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 1,074,292 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1.Шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн... бол үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэснийг үндэслэл болгосон. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2-т Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно гэж заасан.
Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Улсын болон орон нутгийн төсөвт төлөх, төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд эдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно гэж зохицуулсан.
******* нь Засгийн газрын агентлаг тул зардлыг улсын төсвөөс санхүүждэг. Иймд төлбөр тооцоог валютаар гүйцэтгэхийг хуулиар хориглосон тул мөнгөний ханш өссөн буюу валютын ханш өссөн үндэслэлээр төлбөр тооцсоныг зөвшөөрөхгүй.
4.2.Түүнчлэн шүүх үндэслэх хэсгийн 11-т *******гийн суралцах хугацааны зардалд нэхэмжлэгч талаас шилжүүлсэн 58.957 австрали доллар, 15.600 ам.долларыг шилжүүлсэн өдрийн ханшаар тооцож төлнө гэх тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн боловч ямар хууль зөрчсөн, яагаад үндэслэлгүй гэдгээ шүүх тайлбарлаагүй байна.
Хариуцагч******* нь *******т 128,267,189 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Валютын ханш өссөн дүнгээр буюу 183,268,441 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй.
Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, 128,267,189 төгрөг болгож өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******, ******* нарт холбогдуулан сургалтын гэрээний үүрэгт 193,731,271 төгрөг гаргуулахаар шаардсан ч тооцооллын алдаатай үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 183,268,441 төгрөг болгон багасгасныг хариуцагч*******гээс 112,272,073 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч ам долларын ханшын өсөлтийн зөрүүг хариуцахгүй, гадаад валютаар төлбөр тооцоо гүйцэтгэхийг хориглосон хуулийг нэхэмжлэгч зөрчсөн үндэслэлээр маргажээ.
2.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* гадаад улсад байгаа үндэслэлээр нэхэмжлэгч түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцсэн байна.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1.*******, ******* нар 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ******* зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээ байгуулсан, уг гэрээгээр: ******* нь иргэн *******г Австрали улсын Брисбанд хотын Griffith их сургуульд нийт 63,000 ам доллароор Master of Aviation Management мэргэжлээр суралцахад гарах сургалтын төлбөр, байр, тэтгэлэг зэрэг зардлыг хариуцан төлөх үүргийг хүлээхээр, суралцагч ******* нь төгсөж ирээд эзэмшсэн мэргэжлээрээ 5-аас доошгүй жил тус байгууллагад үр бүтээлтэй ажиллах үүргийг хүлээхээр, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд суралцсан хугацааны нийт зардлыг буцаан төлөхөөр, үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч******* үүргийг гүйцэтгэхээр тохиролцсон; /хх 6-8, 10-11/
3.2.Талууд уг гэрээний хугацааг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл байхаар сунгаж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан; /хх 10-12, 15/
3.3.Нэхэмжлэгч гэрээний дагуу *******гийн сургалтын төлбөр болон бусад зардалд нийт 58,957 австрали доллар, 15,600 ам.долларыг шилжүүлсэн; /хх 19-82
3.4.Суралцагч ******* 2021 онд сургуулиа төгссөн ч тус байгууллагад ажиллаагүй үйл баримтад талууд маргаагүй байна.
4.Анхан шатны шүүхээс ******* болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан, дээрх гэрээний үүргийн хангуулах үүднээс ******* болон******* нарын хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний харилцаа үүссэн хэмээн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэсэн байна.
Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгээгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээдэг.
5.Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж 58,957 австрали доллар, 15,600 ам.долларыг шилжүүлсэн боловч суралцагч ******* 2021 онд сургуулиа төгссөнөөс хойш 5 жил тус байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах гэрээний 3.9 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч сургалтын гэрээний үүргийг батлан даагчаас шаардах эрхтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт нийцжээ.
6.Зохигчид мөнгөн хөрөнгийг буцаан төлөхдөө нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар төлөх эсхүл анх мөнгө шилжүүлсэн үеийн ханшаар тооцон төлөх эсэхэд маргажээ.
7.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх Монголбанкнаас зарласан гадаад валютын төгрөгтэй харьцах албан ханшаар тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасныг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцсэн байна.
7.1.Монголбанкнаас нээлттэйгээр нийтэд зарласан 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн гадаад валютын төгрөгтэй харьцах албан ханш нэг австрали доллар 2185,69 төгрөг, нэг америк доллар 3487,61 төгрөг байх тул нийт 183,268,441 төгрөгийг /AUD 58,957 * 3185,69 + USD 15,600 * 3487,61/ гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт нийцсэн.
7.2.Гэрээгээр талууд гадаад валютыг аль үеийн ханшаар тооцон буцаан төлөх талаар тухайлан тохиролцоогүй байна. Талуудын хоорондох сургалтын гэрээ хоёр талт хэн алин нь харилцан үүрэг хүлээсэн гэрээнд хамаарах тул нэхэмжлэгч ******* хувьд гэрээний үүргээ гүйцэтгэж төлбөрийг шилжүүлэх үеийн гадаад валютын ханш нь түүний үүрэг үүсэх үеийн ханш-д хамаарна. Харин хариуцагч мөн адил гэрээний үүргээ хариу буцаан гүйцэтгэх үе буюу энэ маргааны тухайд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж шаардсан үеэр түүний үүрэг үүсэх үеийн ханш-аар тооцох нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийн зохицуулалтын мөн чанар болно.
7.3.Зохигчдын хоорондох гэрээний дагуух төлбөр тооцоог нэхэмжлэгчээс гадаад улсад байх сургууль руу шилжүүлэх замаар гүйцэтгэсэн байх тул Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан хориглосон хэм хэмжээ энэ маргаанд хамааралгүй байна. Тодруулбал: Тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж хуулийн үйлчлэх хүрээ хязгаарыг тодорхойлсон, харин маргаанд хамаарах гэрээний төлбөр тооцоог Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадагш, Австрали улс руу мөнгөн хөрөнгө шилжүүлж гүйцэтгэжээ.
Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2 дахь хэсэгт Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно гэж зохицуулсан тул ийнхүү гэрээнд гадаад валютаар тохиролцсныг буруутгах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
8.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Хиш игсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/10265 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч*******гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432,957 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
О.ОДГЭРЭЛ