Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/287

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

улсын яллагч М.Гансувд,

хохирогч Б.Мөнхбаатар,

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-д холбогдох 1934005530302 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замд деспичер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны 20-135 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М овогт Б.Х  гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Х нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Хөх хошуу” гэх газарт 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.Мөнхбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

            Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-02-04 тал/, хохирогч Б.Мөнхбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-06-08 тал/, гэрч Б.Мөнхцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-09 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №8449 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-12 тал/, шүүгдэгч Б.Хгаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-10 тал/, шүүгдэгч Б.Х-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-21 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Х нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Хөх хошуу” гэх газарт 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.Мөнхбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Мөнхбаатарын: “... Тэгсэнээ машинаас нүдний шилтэй саарал өнгийн цамцтай махлаг өндөр үл таних залуу бууж ирээд миний цонхон дээр ирээд яаж яваад байгаан бэ ална шүү гэсэн. Тэгэхээр би өөдөөс нь зам эвдрэлтэй байна шүү дээ дүү минь гэж хэлэхэд гараа зангидаж байгаад миний нүүрэнд нэг удаа цохьсон. Тэгээд машиндаа суугаад зугатаагаад явсан. Тэгээд би араас яваад гүйцэхгүй байсан учраас Баянчандмань сумын цагдаад өргөдөл гаргасан” гэх мэдүүлэг /хх-06 тал/,

Гэрч Б.Мөнхцэцэгийн: “ ... Тэгээд зорчих хэсгээр явж байхад зам маш эвдрэлтэй байсан учраас удаан анхааралтай явж байсан. Ах бид хоёрын явж байгаа хэсэгт гүйцэт түрүүлэхийг хориглосон үргэлжилсэн цагаан зураас байсан. Тэгтэл 21-89 УНК улсын дугаартай саарал өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл замын голоор байрлах цагаан шугамыг даваад манай машины урд ирээд зогссон. Тэгснээ машинаас нүдний шилтэй саарал өнгийн цамцтай махлаг өндөр үл таних залуу бууж ирээд жолоочийн талын цонхон дээр ирээд яаж яваад байгаан бэ ална шүү гэж хэлээд манай ахын нүүрэнд нэг удаа цохьсон. Тэгээд яваад өгсөн араас нь би дугаарыг чинь харсан шүү гэж орилсон. Тэгээд машиндаа суугаад явсан. Ах уг залуугийн араас яаж байнаа гээд буух гэхээр би ахыгаа буулгаагүй. Тэгээд ах бид хоёр араас яваад гүйцэхгүй байсан учраас Баянчандмань сумын цагдаад өргөдөл гаргасан. Манай ах Мөнхбаатарыг гараараа нүүрэнд нь нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-09 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №8449 дугаартай шинжээчийн “1.Б.Мөнхбаатарын биед баруун доод 3, 4-р шүдний сулрал, уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-12 тал/ мөрдөн байцаалт шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

 Хохирогч Б.Мөнхбаатарын биед баруун доод 3, 4-р шүдний сулрал, уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч Б.Х-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэг

Шүүгдэгч Б.Х нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаварыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.Х-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох ял оногдуулсан болно.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М овогт Б.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-г  550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Х-д оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  550000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд, хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Х-д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Х-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ