| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 192/2025/10754/И |
| Дугаар | 210/МА2026/00787 |
| Огноо | 2026-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2026/00787
2026 04 10 210/МА2026/00787
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Ууганбаяр, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2026/00739 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 707,240,463 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай,
иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Зээлдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, 500,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 3.5 хувийн хүүтэй, программ хөгжүүлэлтийн зориулалтаар зээлсэн.
1.2.Тус зээлийн барьцаанд ******* өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүрэг, ******* хороо, *******, , ******* гудамж, ******* дүгээр байр, ******* тоот хаягт байршилтай 209.72 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг барьцаалсан.
1.3.Зээлдэгч хоёр удаагийн төлөлтөөр 57,260,000 төгрөгийг төлж, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаандаа төлж барагдуулаагүй.
1.4.2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл үндсэн зээл 500,000,000 төгрөг, зээлийн хүү 187,858,173 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,364,790 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 707,240,463 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Иргэн ******* нь 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдөр *******-тай М110240809003 тоот зээлийн, барьцааны гэрээ байгуулж, 500,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн.
2.2.Бизнесийн үйл ажиллагаа доголдсоны улмаас зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлбөрийн хуваарийн дагуу төлж чадаагүй боловч тодорхой хэмжээний хэсэгчилсэн төлөлтийг төлж байсан. Үүнийг хүү, үндсэн зээлээс хассан эсэх тухай нэхэмжлэлдээ дурдаагүй байна.
2.3.Түүнчлэн зээлийн дансны хуулга хүснэгтээс үзэхэд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол тодорхойгүй, мөн гэрээний хугацаа дууссанаас хойших зээлийн хүүг хэрхэн тооцож авч байгаа талаар нэхэмжлэлдээ тодорхой тусгаагүй, хүүгийн задаргааг гаргаж өгөөгүй байна.
2.4.Нэхэмжилж байгаа үнийн дүнгээс үндсэн зээл болох 500,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ас 672,104,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 35,118,962 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, ******* дүүрэг, 18 хороо, богд жавзандамба гудамж, 24/11 байр, 202 тоот хаягт байршилтай, 209.72 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,764,353 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 274,159 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 35,118,962 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 500,000,000 төгрөгөөс төлөлт хийгдээгүй, зээлийн хүү 42 хувиар тооцоход хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 672,104,000 төгрөгийг төлөхөөр байна гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.
4.2.Шүүхээс зээлийн гэрээний хүүг тооцоолохдоо зээлийн гэрээний хугацаанд буюу нэг жилийн хугацаагаар тооцсон учир буруу. Хариуцагч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй, зээл идэвхтэй байгаа тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээл төлөгдөж дуусах хүртэл бодогдоно.
4.3.Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4-т Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн төлөлтийг хуваарьт нийцүүлэх хүртэл хугацаанд төлнө, 7.2-т Зээлийн гэрээний хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангах хүртэл хугацаанд гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож төлнө. Гэрээний хугацаа дууссан нь зээлдэгчийг хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.
4.4.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д зааснаар шүүхэд хандах хүртэлх хугацааны үүрэг шаардсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 35,118,962 төгрөг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1.*******-иас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байдлаар зээлийн хүүгийн тооцоолол буюу зээлийн дансны хуулгыг баримтаар ирүүлсэн. Баримтаас харахад хүүгийн авлага 187,858,172 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,364,790.38 төгрөг, нийт 207,222,962.38 төгрөг байна. Үүнээс хүүгийн авлагаас төлсөн 57,260,000 төгрөгийг бүрэн хасахгүйгээр 35,118,962 төгрөгийг хэсэгчлэн хасаж шийдвэрлэсэн нь буруу байна.
5.2.Хариуцагчийн хувьд зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дутуу хасагдсан 22,141,038 төгрөгийг хасахад зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэр дүн 149,622,962.38 төгрөг болж, нийт 649,622,962.68 төгрөг төлөхөөр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 22,141,038 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 707,240,463 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3.Анхан шатны шүүх хариуцагч *******ас 672,104,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 35,118,962 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч зохигчид давж заалдах журмаар гомдол гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны зүйлийн талаар талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
3.1.Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр: хариуцагч ******* нь нэхэмжилсэн 707,240,463 төгрөгийг 2026 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор *******-д төлөхөөр, нэхэмжлэгч тохиролцсон энэ өдөр хүртэл төлбөр төлөхийг шаардахгүй байхаар, хэрэв хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, *******, , ******* гудамж, ******* дүгээр байр, ******* тоот тоот хаягт байршилтай, 209.72м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцжээ.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2026/00739 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* нэхэмжилсэн 707,240,463 төгрөгийг 2026 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч *******-д төлөхөөр, нэхэмжлэгч тохиролцсон энэ өдөр хүртэл төлбөр төлөхийг шаардахгүй байхаар, хэрэв хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, *******, , ******* гудамж, ******* дүгээр байр, ******* тоот тоот хаягт байршилтай, 209.72м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас урьдчилан төлсөн 333,545 төгрөг, хариуцагч талаас урьдчилан төлсөн 268,656 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
О.ОДГЭРЭЛ