| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0204/э |
| Дугаар | 2019/ШЦТ/219 |
| Огноо | 2019-07-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
улсын яллагч Б.Эрхэмбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр,
шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-т холбогдох 1934003130229 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
У овогт Б.С, Монгол улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Төв аймаг Зуунмод суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 , ээжийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 23 дугаар хороо Хангайн 8-14 тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хорих ял, Сонгинохайрхан дүүргийн 2008 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын “Номт” 1 дүгээр багийн нутаг “Хөгжил” хотхонд байрлах зочид буудлын 2 тоот өрөөнд байрлах хугацаандаа Г.Баасанжаргалын эзэмшлийн S-5 маркийн гар утас болон бэлэн 110000 мянган төгрөгийг хууль бусаар, нууцаар хулгайлж бусдад бага хэмжээнээс дээш буюу 415000 /дөрвөн зуун арван таван мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-03-04 тал/, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймаг ЗМС-н 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Happy зочид буудлын 2 дугаарын өрөөнд хулгай орж эд зүйл алдагдсан гэх хэргийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-5 тал/, хохирогч Г.Баасанжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-7-8 тал/, гэрч Н.Баянбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-10-11 тал/, гэрч Д.Оюунаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-12-13 тал/, гэрч О.Цэрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-14-15 тал/, Төв аймгийн Зуунмод сумын засаг даргын 2019 оны 06 дугаар 02-ны өдрийн А/154 дугаар захирамж /хх-18 тал/, Зуунмод сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-20 тал/, Б.Сын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-55 тал/, шүүгдэгч Б.С-ын хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Б.С нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын “Номт” 1 дүгээр багийн нутаг “Хөгжил” хотхонд байрлах зочид буудлын 2 тоот өрөөнд байрлах хугацаандаа Г.Баасанжаргалын эзэмшлийн S-5 маркийн гар утас болон бэлэн 110000 мянган төгрөгийг хууль бусаар, нууцаар хулгайлж бусдад бага хэмжээнээс дээш буюу 415000 /дөрвөн зуун арван таван мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны үед
хохирогч Г.Баасанжаргалын: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө Төв аймгийн Зуунмод суманд Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийн нисэх буудлаас 09 цаг 30 минутын үед орж ирээд тухайн үедээ согтуу байсан тул Зуунмод сумын Номт 1 дүгээр баг Хөгжил хотхонд үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд орсон эхлээд зурагттай өрөө байхгүй байхаар нь түр 1 дугаарын өрөөнд орсон ба 1 цаг гаруй хугацааны дараа 2 дугаартай өрөөнд орсон. Намайг өрөөндөө унтаж байхад буудлын ресепшин гаднаас манай өрөөнд хүн оруулж зурагт үзүүлсэн гэж байсан ба би сэрээд гар утас, түрийвчээ хайгаад буудлын ресепшнгээс миний гар утас, түрийвч хаана байгаа талаар асуухад дэрэн доогуур хийсэн гэж байсан ба би дэрээ сөхөөд үзтэл надад байсан эвдэрхий элжи, жи-3 маркийн гар утас байж байсан түрийвч дотор байсан 110000 төгрөг алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-7-8 тал/,
гэрч Д.Оюуны: “...Тэр хоёр хүн өглөө эрт буудлаас гараад буцаад манай буудалд 10 цагийн үед ирсэн ба тэр хоёр хүн танай буудалд хоносон хүн байгаа юм буцаж өрөөндөө орно гэхээр нь би та хоёрыг гараад явсан юм байх гэж бодоод өрөөгөө цэвэрлээд хүн оруулчихсан гэж хэлсэн тэгтэл тэр эрэгтэй нь надад хандан би зурагттай өрөөнд ороод ганц кино үзчихээд гаръя тэгэх үү сүүлийн анги нь байгаа юм гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь Г.Баасанжаргалын унтаж байсан 2 дугаартай өрөөнд тэр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг оруулсан. Тэр хоёр 2 дугаартай өрөөнд ороод байж байгаад 30-40 орчим минутын дараа гараад явсан. Бид хоёр хөдөө сумаас ирсэн гэж байсан. Аль сумаас гэдгээ хэлээгүй, би нэрийг нь мэдээгүй. Тэр хоёр хүмүүс эмнэлгээр явж байгаа эмнэлэгт үзүүлж байгаа гэж байсан ба элэгний В, С вирусийн шинжилгээний өгч байгаа гэж байсан. Манай буудал камертай. Тэдгээр хүмүүс гартаа хавтгай гар утас бариад гарч явж байсан нь камерын бичлэгт үлдсэн байна лээ” гэх мэдүүлэг /хх-12-13 тал/,
Гэрч О.Цэрэнгийн: “ ... Би 2019 оны 04 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн үед байх нөхөр Б.Сын хамт Төв аймгийн Зуунмод сумын нэгдсэн эмнэлэгт элэгний В, С вирусийн шинжилгээ өгөхөөр ирсэн ба бид хоёр Зуунмод суманд ирээд 1 килограмм ноолуур 50000 төгрөгөөр тушаагаад цагдаагийн баруун талд байрлаж байсан буудалд нөхрийн хамт орж 2 дугаарын өрөөнд орж хонохоор болоод 40000 төгрөг төлөөд орсон. Маргааш өглөө нь 06 цаг 30 минутын үед буудлаас гараад нэгдсэн эмнэлэг рүү яваад шинжилгээ хийлгэх цаг аваад буцаад хоносон өрөөндөө ортол өөр хүн орчихсон унтаж байсан. Нөхөр бид хоёр тэр өрөөнд орж кино үзэж байгаад гараад нийгмийн даатгалын газар луу явж очсон” гэх мэдүүлэг /хх-14 тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-03-04 тал/, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймаг ЗМС-н 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Happy зочид буудлын 2 дугаарын өрөөнд хулгай орж эд зүйл алдагдсан гэх хэргийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-5 тал/, Зуунмод сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-20 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-55 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Б.С-ын Төв аймгийн Зуунмод сумын “Номт” 1 дүгээр багийн нутаг “Хөгжил” хотхонд байрлах зочид буудлын 2 тоот өрөөнд байрлах хугацаандаа Г.Баасанжаргалын эзэмшлийн S-5 маркийн гар утас болон бэлэн 110000 мянган төгрөгийг хууль бусаар, нууцаар хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
Шүүгдэгч Б.С нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.С-ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох S-5 маркийн гар утас болон бэлэн 110000 мянган төгрөгийг хохирогч Г.Баасанжаргалд хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, хувийн байдлын гэм буруугаа ойлгон гэмшсэн зэргийг харгалзаж түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.С нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, гэмт хэргийн улмаас Б.С нь 4 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У овогт Б.С-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дах хэсэгт зааснаар Б.С-т тэнсэнгийн хугацаанд ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Б.С нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг сануулсугай.
5.Хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.С нь бусдад төлөх төлбөргүй, 4 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ