| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 183/2024/06742/И |
| Дугаар | 210/МА2026/00835 |
| Огноо | 2026-04-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2026/00835
2026 04 17 210/МА2026/00835
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Ууганбаяр, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* холбогдох,
Гэрээний үүрэгт 55,251,763 төгрөг гаргуулах тухай
иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.*******, ******* нар 2023 оны 8 дугаар сард шүдний эмнэлгийн үйл ажиллагаа явуулж хамтран ажиллахаар тохиролцсон. Хариуцагчаас дотор засал хийгдээгүй ажлын байрыг гаргах, нэхэмжлэгч талаас үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүд болон ажлын байранд үйл ажиллагаа явуулах шаардлагад нийцсэн засвар үйлчилгээ, тавилга зэргээр тохижуулах, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг гарган хөрөнгө оруулж хамтран ажиллаж ашиг орлогоо 50, 50 хувиар хуваахаар амаар гэрээ байгуулсан.
1.2.Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн ******* дүүрэг, ******* хороо, ******* давхарт байрлах 66.2 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шал болон тааз, хана зэрэг нь цутгалттай байдлаар хүлээн авч 2024 оны 02 дугаар сараас завсар үйлчилгээг эхлүүлсэн бөгөөд 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хана, тааз, шалны цутгалт, өрөө хоорондын энгийн тасалгаа болон шилэн тасалгаа, сантехник, цахилгаан монтаж, тавилга зэрэгтэй холбоотой бүх бараа материал, өнгө үзэмжийг цаг тухай бүрд нь хариуцагчтай зөвшилцөн гүйцэтгэсэн.
1.3.******* нь 2024 оны 9 дүгээр сарын эхээр үйл ажиллагаагаа эхлүүлэх болсонтой холбоотой анх тохиролцсон ашгаас илүү ашиг хүртэх санал илэрхийлсэн ба нэхэмжлэгч саналыг зөвшөөрөөгүй үндэслэлээр 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэрээнээс татгалзах мэдэгдэл гаргасан. Улмаар нэхэмжлэгч зөвшөөрч объектод оруулсан хөрөнгө оруулалт эмнэлгийн тоног төхөөрөмжүүдээ гарган авсан.
1.4.Тухайн объектод хийсэн засвар үйлчилгээ, захиалгаар хийлгэн тохижуулсан тавилгуудыг салган авах боломжгүй бөгөөд салган авсан тохиолдолд зориулалтын дагуу ашиглагдах боломжгүй, бий болгосон зардлаас илүү хохирол учирна.
Зөвхөн объектод зориулагдан хийгдсэн үзлэгийн өрөөний шүүгээ, шкаф зэргээр хөдлөх хөрөнгөд нийт 8,350,000 төгрөг, барилгын засварт бараа материалын зардал, тээвэрлэлтийн зардал, ажиллах хүчний зардал зэрэгт 44,199,018 төгрөг, нийт 52,549,018 төгрөгийн хөрөнгө оруулсан.
Мөн засвар хийх явцдаа *******-тай зээлийн гэрээ байгуулж, үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор тоног төхөөрөмж, тавилга зэргийг худалдан авсан. Үүний зээлийн хүүг төлж хохирсоор байна.
1.5.Хариуцагч нь гэрээнээс татгалзаагүй бол нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулан ажил үйлчилгээгээр орлого олж, гаргасан зардал, алдагдлаа нөхөх боломжтой байсан. Гэтэл хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнээс татгалзаж хөрөнгө оруулалтын зардлыг өнөөдрийг хүртэл олгоогүйн улмаас нэхэмжлэгч нь хохирсоор байгаагаас гадна гэрээнээс татгалзсантай холбоотойгоор эмнэлгийн тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн зардал 280,000 төгрөг, зээл хүү нийт 2,702,745 төгрөгийн хохирол учраад байна.
Иймд хариуцагчаас хөрөнгө оруулалтын зардал 52,549,018 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 2,702,745 төгрөг, нийт 55,251,763 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Талууд 2023 оны 8 дугаар сард аман байдлаар хамтран ажиллахаар тохиролцсон. Уг тохиролцоогоор: ******* үйл ажиллагаа явуулах ажлын байр болох үйлчилгээний талбайг гаргах, ******* нь тухайн барилгад явуулах шүдний эмнэлэг буюу клиникийн үйл ажиллагааны стандартад нийцсэн барилгын засвар үйлчилгээг хийж, шинэ тоног төхөөрөмжөөр ханган, шүдний эмнэлэг зөвшөөрлийг гаргаж шүдний эмнэлгийг үйл ажиллагаа явагдаж эхлэхэд олсон ашгийг ******* нь 60 хувь, ******* нь 40 хувийг хуваан авахаар харилцан тохиролцсон. ******* засварыг 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр бүрэн дуусгаж үйл ажиллагаа явуулах боломжтой болгох үүрэг хүлээсэн. Эмнэлгийн дотор заслыг хийхээр тохирсон бөгөөд тохижилт тавилгын асуудлыг огт тохиролцоогүй.
2.2.******* тохирсон хугацаандаа үүргээ биелүүлж засварын ажлыг дуусгавар болгоогүй, бүх засварын ажил эвдрэл, гэмтэл, цууралттай, тэгш хэмгүй байсан. Харилцан тохиролцсоноос өөр тохижилт болон эвдрэл гэмтэлтэй тавилга бусад зүйлсийг үйл ажиллагаа явуулах ажлын байранд авчирсан. Улмаар хийсэн засвар нь Клиникийн барилга байгууламж, орчны эрүүл ахуйн шаардлагын Клиникийн бүтэц, үйл ажиллагаа MNS 6673:2017 стандарт, Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6392:2013 стандартад нийцээгүй тул 2024 оны 9 дүгээр сарын эхээр нэхэмжлэгчид шаардлага тавьснаар маргаан үүссэн.
2.3.Мөн нэхэмжлэгч анхны хэлцлээсээ буцаж байнга гэрт ирж гэрчилгээнд өөрийн нэрийг нэг хоног бичүүлчих, засвар дуусахаар хувиа 50 хувь болгосоор байна гэх мэтчилэн шахаж шаарддаг байсан. Тохиролцсон хугацаанд үйл ажиллагаа явагдаж эхлээгүй, *******ийг хууран мэхэлж үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж ашиг орлого олох боломжийг хаан боогдуулсан зэрэг шалтгааны улмаас хамтран ажиллахад боломжгүй болж гэрээ дуусгавар болгох саналыг хүргүүлсэн.
2.4.******* 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ******* мэдэгдэлгүй үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон талбайгаас тоног төхөөрөмжүүдээ аваад явсан. ******* нь тухайн асуудлыг мэдээд 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бусад зүйлсээ хүлээн авч, тооцоо нийлсэн акт үйлдэнэ үү гэх мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч ирүүлээгүй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205.4.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* холбогдох 55,251,763 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434,209 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний хураамж буюу шүдний эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай барилгын дотор заслын ажлыг доголдолгүй гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээг цуцлагдсан байх тул хамтран ажиллах гэрээний төлбөрийг шаардах эрхгүй байна гэж дүгнэхдээ нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөвөөр үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
4.2.Эмнэлгийн үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон хариуцагч *******ийн өмчлөлийн үйлчилгээний талбайд стандартад нийцээгүй заслын ажлыг хариуцагч хийж, ажлын доголдлыг арилгах шаардлагыг хүлээн авахаас татгалзсан үйл баримтад нэхэмжлэгч буруутай буюу хамтран ажиллах гэрээний хураамж төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр маргаан бүхий харилцааг буруу тодорхойлсон.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчээс хамтран ажиллах тохиролцооны дагуу заслын ажилд шаардагдах хөрөнгө болон тавилга тоног төхөөрөмж гаргах үүргээ биелүүлж, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болоход хариуцагч нь анх тохиролцсон ашиг хуваарилах тохиролцоогоо өөрчилж 60/40 болгоё гэдэг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ илэрхийлж шаардлага гаргаснаар цаашид хамтран ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хариуцагчийн буруугаас гэрээ цуцлагдсан.
Гэтэл шүүхээс нэхэмжлэгч стандартын шаардлага хангасан заслын ажлыг гүйцэтгүүлэх үүрэгтэй байсан мэтээр тайлбарлаж, үүнийг заслын ажлын чанар, стандартын шаардлагыг хамтран ажиллах гэрээний үүрэгт хамруулан дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
4.3.Хариуцагч нь маргаан бүхий объектод заслын ажил хийгдэх хугацаанд байнгын харж, танилцан хамтын хяналт тавьсны дээр гүйцэтгэгдсэн болох нь үзлэгийн тэмдэглэл, объектод оршин сууж, байнгын орж гарч байсан тухай мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогддог. Шүүхээс энэхүү үйл баримтыг буруу дүгнэж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.
4.4.Түүнчлэн шинжээч нь шүүх хуралдаанд шүүхээс ирүүлсэн 1, 2 дугаар асуулт нь дүгнэлтийг гаргах чиг үүрэг болон тусгай мэргэшлийн зэрэгт хамаарахгүй байсан, шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоох тоног төхөөрөмжгүй тул шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргаагүй гэж гаргасан дүгнэлтээ үгүйсгэсэн. Энэхүү үгүйсгэсэн нөхцөл байдал нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8 дахь хэсэг, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дэх хэсгийн шинжилгээнд зайлшгүй баримтлах зарчмыг зөрчиж гарсан болох нь тогтоогдсон. Гэтэл шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хуульд заасан үндэслэлийг журмыг зөрчиж гаргасан шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шийдвэр хууль ёсны байх шаардлага хангадаггүй.
4.5.Мөн хариуцагч ашгийн хувийг өөрчлөх шаардлага гарсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй нөхцөл байдлын улмаас гэрээ цуцлагдаж, гэрээгээр оруулсан хөрөнгө оруулалтын төлбөр хэмжээг хэрхэн тооцох вэ гэдэг асуудалд маргаан үүссэн болохыг анхаарч үзээгүй. Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор хариуцагч хамгийн доод чамд 40.000.000 сая төгрөг өгнө, ... зөвшөөрөхгүй бол шүүхдээд аваарай гэх чат мессенжерээс нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгийн хэмжээ 50,000,000 төгрөг үү эсвэл 40,000,000 төгрөг үү гэдэг асуудал байхад маргааны зүйлийг буруу тодорхойлж, ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд орж чанар стандартын шаардлагыг хангуулах үүрэг хүлээсэн мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч эмнэлгийн стандартад нийцсэн тохижилт, үйлчилгээ, тоног төхөөрөмж, тусгай зөвшөөрлийг гаргах, хариуцагч нь ажлын байрыг гаргах талаар хүсэл зоригоо илэрхийлж, амаар гэрээ байгуулсан үйл баримтад талуудын хэн алин нь маргадаггүй. Иргэний хуульд заасны дагуу хамтран ажиллах гэрээний хураамж, хувь хэмжээг заавал мөнгөн хэлбэрээр бус ажил үйлчилгээ, эд хөрөнгөөр тодорхойлж болно. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан.
5.2.Нэхэмжлэгч нь засвар үйлчилгээг мэргэжлийн түвшинд зориулалтын дагуу хийж чадаагүйн учраас хамтран ажиллах боломжгүй болсон. Хамтран ажиллах боломжгүй учраас өөрийн хийсэн ажлын зардлыг төлүүлье гэдэг байдлаар хандаж байна. Хамтран ажиллах гэрээ дуусгавар болж байгаа тохиолдолд ямар үүрэг биелээгүй үлдэж байгаа, ямар хуваарь байгаа талаар тооцсоны дараа хөрөнгөө хуваарилах ёстой. ******* байр гаргасан, байраа аваад үлдсэн гэдэг агуулгаар хандаж болохгүй. Нэхэмжлэгч анхнаасаа ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой байсан. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн.
5.3.Хохирол нэхэмжлэхийн тулд үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгэсэн байх ёстой. Шүдний эмнэлэг буюу эмнэлгийн байгууламж нь холбогдох чанар стандартын шаардлага хангаж буй эсэх талаар тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагын хүмүүс ирээд шалгасан. Шаардлага хангаагүй гэсэн учраас талуудын хамтын ажиллагаа дуусгавар болсон. Аль аль тал хохирлын асуудал ярихаар нэхэмжлэгч нь энэ бүх засварын ажлыг зээл авч хийсэн гэдэг асуудал ярьдаг.
5.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Нэхэмжлэгч тал хийж гүйцэтгэсэн ажил нь доголдолгүй гэдгийг өөрсдөө нотлох боломжтой. Гэтэл хавтаст хэрэгт илд, далд ажлын акт, зураг төсөл, ажлын төсөв гэх мэт анхан шатны баримт авагдаагүй. Шинжээчийн зүгээс энэ баримтыг үзүүлэхгүйгээр дүгнэлт хийх боломжгүй гэж тайлбарласан. Шинжээч хууль зөрчсөн зүйл байхгүй. Энэ нь уг маргаанд гол ач холбогдол бүхий зүйл биш. Объектод стандартын шаардлага хангахгүй засвар хийчхээд би мөнгөө авна гэж болохгүй.
Иймд анхан шатны шүүхээс хууль хэрэглээний хувьд аль аль тал нь үүргээ биелүүлэх ёстой, үүргээ биелүүлж чадаагүй бол хохирол нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 55,251,763 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3.Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
4.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Талууд хамтран ажиллахаар тохиролцож, хураамжид хариуцагчаас дотор засал хийгдээгүй ажлын байрыг гаргах, нэхэмжлэгчээс үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүд, тавилга болон ажлын байранд засвар үйлчилгээ хийх замаар хураамжийг төлөхөөр, ашиг алдагдлаа 50, 50 хувиар хуваахаар тохиролцсон боловч засварын ажил дуусахад ашиг алдагдал хуваах хэмжээнд маргаж улмаар хариуцагч гэрээнээс татгалзсан тул үйлчилгээний талбайд хийсэн засварын зардал 44,199,018 төгрөг, салгаж болохгүй суурилуулсан хөрөнгийн зардал 8,350,000 төгрөг, учирсан хохирол 2,702,745 төгрөг нийт 55,251,763 төгрөгийг гаргуулна гэж,
Харин хариуцагчаас татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн засварын ажил эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад тавигдах холбогдох стандарт, шаардлагыг хангаагүй нь тогтоогдсон, уг доголдлыг арилгаагүй, мөн анх 60, 40 хувиар тохиролцсон байсан ч нэхэмжлэгч хувь хэмжээг өөрчилнө гэх зэргээс үүдэн хамтран ажиллах боломжгүй болж, гэрээ цуцалсан гэж тус тус тайлбарлаж, талууд мэтгэлцжээ.
5.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, талууд үйл ажиллагаа явуулахаар тохирсон үйлчилгээний талбайд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын чанар, өртөгт маргаж улмаар шүүх хариуцагч талын хүсэлтээр шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШЗ2025/19416 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын чанар болоод өртгийг тодорхойлуулахаар Эрдэм түм ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулжээ. /2хх 181-182, 184-185/
5.1.Шинжээч шүүгчийн захирамжид заасан шаардлага хангасан эсэх талаарх асуултад хариулахдаа үйлчилгээний талбайд гүйцэтгэсэн ажил ... стандарт, шаардлага хангахгүй гэж дүгнэхдээ ямар учраас ийнхүү дүгнэх болсон үндэслэлээ дүгнэлтэд огт тусгаагүй байгаа нь шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой хийх, дүгнэлтэд шинжээчид тавьсан асуулт тус бүрд өгсөн хариулт, түүний үндэслэлийг тусгах талаарх Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.8, 18 дугаар зүйлийн 18.1.9 дэх хэсгийн шаардлага хангагдаагүй, улмаар тухайн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, бүрэн бус болжээ.
Шинжээчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа анхнаасаа заслын ажил хийхдээ зураггүй, инженерийн хяналтгүй гүйцэтгэгдсэн, шаардлага хангасан техникийн бичиг баримтгүй гэрээ хэлцэл, гүйцэтгэлийн баримт байхгүй, шалгаж тогтоох боломжгүй байсан тул шаардлага хангаагүй гэж үзсэн гэж мэдүүлсэн байх боловч мөн л барилгын дотор заслын ажил хийж гүйцэтгэхэд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ямар стандарт шаардлагаар дээрх шаардлагуудыг тавьдаг болох, түүнийг маргааны энэ тохиолдолд зохигч хэрхэн зөрчсөн болох зэргээр дүгнэлтийнхээ үндэслэлийг бүрэн тодорхой тайлбарлаагүй байна.
5.2.Түүнчлэн шүүхээс нэхэмжлэгчийн хийсэн дотор заслын ажлын өртгийг тодорхойлуулахаар асуусан асуултад нийт үнэлгээг тодорхойлох боломжгүй гэж хариулахдаа ажлын тоо хэмжээ, нэр төрөл, төсөвт өртгийн шифрлэгдсэн ажлын үндэслэлээр гүйцэтгэлийн өртгийн тооцоог гаргадаг. Ийм шаардлага хангасан ажил байхгүй гэж тусгажээ. Гэтэл шинжээч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа надаас асуусан бол зах зээлийн аргаар өнөөдрийн бодит зардлыг бодоод гаргаж болно гэж хариулснаас үзэхэд дээрх асуултад хариулт өгөөгүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэлийг шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримт тогтоогдоогүй буюу томилогдсон шинжээч шүүхийн тавьсан зарим асуултад хариулаагүй, зарим асуултад бүрэн бус эргэлзээтэй хариу өгсөн байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан ... шинжилгээ хийлгэх ... тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх ... ажиллагааг бүрэн хийсэн, шүүгчийн захирамжийн биелэлт хангагдсан гэж үзэх үндэслэлгүй.
5.3.Үүнээс гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШЗ2025/31010 дугаар захирамжаар шинжээчийн дүгнэлтийн зарим хэсэг үндэслэлгүй, эргэлзээтэй эсэх нь тогтоогдоогүй гэж дүгнэн хүсэлтийг хангахгүй орхисон нь буруу болжээ.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.-т шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийнэ гэж заасан. Тиймээс шүүх дээрх байдлаар зохигчийн хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзнэ.
6.Дээрх үндэслэлээр маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхад давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул нотлох баримтын үнэлгээний талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/10510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 434,209 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
О.ОДГЭРЭЛ