Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00335

 

Ш.Хы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 539 дүгээр шийдвэр,

    Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 212/МА2017/00124 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ш.Х

          Хариуцагч: С.Гад холбогдох

          4.840.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагч С.Гын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Гад 2015-08-22-ны өдөр 4.840.000 төгрөгийг зээлүүлсэн. Мөнгийг бид хоёр хамт банканд очиж, 2015-08- 22-ны өдөр иргэн А.Достыхбекийн Хаан банкин дахь хувийн дансанд бэлэн бусаар шилжүүлсэн. Миний бие А.Достыхбекээс 4.840.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч шүүх “тухайн мөнгийг А.Достыхбек биш С.Г хариуцах ёстой” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул С.Гаас 4.840.000 төгрөг гаргуулан надад олгож өгнө үү гэжээ.

       Хариуцагч  хариу тайлбарт: “Нөхөд” ХХК-ийн захирал А.Достыхбек хүүтэй зээл өгөх хүн байвал 5 сая  төгрөг зээлнэ гэхэд нь би Ш.Хаас 5сая төгрөгийг 2 сарын хүүг урьдчилан төлөөд “Асылжан” ХХК-ийн данснаас А.Достыхбекийн дансанд шилжүүлсэн. Ш.Х сургуулийн дотуур байрны хоол хүнсийг нийлүүлэхээр өөрийн нэр дээрх “Асылжан” ХХК-д 3 жилээр гэрээ хийж ажиллаж байсан бөгөөд 9 дүгээр сард “та миний хоол хүнс бэлтгэх бэлэн мөнгийг хүнд зээлдсэн болохоор аймагт танил хүнсний дэлгүүрээс нэг сарын хоол хүнсийг зээлээр авч өгөөч” гэсэн. Би Астана хүнсний дэлгүүрээс 2 удаа хүнсний бараа авч, мөн аймгийн малын захаас 2 удаа 37 хонийг нядалж гулууз махыг нь зээлээр авчирч хүлээлгэн өгсөн. Ингээд 9, 10 дугаар сард нийт 5.826.700 төгрөгийн хоол хүнсийг жагсаалтын дагуу өгч мөнгийг нь аваагүй. А.Достыхбект өгсөн 5сая төгрөгийг Ш.Х нь өөрөө ав гэсэн учир би 2016 оны 3 дугаар сард өөрийн дансанд шилжүүлж авсан. Дараа нь Ш.Хтай тооцоо хийж 1сая төгрөгийг банкнаас бэлэн гаргаж өгсөн. Нотлох баримтыг тухайн үед гаргаж өгөх болно. Би захирлаар ажиллах үед Ш.Хд албаны ажлын талаар шаардлага тавьж хууль бус ашиг сонирхлын талаар хяналт тавьж ажиллахдаа надад өш хонзон санаж тухайн үед хоол хүнс хүлээлгэн өгөх бичиг баримт үйлдээгүйг далимдуулж нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 539 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан С.Гаас 4.840.000 төгрөг гаргуулан Ш.Хд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Гаас 92.400 төгрөг гаргуулан Ш.Хд олгож шийдвэрлэсэн байна.

       Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 212/МА2017/00124 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 539 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагч С.Г хяналтын гомдолдоо: Хариуцагчийн хувьд өөрийн татгалзлаа хангалттай нотолсоор байхад, миний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэхгүйгээр, зөвхөн нэг талыг баримталж нэхэмжлэгчийн бүх нотлох баримтыг үнэлж, тэнцвэртэй байдлыг хангахгүй орхисон нь шударга ёсны зарчимд нийцэхгүйгээс гадна шат шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн 2016-05- 01-ний өдрийн зарлагын баримт, 2015-09-18-ны өдрийн "Нур-Астана" ХХК-ийн зарлагын баримт, "Нур-Астана" ХХК-ийн тамгатай бичиг, Е.Адилбек, Х.Салтанат нарын тодорхойлолт... зэргийг нотлох баримтаар үнэлээгүйн ойлгомжгүй байна. Учир нь дээрх нотлох баримтууд нь С.Гаас Ш.Хд 5сая төгрөгийн оронд хүнсний барааг хүлээлгэн өгч, Ш.Хаас авсан зээлийг төлсөн болохыг нотлох ач холбогдолтой баримтууд юм. Түүнчлэн, А.Достыхбекийн дансанд “Асылжан" ХХК-иас 5сая төгрөг шилжүүлсэн болохоос биш, Ш Хуанганаас С.Гад 5сая  төгрөг өгсөн гэх ямар ч нотлох баримт байхгүй байх ба Ш.Х, С.Г нарын хооронд гэрээний үүрэг үүсээгүй байхад С.Г Ш.Хаас мөнгө авсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь буруу болжээ. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардах бөгөөд энэ тохиолдолд С.Г, Ш.Х нарын хооронд ямар нэгэн зээлийн гэрээ байгуулагдаагүй болно. Мөн С.Г би хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2017-08-25-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож чадахгүйгээ мэдэгдэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай болон нэмэлт нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангах талаарх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-н 25.1.3-г зөрчсөн. Тухайн үед би жирэмсэн, эмчийн хяналтанд байгаа гэх баримтаа шүүхэд хүргүүлсэн байсан ба манай сум аймгийн төвөөс 120 км зайтай тул машинаар ирэхэд хүндрэлтэй байсныг дурдаж байна. Нөгөөтээгүүр, С.Г би Ш.Хд бараа хүлээлгэж өгсөн тухай баримтаа тухайн үед гаргаж өгөх боломжтой байхад, шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлэн явуулсан нь буруу юм. Уг маргааны үйл баримтыг зан заншлын хэмжээнд авч үзвэл, бодит байдал дээр С.Г би Ш.Хд 5сая төгрөгийн бараа өгсөн нь тогтоогдож байгаа болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна. Иймд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг  хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолд өгсөн хариу тайлбартаа: Ш.Хы нэхэмжлэлтэй С.Гад холбогдох иргэний хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу хэрэглээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Ш.Х нь С.Гын хувийн гуйлтаар иргэн А.Досымбекийн Хаан банкин дахь хувийн дансанд 5сая төгрөг шилжүүлсэн нь нотлогдсон ба уг мөнгийг А.Досымбек нь С.Гад буцаан шилжүүлсэн байна. Харин  С.Г нь Ш.Хаас зээлж авсан 5сая төгрөгт мах болон бусад бараа өгсөн гэж байгаа боловч түүнийг нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч С.Гын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

       Ш.Х 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, С.Гаас үндсэн зээл 4.840.000 төгрөг шаардсан байна.  

        Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх  хэвээр үлдээжээ.

       Хариуцагч тус шүүхэд  гомдол гаргахдаа “... шүүх 2016-05-01 болон 2015-09-18-ны өдрийн зарлагын баримт, "Нур-Астана" ХХК-ийн тамгатай бичиг, Е.Адилбек, Х.Салтанат нарын тодорхойлолт... зэргийг үнэлээгүй... Ш Хуанганаас С.Гад мөнгө өгсөн баримт байхгүй... зээлийн гэрээ байгуулагдаагүй... С.Г 5 сая төгрөгийн бараа өгсөн нь тогтоогдож байгаа...шүүх хуралд оролцуулаагүй шийдвэр гаргасан...” гэж  гомдсон байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй...” гэж, 38 дугаар зүйлийн 38.6-д “...хэргийг хянан шийдвэрлэхэд ...үзлэг... гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ...” гэж., 116 дугаар зүйлийн 116.3-т “...шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана...” гэж тус тус заасан байна.

      Зохигчид нэхэмжлэл болон татгалзлаа нотолж Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-12-15-ны өдрийн 778 /хх 3-8/ болон 2017-03-16-ны өдрийн 176 дугаар /хх 29-31/ шийдвэр, мөн аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-03-30-ны өдрийн 212/МА2017/00034 дугаар магадлал /хх 9-12/., Хаан банкны 2015-08-21-ний өдрийн “мөнгөн шилжүүлэг”-н  хуулбар /хх 13/., 2016 оны  шүүхэд С.Г /хх 32/, А.Достыхбек /хх 35/, Ш.Х /хх 36/ нараас гаргасан тайлбар .,Хас банкны 2016-03-14-ны өдрийн төлбөрийн баримтын хуулбар /хх 34/., шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх 37-39/, Нур Астана ХХК гэсэн тэмдэг дарсан “баримт” гэсэн бичиг /хх 73/, 2015-09-18-ны өдрийн огноотой зарлагын баримт /хх 74/ Е.Адилбек /хх 75-76/, Х.Салтанат /хх 76-77/ нарын тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн, өөр баримт хэрэгт байхгүй, эдгээрийг шүүх хэлэлцэж шийдвэр гаргасан тул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын талаар уг баримтуудын хэмжээнд дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 161 дүгээр зүйлийн 161.4, 176 дугаар зүйлийн 176.2-т нийцэх юм.

       2. Ш.Х нь С.Гад мөнгө зээлүүлэхээр тохирсон, уг тохиролцооны дагуу 4.840.000 төгрөгийг хариуцагчийн заасан этгээдэд шилжүүлсэн нь тогтоогдсон байх бөгөөд С.Г 4.840.000 төгрөгийг Ш.Хд буцааж төлсөн баримт хэрэгт байхгүй байна.

   Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

         Ш.Х зээлийн гэрээний дагуу  С.Гын  заасан  этгээдэд 4.840.000 төгрөг шилжүүлсэн тул зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Нэхэмжлэгч гэрээнд заасан үүрээ биелүүлсэн тул үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй,  хоёр шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 211, 281 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд шүүх хариуцагчаас 4.840.000 төгрөг гаргуулж Ш.Хд олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

        3. Хоёр шатны шүүх 2015-09-18-ны өдрийн огноотой зарлагын баримт /хх 74/ Нур астана ХХК болон Е.Адилбек, Х.Салтанат нарын тодорхойлолтыг /хх 73-78/ нотлох баримтын хэмжээнд үнэлж, энэ талаар шийдвэр болон магадлалд дүгнэлт хийсэн байх тул “...хэрэгт буй баримтыг шүүх үнэлээгүй...” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

       Түүнчлэн, гомдолд нэрлэн заасан эдгээр баримтаар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна. Хэргийн 73-78 талд буй, дээр дурдсан баримтууд нь хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой нөхцөл байдалд хамааралтай байх тул уг баримтаар иргэд хоорондын зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг тогтоогдсон гэж үзэх боломжгүй юм.

        4. Хариуцагчийн өмгөөлөгч 2017-10-05-ны өдөр давж заалдах гомдол гаргасныг шүүх хүлээн авсан, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг хариуцагч тал гаргаагүй /хх 98/ хэдий ч шүүх хуралдаан 2017-10-27-ны өдөр болохыг давж заалдах шатны шүүх зохигчдод 2017-10-19-ний өдөр мэдэгдсэн /хх 102/ байна.

        Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76, 77, 165 дугаар зүйлийг зөрчөөгүй байх тул хариуцагчийн гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.    

        Хоёр шатны шүүх Ш.Хы нэхэмжлэлтэй С.Гад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баян-өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 539 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 212/МА2017/00124 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй  орхисугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 92.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ