| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 2403000000351 |
| Дугаар | 2025/ХШТ/06 |
| Огноо | 2025-01-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2025/ХШТ/06
Г.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Г.Б-, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн, иргэний хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б- нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 572 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1126 дугаар магадлалтай, Г.Б-т холбогдох 2403000000351 дугаартай хэргийг иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б- гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ял шийтгэлгүй, Б.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасаж, 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож,
шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
шүүгдэгч Г.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Г.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хассан нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан үеэс тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б-аас 3,120,000 төгрөгийг, иргэний хариуцагч “Т” ХХК-аас 4,290,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Т.Ч-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч “Т” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б- давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Т” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б- гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ажилтан Г.Б- компанийн автомашиныг жолоодон ухрах үйлдэл хийж байхдаа хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан харамсалтай хэрэг гарсан. Энэхүү хэрэгтэй холбоотой хоёр шатны шүүх хуралдаан явагдаж Г.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна иргэний хариуцагчид хамаарах хэсэг буюу сэтгэл санааны хохирлын тал хэсэг 4,290,000 төгрөгийг гаргах шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийн агуулга үндэслэл нь Иргэний хуульд заасан гэм хор гаргуулах хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна гэж гомдол гаргаж байгаа. Учир нь шүүхээс бол Иргэний хуулийн 498, 499, 511 дүгээр зүйлийг тус тус үндэслэж “Т” ХХК-иас 4,290,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байдаг. Энэхүү гурван үндэслэл нь өөр, өөр урьдчилсан нөхцөлтэй, агуулгатай байгаа. Манай өнөөдрийн хэлэлцэж буй хэргийн сэтгэл санааны хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасан нарийвчилсан зохицуулалтыг сонгон хэрэглэх нь зүйтэй байсан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс аль хууль зүйн зохицуулалтыг сонгон авч хэрэглэхийг тогтоохгүйгээр мөн ямар нэгэн байдлаар үүнтэй холбоотой тайлбар хийхгүйгээр дээрх хуулийн гурван зохицуулалтыг үндэслээд ажил олгогчоос гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хор хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар зохицуулсан. Энэ тохиолдолд “Т” ХХК нь гэм буруутай этгээд болчхоод байгаа юм. Өөрөөр хэлбэл 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасан субъектийн шаардлага хангахгүй байгаа юм. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн хувьд зөвхөн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлэж байгаа. Гэтэл бидний өнөөдрийн хэргийн авч үзэж байгаа хохирол, хор уршиг нь зөвхөн сэтгэцийн гэм хортой холбоотой асуудал учир энэ заалтыг хэрэглэх ёсгүй байсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэсэн заалт байх боловч үүнийг шүүхээс ямар нэгэн байдлаар авч үзээгүй. Манай автомашин маань явах эд ангийн болон эргэн тойрноо харахгүй байх техникийн гэмтэл байхгүй. Ухрах камер, хоёр талын толь бүрэн ажиллагаатай байхад жолоодох үйлдэл хийж байхдаа мөргөсөн энэ үйлдэл нь ажилтны илт болгоомжгүй үйлдлээс болсон гэж үзэж байгаа. Энэ тохиолдолд ажил олгогчоос сэтгэл санааны хохирол гаргуулах нь үндэслэлгүй гэж үзэж байгаа” гэв.
Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн хэлсэн саналдаа “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны магадлалыг дэмжиж оролцож байгаа. Иргэний хариуцагчийн гаргаж байгаа үндэслэлээ Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт гэм буруутай этгээдээс сэтгэл санааны хохирлыг гаргуулна гэдгийг тодотгон гомдолдоо тусгаад байдаг. Гэтэл шүүгдэгч Г.Б-ын хувьд “Т” ХХК-тай ажилтан болон ажил олгогчийн харилцаа үүсгэсэн байсан. Энэ гэмт хэрэг гарсан нөхцөл байдал нь “Т” ХХК-ний орох хашааны хаалганы дэргэд болсон үйл явдал. Шүүгдэгч Г.Б- нь ажил олгогчийн хашаа руу орохгүй, эндээ байж бай, эргээд гарна шүү гэх зааврын дагуу ажлаа хийгээд явж байсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан ажил олгогчийн тээврийн хэрэгслийг барьж байх үедээ хохирогчид болгоомжгүйгээр хохирол учруулсан. Энэхүү нөхцөл байдлыг харгалзаж үзэхгүйгээр сэтгэцэд учирсан хохирлын асуудлыг эдийн бус гэдгээр нь эдийн бус гэм хорын асуудлыг арилгах зохицуулалтыг барин ажил олгогч хариуцлага хүлээхгүй ажилтан дангаар хүлээнэ гэх гомдлыг гаргаад байгаад шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд санал нийлэхгүй байгаа. Иймд анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг тус тус хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Б- хэлсэн саналдаа “... миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрч дэмжин оролцож байгаа” гэв.
Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Г.Б-т холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд тулгуурлан шүүгдэгчийн үйлдлийг "авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Т.Ч-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан хэмээн дүгнэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хяналтын шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагчаас хохирогчид төлөх сэтгэцийн хохирлыг барагдуулах үндэслэлгүй гэж гомдол гаргадаг. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэц, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан нь эдийн болон эдийн бус хохирол аль аль нь хамаарах юм. Үүний дагуу шүүхээс мөн хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас эдийн бус гэм хорыг арилгуулахаар шийдвэрлэжээ. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “энэ хуулийн 230.2-т зааснаар сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасан байна. Гэтэл энэ хэргийн шүүгдэгч Г.Б- нь “Т” ХХК-д жолоочоор ажилладаг бөгөөд хэрэг гарах үед ажил үүргээ гүйцэтгэж явсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Тэгэхээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, мөн хуулийн 449 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг аж ахуй нэгж хариуцна гэж заасны дагуу иргэний хариуцагчаас хохирогчид учирсан сэтгэцийн хохирлыг бүрэн гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ тохиолдолд тухай иргэний хариуцагч нь өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрх нь нээлттэй байх тул тухайн байгууллагын эрхийн асуудал юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт иргэний хариуцагчаас хохирогчид учирсан сэтгэцийн хохирлыг бүрэн гаргуулах өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой хэмээн Г.Б-т холбогдох хэргийг иргэний хариуцагчийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Жолооч Г.Б-ыг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн үед … дугаартай “Т” загварын тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч Т.Ч-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл баримтын болон хууль хэрэглээний дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй, эсхүл сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршигт тохирсон гэж үзнэ.
Харин анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх зорилтын хүрээнд 2023 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн эдийн бус гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн шинэ зохицуулалтыг хэрэглэж хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний хэд хэдэн алдаа гаргасан байна.
Иргэний хуульд шинээр нэмж оруулсан энэхүү зохицуулалт нь иргэний эрх зүйн суурь ойлголтод тулгуурласан харилцаанд үндэслэсэн учир эдийн болон эдийн бус хохирол хүлээсэн этгээд өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эсэх нь тухайн хүний сонголтын асуудал болно.
Хохирогч Т.Ч нь сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр нэхэмжлэхгүй гэж /ХХ 24 хуудас/ мэдүүлсээр байтал мөрдөгч нь сайн дураар, өөрийн үзэмжээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож, шүүх нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Энэ нь “... шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн эрүүгийн эрх зүйн нотлох ажиллагааны зарчим, нотолгооны стандарттай зөрчилдөхөөс гадна мөрдөгч бус харин шинжилгээний байгууллагын мэргэшсэн шинжээч хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохоор Шүүх шинжилгээний тухай 2022 оны хуульд заасныг зөрчсөн байна.
Үүнээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол”, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг”-т тооцно гэж хуульчлан тогтоосон бөгөөд иргэний хариуцагч гэдэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус “хохирол”-ыг хууль ёсоор хариуцахаар татагдсан хүн, хуулийн этгээдийг ойлгодог болно.
Иймд хохирогч нэхэмжлээгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй буюу нотлох баримтын шаардлага хангаагүй, гэмт хэргийн хохирол бус мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн “хор уршиг”-ийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, шүүхийн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 572 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч “Т” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Б.ЦОГТ