Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 686

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийж, иргэн Б.А ын нэхэмжлэлтэй “Хан-Уул дүүргийн 11-р хороо, М т /17025/ Ар Зайсангийн гудамж, .. тоот байрны 117,49 м.кв талбайтай орон сууц болон ГГ-.. тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр бүртгээгүй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,  дээрх орон сууц болон автомашины зогсоолыг Б.А ын өмчөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, гуравдагч этгээд “У х банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ганзориг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б.А  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.А  нь 2014 оны 04-р сарын 12-ны өдөр 1В/92 дугаар бүхий Захиалгын гэрээ байгуулан “М” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн аманд баригдсан Могултаун хотхоны 1А байр (хуучин хаяг)-ны ... тоот 117,49 м.кв талбайтай орон сууцыг, ГГ..-.. тоот автомашины зогсоолын хамт 192,235,000 (Нэг зуун ерөн хоёр сая хоён зуун гучин таван мянга) төгрөгөөр худалдан авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

Тус байрыг худалдан авснаас хойшхи хугацаанд өөрийн өмчлөлийн хөрөнгөө Улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхээ баталгаажуулахаар “М” ХХК-д удаа дараа шаардсан бөгөөд тодорхой хугацааны дараа Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарна гэсэн боловч хэрэгжээгүй болно.

Улмаар тус байрыг Захиалгын гэрээний үндсэн дээр худалдан авсан нэр бүхий иргэд Иргэний шүүхэд хандсанаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01-р сарын 22-ны өдрийн 102/ШШ/2016/00821 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04-р сарын 01-ний өдрийн 637 тоот магадлал, Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05-р сарын 31-ний өдрийн 001/ХТ2016/00621 дүгээр тогтоолоор дээр дурдсан орон сууц (Хан-Уул дүүргийн 11-р хороо, Могултаун (17025) Ар Зайсангийн гудамж, .. тоот байрны ... тоот 117,49 м.кв талбайтай орон сууцыг, ГГ..-.. тоот автомашины зогсоолын хамт) иргэн Б.А ын өмч болохыг тогтоосон.

Миний бие өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бүхий л бичиг баримтыг бүрдүүлэн Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандсан боловч:

- Уг барилга бүхэлдээ “М” ХХК-ийн дутуу баригдсан барилгын гэрчилгээтэй

- У х банкинд барьцаалагдсан

- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжлэлтэй

- Албадан дуудлагын худалдааны тогтоолтой гэсэн үндэслэлээр Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзан хүсэлтийг буцаасан.

Эдгээр үндэслэлүүд нь миний өмчлөх эрх, эд хөрөнгөө бүртгүүлэх эрхтэй огт хамааралгүй бөгөөд миний бие уг орон сууцтай холбоотойгоор хууль, гэрээ, шүүхээр тогтоосон ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул өмчлөх эрхийг бүртгэн, Улсын бүртгэлийн гэрчилгээ олгож өгөхийг хүссэн өргөдлийг 2017.03.13-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 2017.05.19-ний өдрийн 1/4190 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр:

“Тухайн баригдаж дуусаагүй барилгын захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Албадан дуудлагын худалдааны тогтоол тус тус бүртгэлтэй байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж заасан тул танай гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна.” гэжээ

Нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Могултаун (17025) Ар Зайсангийн гудамж, .. тоот байрны ... тоот 117,49 м.кв талбайтай орон сууцыг, ГГ..-.. тоот автомашины зогсоолын хамт Б.А  миний бие өмчлөгч болохыг эцэслэн тогтоосон “Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05-р сарын 31-ний өдрийн 001/ХТ2016/00621 дугаар Тогтоол” хүчинтэй байгаа болно.

Иймд иргэн Б.А  миний биеийг Хан-Уул дүүргийн 11-р хороо, Могултаун (17025) Ар Зайсангийн гудамж, .. тоот байрны ... тоот 117,49 м.кв талбайтай орон сууцыг, ГГ..-.. тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоосон Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны Тогтоол байхад улсын бүртгэлд шинээр эд хөрөнгийн өмчлөх эрх үүссэнийг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг гэрчилгээ олгохоос татгалзсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хууль бус эс үйлдлийг тогтоож, энд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгөх шийдвэр гаргаж өгөхийг хүсье.” гэжээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могултаун /17025/, Ар Зайсангийн гудамж ... дугаартай , 3564 м.кв талбайтай, 30% гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилгыг 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “М” ХХК /50873../-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-*******.. дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 0001510.. тоот гэрчилгээ; Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могултаун /17025/, Ар Зайсангийн гудамж Г/.. дугаартай, 2717 м.кв талбайтай, 95% гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилгыг 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “М” ХХК /50873../-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-*******.. дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 0001510.. тоот гэрчилгээ тус тус олгосон байна. “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.4, 13.5.5, 13.5.6, 13.5.7, 13.5.8-д заасан нотлох баримтыг “М” ХХК мэдүүлэгт хавсаргаж өгснийг үндэслэн бүртгэсэн байна.

“М” ХХК нь 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр У х банктай ЗГ0001/110727 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбогдон эрхийн улсын бүртгэлийн Ү-*******.. дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могултаун /17025/, Ар Зайсангийн гудамж .. дугаартай, 3564 м.кв талбайтай, 30% гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******.. дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могултаун /17025/, Ар Зайсангийн гудамж Г/.. дугаартай, 2717 м.кв талбайтай, 95% гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилгыг тус тус барьцаалж, 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ЗБГ0001/110727 тоот барьцааны гэрээг байгуулсан бөгөөд уг барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэлтэй, хүчин төгөлдөр байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 тоот албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдтйн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 7/165 тоот тогтоолыг ирүүлснийг үндэслэн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн байна.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар Зайсан гудамжны Могултаун хотхоны .. дугаар байрны ... тоот орон сууц, ГГ..-.. тоот авто зогсоолыг иргэн Б.А  нь өөрийн өмчлөлдөө бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бөгөөд мэдүүлгийг дараах үндэслэлүүдээр хүлээн авахаас татгалзаж буцаасан байна.

1. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могултаун /17025/, Ар Зайсангийн гудамж .. дугаартай, 3564 м.кв талбайтай, 30% гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилгыг 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “М” ХХК /50873../-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-*******.. дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 0001510.. тоот гэрчилгээ олгосон; Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могултаун /17025/, Ар Зайсангийн гудамж Г/.. дугаартай, 2717 м.кв талбайтай, 95% гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилгыг 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “М” ХХК /50873../-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-*******.. дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 0001510.. тоот гэрчилгээ тус тус олгосон бөгөөд уг бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээ нь хүчинтэй байна. Иймд “Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол” мэдүүлэг авахаас татгалзана”, “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно” гэж заасан тул уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг Б.А ын өмчлөлд бүртгэхээс татгалзсан болно.

2. Шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас эрхийн улсын бүртгэлийн Ү-*******.. дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могултаун /17025/, Ар Зайсангийн гудамж .. дугаартай, 3564 м.кв талбайтай, 30% гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилгын, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******.. дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могултаун /17025/, Ар Зайсангийн гудамж Г/.. дугаартай, 2717 м.кв талбайтай, 95% гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилгын захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлж, албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн тул мөн хуулийн 20.3, 20.5-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр, өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна гэж заасан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэргүйгээр уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг Б.А ыг өмчлөлд шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна. “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно”, “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий байгууллага шалгаж байгаа бол” мэдүүлэг хүлээн авахаас татгалзана гэж тус тус заасан.

3. Уг эд хөрөнгүүд нь У х банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байх тул “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу Б.А  нь У х банкнаас тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд өөрлөлт оруулж, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх зөвшөөрлийг аваагүй байх тул “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол” мэдүүлэг хүлээн авахаас татгалзана гэж заасан.

Ийнхүү мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан нь хуульд нийцсэн байна. Иймд иргэн Б.А ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээд У х банк шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.А ын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн аманд баригдсан Могултаун хотхоны 98/1А байрны ... тоот орон сууц болон тус хаягт байрлах ГГ..-.. тоот автозогсоол нь “М” ХХК-иас тус банктай 2011.07.27-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар У х банкинд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөд хамаарч байна.

“М” ХХК-ийн зүгээс У х банкинд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг банкинд огт мэдэгдэлгүйгээр гуравдагч этгээдэд үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах гэрээ байгуулсны улмаас банкны барьцааны эрх зөрчигдөх нөхцөл үүсч байна.

У х банкны зүгээс “М” ХХК-тай Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээг байгуулсан даруйдаа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн бөгөөд түүнээс хойш тухайн үл хөдлөх хөрөнгөнд барьцааны эрх үүссэн. Зээлдэгч “М” ХХК нь Зээлийн гэрээний төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тул У х банкнаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр “М” ХХК-иас 2,055,460,140 төгрөгийг гаргуулан У х банкинд олгон, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 11-р хороо, Могултаун хотхоны 17025, Ар Зайсангийн .. тоот барилга, мөн хаягт байрлах Г.. тоот автомашины зогсоол, Г.. тоот барилга зэргийг албадан худалдаалж үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн. Тодруулбал, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Могултаун хотхоны .. /1А/ дугаар байр, мөн хаягт байрлах Г.. тоот автомашины зогсоол буюу тухайн үл хөдлөх хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгасан.

“М” ХХК-иас өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрээр хүлээсэн “Зээлийн төлбөрийн үлдэгдэл төлбөрийг барагдуулах” үүргээ биелүүлэхгүй банкинд хохирол учруулсаар байгаа тул шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөс хангуулах үндсэн шаардлага бий болсон тул банкны барьцаанд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах ажиллагаа явагдаж байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх...” гэж заасны дагуу маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөнд барьцааны эрх бүртгэгдсэн байх тул барьцаалагч У х банкнаас зөвшөөрөл авах нь зүйн хэрэг юм. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.1-т “Гэрээ хэлцлийн үндсэн дээр эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн, өмчлөгч өөрчлөгдсөнийг улсын бүртгэлд бүртгэхэд дараах шаардлагыг хангана. 5.1.3-т “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 19.2-т заасан иргэд, хуулийн этгээдийн зөвшөөрлийг авсах байх” гэж заасны дагуу У х банкны барьцаанд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулах тохиолдолд банкнаас заавал зөвшөөрөл авах үүрэгтэй тул улсын бүртгэгчийн үйлдэл хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Б.А ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд “М” ХХК нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 18.1.8-д “Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгох” гэж заасныг хариуцагч үндэслэсэн байна.

Гэвч .. дугаар барилга нь бүхэлдээ нэг этгээдийн өмч биш, нийтийн зориулалттай орон сууцны барилга бөгөөд сууц бүрийг өөр өөр этгээд дангаар өмчлөх боломжтой байх тул Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т “Өмчлөгч тус бүр дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болох өөрийн орон сууц /өрөө/ болон бусад талбайг хууль заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэх эрхтэй” гэж зааснаар иргэн Б.А д .. дугаар байрны ... тоот орон сууцыг дангаар өмчлөх эрхээ бүртгүүлэх эрх үүссэн гэж үзэхээр байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 18.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт хөдөлгөөн хийх” гэж заасныг хариуцагч үндэслэсэн байна.

Үүний тухайд У х банкнаас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 2,055,460,140 төгрөгийг манай компаниас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн дагуу Анхан шатны шүүхийн 2014 оны 09-р сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11-р сарын 07-ны өдөр 1046 дугаар Магадлал, Улсын Дээд Шүүхийн 2015 оны 01-р сарын 13-ны өдөр 13 дугаар тогтоолоор “М” ХХК-иас 2,055,460,140 төгрөгийг гаргуулж, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлсийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь үнэн.

Гэвч дээрх шийдвэр, магадлал, тогтоолын биелэлтийг баталгаажуулахаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 05-р сарын 07-ны өдрийн 6408 дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай” захирамжаар манай байгууллагын эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилэхээр захирамжилсан.

Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Д.Д нь манай байгууллагын эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр бус нийт 24,780,825,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг битүүмжилснээр шүүгчийн захирамжийг шууд зөрчсөн үйлдэл болсон. Үүнтэй холбоотойгоор манай компанийн зүгээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан.

Тиймээс нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх үл хөдлөх эд хөрөнгөд иргэн Б.А ын өмчлөлийн орон сууц, авто зогсоол хамаарах эсэх нь тодорхойгүй байхад нотлолгүйгээр 18.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж заасныг үндэслэсэн нь буруу болжээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдэд олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасныг хариуцагч үндэслэсэн байна.

Гэвч У х банкны эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй. Учир нь манай компани дээрх “Зээлийн барьцааны гэрээ”-нд Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэгчийн тодорхойлсноор нийт 24,780,825,000 /хорин дөрвөн тэрбум долоон зуун наян сая найман зуун хорин таван мянга/ төгрөгийн үнэ бүхий долоон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан.

Харин одоогийн байдлаар У х банкинд төлөх үлдэгдэл төлбөр бол дээрх барьцааны үнийн дүнгийн зөвхөн 7.53 хувь буюу 1,867,895,391 /нэг тэрбум найман зуун жаран долоон сая найман зуун ерэн таван мянга гурван зуун ерэн нэг/ төгрөг үлдээд байгаа юм.

Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Барьцааны зүйлийг өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж зааснаар барьцааны шаардлага хэвээр хадгалагдах тул У х банкны эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж үзэж байна.

Мөн Улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт хийж байгаа асуудал биш. Хэрэгт авагдсан нотлох баримтад “М” ХХК нь Могултаун хотхоны .. дугаар байрны өмчлөгч мөн болохыг баталсан гэрчилгээ огт байхгүй. Хэрэв уг барилга 100 хувь манай компанийн өмч болж гэрчилгээ гарсан тохиолдолд дээрх хуулийн заалтыг хэрэглэх боломжтой. Учир нь энэ бол гэрчилгээг өөрчилж буй асуудал юм.

Харин Б.А ын асуудал бол шинээр гэрчилгээ гаргуулах харилцаа юм. Тэгэхээр уг .. дугаар байр одоог хүртэл 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээтэй. Харин үлдэх 70 хувийн шинээр баригдсан барилгаас өөрийн өмчийн гэрчилгээг шинээр авахаар Б.А  мэдүүлэг гаргасан.

Тиймээс шинээр гэрчилгээ авах гэж байхад бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн зохицуулалтыг үндэслэсэн захиргааны байгууллагын акт хууль зөрчсөн гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр иргэн Б.А ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн 11-р хороо, М т /17025/ Ар Зайсангийн гудамж, .. тоот байрны ... тоот 117,49 м.кв талбайтай орон сууц болон ГГ-.. тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр Б.А ыг бүртгээгүй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,  дээрх орон сууц болон автомашины зогсоолыг Б.А ын өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Нэг.Нэхэмжлэгч Б.А  нь “М с” ХХК-тай  2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх” гэрээ   байгуулсан бөгөөд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших “М т” орон сууцны хотхоны .А байрны ... тоот 3 өрөө орон сууцыг автомашины зогсоолын хамт бариулахаар харилцан тохиролцожээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 821 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 637 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 621 дүгээр тогтоолоор Б.А ыг Хан-Уул дүүргийн 11-р хороо, М т /17025/ Ар Зайсангийн гудамж, .. тоот байрны ... тоот 117,49 м.кв талбайтай орон сууц болон ГГ-.. тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоосон байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дараах үйл баримтыг тогтоожээ.Үүнд: 

- “орон сууцнууд болон автозогсоолуудыг захиалагчийн хөрөнгөөр орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсоны дагуу захиалагч буюу нэхэмжлэгч нар орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан”;

- “хариуцагч нь дээрх барилгыг барьж дуусган 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байнгын ашиглалтанд оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн, тухайн орон сууцуудад нэхэмжлэгч нар оршин сууж байх ба хариуцагч “М с” ХХК болон “М т” ХХК нь дээрх нэхэмжлэгч нэр бүхий иргэдтэй хэлцэл байгуулахдаа худалдах гэж байгаа орон сууц нь банкны барьцаанд байгаа буюу эрхийн доголдолтой хэлцэл хийж байгаа нөгөө талдаа мэдэгдээгүй нь иргэдийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр шаардлага гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй” гэж тус тус.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу маргаан бүхий орон сууц болон автомашины зогсоолын хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч мөн эсэх асуудалд шүүхээс дүгнэлт хийхгүй, энэхүү үйл баримтыг шүүх дахин нотлох шаардлагагүй болно.

Нэхэмжлэгч Б.А  нь өөрийн өмчийн орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхээ хэрэгжүүлэх буюу эрхийн улсын бүртгэлт бүртгүүлэхэд саад болж байгаа хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг таслан зогсоохыг шаардах эрхтэй.

Түүнчлэн “У х банк” ХХК-иас “М с” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэр, иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1046 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар тогтоолоор  “М с” ХХК-иас 2,055,460,140 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, харин зээлийн барьцаанд бариулсан орон сууцыг бусдад худалдсан худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

Хоёр. Гуравдагч этгээд “М с” ХХК-ийн бүртгэлийн байгууллагад зохих журмын дагуу гаргасан мэдүүлэг болон холбогдох баримтуудад үндэслэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж 98 хаягаар баригдаж буй  “М т” хотхоны 3564 м.кв талбай бүхий 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг эрхийн улсын Ү-*******.. дугаарт, мөн хотхоны 2717 м.кв талбай бүхий 95 хувийн гүйцэтгэлтэй автозогсоолыг эрхийн улсын бүртгэлийн                            Ү-*******.. дугаарт тус тус  бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээг 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр олгосон байна. Улмаар “М с” ХХК нь  “У х банк” ХХК-тай 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн барьцааны гэрээгээр дээрх дутуу баригдсан барилга болон автомашины зогсоолыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хан-Уул дүүрэг, 11-р хороо, М т, Ар зайсангийн гудамж 98 дугаартай 3564м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй аялал жуулчлалын цогцолборын зориулттай барилга болон 95 хувийн гүйцэтгэлтэй автозогсоолын барилга бүртгэлтэй бөгөөд уг объектууд нь “У х банк” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалагдаж улсын бүртгэлд бүртгэгдсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх дутуу баригдсан барилга болон автозогсоолын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тул Б.А ын өмчлөлд бүртгэх боломжгүй гэж мэтгэлцсэн болно.

Нэхэмжлэгч Б.А  нь “М с” ХХК-тай  2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх” гэрээгээр    хүлээсэн үүргээ биелүүлж, барилгыг барихад хөрөнгө оруулан орон сууцыг захиалан бариулсан, тухайн орон сууцыг хүлээн авч, одоог хүртэл өмчлөн амьдарч байгаа бөгөөд гуравдагч этгээдээр оролцож байгаа “М с” ХХК нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан маргаагүй, харин ч нэхэмжлэлийг дэмжиж, өөрийн эрх, хууль ёсны ашиг зөрчигдсөн гэж үзээгүй болно. 

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Б.А ын хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон үл хөдлөх эд хөрөнгийг “М с” ХХК-ийн зээлийн гэрээний үр дагаварт хамаатуулж, нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг нь авч үзэхгүй байгаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх” зарчим зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй юм. 

Мөн барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулсан тохиолдолд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх...”, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих” гэх хуулийн зохицуулалтыг зөрчиж гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шударга ёсны өмчлөгч болох нь тогтоогдсон нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг зөрчигдөхөөр байна.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд хийсэн мэтгэлцээндээ “өмнө нь бүртгэгдсэн бүртгэл хүчин төгөлдөр байхад дахин бүртгэл хийх боломжгүй” гэх тайлбар нь дараах байдлаар үндэслэлгүй болно.

Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно”,  18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох” гэж заасан боловч маргааны үйл баримттай холбогдуулан дээрх энэхүү хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзлээ. Учир нь 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Ү-*******.., Ү-*******.. дугаар эрхийн улсын бүртгэл ёсоор 30 болон 95 хувийн дутуу гүйцэтгэлтэй обьектуудыг бүртгэж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2015/570 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт” ёсоор дээрх объектуудыг байнгын ашиглалтанд оруулахаар шийдвэрлэсэн байна. 

Иймээс Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т “Өмчлөгч тус бүр дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болох өөрийн сууц /өрөө/ болон бусад талбайг хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх эрхтэй”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн  13.4-т “Үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчилж байгаа өмчлөгч тус бүр өөрт ногдох хэсгээ бүртгүүлэхээр бие даан мэдүүлэг гаргана” гэж заасны дагуу хууль ёсны өмчлөгч мөн болох нь тогтоогдсон өмчлөгч нь өөрийн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй бөгөөд хариуцагч дээрх үндэслэлээр өмчлөх эрхийг бүртгэхгүй байгаа нь хууль бус юм. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх” зарчимд нийцүүлэн  Б.А ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8,  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлийн 13.4, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасныг баримтлан иргэн Б.А ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн 11-р хороо, М т /17025/ Ар Зайсангийн гудамж, 98 дугаар байрны ... тоот 117,49 м.кв талбайтай орон сууц болон ГГ-.. тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр бүртгээгүй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,  дээрх орон сууц болон автомашины зогсоолыг Б.А ын өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ТӨМӨРБАТ