Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 1817

 

 

 

 

 

 

 

 

 

ХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2016/00615 дугаар шийдвэртэй,

 

Хариуцагч ХХХ-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 950 560 төгрөг гаргуулах тухай ХХ-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Хариуцагч ХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 ХХХ нь 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, зээлийн гэрээ байгуулж авсан. Хариуцагч нь 3 000 000 төгрөгийг 60 хоногийн хугацаанд хүүгийн хамт өдөрт 58 000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон боловч 3 хоногоор тооцон өгч байсан. Энэ нь 174 000 төгрөг болж байгаа бөгөөд нийт 3 480 000 төгрөг, үүнээс 480 000 төгрөгийг хүүд тооцож төлсөн. Одоо 2 000 000 төгрөгийн үндсэн зээл, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хугацааны хүү 160 000 төгрөг, нийт 2 160 000 төгрөгөөс 0,3 хувийн алдангид өдөрт 6 480 төгрөг тооцож 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 244 хоногт 1 581 120 төгрөг болж байгаа боловч Иргэний хуульд зааснаар гүйцэтгэх үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй тул 790 560 төгрөг гаргуулна.

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үндсэн үүрэгт 2 000 000 төгрөг, хүү 160 000 төгрөг, алданги 790 560 төгрөг, нийт 2 950 560 төгрөг гаргуулахаар анхны шаардлагаа 351 440 төгрөгөөр багасгаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ХХ-аас 5 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлж, найз ХХХХХ-тай аувааж авахаар болж гэрээ хийж, үүнээс 3 000 000 төгрөгийг би авч, 2 000 000 төгрөгийг ХХХ авсан. Үүнийг ХХмэдэж байгаа. Гэрээ хийх өдөр ХХХ ажилтай завгүй байсан тул би нотариатад очиж гэрээг хийсэн. Би өөрийн авсан 3 000 000 төгрөгийн 1 000 000 төгрөгийг 58 хоногийн хугацаатай, өдрийн 20 000 төгрөг төлөхөөр тооцож, нийт 1 160 000 төгрөг болгож хугацаанд нь төлсөн. 2 000 000 төгрөгийг 3 сар буюу 83 хоногийн дотор өдрийн 30 000 төгрөгөөр тооцож, нийт 2 480 000 төгрөг, бүгд 3 640 000 төгрөг болгон төлж дуусгасан.

Харин 2 000 000 төгрөгийг ХХХ сарын 10 хувийн хүү болох 200 000 төгрөгийг 2015 оныг дуустал 6 сарын хугацаанд 1 200 000 төгрөг төлсөн байдаг. ХХнь шүүхэд ХХХгийн нэр дээр нэхэмжлэл гаргаж, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шүүх хэлэлцэж, зээлдэгч ХХХ уг мөнгийг төлөх шаардлагагүй гэж үзсэн. Дээрх 5 000 000 төгрөгөөс ХХХгийн зээлж авсан 2 000 000 төгрөгийг 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр түүний нэр дээр болгон гэрээ хийсэн. Энэхүү гэрээгээ үндэслэн ХХнь ХХХгаас нэхэмжлэл гаргаж шийдвэр гарсан. Гэтэл 2 000 000 төгрөгийг надаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХХээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 950 560 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХ-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 785 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч ХХХээс 62 159 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХ-д буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХХ давж заалдах гомдолдоо:

ХХнь ХХХд өгсөн 2 000 000 төгрөгийн хүүг 10 хувиар тооцож сард 200 000 төгрөгийг 6 сарын турш төлүүлж авсан талаар гэрч ХХХ мэдүүлж, нэхэмжлэгч үүнд маргаагүй. Мөн ХХнь нэхэмжлэлдээ зээл, хүү, алданги тооцож нэхэмжлэхдээ төлөгдөөгүй үлдсэн 2 000 000 төгрөгөөс нэхэмжилнэ гэсээр байхад шүүх нэхэмжлэлээс хэтрүүлж миний төлөх төлбөр тооцоог 5 000 000 төгрөгөөс сар бүр 8 хувиар хүү тооцох ёстой гэж 400 000 төгрөг гээд, алдангийн хугацааг буруу тооцож дүгнэсэнд гомдолтой.

Нэхэмжлэгчийн хувьд 2 000 000 төгрөгийг шаардах эрхээ 2015 оны 3 дугаар сард хэрэгжүүлэн ХХХгаас нэхэмжилж, 2015 оны 5 дугаар сард шүүх шийдвэрлэсэн байтал намайг уг зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн гэж алданги тооцож байгааг зөвшөөрөхгүй. Гэрээний дагуу 3 000 000 төгрөгийг надад, 2 000 000 төгрөгийг ХХХд өгсөн бөгөөд энэ байдлыг нэхэмжлэгч үгүйсгэн, нотлох баримт гаргаж няцаагаагүй байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлж надад өгөөгүй мөнгийг хариуцуулж байна. ХХминий төлж дууссан 3 000 000 төгрөг, хүү 680 000 төгрөгийг авахдаа тухайн сард бүрэн хэрэглээгүй байхад сарын хүүг хоногт хуваан зээл авсан өдрөөс хойш 2 хоног тутамд зээлээ 40 000 төгрөгөөр буцаан төлүүлж байсныг тооцвол сард 8 хувийн хүүг 16 хувь болтол өсгөж төлүүлснийг шүүх анхаарч хасч тооцсонгүй.

Шүүх хуралдаанд гэрчээс өгсөн мэдүүлэг нотолгоог шүүх ямар учраас үнэлж үзэхгүй байгааг ойлгосонгүй. Нэхэмжлэгч ямар ч нотлох баримтгүй зүйл нэхэмжилсэн байхад шүүх хангаж байгаад гомдолтой. ХХ-ийн хувьд ХХХгаас уг мөнгийг нэхэмжлээд, шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байхад дахин надаас нэхэмжилж 2 950 000 төгрөг төлүүлэхээр хохиролтой бөгөөд буруу шийдвэр гаргасныг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй боловч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг зөрчөөгүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжтой гэж үзэж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч ХХнь хариуцагч ХХХ-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 2 000 000 төгрөг, хүү 160 000 төгрөг, алданги 790 560 төгрөг, нийт 2 950 560 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч үндэслэлээ 5 000 000 төгрөгийн гэрээг өөрийн нэрээр хийсэн боловч 2 000 000 төгрөгийг гэрч ХХХ авсан учир өөрт холбогдох 3 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлж барагдуулсан гэж тайлбарлан татгалзжээ.

 

Зохигчид 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, ХХХ нь нэхэмжлэгч ХХ-аас 5 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөх нөхцөлтэй тохиролцоог хийсэн байна.

/хх-ийн 4 дэх тал/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх боловч дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч ХХнь зээлдэгч ХХХ-т шилжүүлж өгсөн мөнгөн дүнгийн хэмжээ, үүнтэй холбоотойгоор хариуцагч мөнгөн төлбөрийн үүргээ бүрэн биелүүлсэн эсэхэд зохигчид маргажээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанаар тооцох тул нэхэмжлэгч ХХнь гэрээний дагуу 5 000 000 төгрөгийг ХХХ-т бодитоор шилжүүлсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагч хүлээн аваагүй гэж няцааж байхад дээрх хэмжээний мөнгөн хөрөнгийг хариуцагч хүлээн авсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.  

 

Нөгөө талаар шүүх хуралдаанд гэрчээр оролцсон ХХХ нь “ХХ-аас 2 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй авч, сард 200 000 төгрөг төлдөг, нийт 1 200 000 төгрөг төлсөн, ХХХ 3 000 000 төгрөгийг авсан” гэж мэдүүлжээ.

/хх-ийн 45 дахь тал/

 

Зохигчид хэргийн үйл баримтын талаар маргаж байгаа тохиолдолд тэдний тайлбарыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар харьцуулан үнэлэх бөгөөд гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар зэргээс үзвэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу 3 000 000 төгрөгийг ХХХ, 2 000 000 төгрөгийг ХХХ авсан, тус тусын хүүг төлж байсан гэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч үүнийг үгүйсгээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгч ХХнь хариуцагчаас төлсөн 3 480 000 төгрөгийн 3 000 000 төгрөгийг үндсэн зээл, 480 000 төгрөгийг хүүд тооцжээ. Зээлийн гэрээнд заасан 3 сарын хугацаанд гүйцэтгэвэл зохих үүргийг тооцвол үндсэн зээл 3 000 000 төгрөг, 3 сарын хүү 720 000 төгрөг, нийт 3 720 000 төгрөг төлөхөөс 240 000 төгрөгийн төлбөрийг хариуцагч нь дутуу төлсөн байна. Ийнхүү хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 240 000 төгрөгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар талуудын тохиролцсон хоногийн 0.3 хувиар алданги тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан 50 хувийн хэмжээнээс илүү байх тул хуульд нийцүүлэн дээрх 120 000 төгрөгийг, гэрээний үлдэгдэл 240 000 төгрөгийн хамт нийт 360 000 төгрөгийг хариуцагч ХХХээс гаргуулж нэхэмжлэгч ХХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ХХХийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дараах өөрчлөлтийг оруулахаар шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2016/00615 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “...2 950 560 төгрөг” гэснийг “360 000 төгрөг” гэж, “...олгосугай” гэснийг “...олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 590 560 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “ХХХээс 62 785 төгрөг” гэснийг “ХХХээс 11 450 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                        ШҮҮГЧИД                                                       М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА