Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2026/00836

 

 

 

 

 

 

 

 

 

2026 04 17 210/МА2026/00836

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Ууганбаяр, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2026/01387 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

Гэрээнээс учирсан хохиролд 19,000,000 төгрөг гаргуулах тухай

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.******* нь өөрсдийн үйл ажиллагаандаа хэрэглэдэг сэрээт өргөгч эвдэрсэн тул машиныг засуулахаар 2024 оны 6 дугаар сард *******-тай уулзсан. Улмаар ******* машиныг янзлах боломжтой, сэлбэг захиалах шаардлагатай гэсний үндсэн дээр үйлчилгээ авахаар тохиролцсон.

2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчээс хариуцагчийн Хаан банкны данс руу сэрээт өргөгч машины сэлбэг буюу моторын төлбөрт 9,250,000 төгрөг, ажлын хөлс 3,000,000 төгрөг, нийт 12,250,000 төгрөгийг шилжүүлж талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн.

1.2.Хариуцагчаас 2024 оны 8 дугаар сард захиалсан сэрээт өргөгч машины мотор нь тохиролцсон хугацаандаа ирэхгүй удсаар 2024 оны 10 дугаар сард ирсэн боловч захиалж авчирсан мотор таарахгүй байна гэдэг тайлбарыг хэлсэн. Ингээд сэрээт өргөгч машины моторыг сольж өгч чадаагүй ба ажил үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон.

1.3.Хариуцагчаас 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр машины засварын төлбөрт төлсөн 12,250,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн.

1.4.Дээрх асуудлаар *******-д шаардлага тавьж байсан боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй, нэхэмжлэгч компанийн ажил удаан хугацаанд саатаж, цалгардсан тул ажлаа үргэлжлүүлэхийн тулд өөр газраас сэрээт өргөгч машин түрээслэх болсон.

Ингээд нэхэмжлэгч нь ******* гэх хүнтэй 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулж, тус гэрээгээр Mitsubishi загварын сэрээт өргөгч машиныг 6 сарын хугацаатай, нэг өдрийн 150,000 төгрөгөөр тооцон түрээсэлсэн. Уг гэрээний төлбөрт 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 16,000,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн.

1.5.Иймд хариуцагч үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд сэрээт өргөгч машины түрээсийн төлбөрт төлсөн 19,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Манай компани БНХАУ-ын SDLG LONKING маркийн уул уурхай, зам засварын хүнд машин механизмыг Монгол Улсад импортлон оруулж ирдэг албан ёсны дистрибьютер компани юм. Өөрийн оруулж ирсэн техникүүдийн засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэж ирсэн. Зарим тохиолдолд харилцагчийн хүсэлтээр өөрсдийн оруулж ирээгүй, Монгол Улсад ашиглаж байсан хуучин техникийн сэлбэг захиалга хийх, засварлах тохиолдол байдаг.

2.2.******* нь 2024 оны 7 дугаар сард манай засварчдад өөрсдийн эвдэрсэн ашиглах боломжгүй техникийг авчирч оношлуулсан бөгөөд сэрээт ачигч нь хэдэн онд үйлдвэрлэгдсэн нь мэдэгдэхгүй, арлын дугааргүй, тухайн техникийн өөрийнх нь үйлдвэрийн биш сэлбэсэн мотор бүхий эвдрэлтэй сэрээт ачигчийг засварлуулах хүсэлт гаргасан.

Манай засварчид үзээд арлын дугаар, марк нь мэдэгдэхгүй тул ойролцоо сэлбэгийг захиалаад засварлахыг оролдож болох талаар хэлсэн бөгөөд харилцагч зөвшөөрч ойролцоо сэлбэгийг захиалж, суурилуулан турших ажлыг эхэлсэн.

2.3.Сэлбэгийг захиалан авчирч уг эвдэрсэн сэрээт ачигчид тавьж туршсан боловч тохирохгүй байсан тул манайхаас засварын үйл ажиллагааг хийж гүйцэтгээгүй бөгөөд гэрээг цуцалж, харилцагч *******-д сэлбэгийн үнэ, ажлын хөлсөд авсан 12,250,000 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр бүхэлд нь буцаан шилжүүлж, эвдэрсэн техникийг хүлээлгэн өгсөн. Нэмж төлбөр төлөх үүрэг хүлээхгүй.

2.4.Бидний зүгээс тухайн техник оношилгоо, тохирох сэлбэгийг эрж хайх, захиалах, сэлбэж тавихтай холбоотой гарсан зардлыг *******-иас нэхэмжлээгүй. Тус техникийг ******* эвдсэн, гэмтээсэн зүйлгүй, ******* анхнаасаа эвдэрсэн ашиглах боломжгүй байдалтай техник авчирч засварлагдах боломжийг эрэлхийлсэн хүсэлтийг хүлээн авч засварлах боломжуудыг судлан туршихаар тохиролцсон болохоос засварлах баталгаа гаргаагүй. Арлын дугаар нь мэдэгдэхгүй, дахин сэлбэж угсарсан техникийг бүрэн засварлах баталгаа өгөх бодит боломжгүй.

2.5.Иргэн *******тэй 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр тоног төхөөрөмж түрээслэх гэрээ хийсэн байх бөгөөд тус гэрээг өөрийн сайн дурын үндсэн дээр байгуулсан байна. Тус түрээсийн гэрээний төлбөрийг техник засварлаагүйн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдох 19,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн тайлбар болон гэрч *******, ******* нарын мэдүүлгээр тухайн сэрээт өргөгч машины захиалсан мотор таарахгүй байгаа тухай 2024 оны 12 дугаар сард нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж тайлбарласан.

4.2.Харин нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд оролцуулсан гэрч ******* өгсөн мэдүүлгээр талууд засварын хугацааг тодорхойлохдоо хариуцагчаас уг машиныг үзээд засварлах боломжтой, таарах моторыг захиалахад 14 хоног орчим хугацаа шаардлагатай, харин мотор ирсэн тохиолдолд 2 хоногт тавьж суурилуулах боломжтой гэсний үндсэн дээр мөнгийг шилжүүлсэн. Гэвч хариуцагчаас 2024 оны 8 дугаар сард захиалсан мотор нь тохиролцсон хугацаандаа ирэхгүй удсаар 2024 оны 10 дугаар сард ирсэн бөгөөд хариуцагчийн өөрсдийн захиалж авчирсан мотор нь таарахгүй байна гэдэг тайлбарыг 11 дүгээр сард хэлсэн. Үүний улмаас моторыг сольж өгч чадаагүй, түүнчлэн ажил үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон.

Дээрх асуудлаар шаардлага тавьж байсан боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүйн улмаас нэхэмжлэгч ажил удаан хугацаанд саатаж, цалгардсан учраас ажлаа үргэлжлүүлэхийн тулд аргагүйн эрхэнд өөр газраас сэрээт өргөгч машин түрээслэх болсон.

4.3.2026 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэрээний дагуу төлбөрийг шилжүүлж, харин хариуцагчаас таарах моторыг захиалж, суурилуулж засварлах хүртэл хугацаа буюу 2026 оны 9 дүгээр сард бэлэн засварлаж дуусах эсвэл засварлах боломжгүй талаар хариуг ирүүлэх ёстой байсан боловч хариуцагчаас хожим 11 дүгээр сард мотор таарахгүй байгаа талаар мэдэгдсэн. Тиймээс нэхэмжлэгч нь *******тэй 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ байгуулж, сэрээт өргөгч машиныг 6 сарын хугацаатай түрээсэлж, түрээсийн төлбөрт нийт 19,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

4.4.Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-д талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ гэж заасан. Мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1.-д үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол, мөн хуулийн 222.4-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна гэж, 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227 дугаар зүйлийн 227.3-т гарсан зардал... хохиролд тооцно гэж зааснаар хариуцагч үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох сэрээт өргөгч машин түрээсийн төлбөрт төлсөн мөнгийг шаардах эрхтэй.

Хариуцагч анхнаасаа нэхэмжлэгчийн сэрээт машинд таарч тохирох моторыг зөв сонгон захиалсан бол, мөн уг захиалсан мотор нь харилцан тохиролцсон хугацаандаа ирж, түүнийг нэхэмжлэгчийн сэрээт машинд суурилуулж өгсөн байсан бол нэхэмжлэгч бусдаас сэрээт машин түрээслэхгүй буюу нэмэлт зардал гаргаж, хохирол хүлээхгүй байх байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1.Талууд энэхүү засварын ажлыг хийхэд 2 асуудлыг огт тохиролцоогүй. Манай компанийн зүгээс ямар нэгэн амлалт өгөөгүй, сэрээт өргөгч машиныг бүрэн засах үүрэг хүлээгээгүй. *******-ийн төлөөлөгч болон засварчдын хооронд засах гэж оролдъё гэдэг агуулгатай хэлцэл хийгдсэн, 100 хувь засах агуулгатай хэлцэл хийгдээгүй.

5.2.Мөн гэрээний үүргийн хугацаатай холбоотой талуудын хооронд ямар ч тохиролцоо хийгдээгүй. Нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор сэлбэг ирээд, 2 хоногт засна гэсэн аман тохиролцооны талаар нэхэмжлэлдээ дурддаг боловч үүнийг нотлох баримт байдаггүй. Хугацаа зөрчсөн бол нэхэмжлэгч талаас үүнтэй холбоотой шаардлага хүргүүлсэн, хугацаа сунгасан баримт огт байдаггүй. Энэ талаар нэхэмжлэгч талаас нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

5.3.Сэрээт өргөгч нь 1998 онд үйлдвэрлэгдсэн, Toyota үйлдвэрийн сэлбэж эвлүүлсэн өргөгч гэдгийг нэхэмжлэгч талын гэрч мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгдээд 28 жил болсон, Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын дагуу ашиглалтын хугацаа дууссан байсан. Мөн сэрээт өргөгчийн арлын дугаарыг нь хуссан, мотор тааруулж боосон учраас хэдэн онд үйлдвэрлэгдсэн, ямар маркийн гэдэг нь мэдэгдэхгүй. Сэлбэг захиалгын системд оруулах боломжгүй байсан тул тааруулж хайх замаар засах гэж үзнэ гэсэн тохиролцоогоор явсан. Гэрчүүд 14 хоногийн дотор засах боломжгүй талаар дурдсан. Мөн сэлбэгийг хайхад 1 сарын хугацаа орно гэдгийг мэдүүлсэн. Өмнө нь нэхэмжлэгч нь 2 сарын хугацаанд мотор хайсан үйл баримт байгаа. Үүнтэй хэн аль нь маргадаггүй.

5.4.Манай зүгээс засагдахгүй гэдэг оношилгооны үр дүнг 11 дүгээр сард мэдэгдсэн байхад техник, механизмаа ирж аваагүй. Энэ талаар гэрч мөн мэдэгдсэн.

5.5.19,000,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хуучин сэрээт өргөгчийн зах зээлийн ханш 7,000,000-7,500,000 төгрөгийн үнэтэй байгаа. Энэ мөнгөөр бичиг баримттай техник худалдаж авах ч боломжтой байсан. Талууд харилцан тохиролцож гэрээнээс татгалзсан тул Иргэний хуульд заасны дагуу өгсөн авсан зүйлээ харилцан буцааж, төлбөр мөнгийг шилжүүлсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 19,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагчаас анхнаасаа сэлбэж боосон мотортой байсныг засварлаж үзэхээр тохирсон, засварлах боломжгүй байсан тул гэрээг цуцалж, ажлын хөлсийг буцааж бүрэн төлсөн, гэрээнээс хохирол учруулаагүй гэж тайлбарлаж, талууд мэтгэлцжээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.Талууд 2024 оны 6 дугаар сард амаар тохиролцож, гүйцэтгэгч болох ******* нь сэрээт өргөгч машиныг мотор захиалан авчирч засварлах ажлыг хийхээр, захиалагч болох ******* машины сэлбэгийн үнэ 9,250,000 төгрөг, ажлын хөлс 3,000,000 төгрөг, нийт 12,250,000 төгрөгийг төлөхөөр тохирсон,

3.2.******* гэрээний дагуу 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр нийт 12,250,000 төгрөгийг сэлбэг, засварын төлбөр утгаар хариуцагчид шилжүүлсэн, /хх 8/

3.3.Захиалсан мотор тохироогүйгээс талууд гэрээг цуцалсан, улмаар гэрээний дагуу шилжүүлэн авсан 12,250,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн.

3.4.******* болон ******* нар 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр тоног төхөөрөмж түрээслэх гэрээг байгуулсан, үүний дагуу төлбөрт 19,000,000 төгрөг төлсөн. /хх 9-14/

 

Зохигчдын маргааны зүйл гэрээнээс татгалзсан үндэслэлд гүйцэтгэгч тал буруутай эсэх, улмаар хохирол нөхөн төлөх эсэх нь болжээ.

 

4.Анхан шатны шүүх талуудын хоорондох тохиролцоо, хүсэл зоригийн илэрхийлэл болон хэрэгжилт зэргийг харьцуулан Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар гэрээг тайлбарлаж, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

5.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагыг хангасан байна.

 

6.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд зохигчид гэрээг бичгээр байгуулаагүйгээс ажил гүйцэтгэвэл зохих хугацааны талаар өөр өөрөөр тайлбарлаж, энэ нь маргааны үндэс болсон байна.

 

6.1.Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно гэж зохицуулсан.

Зохигчид гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгчээс мөнгийг шилжүүлснээс хойш 14 хоногт захиалсан сэлбэг ирж, засварын ажлыг 1-2 хоногт хийхээр тохирсон гэж хугацааг тодорхойлж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргасан.

Шүүх хуралдаанд оролцсон гэрч мөнгө шилжсэнээс хойш 7-14 хоногт сэлбэг ирээд 1-2 хоногт засварлана гэж анх хэлсэн,.. 10 сард асуухад моторыг тааруулах засварчин нь алга гэж хэлсэн, 12 сард байх засварлах боломжгүй гэж хэлсэн гэж, гэрч *******ээс засах хугацааны талаар мэдэхгүй, ..ер нь бол манай сэлбэг захиалга 14-30 хоногт ирэх боломжтой гэж үздэг. Гэхдээ пайз байхгүй учраас захиалгад хэр хугацаа орж юугаар тааруулж захиалдаг гэдгийг би мэдэхгүй гэж, гэрч *******гаас сэлбэгийг нь хайхад жоохон хугацаа орно, сэлбэгийг нь урдаас тааруулж хийх юм байна гэж байсан, 14 хоногийн дотор засаад явуулах амлалт өгөөгүй, худлаа, миний санаж байгаагаар сэлбэг хайна, хятадаас хайж захиалахад 1-2 сар гэж байсан гэж тус тус өөр өөрөөр мэдүүлсэн, хэрэгт баримтаар аль ч гэрчийн мэдүүлгийг дэмжих баримт авагдаагүй тул үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх боломжгүй. Анхан шатны шүүхээс гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцжээ.

 

6.2.Дээрх байдлаар ажил гүйцэтгэх гэрээний хугацааг тодорхойлсон аливаа баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна. гэж, мөн зүйлийн 208.3 дах хэсэгт ...үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. гэж заасны дагуу хугацааг тооцно.

Гэвч нэхэмжлэгч гэрээний үүргийг гүйцэтгэгч талаас шаардсан баримт мөн хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийн нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байх тул анхан шатны шүүхээс хариуцагчийг гэрээний хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

6.3.Түүнчлэн гэрчүүдийн мэдүүлэг болоод талуудын тайлбараар гэрээний зүйл болох сэрээт өргөгч машин нь тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэлгүй буюу улсын дугааргүй, мөн арлын дугааргүй /пайзгүй/, мотор нь засварласан буюу угсарч хийгдсэн байсан нь тогтоогдсон. Иймд тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч ******* засварлаж чадаагүй явдалд зөвхөн гүйцэтгэгч буруутай гэж үзэж хохирол шаардах үндэслэлгүй. Тодруулбал: гүйцэтгэгч талын засварлаж чадаагүй үйлдэл болон нэхэмжлэгч бусдаас 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл түрээсэлж зардал гаргасан байдал, тэдгээрийн хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдоогүй буюу Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийн урьдач нөхцөл хангагдаагүй байна.

 

6.4.Харин хэргийн баримтаар нэхэмжлэгчээс шилжүүлсэн 12,250,000 төгрөг дотор ажлын хөлс 3,000,000 төгрөг багтсанд талууд маргаангүй тул засварлаж өгөх үүрэг хүлээгээгүй, зөвхөн засварлахыг оролдож үзэхээр тохирсон гэх агуулгатай хариуцагчийн тайлбар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт нийцэхгүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд, нэхэмжлэгч гэрээнээс учирсан хохиролд 19,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт нийцэх бөгөөд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

 

7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2026/01387 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 252,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР

 

 

О.ОДГЭРЭЛ