Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 0312

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.О

Шүүгдэгч Т.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.О-т холбогдох эрүүгийн 1925007080412 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Т.О

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Т.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө тус аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Б-тэй маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд /хамрын хэсэгт/ зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний ухархайн дотор ханануудын хугарал, зүүн нүдний алимны салтад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Т.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй. Миний буруу. Буруутай үйлдлээ дахин давтахгүй. Архи уухгүй гэж дүгнэлт хийж байгаа. Дахин ийм алдаа гаргахгүй. Хохиролд 1.000.000 төгрөг төлсөн. Хохирогчтой уулзсан. Гэмтэл нь гайгүй, ялимгүй жаахан хөндүүр гэж байсан гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...намайг явж байтал нөгөө баарны гадаа намайг барьж авдаг танихгүй залуу 1 залуугийн хамт над дээр хүрээд ирсэн. Тэр танихгүй залуу ямар ч үгийн солио байхгүй миний нүүр, хамар орчимд 2 удаа гараараа цохисон. Тэр дороо миний хамарнаас цус гарсан. Би тэр ахаас болиочээ ахаа, би яасан юм бэ гэж гуйсан. Мөн цагдаа дуудлаа шүү гэж хашгирсан. Тэгсэн хажууд нь байсан залуу нь намайг зодсон залууг надаас салгаад аваад явсан. Энэ үед манай найз Гантөмөр над дээр хүрээд ирсэн. Би намайг зодсон залууг танихгүй учир ямар ч байсан цагдаад барьж өгөх бодолтой араас нь хөөсөн. Гэтэл нөгөө залуу маань намайг яг барих гэж байхад эргэж хараад ахин миний толгой дагз орчим 1 удаа гараараа цохисон. Тэгээд тэр залуу зугтаагаад явсан гэсэн мэдүүлэг, / хх 5-6 ху/

 

-Гэрч Т.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Барс зах өнгөрөөд Сайн гэдэг дэлгүүрийн хажууд манай найз Батмөнх явж байхыг нөгөө танихгүй залуу хараад шууд араас нь гүйж очоод хамар орчимд нь гараараа хоёр удаа цохисон. Би тэр танихгүй ах дээр очоод ахаа одоо болиочээ гэж хэлсэн. Гэтэл тэр танихгүй ах чи цаашаа бай гээд намайг нудраад байсан. Манай найзын хамарнаас цус гараад цагдаа дуудлаа шүү гэж хашгирсан. Тэгсэн чинь нөгөө танихгүй ах зугтаагаад явсан гэсэн мэдүүлэг /хх 8 ху/,

 

-Яллагдагч Т.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...бараан захын хажууд би нэг залууг барьж авсан. Тэр залууг барьж авдаг учир нь бааранд би тэр залуутай бага зэрэг маргасан юм. Тэр маргасан асуудлаа санаад баарнаас гарч ирсэн танихгүй залууг

барьж авсан. Гэтэл гудамжинд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Гэтэл хохирогч Батмөнх надаас салж өгөхгүй зуураад байсан, тэгэхлээр нь би Батмөнхийг өөрөөсөө тавиулахын тулд баруун шанаа орчимд 2 удаа гараараа цохьсон. Тэгээд хохирогч Батмөнх надаас гараа салгахаар нь би зугтаасан юм. Би зугтаагаад 6 дугаар микрын 1 дүгээр байрны хажууд иртэл хохирогч Батмөнх намайг гүйцээд ирсэн. Тэгэхлээр нь би эргэж хараад Батмөнхийг хамар орчимд нь нэг удаа хүчтэй цохьсон. Батмөнх надад цохиулаад газар унасан гэсэн мэдүүлэг /хх 22-23 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 658 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Б-ийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд /хамрын хэсэгт/ зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, хуйханд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт үүсчээ.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд /хамрын хэсэгт/ зөөлөн эдийн няцрал нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд ба 2019 оны 10 сарын 01-ний өдөр үүссэн байх боломжтой.

4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлхгүй гэсэн дүгнэлт /хх 12 ху/

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 670 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Б-ийн биед хоёр нүдний ухархайн дотор ханануудын хугарал, зүүн нүдний алимны салтад цус хуралт оношлогджээ.

2. Уг гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй гэсэн дүгнэлт /хх 16 ху/,

-Т.О-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 20-23 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 29 ху/

-Хохирлын баримт /хх 33-42 ху/

-Хохирол төлсөн баримт /хх 43 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө тус аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Б-тэй маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд /хамрын хэсэгт/ зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний ухархайн дотор ханануудын хугарал, зүүн нүдний алимны салтад цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй. Миний буруу. Буруутай үйлдлээ дахин давтахгүй” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Б-ийн “...Тэгээд намайг явж байтал нөгөө баарны гадаа намайг барьж авдаг танихгүй залуу 1 залуугийн хамт над дээр хүрээд ирсэн. Тэр танихгүй залуу ямар ч үгийн солио байхгүй миний нүүр, хамар орчимд 2 удаа гараараа цохисон. Тэр дороо миний хамарнаас цус гарсан. Би тэр ахаас болиочээ ахаа, би яасан юм бэ гэж гуйсан. Мөн цагдаа дуудлаа шүү гэж хашгирсан. Тэгсэн хажууд нь байсан залуу нь намайг зодсон залууг надаас салгаад аваад явсан. Энэ үед манай найз Гантөмөр над дээр хүрээд ирсэн. Би намайг зодсон залууг танихгүй учир ямар ч байсан цагдаад барьж өгөх бодолтой араас нь хөөсөн. Гэтэл нөгөө залуу маань намайг яг барих гэж байхад эргэж хараад ахин миний толгой дагз орчим 1 удаа гараараа цохисон гэсэн мэдүүлгүүд /хх 5-6 ху/, яллагдагч Т.О-ын “...баарнаас гарч ирсэн танихгүй залууг барьж авсан. Гэтэл гудамжинд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Гэтэл хохирогч Батмөнх надаас салж өгөхгүй зуураад байсан, тэгэхлээр нь би Батмөнхийг өөрөөсөө тавиулахын тулд баруун шанаа орчимд 2 удаа гараараа цохьсон. Тэгээд хохирогч Батмөнх надаас гараа салгахаар нь би зугтаасан юм. Би зугтаагаад 6 дугаар микрын 1 дүгээр байрны хажууд иртэл хохирогч Батмөнх намайг гүйцээд ирсэн. Тэгэхлээр нь би эргэж хараад Батмөнхийг хамар орчимд нь нэг удаа хүчтэй цохьсон. Батмөнх надад цохиулаад газар унасан” гэсэн мэдүүлэг /хх 22-23 ху/,мөн гэрч Т.Гантөмөрийн /хх 8 ху/ өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд /хамрын хэсэгт/ зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, хуйханд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 658, 670 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Т.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Энэ хэргийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 274.100 төгрөгний хохирлын баримт ирүүлсэн ба шүүгдэгч нь 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Т.О нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.О нь торгох ялыг 3 сарын хугацаанд 150.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч шүүгдэгч Т.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА