Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 0288

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.О

Шүүгдэгч Т.Б, Ж.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б, Ж.М нарт холбогдох эрүүгийн 1825005480192 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Т.Б

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ж.М

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ж.М, Т.Б нар нь бүлэглэн 2018 оны 08 сарын 03-наас 11-ний өдрүүдийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант багийн 22-08 тоот хашаанд байсан иргэн Ж.М-гийн 85-83 УБТ улсын дугаартай Хьюндай Верна Аксент загварын тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалж тээврийн хэрэгслээс 535.000 төгрөгийн үнэ бүхий эд анги, бэлэн 96.000 төгрөг, нийт 631.000 төгрөгийн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, 2018 оны 08 сард Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 47-03 тоотод оршин суух Н.О-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 680.000 төгрөгийн үнэ бүхий генераторын хөдөлгүүр, 70.000 төгрөгийн үнэ бүхий ДДЭШ станц удирдлагыг хулгайлан авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан нийт 1.381.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Ж.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Хулгайн хэргийн хувьд маргахгүй. Хохирлыг бид 2 хувааж төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Т.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Нэмж шалгуулах зүйлгүй. Миний машин эвдрээд сэлбэг хэрэгтэй болсон. Хохиролд 600 гаран мянган төгрөг төлсөн. Эгч төлсөн гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Ж.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2018 оны 08 сарын 03-ны өдрөөс 11-ний өдрүүдийн хооронд Өвөрхангай аймаг руу ургийн баярт ээж ах дүү нарын хамт яваад ирсэн. Гэртээ ирэхэд хашаанд орхисон байсан 85-83 УБТ улсын дугаартай Верна маркын автомашины жолооч талын цонхны шилийг хагалан хулгай орсон байсан. ...Бэлнээр 96.000 төгрөг хулгайд алдсан. Ургийн баярт явахдаа нэг айл 100.000 төгрөгөөр нийлэх ёстой байсан. Би 100.000 төгрөгнөөсөө 4.000 төгрөгөөр нь тамхи аваад машиныхаа жолооч талын урд хайрцаг дотор хийсэн. Ургийн баярт явахдаа мартаад явсан байсан. Машинаас дараах эд зүйл алдагдсан. Үүнд миний машины жолооч талын хажуугийн шилийг хагалсан, тээврийн хэрэгслийн компьютер, моторын кадушк 1 ширхэг, хаазны нормал баригч 1 ширхэг, 4 ширхэг порсунк, гал хамгаалагч 30 ширхэг, аккумлятор 1 ширхэг, запас дугуй нэг ширхэг, ком түлхүүр багаж зэрэг эд зүйл алдагдсан. Урд салхины шил тухайн үед цуурчихсан байсан юм. Би Мөнхболд Баярбат хоёрыг сэжиглэж байгаа. Яагаад гэхээр энэ 2 надаас 2 удаа хулгайд алдагдсан эд зүйлийг асууж байсан, мөн гэрийнхээ ойр орчмын хүмүүсээс асуухад Рашаант багийн 21-11 тоотод амьдардаг Эрдэнэсайхан надад хэрэг гарах үеэр би Ганаагийнд байж байхад Мөнхболд, Баярбат 2 гаднаас орж ирээд алх, отверк, бахь аваад гараад явсан. 00 цаг өнгөрч байхад гаднаас ажлаа амжуулчихлаа гээд орж ирээд алх, отверк, бахийг буцааж өгсөн байсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /1хх 43-45 ху/,

 

-Хохирогч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 47-03 тоотод ганцаараа амьдардаг. 2018 оны 08 дугаар сарны дундуур би хөдөө жимсэнд 3 хоног явчихаад гэртээ иртэл манай байшингийн хаалгыг эвдлэн гэрт дотор байсан генераторын хөдөлгүүр, ДДЭШ-ийн станц болон удирдлага алга болсон байсан. Надаа сэжиглэж байгаа хүн байгаа дүлий Мөөжиг гэж дууддаг жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна. Хулгай орохын өмнө манай гэрт Батаатай ирж пиво ууж байхдаа хулгайд алдсан гэх генераторын хөдөлгүүрийг хараад энийг чинь аваачаад тушаавал овоо хэдэн төгрөг болох юм байна, та хулгайд алдвал битгий гайхаараа гэж хэлж байсан ...Барагцаагаар ямар ч байсан 70-80 кг жинтэй байгаа 2 хүн өргөхгүй бол ганцаараа дийлэхгүй, их хүнд жинтэй би гэрийнхээ гаднаас үүдний тамбарт оруулахдаа ах Эрдэнэмөнхтэй цуг оруулсан. Би хулгайд алдсан генераторын хөдөлгүүрээ алдсаны дараа хөдөлгүүр хайж багаж зардаг дэлгүүр газруудаар явж үзэхэд яг минийх шиг хөдөлгүүр зарж байгаа газар байхгүй байсан ” гэсэн мэдүүлэг /1 хх 177-179, 216 ху/,

 

-Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Бат-Эрдэнэ Мөөжиг хоёртой хамгийн сүүлд 2018 оны 08 сарын эхээр машины юм эвдэрчихлээ гэсэн Ганбатынд орж ирэхэд нь би тэднийд байж байсан. Тэгээд тэр 2 тэднийхээс алх отверк 2 авч гарч яваад 12 цаг өнгөрч байхад орж ирээд машины юм болчихлоо гээд явсан гэсэн мэдүүлэг /1хх 49 ху/,

 

-Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 08 сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна, орой болчихсон гэртээ хөзөр тоглоод сууж байхад манай гэрт Мөнхболд, Баярбат нар манай гэрт орж ирээд алх бахь аваад гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа оруулж өгсөн гэсэн мэдүүлэг /1хх 55 ху/,

 

-Гэрч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би хөдөлгүүрийг харж байсан, саарал өнгөтэй хөдөлгүүр байсан. 2018 оны намар байх намайг дүү Отгонбилэг дуудаад самар жимсэнд явах гэж байна ах гэр лүүгээ хөдөлгүүрээ оруулж тавьмаар байна, хулгайд алдчихна, гарцаараа гэртээ оруулж дийлэхгүй байна гээд намайг хамт өргөөд өгөөч гэхээр нь би дийлэх юм болов уу даа гээд дүүгийндээ очсон. Гэрт очиход үүдний тамбарын гадна талд саарал өнгөтэй хөдөлгүүр байсан. Бид 2 цугтаа өргөхөд дөнгөж хөндийрүүлээд оруулж чадахгүй байсан болохоор хаалганы довжоон дээр дөрвөлжин мод тавьж байгаад өнхрүүлээд арай гэж тамбарлуу оруулж тавьсан гэсэн мэдүүлэг /1хх 226 ху/,

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хх 16 ху/,

-Гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх 17-18, 20, 22, 139-140, 214 ху/,

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 1 хх 19, 21 ху/

-Эд зүйлийн үнэлгээ / 1 хх 24-29, 33-37, 169-173, 2 хх 5-12 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / 1 хх 61-62 ху/

-Хохирол төлсөн баримт / 1 хх 120, 203 ху/

-Т.Б-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 1 хх 130-133, 191-193, 229-230, 249-250 ху/

-Ж.М-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 1 хх 134-136, 194-196, 227-228, 2 хх 1-2 ху/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 137-138 ху/

-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл / 1 хх 150 ху/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай / 1 хх 151 ху/

              -Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай / 1 хх 162 ху/

              -Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / 1 хх 213 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Ж.М, Т.Б нар нь бүлэглэн 2018 оны 08 сарын 03-ны өдрөөс 11-ний өдрүүдийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант багийн 22-08 тоот хашаанд байсан иргэн Ж.Мгийн 85-83 УБТ улсын дугаартай Хьюндай Верна Аксент загварын тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалж тээврийн хэрэгслээс 535.000 төгрөгийн үнэ бүхий эд анги, бэлэн 96.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан нийт 631.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 08 сард Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 47-03 тоотод оршин суух Н.О-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 680.000 төгрөгийн үнэ бүхий генераторын хөдөлгүүр, 70.000 төгрөгийн үнэ бүхий ДДЭШ станц удирдлагыг хулгайлан авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М-ын өгсөн “...Хулгайн хэргийн хувьд маргахгүй” гэсэн, шүүгдэгч Т.Бын “шалгуулах зүйлгүй. Миний машин эвдрээд сэлбэг хэрэгтэй болсон. Хохиролд 600 гаран мянган төгрөгийг эгч төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ж.М-гийн “...хашаанд орхисон байсан 85-83 УБТ улсын дугаартай Верна маркын автомашины жолооч талын цонхны шилийг хагалан хулгай орсон байсан. ...Бэлнээр 96.000 төгрөг хулгайд алдсан. ...миний машины жолооч талын хажуугийн шилийг хагалсан, тээврийн хэрэгслийн компьютер, моторын кадушк 1 ширхэг, хаазны нормал баригч 1 ширхэг, 4 ширхэг порсунк, гар хамгаалагч 30 ширхэг, аккумлятор 1 ширхэг, запас дугуй нэг ширхэг, ком түлхүүр багаж зэрэг эд зүйл алдагдсан” гэсэн /1хх 43-45 ху/, хохирогч Н.О-ийн “Хулгай орохын өмнө манай гэрт Батаатай ирж пиво ууж байхдаа хулгайд алдсан гэх генераторын хөдөлгүүрийг хараад энийг чинь аваачаад тушаавал овоо хэдэн төгрөг болох юм байна, та хулгайд алдвал битгий гайхаараа гэж хэлж байсан ...Барагцаагаар ямар ч байсан 70-80 кг жинтэй байгаа 2 хүн өргөхгүй бол ганцаараа дийлэхгүй, их хүнд жинтэй би гэрийнхээ гаднаас үүдний тамбарт оруулахдаа ах Эрдэнэмөнхтэй цуг оруулсан. Би хулгайд алдсан генераторын хөдөлгүүрээ алдсаны дараа хөдөлгүүр хайж багаж зардаг дэлгүүр газруудаар явж үзэхэд яг минийх шиг хөдөлгүүр зарж байгаа газар байхгүй байсан ” гэсэн /1 хх 177-179, 216 ху/ мэдүүлэгүүд, гэрч Д.Э / 1 хх 49 ху/, Д.Г / 1 хх 55 ху/, Н.Э /1 хх 226 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ж.М, Т.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул тэднийг бүлэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Ж.М, Т.Б нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, бүлэглэж үйлдсэнийг  мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцов.

 

            Шүүгдэгчид Ж.М, Т.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

           

            Хохирлын хувьд хохирогч Ж.М-д 661.000 төгрөг, хохирогч Н.О-т 845.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Т.Б-ын цагдан хоригдсон 14 хоног, шүүгдэгч Ж.М-ын цагдан хоригдсон 27 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алх 1 ширхэг, бахь 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Б, Ж.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М, Т.Б нарыг тус бүрийг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М, Т.Б нарт оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын цагдан хоригдсон 14 хоногийг, шүүгдэгч Ж.М-ын цагдан хоригдсон 27 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтаар хураагдсан алх 1 ширхэг, бахь 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА