Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2026/00837

 

 

 

 

 

 

 

 

 

2026 04 17 210/МА2026/00837

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2026/01768 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай

иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Хариуцагч нь *******-иас 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр хангуулахаар барьцаалсан.

1.2.Үүнээс хойш 2023 оны 7 дугаар сард 7,600,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сард 10,000,000 төгрөг болон 3,000,000 төгрөгийг тус тус нэмж зээлж авсан.

1.3.Хариуцагч зээлийг эргэн төлөөгүй бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн үндсэн төлбөр, хүү, алданги нийт 13,649,000 төгрөг болсон. 2023 оны 7 дугаар сард 7,600,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сард 10,000,000 болон 3,000,000 төгрөг, нийт 40,649,000 төгрөг болж байгаа. Бусад зээлд хүү тооцоогүй.

1.4.Хариуцагч 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 40,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн учир уг үнийн дүнгээр гаргуулна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Миний бие 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр *******-ийн эдийн засагч ******* гэх хүнтэй уулзаж, өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалан 7,000,000 төгрөг зээлсэн. Үүнээс хойш 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 7,600,000 төгрөг нэмж зээлсэн.

2.2.Хэргийн материалд 10,000,000 төгрөг болон 3,000,000 төгрөгөөр тус тус зээлдүүлсэн гэж бичсэн байх боловч ч би уг мөнгийг аваагүй.

2.3.2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөгийг *******д буцаан төлж 12,600,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Үүнээс охин ******* 8,500,000 төгрөг, 2,500,000 төгрөг болон 1,500,000 төгрөгийг тус тус *******д өгсөн. Өөрийн авсан зээлийг тэтгэврийн зээл авч бүрэн төлсөн тул зээлээ төлөгдсөн гэж бодож байтал энэ нөхцөл байдал үүссэн. ******* нь ааваараа халхавч хийж, аавынхаа автомашиныг нэхэмжлэгч компани болон ажилтан *******тэй нийлж хуйвалдан зээлийн харилцаанд оруулж, хэд хэдэн зээл авсан. Үүнийг хариуцагч нь мэдээгүй. Энэ нь *******, ******* нарын ашиг сонирхлоор үүссэн харилцааны үр дагавар тул тэднээс тодруулж байж учир нь олдоно гэж бодож байна.

2.4.Нэхэмжлэгчийн бичиж өгсөн гэж дурдаж буй баримтын хувьд тухайн үед хариуцагч нь нэхэмжлэгч компанийн захиралтай уулзаж автомашиныг хаана байгааг асууж тодруулахад бид хурааж аваагүй, ******* гэдэг хүнд байгаа гээд автомашиныг буцааж өгөхийг даалгасан бичиг хийж өгсөн. Хариуцагч нь эцэг хүний хувьд охин нь эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж хүнд байдалд байсан тул тухайн цаг үед нэхэмжлэгч компанийн шаардсан бүхий л зүйлийг бичиж, нэхэмжлэлд хавсаргасан баримтыг үйлдсэн.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн 40,000,000 төгрөгийг зээлийн задаргааг тодорхой харуулж чадахгүй байна. Хэрвээ хариуцагч нь ******* байсан бол хариулж чадах байсан. Иймд жинхэнэ хариуцагчаар *******г сольж шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч 28,149,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 11,851,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд фидуцийн зүйл болох ******* улсын дугаартай, арлын дугаартай, цагаан өнгөтэй, Hummer H3 загварын тээврийн хэрэгслээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч ******* даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 428,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч 368,985 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг мэдэх *******г жинхэнэ хариуцагчаар тогтоох байсан.

4.2.Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрт заасан дүнгээр төлүүлэх болсон тохиолдолд боломжоороо цувуулаад төлнө.

4.3.Хариуцагч хоёр удаагийн зээлийг авснаа хүлээн зөвшөөрдөг ч бусад зээлийг аваагүй, түүний охин ******* болон нэхэмжлэгч байгууллагын ажилтан ******* нарын асуудал юм.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1.Хариуцагч Г.Оргой нь жинхэнэ хариуцагч биш, охин ******* хариуцах ёстой гэж тайлбарлаж байгаа боловч зээлийн гэрээнд гарын үсэг зурж, машины өмчлөх эрхийг шилжүүлсэн этгээд нь Г.Оргой байдаг. Тиймээс бид үүнийг *******тай хамааралгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагчаар хэнийг тодорхойлох нь нэхэмжлэгчийн үндсэн эрх. Хариуцагч нь охин *******г хоригдож байгаа учраас хариуцлагаас зайлсхийх гэж байна гэж харж байна.

5.2.Г.Оргой нь хариуцагч биш гэж маргадаг боловч шүүхэд гаргасан тайлбартаа эхний хоёр зээлийг хүлээн авснаа зөвшөөрдөг. Харин *******-д 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан өргөдөлдөө уг хоёр зээлээс гадна бусад зээлийг авсан, 40,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн хариуцагч талын хүсэлтээр гэрчээр *******г оролцуулсан боловч мэдүүлэг өгөхөөс татгалзсан.

5.3.Хариуцагч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзлын үндэслэлээ нотолж чадаагүй учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч өөрийн авсан хоёр удаагийн зээлийг төлсөн, үлдсэн хоёр удаагийн зээлийг аваагүй, жинхэнэ хариуцагч биш үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.Талууд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 01/05 тоот зээлийн гэрээг байгуулсан, уг гэрээгээр: Зээлдүүлэгч болох ******* нь 7,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, Зээлдэгч болох ****** сарын 3.0 хувийн хүүтэйгээр эргэн төлөлтийн хуваарийн дагуу буцаан төлөхөөр тохиролцсон; /хх 8-12/

 

4.Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

 

5.Шүүх талуудын хооронд барьцаалан зээлдүүлэх газраас зээл олгох гэрээ байгуулагдсан байхад гэрээнд оролцогчийн эрх зүйн байдлыг анхаараагүйн улмаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан ердийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж хуулийг буруу хэрэглэсэн байна.

Хэрэгт авагдсан *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний ард 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг шинээр бүртгэв гэж тусгагдсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан харилцаа үүсчээ.

5.1.Нэхэмжлэгч дөрвөн удаагийн зээлийн гэрээний үүрэгт нийт 40,000,000 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 7,000,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сард 7,600,000 төгрөг нийт 14,600,000 төгрөгийг хүлээн авсанд маргаагүй тул тухайн өдрөөр зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

5.2.Харин 2023 оны 9 дүгээр сард 10,000,000 төгрөг, 3,000,000 төгрөгийн зээлийг хариуцагч хүлээн аваагүй гэж маргасан байхаас гадна хэрэгт зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон талаарх санхүүгийн баримт авагдаагүй байна.

Нотлох чиг үүргийн хуваарилалтын дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон болохоо зээлдүүлэгч нотлох үүргийг хүлээх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд 2023 оны 9 дүгээр сард хоёр удаагийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй.

 

5.3.Хэрэгт авагдсан баримт, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хариуцагч 2023 оны 9 дүгээр сард 2,000,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн байдал тогтоогдохгүй байхад анхан шатны шүүхээс уг зээлийг олгогдсон гэж үзсэн нь хэргийн баримтад үндэслэгдээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

 

5.4.Мөн анхан шатны шүүх талуудын хоорондох хоёр удаагийн зээлийн гэрээ Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль батлагдан, хүчин төгөлдөр хэрэгжих эхлэхээс өмнөх цаг хугацаанд хамаарч байгааг анхаараагүй, улмаар 7,600,000 төгрөгийн зээлийн гэрээг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд нийт 14,600,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн, тухайн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэх тул нэхэмжлэгч дээрх хоёр удаагийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

6.Зээлдэгчийн төлбөл зохих гэрээний үүргийг тооцвол:

6.1.Нэхэмжлэгч 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүү алданги нийт 13,649,000 төгрөг шаардсанаас үндсэн зээл 7,000,000 төгрөг, хүү 2,520,000 төгрөг нийт 9,520,000 төгрөг төлөх үүргийг хүлээнэ.

Хэрэгт авагдсан гэрээний 2.3 дахь хэсэгт ...зээлийг хугацаа хэтэрсэнд тооцож, ...дүнгээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү /алданги/ тооцох-оор заасан, дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн алдангийн зохицуулалттай нийцээгүй тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй байна.

 

6.2.2023 оны 7 дугаар сарын 7,600,000 төгрөгний зээлийн тухайд нэхэмжлэгч үндсэн зээлийг шаардсан тул энэ хэмжээгээр хангана.

 

6.3.Үүнээс гадна хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа 5,000,000 төгрөгийг хүү, торгууль байж болох юм гэж дээрх үнийн дүнгээр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчаас гаргуулах нь зүйд нийцнэ.

 

6.4.Хавтаст хэргийн 19 дахь талд 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөр огноолсон Гунгаа овогтой Оргой миний бие тус компанид машин барьцаалж (H3 хаймер 40-98 УБТ 2022 оны 02-р сарын 22-нд анх зээл авснаас 2023-7 сард 7,600,000 мөн 9-р сард 10 сая, 3 сая төг, 6 сая 49000 үлдэгдэл. Үүнээс эхний авсан 6 сая 49000, 3 сард 7,600,000, нийт 13 сая 649000 төгрөгний 3% хүү 50% хувийн алданги 12 сая 500,000, нийт 40 сая төгрөг төлөхөөр болсныг хариуцлагатайгаар хүлээн зөвшөөрч байна гэх утгатай бичгийн баримтаар хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, төлбөл зохих зээлийн үүрэг энэ хэмжээгээр 40 сая төгрөг гэж үзэхгүй тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй.

 

6.5.Мөн хариуцагч зээлээс 14 сая гаруй төгрөг төлсөн гэж тайлбарласан боловч хэрэгт зээл буцаан төлсөн талаарх ямар ч баримт авагдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх тул зээлээс хасч тооцохгүй.

Хэрэгт ирүүлсэн Хаан банкны дансны депозит хуулгаар 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2,000,000 төгрөг нь хариуцагчаас зээлд төлсөн буюу зарлагын гүйлгээ бус харин түүнд орсон орлогын гүйлгээ байгааг дурдав.

Иймд хариуцагчаас нийт 22,120,000 /9,520,000+7,600,000+5,000,000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулна.

 

7.Талууд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 01/05 тоот гэрээг байгуулж, Hummer H3 маркийн ******* улсын дугаартай 2009 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг зээл төлж дуусах хүртэл нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байх тул анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэжээ.

7.1.Гэсэн хэдий ч хэрэгт тухайн автомашин хариуцагч эзэмшилд байсан, дээрх гэрээний үндсэн дээр автомашины эзэмших эрх нэхэмжлэгч *******-д шилжсэн талаарх баримт авагдаагүй байна.

 

7.2.Мөн зохигчид тээврийн хэрэгсэл бодитоор хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байгаа үйл баримтад маргаагүйгээс гадна нэхэмжлэгч Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгийг бодитойгоор гаргуулан авах шаардлага гаргаагүй, харин зээлийн гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр шаардаж, улмаар тухайн автомашиныг барьцааны зүйл гэж үзэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгоно. Энэ үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоос барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой гэсэн хэсгийг хангав.

 

8.Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх бөгөөд хэн, хэнээс, юуг, ямар үндэслэлээр шаардах асуудал нэхэмжлэгчийн бүрэн эрхэд хамаарах тул хариуцагчаар *******г тогтоох байсан, жинхэнэ хариуцагч биш байтал хариуцагч солиогүй гэсэн хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

9.Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2026/01768 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч 22,120,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,880,000 төгрөг болон фидуцийн зүйл болох Hummer H3 маркийн, ******* улсын дугаартай, тээврийн хэрэгслээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарлалтыг 2 гэж өөрчлөн дугаарлаж, мөн хэсгийн 368,985 гэснийг 268,550 гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтын дугаарлалтыг 3 болгон өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 368,895 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

О.ОДГЭРЭЛ