Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 0311

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Б.Ш, Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ш, Б.Н нарт холбогдох эрүүгийн 1925005750400 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Ш

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Н

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Ш нь иргэн Б.Н-ыг нөхөр А.Ариунбаяртай хардан 2019 оны 08 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр худалдааны гудамжинд маргалдан улмаар толгой тус газар нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Н нь 2019 оны 08 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр худалдааны гудамжинд иргэн Б.Ш-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас эрх чөлөөнд нь халдан толгой, цээж хэсгийг маажиж цохин мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Ш-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Нямдуламыг зүс таньдаг байсан. 2 дахин уулзаж байна. Урьд нь Нямдуламын хүүхэд нь манай нөхрийг асууж ирэхээр нь асуухад ээж нь дуудуулсан байсан. Тэгээд би нөхрийнхөө утсыг шалгаж үзэхэд Нямдуламаас хайртай, санаж байна гэсэн мессеж ирсэн байсан. Ингээд нөхөр болон Нямдулам нартай уулзаж аль аль нь дахиж уулзахгүй гэсэн. Би итгэсэн байсан. Гэтэл энэ хоёр 8 сарын 17-нд дахин уулзсан байсан. Тэр шөнө уулзаж байгааг нь дуулаад очиж энэ маргаан болсон. Би итгэсэн байсан болохоор тэр үед шоконд орсон байсан гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Б.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Шүр-Эрдэнэ эгчийн нөхөр Ариунбаяртай 2019 оны 04 сараас уулздаг болсон. Өмнө нь Нямдулам эгчид 1 удаа зодуулж байсан. 2019 оны 08 сарын 17-нд Ариунбаяр над руу залгаад хүрээд ирээч ярих юм байна гээд байсан. Тэгээд би очсон. Би гэм буруутай зүйл хийсэн ойлгож байгаа. Би архи, дарс уугаагүй байсан. Уг нь хэл яриагаар ойлгох байх гэж бодсон чинь учир зүггүй зодоод эхэлсэн. Одоо дахин ийм асуудал гаргахгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Ш-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид маргалдаж зодолдсон боловч хэл амаараа ойлгоцсон. Нөхөртэйгээ 20 гаран жил амьдарсан. Гэтэл одоо ийм байдалтай байна. Нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Одоо гомдолгүй. Нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч П.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Нямдулам над руу 00 цаг 30 минутын үед залгаад найз нь зодуулчихлаа, нүүр ам авах юм байхгүй гэж хэлээд удаагүй 10-20 минутын дараа манай гэрт орж ирсэн. Нямдуламын толгой цус болсон, нүүр нь хавдсан, цус хурсан байдалтай орж ирсэн. ...Ариунбаяр ярих юм байна гээд намайг дуудсан би худалдааны гудамжинд явж очоод Ариунбаяртай юм яриад сууж байгаад босох гэтэл Ариунбаярын эхнэрийн дагавар охин нь Нямдуламын цүнхнээс барьж аваад явуулахгүй гээд байж байхад Ариунбаярын эхнэр болох Шүр-Эрдэнэ ирээд Нямдуламын үснээс зулгаагаад нүүр лүү нь өшиглөсөн гэсэн мэдүүлэг /хх 12-13 ху/,

 

-Гэрч А.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Нямдуламын цүнхнээс зуураад зогсож байсан, ээж ирээд аавын мөр лүү нь 1 удаа цохисон, гэтэл Нямдулам ээжийг болиоч гээд улмаар ээж Нямдуламыг үснээс нь зулгаагаад нүүр лүү нь өшиглөсөн. ...Нямдуламыг аав хамгаалаад сандал дээр сууж байхад нь ээж хажуу талаас нь цохиод байх шиг байсан гэсэн мэдүүлэг /хх 18-19 ху/,

 

-Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Шүр-Эрдэнэ эгч Нямдуламын үснээс зулгаагаад доошоо суух үед нь нүүр лүү нь өшиглөөд гар хөл рүү нь өшиглөөд байсан гэсэн мэдүүлэг /хх 20-21 ху/,

 

-Гэрч А.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Шүр-Эрдэнэ намайг Нямдуламтай хардаж намайг цохиж авсанаа Нямдуламыг үснээс нь зулгаасан. Тэгсэн чинь хажуу талаас нь Оюун-Эрдэнэ Нямдуламын үснээс нь зулгаасан чинь нөхөр нь болох Чухал-Эрдэнэ эхнэрээ аваад холдсон. Энэ үед Нямдулам сандал дээр суусан чинь Шүр-Эрдэнэ нүүр лүү нь өшиглөсөн ба Нямдулам босч ирээд Шүр-Эрдэнийг үсдээд гар болон цээжнээс нь базаж маажаад байсан гэсэн мэдүүлэг /хх 23 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 553 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Н-ын дагзны хуйханд шарх зөөлөн эдийн няцрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух хамрын нуруу, хацар, ооч хүзүүнд зулгаралт, дал, бугалга, гуя шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 28-29 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 593 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Н-ын биед нэмэлтээр тархи доргилт, зүүн нүдний алимны доргилт, салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй.

3. Гэмтэл нь хэрэг болсон гэх 2019 оны 09 сарын 17-ноос 18-нд үүссэн байж болно гэсэн дүгнэлт /хх 33 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 560 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Ш-н биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал, бугуйн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, гуя, өвдөг шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүдийн бугуйн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал, гуя, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 37-38 ху/,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5 ху/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 6 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44, 49 ху/

-Б.Н-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 76, 78-79 ху/

-Б.Ш-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 81, 82-83 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Ш нь иргэн Б.Н-ыг нөхөр А.Ариунбаяртай хардан 2019 оны 08 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр худалдааны гудамжинд маргалдан улмаар толгой тус газар нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Н нь 2019 оны 08 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр худалдааны гудамжинд иргэн Б.Ш-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас эрх чөлөөнд нь халдан толгой, цээж хэсгийг маажиж цохин мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...нөхөр Нямдулам нартай уулзаж аль аль нь дахиж уулзахгүй гэсэн. Би итгэсэн байсан. Гэтэл энэ хоёр 8 сарын 17-нд дахин уулзсан байсан. Тэр шөнө уулзаж байгааг нь дуулаад очиж энэ маргаан болсон” гэсэн, шүүгдэгч Б.Н-н “2019 оны 08 сарын 17-нд Ариунбаяр над руу залгаад хүрээд ирээч ярих юм байна гээд байсан. Тэгээд би очсон. Би гэм буруутай зүйл хийсэн ойлгож байгаа. Би архи, дарс уугаагүй байсан. Уг нь яриа хэлээр ойлгох байх гэж бодсон чинь учир зүггүй зодоод эхэлсэн. Одоо дахин ийм асуудал гаргахгүй” гэсэн, хохирогч Б.Ш-н “Бид маргалдаж зодолдсон боловч хэл амаараа ойлгоцсон. Нөхөртэйгээ 20 гаран жил амьдарсан. Гэтэл одоо ийм байдалтай байна. Нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй”, хохирогч Б.Н-н “Одоо гомдолгүй. Нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч П.Наранбаяр /хх 12-13 ху/, гэрч А.Т /хх 18-19 ху/, гэрч Б.О /хх 20-21 ху/, А.А /хх 23 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн Б.Нын дагзны хуйханд шарх зөөлөн эдийн няцрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух хамрын нуруу, хацар, ооч хүзүүнд зулгаралт, дал, бугалга, гуя шилбэнд цус хуралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 553 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Б.Н-ын биед нэмэлтээр тархи доргилт, зүүн нүдний алимны доргилт, салстад цус харвалт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 593 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Б.Ш-н биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал, бугуйн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, гуя, өвдөг шилбэнд цус хуралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 560 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Б.Ш, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ш, Б.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хохирогч Б.Ш, Б.Н нар нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Ш, Б.Н нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд дээрх нөхцөл байдал болон тэдний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан шүүгдэгч нарт торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Ш, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш, Б.Н нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Ш, Б.Н нар нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш, Б.Н нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш, Б.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА