| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 183/2024/04132/И/Т |
| Дугаар | 210/МА2026/00838 |
| Огноо | 2026-04-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2026/00838
2026 04 17 210/МА2026/00838
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2026/01484 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.*******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 44Б/88 дугаар тушаалаар ...Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 11.1, Цалин хөлсний журмын 5.3 дахь заалтыг үндэслэн ******* хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд тушаалыг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр танилцуулсан.
1.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заасан. Мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцээгүй гэх дүгнэлт гарч байгаагүй, энэ талаарх комисс байгуулагдаагүй, мөн миний хувьд ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан болно.
1.3.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан хугацааны өмнө мэдэгдэл өгөөгүй болно.
Иймд миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн баталгаажуулалт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Ажил олгогчийн зүгээс 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Гүйцэтгэх захирлын 44Б/88 тоот тушаалыг хүчингүй болгож, ******* 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс ажлын байранд нь эгүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргасан. Энэ талаар 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 44Б/24 тоот албан бичгээр болон утсаар мэдэгдсэн.
2.2.Гэтэл нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэхгүй байгаа нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нэгэнт сэргэсэн байх тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.
2.3.Нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан талаар нэхэмжлэлдээ дурдсан байх хэдий ч удаа дараа ажлын цагийг хийдүүлэх, ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэх болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгээгүй гэх зэрэг зөрчлүүдийг гаргаж компанийн соёл болон үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байсан нь нэхэмжлэгчид Ажил олгогчийн зүгээс ногдуулсан Зөрчлийн хуудас зэргээр нотлогддог. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1.*******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 4 дүгээр сарын сарын 30-ны өдрийн 44Б/88 дугаар тушаалаар *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэхүү тушаалын 3 дахь хэсэгт заасны дагуу ******* ажилтан М.Мөнхжинд ажилласан хугацаанаас нь хамааран 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг буюу 2,500,000 төгрөгийг олгосон.
3.2.*******-ийн гүйцэтгэх захирлын 44Б/143 тоот тушаалаар дээрх ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг хүчингүй болгосон ба 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гаргаж, ажилтан *******д мэдэгдсэн.
Иймд ажилтан *******д тэтгэмж олгосон эрх зүйн үндэслэл буюу тушаал хүчингүй болсон тул 2,500,000 төгрөгийн тэтгэмжийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгч талын сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
4.1.Хариуцагч нь хэлбэр төдий тушаал гаргасан. Нэхэмжлэгч *******г ажилд эгүүлэн аваагүй байгаа учир 2,500,000 төгрөгийг буцаан төлөх үндэслэлгүй гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч *******ийн ажилгүй байсан 4, 5, 6 дугаар сарын хугацааны цалинг хөлсний нийлбэр дүн болох 7,206,368 төгрөгөөс тооцон зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч *******-д даалгаж, үлдэх хэсэг болох урьд эрхэлж байсан *******-ийн LG дэлгүүр хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******өөс 1,991,250 төгрөгийг гаргуулан хариуцагч *******-д олгож, үлдэх 508,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 70.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 70,200 төгрөгийг гаргуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газрын 100200100941 тоот дансанд оруулж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч *******өөс 46,810.00 төгрөгийг гаргуулан хариуцагч *******-д олгож шийдвэрлэжээ.
6.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1.Шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагч *******- иас хөдөлмөрийн гэрээг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй бөгөөд шүүх хуралдааны явцад Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг хариуцагчаас нотлох баримтаар гаргуулах хүсэлтээ дэмжсэн боловч хүсэлтийг хангахгүй орхиж нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн ба нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн.
Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг хэрэгт нотлох баримтаар хавсаргалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийг бүрэн бодитой, тал бүрээс шийдвэрлэх боломжгүй нөхцөлийг үүсгэсэн. Эдгээр баримтгүйгээр ажилтны ажил үүргийн хуваарь, сахилгын зөрчил гаргасан эсэх, ажлаас чөлөөлсөн үндэслэл хууль ёсны эсэхийг бодитой эсэх, мөн нэхэмжлэгчийн цалин болон бусад хэрэг хянан шийдвэрлэхэд чухал мэдээллийг авалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
6.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх бодитой сэргээгүй, хариуцагч компани нь 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тушаал гаргасан боловч өнөөдрийг хүртэл нэхэмжлэгийн ажилдаа очих талаар мэдэгдээгүй, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөөгүй зэргээс өөрсдийн үйлдлийг зөвтгөх зорилготой гаргасан тушаалаа хүчингүй болгосон нь илт харагдаж байна.
Түүнээс гадна хариуцагч компани нь 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн мэйл хаягаар тушаалыг хүргүүлсэн бөгөөд тус өдөр нэхэмжлэгч аль хэдийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байсан, мөн нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндэд хариуцагч компани ноцтойгоор халдсан тул өөрийн нэр, төр алдар нэр хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмж гаргасан.
Нэхэмжлэгч нэгэнт өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар хариуцагч компанийн цахим хаяг руу цахим шуудан хүргүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан бөгөөд үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.
6.3.Хариуцагчаас 1 сарын үндсэн цалин тэнцэх тэтгэмжид 1,991,250 төгрөгийг хэрхэн тооцож гаргасан болон 5,761,344 төгрөгийг хэрхэн бодсон нь тодорхойгүй, хөдөлмөрийн гэрээнээс нэхэмжлэгчийн цалингийн талаарх мэдээллийг харалгүйгээр хариуцагчийн бодсон үнийн дүнгээр шууд шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Дээрх тооцооллыг хөдөлмөрийн гэрээг заавал нотлох баримтаар хавтаст хэрэгт авч гаргаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
7.Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
7.1.Нотлох баримт гаргуулах хүсэлтийн тухайд: Нэхэмжлэгч уг хүсэлтэд дурдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн бол шүүх хуралдаанаас өмнө гаргах бүрэн боломжтой байсан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан үндэслэл байгаа эсэхийг тодорхойлоогүй мөртөө ийнхүү гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Хариуцагч нь *******тэй хөдөлмөрийн харилцаа үүсгэхдээ хөдөлмөрийн гэрээг 2 хувь үйлдэж, нэг хувийг ажилтанд хүлээлгэн өгсөн. Компанид үлдсэн хувиас ажилтанд танилцуулж, баталгаажуулсан болох нь тодорхой харагддаг.
7.2.Хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалыг 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар хүчингүй болгосон. Тухайн тушаалын үндэслэлийг буруу гаргасан болохыг манайх хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар маргаангүй. Ингээд нэхэмжлэгчийг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн урд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг. Энэ талаарх мэдэгдлийг 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүний нөөцийн мэргэжилтний мэйл хаягаар хүргүүлсэн. Улмаар нэхэмжлэгч өөрийн ******* хаягаас хариу ирүүлсэн. Мэдэгдэлд дурдсан 6 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа ирээгүй тул 6 дугаар сарын 18-ны өдөр дахин мэдэгдэл хүргүүлсэн. Иймээс нэхэмжлэгч мэдэгдэлд дурдсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа эргэж ороогүй гэх үндэслэл бүрдсэн.
7.3.Хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 44Б/88 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг үндэслэлийг буруу гаргасан болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч тушаалыг хүчингүй болгосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 2,500,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн үйлдэл мөн адил хүчингүй болгох эрх зүйн үр дагавартай. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасны дагуу тэтгэмжийг буцаан шаардсан. Сөрөг нэхэмжлэлд 1,991,250 төгрөгийг хэрхэн тооцсон талаарх тооцооллыг хавсаргасан.
7.4.Ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 192 дугаарын хавсралтаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлийн 2.3.5-д заасны дагуу нөхөж олгосон. *******г ажлаас чөлөөлсөн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх нийт 33 хоногийг дундаж цалин хөлсөөр үржүүлж 5,761,344 төгрөг олгосон. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэрэг суутгалууд хасагдаж, гарт олгосон дүнгээр шилжүүлсэн.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, нэхэмжлэгчийн эрхийг хангаж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлж хэргийг шийдвэрлэсэн тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр шаардсаныг хариуцагч ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож үр дагаврыг арилгасан, ажилдаа эргэж орохыг мэдэгдсэн ч ажилтан өөрөө ирээгүй, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,761,344 төгрөгийг шилжүүлсэн, нийгмийн даатгалын байгууллагад нөхөн бичилт хийлгэх тухай хүсэлт гаргасан боловч нөхөн бичилт зөвшөөрөл авч чадаагүй үндэслэлээр эс зөвшөөрчээ.
Улмаар хариуцагч *******-иас нэхэмжлэгчид холбогдуулж 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид олгосон 2,500,000 төгрөг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгчээс ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг шүүх шийдвэрлээгүй байгаа тул буцаан олгох үндэслэлгүй, бодитоор ажилд буцаан томилоогүй үндэслэлээр эс зөвшөөрч талууд мэтгэлцжээ.
3.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1.*******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 44Б/88 дугаар тушаалаар: Борлуулалтын албаны LG нэгжид LG дэлгүүр хариуцсан менежер *******г мэргэжил, ур чадварын хувьд тухайн ажилд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 11.1 дэх хэсэг, Цалин хөлсний журмын 5.3 дэх хэсгийг баримтлан ажилтантай байгуулсан 2023-44/93 тоот Хөдөлмөрийн гэрээг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгосон. /хх 7/
3.2.*******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 44Б/143 тоот тушаалаар: гүйцэтгэх захирлын өмнөх 44Б/88 тоот тушаалыг хүчингүй болгож, *******г 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Борлуулалтын албаны LG нэгжид LG дэлгүүр хариуцсан менежер ажлын байранд эгүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. /хх 27/
4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагыг хангаагүй байна. Үүнийг давж заалдах шатны шүүхээс хэргийн баримтын хүрээнд дараах байдлаар эрх зүйн дүгнэлтийг өгч залруулах боломжтой гэж үзлээ.
4.1.Нэхэмжлэгч ******* нь *******-ийн борлуулалтын албаны LG нэгжид LG дэлгүүр хариуцсан менежер ажлын байранд маргааны үндэс болсон
44Б/88 тоот тушаал гарах хүртэл буюу 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн гэрээний байгуулан ажиллаж байсанд талууд маргаагүй, энэ нь хэрэгт авагдсан 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр тогтоогдсон байна. /хх 8/
Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан 44Б/88 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй болохыг ажил олгогч хүлээн зөвшөөрч 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 44Б/143 тоот тушаалаар хүчингүй болгосон байна. /хх 27/
4.2.Нэхэмжлэгч 44Б/88 тоот тушаалын хууль зүйн үндэслэлд маргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрч дээрх маргаан бүхий тушаалыг хүчингүй болгосон тул хэрэгт нотлох баримтаар Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ авагдаагүй хэдий ч бусад баримтын хүрээнд хуульд нийцээгүй тушаалаас үүдэн гарах үр дагаврыг шийдвэрлэх боломжтой байна.
Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоос хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхэд шаардагдах баримтууд хэрэгт авагдаагүй, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам байхгүй гэсэн хэсгийг хангахгүй орхино.
4.3.Анхан шатны шүүх ажил олгогчийг 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар өмнөх тушаалаа хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх сэргэж үр дагавар арилсан гэж үзэхдээ нэхэмжлэгчийг ажилд нь буцаан томилоогүй орхигдуулсан алдааг гаргажээ.
Ажил олгогч гаргасан тушаалаа хууль зүйн үндэслэлгүй болсныг хүлээн зөвшөөрсөн тул дээрх тушаалын үр дагаврыг арилгаж нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт нийцнэ. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоос хөдөлмөрлөх эрх бодитой сэргээгүй гэсэн хэсгийг хангана.
5.Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон тул тэрээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна.
5.1.Ажил олгогчоос нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт тооцон 5,761,344 төгрөгийг түүний Хаан банкны дансаар 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн болох нь тогтоогдсон. /хх 96, 97/
5.2.Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр ажилтныг буцаан томилсон тушаалаа захиргаа 2024 оны 6 дугаар сарын 13, 18-ны өдрүүдэд мэйл хаягаар хүргүүлсэн нь тогтоогдсон хэдий ч тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан, мөн энэ тухайгаа цахимаар ажил олгогч байгууллагад буцаан мэдэгдсэн болох нь тогтоогдсон. Шүүх иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж эрх, үүрэг, нөлөөлөл болоод хэргийн материалтай танилцсан, түүнчлэн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувийг шүүхээс мөн өдөр гардан авсан байна.
Иймд ажилд нь эгүүлэн томилсныг нэхэмжлэгч энэ хугацаанаас хойш бүрэн мэдсэн, тэрээр түүнээс хойшхи хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй тул шүүх олговрыг тушаал гаргаснаас хойш 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд тулгуурлан тооцвол 17,136,117 төгрөг байна.
(4,243,152+3,738,792+5,371,020=13,352,964 : 3 = нэг сард 4,450,988, нэг хоногт 211,557 төгрөг * ажлын 81 хоног = 17,136,117 төгрөг )
5.3.Үүнээс нэхэмжлэгчид нэг сарын тэтгэмжид 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр олгосон 1,991,250 төгрөг, нэмж олгосон 5,761,344 төгрөгийг тус тус хасч үлдэх 9,383,523 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцнэ.
Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоос тэтгэмж, олговрыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, цалингийн талаарх мэдээлэл хэрэгт авагдаагүй гэсэн хэсгийг хангахгүй.
6.Анхан шатны шүүх ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт нийцжээ.
7.Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,991,250 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт нийцээгүйгээс гадна энэ магадлалын 5.3-т дурдсанаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо тэтгэмжид олгосон мөнгөн хөрөнгийг хасах замаар харилцан тооцсон тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
8.Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
8.1.Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, компанийн хөдөлмөрийн дотоод журмыг хариуцагч талаас шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүхээс 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШЗ2026/06869 дугаар шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал: шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш нэг жил долоон сарын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдсан атал нэхэмжлэгч дээрх хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нотлоогүй байна.
8.2.Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, эдийн бус гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг ажилд эгүүлэн тогтоолгох энэ нэхэмжлэлийн шаардлагатай хамт гаргасныг анхан шатны шүүхээс ажиллагааны явцад 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШЗ2025/25329 дүгээр шүүгчийн захирамжаар тусгаарлахдаа дангаар шийдвэрлэх маргаанд бүрэлдэхүүнээр шийдвэрлэх маргааныг хамт гаргасан, бүрэлдэхүүнийг сонгох, товыг тогтоох зэрэг асуудлаас шалтгаалан ажиллагаа удааширч болзошгүй гэсэн үндэслэл заажээ. Нэхэмжлэгч нэр төр сэргээлгэх шаардлагын үндэслэлээ ажил олгогчоос намайг бусад ажилтнуудад буруу ойлголт төрүүлж, бэлгийн дарамт үзүүлдэг ажилтан мэт ойлголт өгөх байдлаар миний нэр төрд халдсан гэж тодорхойлсноос үзвэл шүүх хэргийг тусгаарлахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь зохицуулалтыг хуулийн агуулгаас өөрөөр тайлбарлаж, буруу хэрэглэсэн байна.
Гэвч дээрх алдаа хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах хэмжээний ноцтой зөрчилд хамаарахгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.
9.Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2026/01484 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******г ******* ХХК-ийн LG дэлгүүр хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,383,523 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг *******-д даалгаж, *******өөс тэтгэмж 2,500,000 төгрөг гаргуулах тухай *******-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч,
Тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарлалтыг 2 болгож, мөн хэсгийн 56.2 гэснийг 56.1 гэж, 70,200 гэснийг 235,286 гэж, үлдээж, нэхэмжлэгч *******өөс 46,810 төгрөгийг гаргуулан хариуцагч *******-д олгосугай. гэснийг үлдээсүгэй. гэж өөрчилж,
Тогтоох хэсгийн 4 дэх заалтын дугаарлалтыг 3 болгон өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
О.ОДГЭРЭЛ