Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 389

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюунсүрэн, Б.Тэмүүжин,

Улсын яллагч Д.Энхтуяа,

Хохирогч Б.Б,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Гт холбогдох эрүүгийн 1918005560423 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Б.Г /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “........” цэнгээний газрын гадна иргэн Б.Б-ийн хөл рүү өшиглөж газарт унагаасны улмаас эрүүл мэндэд нь баруун шилбэний гадна хавчаар ясны хугарал, баруун шагайн мултрал, тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Гийн өгсөн: Тухайн өдөр манай найз нэг хүнтэй юм яриад зогсож байсан намайг цаанаас ирж байтал манай найзтай маргаад байсан. Тэгээд би муудалцсан. Би эд нарыг салгах гэж оролдоод дийлэхгүй байсан. Тэгээд хохирогчийн араас нь цохиж таарсан юм. Хохирогч манай найз Мтой зодолдож байсан. Би найзыгаа өмөөрөөд цохисон гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Б-ийн өгсөн: ...Би 2 найзтайгаа явж байсан. Тэгтэл М, Мб 2 мөн хэн нь мэдэхгүй байна нэг нь манай найзыг дээрэлхэх янзтай байсан. Тэгээд муудалцаад эхлэхээр нь би зодоонд оролцсон. Би тухайн үед Зтай зодолдож таарсан. Гийг би хараагүй байсан. Нэг мэдсэн хөл хугарсан мултарсан шинжтэй байсан. Ийм л юм болсон. Би эмнэлэгт 7 хоносон. Эмнэлгээс гарч ирээд ажилдаа явж чадахгүй гэртээ 7 хоносон. Тэр хугацааны эм тарианы мөнгөнөөс авч үлдсэн баримт байхгүй. Би 10 дугаар сарын 09-нд ажилдаа орсон. Тэр хүртэлх цалин болох нийгмийн даатгалын листийн зөрүү мөнгө 3.000.000 төгрөг, эм тарианд 300.000 төгрөг, хагалгааны төлбөр 600.000 төгрөг, одоо дахиад 600.000 төгрөгийн хагалгаанд орно. Нийт 4.500.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Д.Бын өгсөн: ...Тэгээд нэг харсан чинь Б-ийг цэнхэр хүрэмтэй жижиг залуу араас нь цохих шиг болсон. Тэгэхэд Б газарт унасан. Тэгээд Б-ийг босгох гэхэд “хөл өвдөөд босож чадахгүй байна” гэхээр нь эмнэлэгт үзүүлээд цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Гэрч Ш.Зын өгсөн: ...Зодоон дунд цагаан өнгийн футболкатай залуу нь газарт уначихсан хэвтэж байсан. Яагаад газарт унасныг мэдэхгүй. Тухайн үед цэнхэр өнгийн хүрэмтэй нь Г байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

Гэрч Н.Мын өгсөн: ...бид дахиж маргалдаад би хар өнгийн малгайтай залуутай ноцолдоод бид бөөндөө нэлээн бужигнаад ноцолдсон. Тэгээд боль гээд салсан чинь нөгөө цагаан өнгийн футболкатай шар царайтай залуу газарт хэвтчихсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

Шүүгдэгч Б.Гийн яллагдагчаар өгсөн: ...би цагаан өнгийн футболкатай залуугийн араас толгой руу нь гараараа нэг удаа цохиод хавирч унагаагаад дээрээс нь толгой руу нь гараараа нэг удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

...хар өнгийн Самсунг Эс-8 загварын гар утасны Галерей цэс рүү ороход “July 2019” гэсэн дотор гадаа орчинд хүмүүс зодолдож байгаа бичлэг байв... гэх хохирогч Б.Б-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8/,

Хохирогч Б.Б-ийн гар утсаар хийсэн бичлэгийг хуулсан дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 673 дугаартай “Б.Б-ийн биед баруун шилбэний гадна хавчаар ясны хугарал, баруун шагайн мултрал, тавхайн зөөлөн эдийн няцрал, хагалгааны дараах байдалтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2019 оны 7 дугаар сарын 26-нд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу хүчтэй өшиглөх, цохигдох, унах үед үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/,

Б.Б-ийн баруун хөлийн гадна хавчаар хугарал, шагайн үеийн мултрал учир хэвтэж мултрал засаж гадна хавчаар яс эвлүүлж ялтас тавьж хадах мэс засал хийгдэв... гэх амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 29/,

“Б 30 эр 2019.07.29” гэх хүний хөлийн рентген зураг /хх-ийн 30-31/,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч нь хохирогчийн хөл рүү өшиглөн унагаж байгаа үйл явдлыг харуулсан бичлэг бүхий CD зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “........” цэнгээний газрын гадна иргэн Б.Б-ийн хөл рүү өшиглөж эрүүл мэндэд нь баруун шилбэний гадна хавчаар ясны хугарал, баруун шагайн мултрал, тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Б.Дашдэмбэрэлийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ийн биед баруун шилбэний гадна хавчаар ясны хугарал, баруун шагайн мултрал, тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нь эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин гэж нийт 4.500.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан байх тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

Хохирогч нь эмчилгээний зардал, ажилгүй байсан 2 сарын хугацааны цалинг шүүгдэгчээс нэхэмжилснийг хх-ийн 15 дугаар талд авагдсан эмчилгээний баримт болон хх-ийн 54 дүгээр талд авагдсан хохирогчийн А0412603 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн хохирлын хэмжээг тооцож, шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй юм.

Иймд хохирогчийн ажилгүй байсан хугацааны нэг сарын цалинг түүний 2019 оны 5, 6, 7 дугаар сарын цалингийн дунджаас /1,604,626+1,594,687+1,635,027=4,834,340, 4,834,340:3=1,611,446.7/ эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон 320.000 төгрөгийг хасан /1,611,446.7-320,000=1,291,446.7/ тооцоолж, уг цалинг ажилгүй байсан хугацаанд буюу 2 сараар үржүүлэн 2,582,893.4 төгрөг /1,291,446.7*2=2,582,893.4/-ийг, хохирогчийн эмчилгээний зардал болох хх-ийн 15 дугаар талд авагдсан Дархан-уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн ор хоногийн төлбөр 36.000 төгрөг, шагайн бэхэлгээ худалдаж авсан төлбөр 50.000 төгрөг, эм худалдан авсан төлбөр 56.820 төгрөг, нийт 142.820 төгрөг, бүгд 2,725,713.4 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн 1,774,286.6 төгрөг /4,500,000-2,725,713,4=1,774,286.6/-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчээс гэм буруугийн шүүх хуралдааны дараа хохирол төлөх зорилгоор завсарлага авч, хохирогч Б.Бд 1.890.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч Б.Б-ийн ХААН банкны 0000000000 дугаартай дансанд 1.890.000 төгрөг шилжүүлсэн тухай ХАС банкны төлбөрийн баримтаар нотлогдох ба шүүгдэгчид ял эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч нь үлдэгдэл хохирлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тул шүүгдэгчээс 835.714 төгрөг /2.725.714-1.890.000=835.714/-ийг гаргуулж хохирогчид олгож, шүүгдэгч нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор нөхөн төлөхөөр хохирогчтой эвлэрснийг дурдах зүйтэй юм.

Харин хохирогч нь цаашид зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай нөхцөл байдал тогтоогдож байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. 

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргээр нотлогдох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, зарим хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргаж байна.

Шүүгдэгч Б.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ауй үйлчилгээний газарт эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Гөөс 835.714 /найман зуун гучин таван мянга долоон зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогч Х овогт Б.Б /РД:, утас: /-д олгож, шүүгдэгч нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор төлөхөөр хохирогчтой эвлэрснийг дурдсугай.

6. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР