| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/06693/И |
| Дугаар | 210/МА2026/00848 |
| Огноо | 2026-04-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2026/00848
2026 04 17 210/МА2026/00848
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2026/00198 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
Гэрээний үүрэгт 509,895,025 төгрөг гаргуулах тухай
иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* болон ******* нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ****** ил нүүрсний уурхайн хөрс хуулах, олборлолтын ажлын гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр ******* аймгийн ******* суманд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй ******* нүүрсний ил уурхайн 1 талбайд хөрс хуулалт, нүүрсний давхаргын тээвэрлэлт, гүний ус шахах, зайлуулах нүүрс цэвэрлэх, /нүүрс олборлох, тээвэрлэх, овоолох/ олборлолтын явцад нүүрсний дунд зэргийн бохирдсон давхаргыг цэвэрлэх, нүүрсийг ангилан овоолох, ажлын талбайд зам барих, овоолго хийх замын усалгааны болон бусад ажлыг гүйцэтгэх явцад хоёр талын хооронд үүсэх үүрэг хариуцлагыг зохицуулсан.
1.2.Дээрх гэрээ 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаатай бөгөөд гэрээний 4.1-д хөрс хуулалтын ажлын 1 м.кв 8 юань байна, тооцоолол нь Монгол төгрөг дээр үндэслэсэн бөгөөд ханшийг тухайн шилжүүлэг хийсэн өдрийн Олон Улсын ханшаар тооцоолж бодно гэж заасан.
1.3.****** гэрээний үүргээ цаг хугацаандаа биелүүлж байсан. Харин ******* гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нийт хийсэн ажлын тооцоо тулгалт хийж албан ёсоор ажлын талбайгаас гарсан. Үүнээс хойш гэрээнд заасан хугацаа 80 хоногоор хэтэрсэн тул мэдэгдэл хүргүүлсэн. Удаа дараа шаардаж байж 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хоёр талын захирал болон нягтлан нарын хамт тооцоо нийлж 477,415,438 төгрөгийн баримт үйлдэж гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан.
1.4.Үүнээс ******* нь 200,000 юань буюу тухайн өдрийн ханшаар 95,000,000 төгрөг төлсөн тул нийт үнийн дүнгээс хасч үлдэх 382,415,438 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
1.5.Талуудын хооронд байгуулсан гэрээний 9.1-д Хэрэв нэг тал гэрээгээ зөрчсөн бол үүргээ биелүүлээгүй тал зөрчөөгүй талдаа гэрээний үнийн дүнгийн 20 хувийн алданги төлнө, 9.3-д гэрээний аль нэг тал гэрээг зөрчсөн тохиолдолд гарах зардлыг гэрээ зөрчсөн тал хариуцна гэж заасан ба энэ заалтад өмгөөлөгчийн ажлын хөлс багтсан болно. Гэрээний үүрэг биелэгдээгүй үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх алданги 76,483,087 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 19,120,771 төгрөг, нийт 478,019,296 төгрөг байна.
Иймд *******-иас гэрээний үүрэгт 478,019,296 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан.
1.6.Талууд гэрээний төлбөрийг валютаар тохиролцсон бөгөөд 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн тооцоо тулгалтын актаар төлбөрийн үлдэгдэл 824,124 юань буюу 382,415,438 төгрөг үлдсэн. 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Монгол банкны юанийн ханш 502,65 төгрөг байх ба үлдэгдэл 824,124 юанийг төгрөгт шилжүүлбэл 414,291,167 төгрөг байна. Шүүх дээр маргаан удаан үргэлжилсэн учраас Монгол Банкны сайтад нээлттэй байдаг мэдээлэлд үндэслэж зөрүү 31,875,729 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Иймд *******-иас нийт 509,895,025 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Талууд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сайн хөөвөр ил нүүрсний уурхайн хөрс хуулах, олборлолтын ажлын гэрээ байгуулсан.
2024 оны 03 дугаар сараас хөрс хуулалтын ажил эхэлсэн бөгөөд ******* ажил эхлэхэд гэрээний үндсэн ажлын хэсэг болох зам тавих, ажлын талбайн замыг засаж сайжруулах, газрын гүнээс гарсан усыг шавхах, нүүрсийг ангилан овоолох, уурхайн ажлын доголын өндөр төсөлд тусгагдсанаар хийгээгүй, зам усалгааны ажлуудыг хийх ёстой байсан боловч дээрх ажлуудыг хийгээгүй. Энэ асуудлаар удаа дараа аман болон бичгээр шаардах хуудас явуулж байсан боловч ******* хариу өгөхгүй, дээрх ажлуудыг бүрэн хийж гүйцэтгэхгүй байсны улмаас гэрээг 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зогсоосон.
2.2.Гэрээг зогсооход манай компанитай ажил хүлээлцсэн акт үйлдээгүй, тухайн ажлын талбайг орхин явсан. Шүүхэд гаргасан тооцооны тулгалт баримтад миний бие гарын үсэг зураагүй нь тогтоогдсон.
2.3.2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Уул уурхайн, Хүнд үйлдвэрийн Яам-ны Салбарын хяналтын газрын салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 06-00/007 тоот удирдамжийн хүрээнд *******-ийн Сайн хөөврийн нүүрсний ил уурхайд хууль дүрэм журам, норм стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийгдсэн. Энэ шалгалтаар *******-ийн гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгээгүйн улмаас холбогдох зөрчлүүд дээр Улсын байцаагчийн албан шаардлага тавигдсан.
2.4.*******-ийн гэрээний дагуу хийгдсэн ажилд ****** ил уурхайд Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулж, Геологи уул уурхай, Газрын тос, хийн хяналтын улсын байцаагч оногдуулсан 10,000,000 төгрөгийн мөнгөн торгуулийг 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төлж барагдуулсан. Мөн *******-ийн дутуу болон буруу хийсэн ажил дээр Улсын байцаагчийн тавьсан шаардлагын дагуу манай компани 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дахин өөр компанитай гэрээ хийж нэхэмжлэгч компанийн ажлыг хийлгэсэн. Дээрх зөрчлөөс үүдэн Сайн хөөврийн Ил уурхай 7 хоног үйл ажиллагаа зогссон. Үйл ажиллагаа зогссоноор өдрийн 80.000 юань 7 хоногт 560.000 юанийн алдагдал хүлээсэн.
2.5.Манай компанийн уурхайн ерөнхий инженер удаа дараа шаардлага хүргүүлж, холбогдох материалуудыг 2024 оны 4, 5 дугаар саруудад албан бичгээр шаардаж байсан. Гэвч тус компани хариу өгөөгүй, шаардлагатай Хүний нөөцийн баримт бичгийг өгөөгүй. Манай уурхай дээр гадаад иргэд ажил хөдөлмөр эрхлэхдээ Монгол Улсын Гадаадын иргэн харьяатын газраас тогтоосон Гаднаас ажиллах хүч авах хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн СЗ визний ангиллаар ажиллах эрхтэй байдаг. Гэвч *******-ийн гаднаас авч ажиллуулж буй ажиллах хүчний визний мэдээлэл байхгүй, мэргэжлийн үнэмлэхгүй, хөдөлмөрийн гэрээ анкетыг бидэнд өгөөгүй. Мөн ******* мэргэжлийн болон мэргэшсэн баг хамт олон бүрдүүлээгүй, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн аюулгүй ажиллагааг хангаагүй байсан.
Ажилчдын аюулгүй ажиллагааг бүрэн хангадаггүй, ХАБЭА-н зааварчилгаа өгдөггүй, гэрээ болон хууль дүрмийг ноцтой зөрчиж байсан. Байгаль орчныг хамгаалах тал дээр хогийн нэгдсэн цэг дээр хог хаягдлаа хаядаггүй, техник тоног төхөөрөмжийг замбараагүй тавьдаг байсан нь удаа дараа илэрсэн. Мөн 2024 оны уулын ажлын төлөвлөгөөний дагуу ажлыг хийж гүйцэтгээгүй нь гэрээ цуцлах үндэслэл болсон. Тус компанийн гэрээний хэрэгжилт дутуугаас үүдсэн санхүүгийн хохирлыг их амссан.
2.6.Мөн талуудын хооронд байгуулсан гэрээнд маргааныг арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн заалт байгаа. Гэрээг орчуулсан баримтад шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ гэж байгаа.
2.7.Манай компани *******-д 5 удаагийн төлөлтөөр 653,420,000 төгрөг төлөөд байна. Гэрээний нэгж үнэ 8 юань. Энэ үнэнээс хөрс хуулалтын төлбөр 5 юань, бусад ажлын төлбөр 3 юаниар тооцохоор тохирсон. нийт 273,862.60 м.куб хөрс хуулсан тул 1,369,313 юань, төхөөрөмж хэрэглэсэн болон түлшний төлбөр 31,102.80 юань тул нийт 1,400,415.80 юань, ханш 470 төгрөг, нийт 658,195,426 төгрөг болно. Бусад 3 юанийн ажил үүргээ гүйцэтгээгүй учраас хөрс хуулалтын, дизель болон бусад зардлыг бүгдийг төлсөн тул -д төлөх төлбөргүй болно.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас нийт 382,415,438 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үлдсэн 127,479,587 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 2,865,429 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 45 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,070,027 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүх Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 06-00/007 дугаар Хяналт шалгалтын удирдамжийн Хавсралт хүснэгт 1-т шалгалтад хамрагдах аж ахуй нэгжийг тусгасан байх ба уг жагсаалтад нэхэмжлэгч байгууллага тусгагдаагүй байна гэж буруу дүгнэсэн.
Талуудын хоорондох ажлын гэрээний 1.1-д ****** нүүрсний ил уурхай гэж тусгасан. Сайн хөөвөр нь ******* аймгийн ******* сумын *******-ийн эзэмшдэг ****** нэртэй уурхай бөгөөд тайлбар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газрын шалгалтын тэмдэглэл дээр *******-ийн уурхайд ******* нь олборлолт хийж байгаа талаар тодорхой дурдсан.
Нэхэмжлэгч төлбөрөө төлөөгүйгээс уурхайгаас 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гарсан гэдэг нь үндэслэлгүй. Харин нэхэмжлэгч тал 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Хяналт, шалгалтын удирдамжтай танилцаад өөрсдөө удирдамжид заагдсан ажлыг хурдан шуурхай хийж чадахгүй гэдгээ хэлж 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр уурхайгаас өөрсдөө явсан.
4.2.*******-ийн тус уурхайд хийж гүйцэтгэсэн хөрс хуулалтын ажил чанарын шаардлага хангаагүй. Хөрс хуулах нүүрс олборлох явцдаа нүүрсийг хольж овоолдог, дунд давхаргын хөрсийг нүүрстэй цуг хуулдаг, уурхайн доголын өндөр болон хажуугийн налууг ажлын төлөвлөгөөний дагуу хийдэггүй, гадаргын усыг шавхаагүй, ажлын байранд зам тавиагүй, замын хажуугийн налууг стандартын дагуу хийдэггүй, уулын ажлын төлөвлөгөөгүй, 10 хүрэхгүй ажилчидтай, тэдгээр хүмүүс нь мэргэжлийн бус, ажлын байрны давтан зааварчилгаанд ажилчдаа хамруулдаггүй, өдөр тутмын зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаггүй байсан. Энэ нь яамнаас хийсэн хяналт шалгалтын тайлангаар тогтоогдсон.
Хэргийн материалд стандартын дагуу хэмжилт хийж, талууд ажлыг дүгнэсэн баримт нэг ч байхгүй. Уурхайгаас гарсан 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр болон түүнээс өмнө ч хийсэн ажлаа дүгнэсэн, тооцоо нийлсэн баримт байхгүй. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул ажлын талбайгаас гарсан гэх тайлбар үндэслэлтэй гэж яг, ямар нотлох баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй, үндэслэлээ тодорхой зааж дурдаагүй байна. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээгээр ганц хөрс хуулалтын ажил хийх ёстой мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэрээнд зааснаар өөр бусад ажил хийж гүйцэтгэх ёстойг орхигдуулсан.
4.3.Хариуцагч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн тооцоо тулгалт баримт дээр нягтлан бодогчийг хэрхэн хуурч, гарын үсэг, тамга тэмдэг зуруулсан талаар хариу тайлбартаа дэлгэрэнгүй бичсэн байгаа. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь би энэ компани дээр очсон гэж тайлбарласан ч түүнээс тодруулж асуухад хариуцагч компанийн хаяг байршил нь биш, байшингийн давхрыг ч худлаа хэлсэн болно. Хариуцагч ******* дээр эрэгтэй, 30 насны залуу ирж нягтланг хуурч гарын үсэг зуруулсан бөгөөд уг бичиг дээр -ийн захирлын гарын үсэг ч байгаагүй, мөн *******-ийн захирлын гарын үсэг ч байхгүй болно.
4.4.Нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан хятад хэл дээрх итгэмжлэл 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр олгосон байхад орчуулга дээрх он, сар, өдөр 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэж бичсэн, илтэд хуулийн шаардлага хангаагүй итгэмжлэл байсан.
4.5.Мөн шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 202 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс эвлэрүүлэх зуучлах ажиллагааны хэргийг бүхэлд нь гаргах зүйтэй гэж шүүх хуралдааныг хойшлуулсан. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хэрэгтэй танилцахад *******-иас хэн ирсэн, ямар албан тушаалтай хүн ирсэн нь тодорхой бус, мөн эрх үүрэг танилцуулсан баримт болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас гаргасан баримт дээр хариуцагч талаас ямар ч хүний гарын үсэг нэг ч байхгүй байна. Иймд хууль зөрчиж бүрдүүлсэн баримтыг нотлох баримтад тооцохгүй талаар тайлбарласан ч дүгнэлт өгөөгүй.
4.6.Мөн талуудын хоорондох гэрээний 10.1-д хэрэв зөвшилцөлд хүрэхгүй бол ...арбитрын шүүхэд шилжүүлнэ гэсэн заалт хоёр талын гэрээнд дурдсан. Энэ талаар шүүхийн хуралдааны явцад тайлбар гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар үгүйсгэсэн болон хүлээн зөвшөөрсөн эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.
Ажил гүйцэтгэх гэрээний гол зүйл ажлаа хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх бөгөөд ******* нь ажлаа хүлээлгэж өгөөгүй, стандартын шаардлагын дагуу гүйцэтгээгүй болох нь төрийн байгууллагын шалгалт хяналтын байцаагчийн дүгнэлтээр нотлогдоно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1.Нэхэмжлэгч ******* нь *******-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, -тай ямар нэгэн гэрээний харилцаанд ороогүй. Мөн Уул уурхайн яамнаас 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр баталсан хяналт шалгалтын удирдамж болон түүний хавсралтад *******, *******-ийн аль алиных нь нэр тусгагдаагүй байгаа нь уг үйл баримтыг үгүйсгэж байна.
Гэрээний дагуу хөрс хуулалтын ажил чанарын шаардлага хангаагүй талаар маргаж байгаа боловч гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэсэн.
Нэхэмжлэгч тал ажлаа орхиж явсан, цөөн ажилтантай байсан гэх тайлбар гаргаж байгаа боловч бодит байдалд тухайн уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, ажиллах хүч, ажилчдын хоол, цалин хөлс болон холбогдох бүх зардлыг өөрсдөө бүрэн хариуцан ажилласан. Талуудын хооронд хийсэн тохиролцоогоор гүйцэтгэсэн ажлын хэмжээнд нь тулгуурлан төлбөрийг үе шаттай шилжүүлэх ёстой байсан боловч хариуцагч төлбөрийг хугацаанд нь олгоогүй. Үүний улмаас ажилчдын цалин хөлсийг тухай бүр олгох боломж хязгаарлагдаж ажлыг зогсоох нөхцөл байдал бий болоход нөлөөлсөн.
5.2.2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн тооцоо тулгалтын актад 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд хийсэн ажлын тооцооллыг тусгасан ба *******-ийн тамга, санхүүгийн тамга, нягтлан бодогчийн гарын үсэг зурагдсан. Мөн тухайн үед компанийн захирлын гарын үсэг зурагдаж, -ийн тамга дарсан. нь хамгийн сүүлийн хөрс хуулалтын ажлыг 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гүйцэтгэж дуусгасан бөгөөд үүнээс хойш ажлын талбай дээрх үйл ажиллагаа санхүүжилтийг олгоогүйгээс бүрэн зогссон. Энэхүү актаар нийт 273,862.6 кубметр хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн болох нь тогтоогдож, уг тоон үзүүлэлт нь талуудын хоорондох тооцоо нийлэх үндсэн суурь болсон.
Хариуцагч *******-ийн захирал -ийн гарын үсэг зурж баталгаажуулсан, албан ёсны орчуулгатай тайлбарт нийт 273,862.6 кубметр хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн гэж дурдсан бөгөөд үүний үндсэн дээр төлбөрийн тооцоог нэгжийн үнийг 8 юань, 5 юань, 3 юань гэх мэтээр задалж ирүүлсэн.
Тооцоо тулгалтын актыг хууль бусаар, хүч хэрэглэн гарын үсэг зуруулсан гэх тайлбарыг хариуцагч талаас гаргасан боловч акт үйлдэгдсэнээс хойш 4 хоногийн дараа 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 200,000 юань төлбөр шилжүүлсэн нь уг актыг талууд хүлээн зөвшөөрч, тооцоогоо нийлсэн болохыг нотолж байна.
5.3.Мөн хөрс хуулалтын ажлаас гадна гэрээнд заасан бусад олон төрлийн ажил хамт хийгдэж байсан бөгөөд эдгээр ажлыг гүйцэтгэх боломжгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй. Эдгээр ажлын өртөг, тооцоолол нь тусдаа нөхцөлтэй байсан бөгөөд зөвхөн хөрс хуулалтын ажлын хувьд 1 кубметрийг 8 юаниар тооцохоор гэрээнд тохиролцсон. Үүний дагуу нэхэмжлэгч тал гүйцэтгэсэн ажлын төлбөрийг шаардаж, тооцоо тулгалтын актыг үйлдсэн.
5.4.Итгэмжлэл 2024 оны 11 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд хийгдсэн бөгөөд эхлээд хятад хэл дээр үйлдэгдэж, дараа нь монгол хэл рүү орчуулагдсан. Нэхэмжлэгч талаас эх баримтыг хятад хэлээр ирүүлсний дагуу уг баримтыг баталгаат орчуулгаар монгол хэл дээр буулгаж, холбогдох байгууллагаар баталгаажуулсан. Иймээс уг итгэмжлэл Иргэний хуулийн шаардлагыг хангаж байгаа бөгөөд хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй.
5.5.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тухайд талууд харилцан тохиролцож, эвлэрүүлэн зуучлах уулзалтыг хийсэн бөгөөд уг уулзалтад хариуцагч талын захирал өөрийн жолоочийн хамт оролцсон. Жолооч нь тухайн үед инженерийн үүргийг давхар гүйцэтгэж, орчуулга хийж оролцсон.
5.6.Гэрээнд анх арбитрын журмаар маргааныг шийдвэрлүүлэхээр тусгасан гэх хавтаст хэргийн 21 дүгээр талд авагдсан гэрээний орчуулгаас үзэхэд уг гэрээ нь хятад, монгол хэл дээр үйлдэгдсэн бөгөөд баталгаат орчуулгаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тусгагдсан. Иймээс уг маргааныг Монгол Улсын шүүхээр хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 509,895,025 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч гүйцэтгэгч ажлаа актаар хүлээлгэж өгөөгүй, гүйцэтгэсэн хөрс хуулалтын ажил шаардлага хангаагүй, гэрээгээр тохирсон бусад ажлыг хийгээгүй, алдаатай гүйцэтгэсэн болох нь эрх бүхий этгээдээс хийсэн тайлангаар тогтоогдсон, гүйцэтгэсэн ажилд тохирсон хөлсийг төлсөн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3.Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1.Талууд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ****** ил нүүрсний уурхайн хөрс хуулах, олборлолтын ажлын гэрээ-г байгуулсан, уг гэрээгээр: Гүйцэтгэгч болох нь ****** нүүрсний ил уурхайн I талбайд хөрс хуулалт, нүүрсний давхаргын тээвэрлэлт, гүний ус шахах, зайлуулах, нүүрс цэвэрлэх /нүүрс олборлох, тээвэрлэх, овоолох/, олборлолтын явцад нүүрсний дунд зэргийн бохирдсон давхаргыг цэвэрлэх зэрэг ажлыг 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр, Захиалагч болох ******* нь хөрс хуулалтын ажлын 1 м.кв тутмын нэгж үнэ 8 юань тооцож, хэмжилтийн ажил дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор төлбөрийг төлөхөөр харилцан тохирсон; / 1хх 9-21/
3.2.Гүйцэтгэгч ажлыг 2024 оны 3 дугаар сараас эхэлж, 2024 оны 6 дугаар сард уурхайн талбайг орхисноор талууд ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан,
3.3.Гэрээний дагуу захиалагч нийт 5 удаагийн гүйлгээгээр ажлын хөлсөнд 653,420,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон. /хх 61-65/
4.Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж анхан шатны шүүхээс зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэжээ.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ.
5.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас алданги 76,483,087 төгрөг гаргуулах шаардлагыг талууд гэрээгээр тохиролцоогүй буюу гэрээний тохиролцоо Иргэний хуулийн анзын тохиролцоонд нийцээгүй тул шаардах эрхгүй гэсэн үндэслэлээр, гэрээнээс учирсан хохиролд өмгөөллийн зардал 19,120,771 төгрөг гаргуулах шаардлагыг баримтаар нотлогдоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас БНХАУ-ын юанийн Монгол төгрөгтэй харьцах ханшийн зөрүүд 31,875,729 төгрөг гаргуулах /ажлын хөлс/ шаардлагыг нэхэмжлэгч валютын ханшийн лавлагааг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт нийцээгүй байна.
Гэвч анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.
6.Ажлын явцад гүйцэтгэгч уурхайн талбайг орхисноор 2024 оны 6 дугаар сард гэрээ цуцлагдсан үйл баримтад талууд маргаагүй боловч ийнхүү гэрээ цуцлагдсанд аль тал буруутайд маргажээ.
6.1.Талуудын байгуулсан гэрээний 4.1-д төслийн үнийн дүнгийн тооцоог хоёр тал баталгаажуулсны дараа Б тал А талд нэхэмжлэх гаргаж, А тал нэхэмжлэхийг хүлээн авсны дараа төлбөрийг шилжүүлнэ, гэж 4.2-т ...хоёр талын санхүүгийн ажилтнууд гарын үсэг зурж баталгаажуулж хүчинтэй болгосноор талуудын төлбөр тооцооллын үндэслэл болно гэж, 4.3-т хэмжилтийн ажил дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор төлбөрийг шилжүүлнэ гэж заасан байна. Хэрэгт талууд үе шаттайгаар ажлыг хүлээлцсэн, эсхүл явцын хэмжилт хийсэн, түүнчлэн төлбөрийг хэсэгчилж шаардаж байсан баримт авагдаагүй тул захиалагч төлбөр төлөх үүргээ хугацаандаа хэрэгжүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан гэх нэхэмжлэгч талын тайлбар эргэлзээгүйгээр нотлогдоогүй байна.
6.2.Нөгөө талаас уурхайд хяналт шалгалт хийгдэх болсонтой холбоотойгоор гүйцэтгэгч ажлын талбайг орхиж явсан гэх хариуцагчийн тайлбарыг мөн дэмжих баримт авагдаагүй байна.
6.3.Иймд гэрээ цуцлагдах шалтгаан нөхцөлд захиалагч эсхүл гүйцэтгэгчийн аль нь буруутай болохыг хэрэгт цугларсан баримтын хүрээнд тодорхойлох боломжгүй, зохигч хэн алин нь энэ талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхээс захиалагч төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээс гэрээ цуцлагдсан гэж дүгнэснийг дээрх байдлаар залруулна. Мөн гүйцэтгэгч ажлыг орхиж явсан, буруутай гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Гэвч гүйцэтгэгч уурхайн талбайг орхисноор ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан үйл баримтад талууд маргаангүй тул энэ нь гүйцэтгэгч ажилласан хугацааны, хийсэн ажлын хөлсөө захиалагчаас шаардах Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5, 355.6-д заасан эрхийг үгүйсгэхгүй тул хэргийн баримтын хүрээнд шийдвэрлэнэ.
7.Анхан шатны шүүхээс хэргийн 22 дахь талд авагдсан 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн тооцоо тулгалт нэртэй баримтыг хариуцагч компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээс шүүхэд бичгээр ирүүлсэн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 25/03 тоот хариу тайлбартай харьцуулах замаар тайлбарлаж хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэлд 382,415,438 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.
Шүүх хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь журмыг зөрчөөгүй байна.
7.1.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа ******* нь нийт 273,862.60 м.куб хөрс хуулсан, төхөөрөмж хэрэглэсэн болон шатахууны төлбөрт 31,102.80 юань нэмж төлөх болохыг хүлээн зөвшөөрч тооцоондоо тусгаж ирүүлсэн нь хэргийн 22 дахь талд авагдсан тооцоо тулгалтын баримт дах ажлын тоо хэмжээ, нэмэлт төлбөрийг тооцсон дүнтэй тус тус тохирч байна. Харин актад ажлын нэгж үнийг 8 юаниар, хариуцагч хариу тайлбартаа 5 юаниар тооцсоноос талуудын ажлын хөлсний зөрүү үүссэн байна.
7.2.Талуудын хоорондох гэрээний 4.1-д хөрс хуулалтын ажлын нэг м.куб тутмын нэгж үнэ 8 юань гэж тохирсон, энэ үнэд гэрээнд заасан гүний ус шахах, зайлуулах, нүүрс цэвэрлэх, ажлын талбайд зам барих зэргээр бусад ажилбар тус бүрт ногдох хөлсний хэмжээ, задаргааг тухайлан тохироогүй байна. Мөн гэрээний нэгж үнэд өөрчлөлт оруулсан баримтгүй тул хариуцагчийн хөрс хуулалтын ажил 5 юань, бусад ажлын төлбөр 3 юань-аар тохирсон, бусад ажлыг гүйцэтгээгүй тул хөлсийг 5 юаниар тооцох талаарх татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.
Гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн хөрс хуулалтын ажлын тоо хэмжээ 273,862.80 м.куб-ыг гэрээгээр тохирсон нэгж үнэ 8 юаниар тооцвол 2,190,900.8 юань, үүн дээр хүлээн зөвшөөрсөн түлшний зардал, төхөөрөмжийн зардал болох 31,102.80 юань нэмбэл төлбөл зохих дүн 2,222,003.6 юань болохоос хариуцагчийн дөрвөн удаагийн төлөлтөөр төлсөн 558,470,000 төгрөгийг гүйлгээ хийсэн үеийн валютын ханшаар тооцох замаар талууд үлдэгдлээ 1,024,496.65 юань буюу Монгол төгрөгөөр 477,415,438 төгрөг гэж тооцсон байна. Үүнээс хойш хариуцагч нэг удаагийн гүйлгээгээр 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 94,950,000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан мемориалын баримтаар тогтоогдсон тул төлөгдөөгүй үлдэх ажлын хөлс 382,415,438 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.
7.3.Шинжээчийн дүгнэлтээр Тооцоо тулгалт гэх баримтад хариуцагч компанийн гүйцэтгэх захирал гарын үсэг зураагүй болох нь тогтоогдсон хэдий ч уг баримтад түүнээс гадна тус компанийн нягтлан бодогч гарын үсэг зурж, санхүүгийн тэмдгээр баталгаажуулснаас гадна хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар дахь ажлын тоо хэмжээтэй тохирсон байна. Мөн компанийн нягтлан бодогчийг хуурч мэхэлж баримтад гарын үсэг зуруулсан гэх тайлбарыг дэмжих баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
7.4.Гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн хөрс хуулах ажил доголдолтой болохыг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг мөн хангахгүй.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ****** нүүрсний уурхайд хийсэн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шалгалтын тэмдэглэлд: шалгуулагч нь , уурхайд ****** олборлолт хийж байна, ...уурхайд хөрс хуулалт олборлолт, замын барилга угсралтын ажил хийгдэж байна. ... туслан гүйцэтгэгч 2 компани байгаа ба хөрс хуулалтын ажил гүйцэтгэдэг... гэж тусгагдсан байна.
Талуудын хоорондох гэрээний зүйл болсон ******* уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэдэгт талууд маргаагүй бөгөөд уг уурхайд хариуцагч ******* олборлолтыг гүйцэтгэхдээ нэхэмжлэгч -иас гадна өөр туслан гүйцэтгэгч компани хамт ажиллаж байсан болох нь дээрх тэмдэглэлээр тогтоогдсон. Иймд улсын байцаагчийн албан шаардлага дахь уурхайд илэрсэн зөрчил дутагдал нь зөвхөн нэхэмжлэгч компанийн гүйцэтгэсэн ажлын доголдлоос үүдэлтэй гэж үзэх боломжгүй, үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг мөн хангах боломжгүй.
8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Үүнд:
8.1.Нэхэмжлэгч *******-ийн гүйцэтгэх захирал ******-гаас хятад хэл дээр 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлөөлөгч *******д итгэмжлэл олгосон нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна гэж зааснаар Хятад хэл дээр үйлдэгдсэн дээрх итгэмжлэлийг Монгол хэл дээр хөрвүүлж орчуулахдаа 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэж огноо зөрүүтэй, техникийн алдаатай бичигдсэн явдал тухайн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.
8.2.Хэргийн 9-20 дахь талд Монгол болон Хятад хэлээр хамт бичигдсэн талуудын хоорондох гэрээний эх хувь авагдсан байх бөгөөд тухайн гэрээний 10.1-д зөвшилцөлд хүрэхгүй бол арбитрын шүүхэд шилжүүлнэ гэж маргааныг шийдвэрлэх харьяаллыг талууд тохиролцсон байна.
Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Арбитрын хэлэлцээртэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль нэг тал нь тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол шүүх аль нэг талын хүсэлтээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус, эсхүл биелүүлэх боломжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоно. гэж заасан.
Шүүхээс нэхэмжлэлийн хувийг *******-ийн төлөөлөх эрхтэй этгээдэд 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гардуулснаас хойш хэргийн харьяалалд маргаагүй, улмаар шүүхэд нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байх тул анхан шатны шүүх Арбитрын тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу маргааныг эцэслэн шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
8.3.Анхан шатны шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ эвлэрүүлэн зуучлах ажиллагааны баримтыг шийдвэрийн үндэслэл болгоогүй тул хариуцагч уг ажиллагаанд оролцоогүй байтал оролцсон мэтээр тусгасан, энэ талаар шүүхээс дүгнэлт өгөөгүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.
9.Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүх-баатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2026/00198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 2,070,027 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
О.ОДГЭРЭЛ