Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2026/00982

 

 

 

 

 

 

 

 

 

2026 05 01 210/МА2026/00982

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Т.Бадрах, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 191/ШШ2026/00414 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 12,645,395 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан LIA06C22140147 тоот Байгууллагын хариуцлагын даатгалын гэрээ-г байгуулсан.

1.2.******* нь харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компани бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх *******-ийн агуулахын харуул хамгаалалтыг хариуцаж байх хугацаанд буюу 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 6 удаагийн давтамжтай хулгай орж, улмаар 47,879,850 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хяналтын камераар илрүүлж нэн даруй ******* болон Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст тус тус мэдээллийг хүргүүлсэн.

1.3.Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс 230500811 дугаартай хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тухай албан бичгийг 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүргүүлснийг үндэслэн нэхэмжлэгчээс хариуцагчид 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар хүссэн хэдий ч хариуцагчийн зүгээс Даатгалын гэрээний 9.1-т заасны дагуу нөхөн төлбөрийн материал бүрдүүлэх 90 хоногийн хугацаа дуусгавар болсон үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

1.4.Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад даатгуулагчийн өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийсэн. Нэхэмжлэгч Хорооны дүгнэлтийн дагуу даатгалын хохирлын үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий *******-аар 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хөрөнгийн үнэлгээний тайлан гаргуулж дахин хандсан ч хариуцагчийн зүгээс санал нийлэхгүй тухай албан бичгийг ирүүлсэн.

1.5.Даатгалын багц дүрмийн хавсралтаар баталсан Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт-ийн 8.2-т Даатгагч хууль хяналтын болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад даатгалын гэрээнд заасан хугацаа өнгөрсөн шалтгаанаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзахгүй байх гэж нарийвчлан зохицуулсан байдаг тул хариуцагчаас даатгалын нөхөн төлбөр болох 47,879,850 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан.

1.6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад -ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох иргэний хэрэгт *******-иас 14,294,583 төгрөгийг гаргуулахаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Даатгалын гэрээний 7.2.1, 7.2.5-д даатгуулагчийн ажилтны санамсар, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй болон албан үүргээ зохих журмын дагуу гүйцэтгээгүйгээс гуравдагч этгээдээс учирсан хохирол гаргах эрсдэл хамаарна гэж тохирсон тул гэрээний 8.6 дахь хэсэгт даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын 15 хувийн хэмжээ болох 2,143,187 төгрөгийг хасаж, үлдэх 12,150,395 төгрөг болон *******-аар дахин үнэлгээ хийлгэсний зардал 495,000 төгрөг, нийт 12,645,395 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр *******-тай LIA06С22140147 дугаартай Байгууллагын хариуцлагын даатгалын гэрээ байгуулж, өөрийн үйлдлийн улмаас гуравдагч этгээдэд учруулах хохирол, гэм хорыг арилгах хуулийн үүрэг хариуцлагаа даатгуулсан.

2.2.Даатгуулагч анх 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр *******-ийн харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлдэг *******-ийн агуулахаас дамартай утас хулгайд алдагдсан хэмээн мэдэгдсэн. Мэдэгдлийн дагуу гэрээнд заасан нөхөн төлбөрийг шийдвэрлэхэд шаардлагатай материал, баримтуудыг бүрдүүлэн өгөх зөвлөгөөг удаа дараа өгсөн хэдий ч даатгуулагч нь гэрээний 9.1-т зааснаар даатгалын тохиолдол бий болсноос хойш 90 хоногийн дотор нөхөн төлбөрийн баримтыг бүрэн гүйцэт бүрдүүлж өгнө гэж заасныг зөрчиж, тухайн хугацаанд нөхөн төлбөрийн баримтуудын бүрдүүлж өгөөгүй. Иймд ******* нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

2.3.Нэхэмжлэгч талаас ирүүлсэн шүүхийн шийдвэрт *******-ийн тухайлсан ямар хууль бус, санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээс болж *******-д хохирол учирсан гэдэг нь тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт хийсэн. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар *******-ийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас *******-д хохирол учирсан талаарх баримт нотолгоо байхгүй учраас манай компанийн зүгээс даатгалын гэрээний дагуу хариуцлага хүлээх үндэслэлгүй. Даатгалын эрсдэл, даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

2.4.Гэрээний 13.6 дахь хэсэгт Гэмт хэргийн шинж чанартай аливаа хохирол-д нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай заасан. Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, эрүүгийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж байгаа нотлох баримтууд хавтаст хэрэгт хэдийн авагдсан байна. Уг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хожим хууль, шүүхийн байгууллагаар тогтоогдсон ч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт заасны дагуу нөхөн төлбөр олгох үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас даатгалын нөхөн төлбөрт 12,645,395 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.[U1]  нь *******-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/04650 дугаар шийдвэрээр *******-иас 14,066,302 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг үндэслэсэн байгаагаас үзвэл тухайн шийдвэрт ******* нь *******-д гэм хор учруулсан гэдгийг хуульд заасан журмын дагуу тогтоосон бөгөөд үүний үр дүнд -ийн өмнө хариуцлага хүлээхийг үүрэгжүүлсэн болно. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн үндэслэн гарсан шүүхийн шийдвэр нь талуудын хооронд байгуулагдсан Байгууллагын хариуцлагын даатгалын гэрээний 8.3, 8.6-д заасан заалтуудын урьдчилсан нөхцөлийг бүрэн хангаж байгаа учраас нэхэмжлэгч даатгалын эрсдэлийн улмаас үүссэн даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрх үүссэн байна.

Түүнчлэн хэргийн баримтаар *******-ийн агуулахад 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 01 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд нийт 6 удаагийн давтамжтай хулгай гарч, *******-ийн үнэлгээний тайлангаар хохирлын хэмжээ 47,879,850 төгрөг гэж тогтоогдсон. Гэвч анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг бүрэн дүүрэн дүгнэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй.

4.2.******* нь харуул хамгааллын үйлчилгээ үзүүлж байсан хугацаанд 6 удаагийн хулгай гарсан нь харуул хамгааллын албан үүргээ зохих журмын дагуу гүйцэтгээгүйн илрэл мөн бөгөөд энэ нь гэрээний 7.2.1, 7.2.5-д заасан даатгуулагчийн ажилтны санамсаргүй, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл болон албан үүргээ зохих журмын дагуу гүйцэтгээгүйгээс гуравдагч этгээдэд учирсан хохирол гаргах эрсдэл хамаарна гэсэн даатгалын эрсдэлд бүрэн нийцэж байна. Анхан шатны шүүх үүнийг дүгнэлгүй орхигдуулсан.

4.3.Нэхэмжлэгч гэрээний 9.2.5-д зааснаар *******-аар хохирлын хэмжээг тогтоолгохоор үнэлгээний тайлан гаргуулсантай холбоотой гарсан зардал болох 495,000 төгрөгийг хариуцагчаас мөн шаардах эрхтэй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсгийг буруу хэрэглэснээс буюу талуудын хооронд Даатгалын гэрээний 8.3, 8.6-д заасан даатгалын тохиолдол бий болсон, улмаар даатгалын нөхөн төлбөр авах шаардах эрх үүссэнийг нотлох баримт хангалттай байсаар атал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.4.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний нөхцөл бүрдсэн эсэхийг шийдвэрлэхдээ шүүх нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтуудыг тухайлбал 191/ШШ2025/04650 дугаар хүчин төгөлдөр шийдвэрт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-ийг үндэслэн *******-ийн гуравдагч этгээдэд хохирол учруулсан гэдгийг хуульд заасан журмаар тогтоосон. Энэ нь Гэрээний 8.3-т заасан шүүхийн шийдвэр-ийн шаардлагыг хангаж, 8.6-д заасны дагуу 14,294,583 төгрөгөөс 15 хувийн өөрийн хариуцлага болох 2,144,187.45 төгрөгийг хасвал 12,150,395.55 төгрөг, үүн дээр үнэлгээний зардал 495,000 төгрөгийг нэмбэл нийт 12,645,395 төгрөгийг хариуцагчаас шаардах эрх зүйн үндэслэл бүрдсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, *******-иас даатгалын нөхөн төлбөрт 12,645,395 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

5.1.Энэ үйл баримттай холбоотой анхан шатны 2 шүүх хуралдаан болсон. -ийн нэхэмжлэлтэй *******-д холбогдох иргэний хэрэгт шүүхээс хариуцагчийн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй байсан эсэхийг тогтоогоогүй. ******* нь сайн дураараа 14,294,583 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул шүүхээс энэ үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гарсан. Энэ шүүхийн шийдвэрийг үндэслэж даатгалын нөхөн төлбөрийг олгох ёстой гэж маргаж байгаа хэдий ч даатгалын тохиолдол үүсээгүй гэж үзэж байгаа учраас нөхөн төлбөр олгох боломжгүй.

5.2.Мөн Даатгалын гэрээний 13 дугаар зүйлийн 13.6 дэх хэсэгт гэмт хэргийн шинжтэй бол нөхөн төлбөр олгохгүй гэж заасан. Дээрх тохиолдол нь нөхөн төлбөр олгохоос татгалзах уг үндэслэлд хамаарч байгаа. Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс тухайн хулгайн тохиолдлыг шалгаж байгаа боловч ******* эсвэл өөр хэн нэгэн гуравдагч этгээд буруутай гэдгийг эцэслэн тогтоогдсон зүйл хэргийн баримтаар авагдаагүй. Харин хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээс манайх татгалзсан.

Иймд анхан шатны шүүх үйл баримтыг зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн учир шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 47,879,850 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 12,645,395 төгрөг болгон багасгасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.Талууд 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр харилцан тохирч Байгууллагын хариуцлагын даатгалын гэрээ-г байгуулсан, уг гэрээгээр Даатгуулагч болох ******* нь өөрийн харуул хамгаалалтын үйл ажиллагааг буюу санамсаргүй, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гуравдагч этгээдийн ... эрүүл мэнд амь нас болон эд хөрөнгийн эвдрэл хохиролд хүлээх хариуцлагаа даатгуулж, хураамжийг төлөхөөр, даатгагч болох ******* даатгалын тохиолдол үүсэхэд гэрээнд заасан хохирлыг нөхөн төлөх үүргийг тус тус хүлээхээр тохирсон; /хх 9-17/

3.2.Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс ****** дүүрэг, ****** хороо аж ахуйн хашаанаас 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дамартай кабел утаснууд алдагдсаны улмаас 49,000,000 төгрөгийн хохирол учирсан гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болохыг 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр, 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр тус тус тодорхойлсон. /хх 8,19/

3.3.Даатгуулагч *******-аас гэрээний дагуу агуулахад харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх үедээ хайхрамжгүй байдлын улмаас агуулахад удаа дараа хулгайн шинжтэй үйлдэл гарч, бусдад 49,000,000 төгрөгийн хохирол учруулснаар даатгалын тохиолдол үүссэн үндэслэлээр нөхөн төлбөр удаа дараа хүссэнийг даатгагч *******-иас гэрээнд заасан нөхөн төлбөр олгох 90 хоногийн хугацаа хэтэрсэн шалтгаанаар удаа дараа татгалзсан хариуг өгсөн. /хх 20, 21, 24, 28-29, 33, 34, 56-57, 58/

3.4.*******-ийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтээр ...хулгайд алдсан 5 төрлийн кабелийн утасны хохирлын зах зээлийн үнэ цэнийг 47,879,850 төгрөгөөр тогтоосон, уг үнэлгээг хийлгэхэд ажлын хөлсөнд нэхэмжлэгч *******-иас 495,000 төгрөг төлсөн. /хх 35-41, 167-169/

3.5.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/04650 дугаар шийдвэрээр: -ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох гэм хорын хохиролд 43,092,448 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад *******-иас 14,066,302 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж нэхэмжлэгч -д олгохоор шийдвэрлэсэн, уг шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нийт 14,294,583 төгрөгийг -д шилжүүлсэн. /хх 143-147, 166/

 

Талууд дээрх үйл баримтад маргаагүй бөгөөд нэхэмжлэгч харуул хамгаалалтын үүргээ гүйцэтгэх үед *******-ийн агуулахад хулгай орж, хохирол учирсан явдал талуудын хоорондох даатгалын гэрээний эрсдэлд хамаарах эсэх, нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бүрдсэн эсэхэд маргасан байна.

 

4.Анхан шатны шүүх, талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4 дэх хэсэгт зааснаар даатгалын гэрээний харилцаа үүссэн хэмээн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэсэн байна.

Харин хэрэгт авагдсан баримтыг үнэн, зөв эргэлзээгүй талаас үнэлж чадаагүйгээс нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Үүнийг хэргийн баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулна.

4.1.Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрт: ******* болон ******* нарын хоорондох 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн харуул хамгаалалтын гэрээгээр оффисын байр, үйлчилгээний салбар, гэрээнд заасан барилга, эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг аливаа болзошгүй гэмт халдлага, аюул ослоос урьдчилан сэргийлж, объектын аюулгүй байдлыг хангаж хэв журам сахиулах үүргийг ******* хүлээсэн байсныг дурдсан байна. Улмаар нэхэмжлэгч ******* нь харуул хамгаалалтын үйлчилгээг үзүүлэх үедээ объектод хулгай орж *******-д эд хөрөнгийн хохирол учирсан, нь *******-тай байгуулсан хөрөнгийн даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг төлснөөр хохирол шаардах эрхийг өөртөө шилжүүлж авсан үндэслэлээр нэхэмжилжээ. Иймд нэхэмжлэгч *******-иас харуул хамгаалалтын үйлчилгээг үзүүлэхдээ бусдад учруулсан хохирлын тодорхой хэсгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар түүнийг дахин нотлох шаардлагагүй.

4.2.Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.1 дэх хэсэгт Хариуцлагын даатгалаар даатгагч нь даатгалын хугацаанд үүсэх хариуцлагатай холбоотойгоор гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгуулагчийг чөлөөлөх үүрэгтэй гэж зохицуулсан.

Талуудын хооронд гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт зааснаар тайлбарлавал эд хөрөнгийн даатгал бус, харин хариуцлагын даатгалын гэрээ байгуулагдсан, тухайн гэрээний 4, 5 болон 7 дугаар зүйлд даатгалын зүйл, даатгалын үндсэн эрсдэлийг тодорхойлсон, үүнээс даатгуулагч хэвийн үйл ажиллагаа явуулах явцдаа бусдын эд хөрөнгөнд учруулсан /7.2.1, 7.2.5-д ажилтны санамсар болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээс үүдэн гарсан хохирол, ажилтан албан үүргээ зохих журмын дагуу гүйцэтгээгүйгээс учирсан хохирол багтсан/ хохирлыг даатгалын эрсдэлд тооцохоор тохирсон байна.

Иймд гэрээгээр тохирсон даатгалын тохиолдолд хамаарч байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

4.3.Анхан шатны шүүхээс талуудын хоорондох гэрээний хэлбэр хариуцлагын даатгал болохыг, мөн гэрээний 7.2, 7.2.1, 7.2.5 дахь хэсэгт нэрлэн заасан нөхцөл бүрдэж даатгалын тохиолдол үүссэнийг анхаараагүйгээс нэхэмжлэгчийг шаардах эрх үүсээгүй хэмээн дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэнгүй.

 

5.Талуудын хоорондох гэрээний 13 дугаар зүйлд нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлүүдийг нэрлэн зааснаас 13.6 дахь хэсэгт даатгуулагчийн ажилтан согтууруулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсний улмаас учирсан хохирол, гэмт хэргийн шинжтэй аливаа хохирол гэж тохирчээ.

Гэрээний дээрх зохицуулалтыг хариуцагчаас гэмт хэргийн шинжтэй аливаа хохирол гэж уг заалтын өмнөх өгүүлбэртэй хамааралгүйгээр тусдаа салгаж тайлбарласныг нэхэмжлэгчээс ажилтан гэмт хэргийн шинжтэй аливаа хохирол учруулсан тохиолдол хамаарна гэж тухайн заалтын өмнөх хэсэгтэй хамтад нь холбож өөр өөрөөр тайлбарлаж байна.

Даатгалын эрх зүйд нөхөн төлбөр шаардах үндсэн эрхийг үгүйсгэх үүргийг тодорхой, хоёрдмол утгагүйгээр гэрээнд заасан байхыг шаардах бөгөөд даатгалын байгууллага нь энэ чиглэлээр мэргэжлийн этгээд тул гэрээний дээрх зохицуулалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2, 198.4 дэх хэсэгт зааснаар тайлбарлавал даатгуулагчийн ажилтны ... гэмт хэргийн шинжтэй үйлдлээс хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

5.1.Харин анхан шатны шүүхээс 90 хоногийн хугацаа хэтэрсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй хэмээн үндэслэл бүхий дүгнэсэн, шүүх талуудын хоорондох гэрээний 9.1, 9.3, 9.2.5 дэх хэсгийг зөв тайлбарласан байна.

6.Нэгэнт гэрээгээр тохирсон нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бүрдээгүй тул -д шүүхийн шийдвэрийн дагуу шилжүүлсэн 14,294,583 төгрөгөөс гэрээний 10 дугаар зүйлд заасан даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага болох 15 хувийг хасаж үлдэх 12,150,395 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцнэ.

6.1.Мөн *******-иар хохирлын үнэлгээний тайлан гаргуулахад төлсөн ажлын хөлс 495,000 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулах нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, талуудын хоорондох гэрээний 6.3 дахь хэсгийн шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарах зардлын дээд хэмжээ 500,000 төгрөг байна гэсэнтэй нийцнэ.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангана.

 

7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 191/ШШ2026/00414 дүгээр шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч *******-иас 12,645,395 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 217,276 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 397,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

О.ОДГЭРЭЛ

 

 

 

 


 [U1]ХХК юу, ХК юу? 2 өөрөөр бичигдээд байна шүү