Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 393

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт О.Бд холбогдох эрүүгийн 1918004750438 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овогт О.Б /РД: /, Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “..............” ХХК-нд туслах ажилтай гэх, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.Б нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Бо-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас өшиглөн эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, хэвлийн хөндийн сул шингэн бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч О.Бн өгсөн: 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр н.Х бид хоёр буудалд унтаж байсан чинь Д.Бо залгаж шартаж үхлээ гэхэд нь н.Х бид хоёр Д.Ботэй архи хувааж уусан. Би тухайн үед хохирогчийн шилэн хүзүү рүү нь нэг удаа алгадсан, өшиглөсөн зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Д.Бо-ийн өгсөн: ...Харка буюу Б гарч ирэхээр нь би “хөгшин нь буугаад шээе” гэж хэлэхэд Харка “чи муу зугтаах гэж байна уу?” гээд миний цээж рүү нэг удаа өшиглөхөд би ухаан алдсан. Тэгээд сэргэсэн чинь би машин дотор сууж байсан. Тэгээд тэр айлын гадаа байсан портер машинд Харка бид 2 сууж явсан. Тэгэхэд Харка “намайг зодсон гэж хүнд хэлбэл ална шүү” гээд миний хүзүү хүү алгадаад зүгээр явуулахгүй байхаар нь машин нэг зогсохоор нь би буугаад Бд ахын сууж явсан машин суугаад явсан. ...Би гомдолтой байна. Миний эмчилгээний зардал 300.000 төгрөг гарсан. Цаашид гарах эмчилгээний зардал гээд 800.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

Гэрч Б.Б-Эийн өгсөн: ...Манай нөхөр Бо нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өглөө Бүрэнтолгой руу ажилдаа явна гэж яриад гараад явсан. Тэгээд өдөр нь 00000000 дугаарын утаснаас Бо залгаад “Бдоо ахтай цуг талбай руу явж усалгаа хийнэ. Ярих хэрэг гарвал энэ дугаар луу залгаарай” гэж хэлсэн. Тэгээд дахиж холбоо бариагүй байж байгаад 2019 оны 6 дугаар сарын 22-ны үдээс хойш гэртээ ирээд “би хүнд зодуулчихлаа. Цээжээр өвдөөд, шээс гарахгүй, давсгаар өвдөөд байна” гээд Харка гэх залуу цээж рүү өшиглөж зодсон гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

Гэрч Э.Хын өгсөн: ...Бо ганцаараа машинд үлдсэн. Тэгээд айлд хоол идээд сууж байхад Харка “би гадаа байгаа залууд хоол аваачиж өгье” гэж хэлээд аягатай хоол аваад гарсан. Тэр залуу хоолоо идээд дуусчихлаа гээд аягаа айлд оруулж өгч байсан. Тэгээд намайг гарахад цээж хэвлий хэсгээ бариад “миний энд өвдөөд байна” гээд байсан. Тэгэхээр нь би “яасан юм бэ?” гэж асуухад “зүгээр” гээд байсан. Бо гэх залуу Харкатай цуг портер машинд сууж явж байгаад Бд ах бид 2-ын сууж явсан машинд сууна гээд суусан... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

Гэрч Г.Бдын өгсөн: ...Тэгсэн чинь маргааш өглөө нь Бо нь “миний шээс гоожихгүй байна” гэхээр нь “яасан юм бэ” гэж асуухад “Б намайг өшиглөсөн” гэж хэлээд зовуурлаад өвдөөд байна гэхээр нь би Бо-ийг Дарханд хүргэж өгсөн. ...Бо надтай анх уулзахдаа халамцуу байснаас бэртэж гэмтсэн, зовуурласан зүйлгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 560 дугаартай “Д.Бо-ийн биед хэвлийн битүү гэмтэл, хэвлийн хөндийн сул шингэн тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.Бо-ийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20/,

Хохирогч Д.Бо нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай 8052 дугаартай өвчний түүх /хх-ийн 40-46/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч О.Б нь “...Би тухайн үед хохирогчийн шилэн хүзүү рүү нь нэг удаа алгадсан, өшиглөсөн зүйл байхгүй...” гэж мэдүүлж байх боловч хэрэгт авагдсан хохирогч Д.Бо-ийн “...Харка буюу Б гарч ирэхээр нь би “хөгшин нь буугаад шээе” гэж хэлэхэд Харка “чи муу зугтаах гэж байна уу?” гээд миний цээж рүү нэг удаа өшиглөхөд би ухаан алдсан. Тэгээд сэргэсэн чинь би машин дотор сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/, гэрч Б.Болор-Эрдэнийн “...Манай нөхөр Бо нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өглөө Бүрэнтолгой руу ажилдаа явна гэж яриад гараад явсан. Тэгээд өдөр нь 99205298 дугаарын утаснаас Бо залгаад “Бдоо ахтай цуг талбай руу явж усалгаа хийнэ. Ярих хэрэг гарвал энэ дугаар луу залгаарай” гэж хэлсэн. Тэгээд дахиж холбоо бариагүй байж байгаад 2019 оны 6 дугаар сарын 22-ны үдээс хойш гэртээ ирээд “би хүнд зодуулчихлаа. Цээжээр өвдөөд, шээс гарахгүй, давсгаар өвдөөд байна” гээд Харка гэх залуу цээж рүү өшиглөж зодсон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/, гэрч Э.Хын “...Бо ганцаараа машинд үлдсэн. Тэгээд айлд хоол идээд сууж байхад Харка “би гадаа байгаа залууд хоол аваачиж өгье” гэж хэлээд аягатай хоол аваад гарсан. Тэр залуу хоолоо идээд дуусчихлаа гээд аягаа айлд оруулж өгч байсан. Тэгээд намайг гарахад Бо цээж хэвлий хэсгээ бариад “миний энд өвдөөд байна” гээд байсан. Тэгэхээр нь би “яасан юм бэ?” гэж асуухад “зүгээр” гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч Г.Бдын “...маргааш өглөө нь Бо “миний шээс гоожихгүй байна” гэхээр нь “яасан юм бэ” гэж асуухад “Б намайг өшиглөсөн” гэж хэлээд зовуурлаад өвдөөд байна гэхээр нь би Бо-ийг Дарханд хүргэж өгсөн. ...Бо надтай анх уулзахдаа халамцуу байснаас бэртэж гэмтсэн, зовуурласан зүйлгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/ зэрэг бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Бн мэдүүлэг үгүйсгэгдэж байгаа ба хохирогчийн биед учирсан гэмтлийг шүүгдэгч О.Б учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Бн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Бо-ийг өшиглөн эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, хэвлийн хөндийн сул шингэн бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул О.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Бо-ийн биед хэвлийн битүү гэмтэл, хэвлийн хөндийн сул шингэн бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь эмчилгээ хийлгэсэн зардалд 300.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 800.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ.

Гэвч хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйгээс хохирлын тооцоог хийх боломжгүй байх тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч О.Б нь урьд 5 удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь миний бие 2 хүүхэдтэй тул хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч О.Бн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.Б нь “..............” ХХК-нд туслах ажилтай гэх боловч энэ байдлыг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул түүний бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзаж түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 50.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Бд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 50.000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хохирогчийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР