| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 192/2025/05141/И |
| Дугаар | 210/МА2026/00983 |
| Огноо | 2026-05-01 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2026/00983
2026 05 01 210/МА2026/00983
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2026/01339 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* холбогдох,
Тэтгэмж, олговорт нийт 109,546,882 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Миний бие ******* ******* 18 жил, 4 сарын хугацаанд тасралтгүй ажилласан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн эдийн засагч албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.
1.2.******* газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №25/03 дугаар мэдэгдэх хуудсаар эрхэлж байсан ажлын байр хасагдсан үндэслэлээр 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож цуцлахыг мэдэгдсэн. Мэдэгдэх хуудасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон тушаал гаргах байх гэж хүлээсээр 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ажлаа хийсэн.
Улмаар 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ******* газрын даргад өргөдөл гаргасан боловч 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №70 тоот өргөдөл, гомдолд хариу өгөх хуудсаар тэтгэмж олгох боломжгүй тухай хариу өгсөн.
1.3.2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/46 дугаар тушаалаар хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалж, 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл тушаалаа биелүүлээгүй, тэтгэмж олгохгүй хохироосоор байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хууль болон ******* газрын 2025-2026 онд хэрэгжих Хамтын гэрээ хэлэлцээрт заасны дагуу 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 97,555,322 төгрөг гаргуулна.
1.4.Ажил олгогч мэдэгдэлд заасан хугацаандаа тушаал гаргалгүй 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, 2025 оны 02 дугаар сарын цалинд 1,577,350 төгрөг олгосон. Иймд ажлаас чөлөөлөх тушаал гарах ёстой байсан 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс бодитоор тушаал гарсан 2025 оны 03 дугаар сарны 21-ний өдрийг хүртэл хугацааны буюу 02 дугаар сарын үлдэгдэл цалин 2,648,060 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 3,647,671 төгрөгийн цалинг тус тус шаардаж байна.
1.5.Мөн байгууллагын зүгээс ажлын үр дүнг үнэлж, үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн нэмэгдлийг сар бүр олгодог байсан. Гэвч ажил олгогч нь 2025 оны 01 дүгээр сарын үр дүнгийн урамшуулал цалин болох 566,600 төгрөгийг ямар нэгэн үндэслэл, шалтгаангүйгээр олгоогүй тул 2025 оны 01 дүгээр сарын үр дүнгийн урамшуулал цалин 566,600 төгрөгийг гаргуулна.
1.6.Ажил олгогч мэдэгдэлд заасан хугацаандаа тушаал гаргаагүй буруутай үйлдлээс шалтгаалж миний бие 2025 оны 02 дугаар сард дутуу ажиллаж, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн хувь хэмжээ буурч 15,156,326 төгрөг олгогдох байснаас 10,027,100 төгрөг олгогдож 5,129,229 төгрөгийг авч чадаагүй. Иймд хариуцагчаас ажилгүйдлийн тэтгэмжийн зөрүү төлбөр 5,129,229 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу гаргуулахаар шаардаж байна.
1.7.******* газрын хөдөлмөрийн дотоод журмын 2.3-т зааснаар олговор тэтгэмжийг тооцохдоо сүүлийн 3 сарын цалингаас тооцохоор заасан тул бүтэн авсан хугацаанаас тооцож гаргасан. Мөн тушаал гарах хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Зам, тээврийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/289 дугаартай тушаалаар тус байгууллагын зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэгт өөрчлөлт орж Санхүү, хөрөнгө оруулалтын газрын эдийн засагч ажлын байр хасагдан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 25/03 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн. Гэвч 2025 оны батлагдсан төсөвт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбоотой тэтгэмжийн зардал багтаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан тэтгэмжийг олгох боломжгүй байсан.
2.2.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д заасны дагуу ажилтны дундаж цалин хөлсийг сүүлийн 3 сарын дунджаар тооцох тул ******* 2024 оны 12 дугаар сарын цалин 6,457,940 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын цалин 4,476,740 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын цалин 2,931,447 төгрөг, нийт 13,866,127 төгрөгийн дундаж нь 4,622,042 төгрөг байна. Үүнийг 18 сард тооцож гарах 83,196,766 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Зөрүү 14,358,555.26 төгрөгийг яаж тооцож гаргасан нь ойлгомжгүй, буруу байна.
2.3.******* газраас нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс ажилтны эрх ашигт нийцүүлэн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын нягтлан бодогчийн сул ажлын байрыг санал болгож, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор хөдөлмөрийн гэрээ байгуулж, хамтран ажиллахыг мэдэгдсэн боловч гэрээ байгуулаагүй, тушаал шийдвэр гарахаас өмнө ажлын байраа орхин явсан. Нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тушаал, шийдвэр гарах өдөр хүртэл хугацаанд ажилдаа ирээгүй тул 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны цалинг бодож олгосон. ******* ажиллаагүй хугацааны цалин гаргуулахаар шаардах эрхгүй.
2.4.Үр дүнгийн урамшууллыг журмын дагуу заавал олгох зохицуулалт байхгүй.
2.5.******* газрын зүгээс түүний ажилласан хоногт тооцож цалин хөлсийг олгосон бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 7.1-д заасан үүргээ хэрэгжүүлсэн тул Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6-д заасны дагуу 5,129,229 төгрөгийг хохирлоор шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Гэм хорын хохирол гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн хувьд ажил олгогч хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлсэн учраас хохирол учруулсан гэж үзэхгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5, 82 дугаар зүйлийн 82.3, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* газраас 107,603,993 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, ******* ажилгүй байсан 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч ******* ******* даалгаж, нэхэмжлэлээс 1,942,889 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 687,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* газраас 695,970 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүх Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.5-д ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор, тэтгэмж, нөхөн төлбөр, хөнгөлөлтийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй. гэж заасан байхад үүнийг харгалзан үзэлгүй, хэт нэг талыг барьж, хэргийг шийдвэрлэсэн.
******* газар, түүний харьяа байгууллагуудад 2024-2026 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 3.12-т ажилтанд олгодог хоолны хөнгөлөлтийг ажилласан өдөр бүр 30,000 төгрөгөөр тооцож олгоно гэж заасан.
Нэхэмжлэгчийн 2024 оны 11, 12 дугаар сар, 2025 оны 01 дүгээр сард ажилласан нийт хоног 64 хоног, нийт 3 сарын цалин 15,692,748 төгрөг байх тул 1 сарын дундаж цалин 5,230,916 төгрөг, үүнийг 18 сард үржүүлэхэд нийт 94,156,490 төгрөгийг олгохоор тооцогдож байна. Өөрөөр хэлбэл энэ дүнд хоол, унааны мөнгө ороогүй. Гэтэл анхан шатны шүүх 97,555,322 төгрөг шаардсан нь үндэслэлтэй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.2.******* газраас нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс Санхүү, хөрөнгө оруулалтын газрын нягтлан бодогчийн сул ажлын байрыг санал болгож 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг байгуулж, хамтран ажиллахыг мэдэгдсэн боловч тэрээр хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй бөгөөд тушаал, шийдвэр гарахаас өмнө ажлын байраа орхин явсан. Уг бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, хэт нэг талыг барьж, тушаал гаргах өдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилласан хугацаанд нь хөлсийг олгох үүрэг хуулиар хүлээсэн атал 2025 оны 02, 03 дугаар сард ажиллагаагүй хугацааны цалин хөлсийг тооцон олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
4.3.Нэхэмжлэгчийн 2025 оны 01 дүгээр сард нэхэмжлэгчийн үр дүнгийн нэмэгдлийг тооцоогүй үндэслэл шалтгааныг баримтаар нотлоогүй гэж үзэн уг шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.
Тус газрын цалин хөлсний журмын 4.5.1-д ....шууд удирдах нэгжийн эрх олгосон албан тушаалтан тодорхойлж, тухайн нэгжийн дээд шатны удирдлага баталгаажуулж, үндсэн цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн нэмэгдлийг сар бүр олгож болно. гэж зааснаас үзвэл заавал олгоно гэсэн зохицуулалт биш юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт заасан тооцооллыг хууль тогтоомжид нийцүүлэн хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1.Нэхэмжлэгчийн зүгээс анх нэхэмжлэл гаргахдаа Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.5-д заасны дагуу ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд хоолны мөнгө оруулахгүй байх зохицуулалтыг баримтлан, хоолны мөнгийг огт тооцоонд оруулахгүйгээр тооцож нэхэмжилсэн. Мөн хариуцагчийн хариу тайлбар болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарт 83,196,766 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байсан мөртөө давж заалдах гомдолдоо 94,156,420 төгрөгийг зөвшөөрч буй мэт зөрүүтэй, хоёрдмол агуулгатай тайлбар гаргасан нь үндэслэлгүй. Иймээс хамтын гэрээний дагуу 18 сарын тэтгэмжийг тооцсон.
5.2.Хариуцагч 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажлын байр хасагдсан үндэслэлээр 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай мэдэгдэл өгсөн атлаа 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/46 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Тухайн хугацаанд ажилтныг ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжоор хангаагүй. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуульд нийцүүлэн дуусгавар болгоогүй гэж үзэх үндэслэлтэй тул тушаал гарах хүртэлх хугацааны цалинг олгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
5.3.Нэхэмжлэгч нь ажилласан хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргасан эсэх нь тогтоогдоогүй. Хариуцагч тухайн ажилтанд 2025 оны 01 дүгээр сард цалингийн 40 хувийн үр дүнгийн урамшууллыг ямар үндэслэлээр олгоогүй тухай тайлбар болон нотлох баримтаар хангалттай нотлоогүй. Урамшууллыг заавал олгох үүрэггүй, олгож болно гэж заасан гэх ерөнхий тайлбар гаргасан нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* холбогдуулан хамтын гэрээний дагуу тэтгэмж 97,555,322 төгрөг, тушаал гарах өдөр хүртэлх хугацаанд дутуу олгосон цалин хөлс 6,295,731 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын үр дүнгийн урамшуулал 566,600 төгрөг, хохиролд нийгмийн даатгалын сангаас олгогдох байсан ажилгүйдлийн тэтгэмжийн зөрүү 5,129,229 төгрөг, нийт 109,546,882 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчаас 18 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжид 83,196,766 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримт, зохигчийн маргаангүй тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1.Нэхэмжлэгч ******* ******* газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст эдийн засагчаар ажиллахаар 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан; /хх 9-12/
3.2.Захиргаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4-т заасны дагуу ажлын байр хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон цуцлах талаар ажилтанд 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 25/03 тоот мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн; /хх 26/
3.3.******* газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/46 дугаар тушаалаар: ажлын байр хасагдсан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болгож, түүнд хамтын гэрээний дагуу ажилласан жилийг харгалзан 18 сарын дундаж цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн. /хх 21-22/
3.4.Ажилтан *******гаас 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өргөдөл гаргасныг захиргаа 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 70 тоот хариу өгөх хуудсаар тус байгууллагын 2025 оны батлагдсан төсөвт тэтгэмжийн зардал багтаагүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан тэтгэмжийг олгох боломжгүй болсныг мэдэгдэж, *******д нягтлан бодогчийн сул ажлын байрыг санал болгож, хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар мэдэгдсэн. /хх 25/
3.5.Нэхэмжлэгч 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс хойш тушаал гарах 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаагүй үйл баримтад маргаагүй байна.
Харин зохигчид тэтгэмжийн тооцоолол болоод ажиллаагүй хугацаанд ногдох цалин хөлс, урамшууллыг олгох эсэх, ажилгүйдлийн тэтгэмжийн зөрүүг хохирлоор шаардах эрхтэй эсэхэд маргажээ.
4.Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоосон боловч хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагыг хангаагүй байна. Үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
5.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас тушаал гарах хүртэлх хугацааны цалин хөлсийг бүрэн тооцож олгоогүй буюу шимтгэлийг дутуу тайлагнаснаас ажилгүйдлийн даатгалын сангаас олгогдвол зохих тэтгэмжийн хэмжээ багасаж тооцогдсон үндэслэлээр тэтгэмжийн зөрүү 5,129,229 төгрөгийг хохиролд тооцон шаардсаныг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6, 33 дугаар зүйлийн 33.1.6 дахь хэсэгт нийцсэн байхаас гадна шүүхийн энэ шийдэлд хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул талуудын зарчмын дагуу шийдлийг хэвээр үлдээнэ. Харин энэ шаардлага эд хөрөнгийн хохирол шаардсан агуулгатай байхад Иргэний хуулийн хэрэглэвэл зохих хэм хэмжээг баримтлаагүй орхигдуулсан байгааг засаж, хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулна.
6.Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.3 болон тус байгууллагын Хамтын гэрээний 3.1.5 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны нэг удаагийн тэтгэмжид 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх шаардах эрхийн талаар зөв дүгнэсэн байна.
Харин олгогдвол зохих тэтгэмжийн хэмжээг тооцохдоо Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.5 дахь хэсгийн ажилтанд олгож байгаа бүх төрлийн ... хөнгөлөлт буюу унаа хоолны мөнгийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасныг хэрэглээгүйгээс нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг 5,419,765.50 төгрөг гэж алдаатай дүгнэн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамтай нийцсэнгүй.
6.1.Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар 2024 оны 11 дүгээр сард 5,357,940 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 7,117,940 төгрөг, 2025 оны 01 дүгээр сард 5,076,740 төгрөгийн цалин хөлс тооцогджээ. Тухайн дүнд хоол, унааны мөнгө багтсан болох нь хариуцагчаас ирүүлсэн 2025 оны 01 дүгээр сарын цалингийн мэдээнд хоолны мөнгө тооцогдож нийт олгох цалин 5,076,740 төгрөг гэж тусгагдсан байдал, нэхэмжлэгчээс ирүүлсэн тэтгэмж тооцсон тооцоолол, ******* газрын цалин хөлсний журмын 8.3-т ажилтанд олгодог хоолны хөнгөлөлтийг ажилласан өдөр бүр 30,000 төгрөгөөр тооцож олгоно гэсэн зохицуулалт зэргээр тогтоогдож байна. / хх 28, 70, 71, 98/
6.2.Иймд хоолны мөнгийг хасаж тооцвол нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 5,210,873 төгрөг байх тул олговол зохих тэтгэмж нийт 93,795,714 төгрөг байна.
(2024 оны 11 сард 5,357,940 ажлын 20 хоног * 30,000 төгрөг = 4,757,940
2024 оны 12 сард 7,117,940 ажлын 22 хоног * 30,000 төгрөг = 6,457,940
2025 оны 01 сард 5,076,740 ажлын 22 хоног *30,000 төгрөг = 4,416,740
4,757,940 +6,457,940+4,416,740 = 15,632,620 /3 = 5,210,873 *18 = 93,795,714)
Гэвч хариуцагч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг 5,230,916 төгрөгөөр тооцож тэтгэмжид 94,156,490 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул талуудын зарчмын дагуу шийдвэрлэх нь зүйлд нийцнэ. Мөн энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангана.
7.Ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл өгснөөс хойш мэдэгдэлд заасан хугацаандаа тушаалаа гаргаагүй эс үйлдэхүйг захиргаа гаргасан үйл баримт тогтоогдсон тул 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс хойш тушаал гарсан 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт нийцэх тул ажиллаагүй хугацаанд цалин хөлс шаардах эрхгүй гэсэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй. Харин шүүх тооцооллын алдаа гаргасныг дараах эрх зүйн дүгнэлтийг өгч залруулна.
7.1.Нэхэмжлэгч энэ шаардлагаар 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны олговорт 02 сард 2,648,060 төгрөг, 03 сард 3,647,671 төгрөг, нийт 6,395,731 төгрөг гаргуулахаар шаардсанаас анхан шатны шүүх нэхэмжилсэн энэ дүнгээс үр дүнгийн урамшуулал болох сар бүрийн 40 хувийн нэмэгдэл хөлсийг хасаж тооцон 02 дугаар сард 1,514,708 төгрөг, 3 дугаар сард 2,838,134 төгрөг нийт 4,352,842 төгрөгийг хангаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч урамшууллыг хасаж тооцсон анхан шатны шүүхийн уг шийдлийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй байх тул талуудын зарчмын дагуу олговор тооцоход хасна.
7.2.Харин анхан шатны шүүхээс хоол унааны мөнгө оруулж тооцсон нь үндэслэлгүй хэмээн Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг зөв хэрэглэсэн атлаа хоолны мөнгийг хасаж тооцоогүй, техникийн шинжтэй алдаа гаргасан байна.
7.3.Түүнчлэн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар захиргаа 2025 оны 03 дугаар сард цалин хөлс 1,594,092 төгрөгийг тооцон олгосон байхад үүнийг хасаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй.
Иймд хоолны мөнгө болон олгосон цалин хөлсийг хасаж тооцвол 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны олговорт нийт 1,948,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт нийцнэ.
(02 сард 1,514,708 хоол 360,000 = 1,154,708 төгрөг,
03 сард 2,838,134 хоол 450,000 1,594,092 олгосон = 794,042 төгрөг,
1,154,708 + 794,042 = 1,948,750 төгрөг )
8.Хэргийн 75-76 дахь талд авагдсан нэхэмжлэгчийн 2025 оны 01 дүгээр сарын цалин хөлсөнд 5,076,740 төгрөг тооцогдсоноос ажлын хэсгийн нэмэгдэл 566,676 төгрөг, үр дүнгийн цалин 566,676 төгрөг тус тус багтсан байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан тухайн сарын үр дүнгийн урамшуулал 566,600 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулна. Харин үр дүнгийн урамшуулал заавал олгохоор журамлаагүй, олгох эсэхийг захиргаа шийдвэрлэнэ гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Иймд хариуцагчаас нийт 101,234,469 (5,129,229 + 94,156,490 + 1,948,750) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5, 82 дугаар зүйлийн 82.3, 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт нийцнэ.
9.Шүүхээс ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт нийцжээ.
10.Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2026/01339 дүгээр шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар ******* газраас 101,234,469 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,312,413 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтад 695,970 гэснийг 664,122 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдөр урьдчилан төлсөн 695,970 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
О.ОДГЭРЭЛ