Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 394

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч Г.Яндаг,

Шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Н.От холбогдох эрүүгийн 1918006580466 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Н.О /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Аялал жуулчлал-Бурхан судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.О нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн биеийн тамирын зааланд С.М-ийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйхны шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Н.Оын өгсөн: 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 4 дүгээр сургууль дээр орой заал авахаар гэр хорооллын дүү нарын хамт очсон. Тоглож байгаад маргалдаад нэг цохиод өшиглөсөн. Тэгтэл тэр дүү “та яагаад байгаа юм бэ? Цаг үе өөр болсон” гэж хэлэхээр нь өшиглөсөн. Дараа нь би хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогч гомдолгүй гэдгээ хэлсэн гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч С.М-ийн өгсөн: ...2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 4 дүгээр сургуулийн биеийн тамирын зааланд сагс тоглож байхдаа Н.Отай бөмбөг дээрээс болж маргалдсан. Тэгэхэд О ах над руу “чи ямар том болчихсон юм бэ?” гээд дайрч байснаа миний хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би цаашаа эргээд явтал миний араас ирээд толгойг минь доош дарж байгаад 2 удаа өвдөглөсөн. Мөн толгойн ар хэсэг рүү өсгийдөж өшиглөсөн. ...Одоо миний биеийн байдал хэвийн сайн байгаа. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

Гэрч Ч.Бийн өгсөн: ...сагс тоглож байхад манай найз О нь танил дүү С.Мтэй бөмбөгнөөс болж маргалдаад байсан. Тэгээд би утсаар яриад гараад ирэхэд манай найз Б, О нар явчихсан байсан. С.Мэс юу болсон талаар асуухад “сая О ах бөмбөгнөөс болж надтай маргалдаад миний толгой тархи руу хэд хэдэн удаа цохилоо. Би гомдолтой байна, цагдаагийн байгууллагад хэлнэ” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

Гэрч С.Тийн өгсөн: ...сагс тоглож байхад О ах “над руу дамжуулалт өгсөнгүй” гээд С.М рүү уурлаад “ална шүү” гэж дайраад бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд С.М нь “одоо цаг үе өөр болсон шүү” гэж хэлэхэд О ах С.М дээр очоод хэд хэдэн удаа гараа далайж цохих гэж байснаа С.М-ийн толгойг доош дарж байгаад доороос нь хэд хэдэн удаа өвдөглөөд, толгойн ар дагз руу нь өсгийдөөд өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 794 дугаартай “С.М-ийн биед тархи доргилт, хуйхны цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. С.М-ийн бие учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. С.М-ийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14/,

Хохирогч С.М-ийн гавал тархины рентген оношилгоо, зураг /хх-ийн 15-16/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Оын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн биеийн тамирын зааланд С.Мтэй маргалдаж улмаар толгой руу нь өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйхны шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Н.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.М-ийн биед тархи доргилт, хуйхны цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогчийн “...Одоо миний биеийн байдал хэвийн сайн байгаа. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/-ээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Н.О нь урьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/, Н.Оын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 32/, хүү О.Чийн төрсний гэрчилгээ /хх-ийн 35/ зэргээр бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргав.

Шүүгдэгч Н.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.О нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзаж түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 50.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.От оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 50.000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.От өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР