Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2026/00984

 

 

 

 

 

 

 

 

 

2026 05 01 210/МА2026/00984

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2026/02692 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* холбогдох,

20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Нэхэмжлэгч ******* нь ******* намын гишүүнээр элсэж, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн, намын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажил хийж гүйцэтгэж ирсэн. Намын сонгуульт гишүүн намын эрх бүхий байгууллагын дэмжлэгээр төрийн, улс төрийн албан тушаалд нэр дэвших, сонгох, сонгогдох эрхтэй гэж заасны дагуу улс төрийн албан тушаалд нэр дэвших хуулийн болон бусад тусгай шаардлага хангасан гэж үзээд 2016 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд ******* намаас ******* аймгийн ******* тойрогт нэр дэвшүүлэхээр болсон.

1.2.Ийнхүү нэр дэвшигч болсноор ******* ******* 20,000,000 төгрөгийг төлөх ёстой гэсний дагуу 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ******* намын ******* банкны тоот дансанд нэр дэвшигч ******* гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн. Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас нэхэмжлэгч *******ийг Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшүүлээгүй.

1.3.******* намаас 20,000,000 төгрөгийг буцаан олгохыг хүсэхэд санхүүгээс нь шилжүүлэх тухай хэлсээр 2021 оны 11 сар болсон. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 181/Ш32022/04869 дугаар захирамжаар ... хариуцагч ******* намын даргаар улсын бүртгэлд хэн бүртгэгдсэн эсэх нь тодорхой бус буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т зааснаар хариуцагчийг төлөөлөн оролцох этгээд хэн болох нь тодорхойгүй нөхцөл байдал тогтоогдож байна гээд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т заасны үндэслэл тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож байна гэж дүгнэсэн. Уг шүүгчийн захирамжид нэхэмжлэгч нь дээрх нөхцөл байдал арилсны дараа дахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тусгасан.

1.4.Хариуцагчийг төлөөлөх намын дарга сонгогдож, бүртгэгдсэн байх тул Улсын Их Хуралд нэр дэвшүүлэхээр шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Нэхэмжлэлд дурдсан үйл баримт Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн нэр дэвшилттэй холбоотой асуудал гэх бөгөөд тухайн үед намаас сонгуульд нэр дэвшигчийг тодруулахдаа нэр дэвшигчээс ямар нэгэн мөнгө төгрөгийн барьцаа, дэнчин хэлбэрээр мөнгө төгрөг авдаггүй байсан.

2.2.Тиймээс 2016 оны 05 сарын 06-ны өдөр *******ээс ******* намын данс руу шилжүүлсэн төгрөгийн гүйлгээг юунд зориулагдсан нь тухайн үеийн намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий болон намын санхүүг зарцуулах эрх бүхий этгээдүүд мөн санхүүгийн баримт зэргээр тодорхой болно. ******* намын удирдлагууд 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс хойш хэд хэд солигдсон юм.

2.3.Үнэхээр төлөх ёстой мөнгө бол нам төлөх ёстой. Гэвч мөнгө хийсэн гэх данс нь ашиглагддаггүй, намын нэр дээр бүртгэлгүй данс байна. Энэ данс байгаа эсэх нь тодорхойгүй, мөнгө орсон бол мөнгөн дүн ямар орлогод бүртгэгдсэн талаар баримт ч байхгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдалтай уялдуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч ******* намаас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Цандэлэгт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Цандэлэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* намаас 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Цандэлэгт олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Нэхэмжлэгч ****** 2016 оны Улсын их хурлын сонгуульд ****** намаас ******* аймагт нэр дэвших зорилгоор 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж мэдүүлдэг боловч 2016 онд үйлчилж байсан 2005 оны Улс төрийн намын тухай хуульд нэрлэн заасан намын санхүүжилтийн хэлбэрт төрийн сонгуульд нэр дэвшихтэй холбоотойгоор гишүүдээс мөнгөн хөрөнгө хураах зохицуулалт байдаггүй. Хариуцагч талаас мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй талаараа шүүхэд тайлбарласан боловч дээрх үйл баримтыг бүрэн шалгаж тодруулаагүй, хэргийн оролцогчдын тайлбар, тухайн үед хийсэн үйлдэл, хүсэл зоригийнх нь илэрхийллийг бүрэн тодорхойлж чадаагүй.

4.2.Нэхэмжлэгч шаардлагадаа ******* банк дахь ******* нам-ын эзэмшлийн тоот данс руу шилжүүлсэн гэж тайлбарладаг. Үүнтэйгээ холбогдуулан ******* банкны гүйлгээний хуулгыг гаргаж өгсөн.

Гэтэл хариуцагч ******* нам нь ******* банканд тоот харилцах данс эзэмшдэггүй, одоогоор банк дахь тоот дансыг ашигладаг. Мөн 2005 оны Улс төрийн намын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт гишүүний татвар болон хандивыг тооцооны нэг дансанд байршуулна гэж, мөн 2023 оны Улс гөрийн намын тухай хуулийн 26-р зүйлийн 26.7 дахь хэсэгт нам нь энэ хуулийн 26.1-д заасан орлогыг зөвхөн нэг банкны дансаар хүлээн авах бөгөөд өөр харилцах данстай байхыг хориглоно гэж тус тус заасан.

4.3.Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс тус нөхцөл байдлыг тодруулах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.3-т заасны дагуу ******* нам нь ******* банк ХК-д тоот данс эзэмшиж байсан эсэх, мөн ийм данс эзэмшиж байсан бол 2016 оны 5 дугаар сарын 06-07-ны өдрийн дансны хуулгыг тус тус ******* банкнаас гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Гэвч шүүх тус хүсэлтийг хүлээж авахаас үндэслэлгүйгээр татгалзсан. Энэ нь хариуцагч болон түүний өмгөөлөгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1.Хариуцагч мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй гэж тайлбарлаж байна. Гэтэл шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гардуулснаас хойш шүүх хуралдаан хүртэлх 4 сарын хугацаанд хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу татгалзлын үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. Мөн мөнгө шилжүүлсэн ******* банк дахь тоот дансыг ашигладаггүй бол өөр ямар данс ашигладаг эсэх нотлох баримтыг ирүүлээгүй.

5.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч товлон зарласан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцдоггүй байсан ба хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр эхний 2 удаагийн шүүх хуралдаан хойшилсон. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан. Гэтэл дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн аваагүй нь зөв.

5.3.Улс төрийн намын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсгийн гишүүний татвар болон хандивыг тооцооны нэг дансанд байршуулна гэсэн зохицуулалт намын гишүүдийн татвар, хандивыг нэг дансанд төвлөрүүлж, санхүүгийн ил тод байдлыг хангах зорилготой. Намын бусад хэрэгцээнд зориулсан харилцах болон тооцооны данс эзэмшихийг хориглоогүй.

5.4.Мөн ******* банк дахь дансыг одоогоор ашигладаггүй гэж тайлбарлаж байгаа нь энэ дансыг идэвхгүй болгох, хэсэг хугацаанд солих агуулгыг илтгэж байна гэж үзэж байна. Дансны хуулгыг нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан шаардлага хангасан байдлаар өгсөн тул шаардлага хангаагүй, хуурамч гэсэн тайлбар үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэр дэвшигчээс аливаа хэлбэрээр мөнгө авдаггүй байсан, шилжүүлсэн мөнгөний зориулалт, зарцуулалт санхүүгийн баримтаар тодорхой болно, бодитоор мөнгө орсон эсэх, данс мөн эсэх тодорхойгүй үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

3.Хэргийн баримтаар нэхэмжлэгч *******ээс 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ******* намын ******* банк дахь тоот дансанд НЭР ДЭВШИГЧ утгаар 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь тус банкны орлогын мэдүүлгээр тогтоогдсон. /хх 4/

 

4.Анхан шатны шүүх талуудын хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй гэж дүгнэн хариуцагчаас шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

2005 оны Улс төрийн намын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт Гишүүн, дэмжигчид үзэл бодол, итгэл үнэмшлээрээ намыг дэмжин хандив өргөж болно гэж, мөн зүйлийн 18.3 дахь хэсэгт ******* зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй. Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно гэж зохицуулсан, дээрх шилжүүлсэн мөнгөн хөрөнгө ******* өгсөн хандив гэж үзэх боломжгүй тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

5.Хэрэгт авагдсан ******* банкны орлогын баримтад данс эзэмшигч ******* нам, дансны дугаар тоот гэж тодорхой тусгагдсан, гүйлгээг банкны теллерээс гарын үсгээ зурж, санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан байна.

Нотлох чиг үүргийн хуваарилалтын дагуу дээрх баримтыг үгүйсгэж байгаа нөхцөлд татгалзлаа нотлох үүрэг хариуцагч талд ногдоно. Гэвч хэргийн баримтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар няцааж чадаагүй байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Иймд тухайн данс хариуцагч байгууллагын данс биш, мөнгөн хөрөнгө бодитоор шилжиж орсон эсэх тодорхойгүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6.Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол мөн үндэслэлгүй.

6.1.Шүүх 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШЗ2026/11791 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагчийн гаргасан Улсын дээд шүүхээс 2016 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан ******* намын дүрмийг, ******* банк ХК-иас 2016 онд ******* нам тоот дансыг эзэмшиж байсан эсэх, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дансны гүйлгээг тус тус шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хариуцагч шүүх хуралдааны явцад өөрийн намын дүрэм болон өөрийн дансны хуулгыг шүүхийн журмаар гаргуулахаар хүссэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн ...өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг шүүх бүрдүүлэх, мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсгийн урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно гэсэн зохицуулалттай нийцээгүй тул шүүх эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг хангахаас татгалзаж хуралдааныг үргэлжлүүлснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцохгүй.

7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2026/02692 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

 

О.ОДГЭРЭЛ