Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 382

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт Л.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .......... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, нөхөр 6 хүүхдийн  нарын хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт ............ тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Л.Г,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Л.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Г нь 2018 оны 11 дугаар сарын 13-ны Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р Баян-Идэр худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Амтат шөлөндөө” цайны газарт иргэн С.М гээсэн Самсунг Жи-7 маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч С.М ын: “...Өөрийнхөө Самсунг Жи-7 маркийн хар өнгийн утсаа өмднийхээ халаасанд хийсэн. Тэр үед цайны газарт тогооч Энхээ, бэлтгэгч Зоригоо, угаагч Золоо нар байсан. Би Зоригоотой маргалдаад ажлаасаа гарахаар шийдээд нөхрөө дуудаад гэртээ хүргүүлсэн. Гэртээ очоод утсаар ярих гэтэл утас алга болсон байсан. Хамгийн сүүлд хувцас солих өрөөнд ярьж байснаа санаж байна. Түүнээс хойш санахгүй байгаа. Тэгээд би буцаад очоод үзэхэд байхгүй байсан. Тэгээд би цагдаад хандсан юмаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17/,

“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “...2017 оны Самсунг жи-7” маркийн гар утасны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 600,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/,

 

Эд зүйлд үнэлгээ гаргуулсан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35/,

 

Шүүгдэгч Л.Г “...газар утас хэвтэж байхаар нь аваад далд хийсний дараа цагдаа ирсэн болохоор гаргаж өгье гэж бодож байсан боловч чадаагүй, намайг хулгайлсан гэж бодно гэж айсан, ахин ийм зүйл гаргахгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг  болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Иймд Л.Г гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, өрхийн амьжиргааны түвшин, сарын орлогын хэмжээг харгалзан үзэж прокурорын 500 нэгжээр торгох ялын саналыг багасгаж, торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгэжээр торгож, уг ялыг 15 сарын хугацаанд сар бүр 30,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч С.М  нь мөрдөн байцаалтын шатанд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Л.Г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш овогт Л.Г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Г оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 15 сарын хугацаанд сар бүр 30,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД