Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 387

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Хохирогч М.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д овогт Ц.О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Уул уурхайн Политекникийн коллежийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, ах, эгч нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 16-11тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Ц.О,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ц.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 16 дугаар байрны гадна иргэн М.Атартулгатай “миний дүүг дээрэлхэж айлгалаа” гэсэн шалтгаанаар маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь доод эрүүний битүү хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч М.А “...Тарвас худалдаж авах гээд гараараа дарж үзэхэд худалдагч битгий тарвас дээр дараад бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би худалдаж авах гэж байгаа юм чинь дарж үзэж авдаг юм байгаа биздээ гэж хэлсэн чинь худалдагч ахыгаа гар утсаар дуудсан. ...тэр залуу ухарч байгаад миний зүүн талын эрүү рүү нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Би эмнэлэгт очиж үзүүлэхэд миний эрүү хугарсан байсан гэсэн. ...эмчилгээний зардлаа нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

 

Гэрч В.А “...Атартулга нүүр ам нь цус болсон байдалтай надтай юм ярихдаа зүүн шанаагаа гараараа дараад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

 

Насанд хүрээгүй гэрч Э.Т “...Ц.О ах тэр согтуу ахын нүүр рүү нэг удаа гараа цохисон чинь тэр согтуу ах миний сууж байсан машины хажууд сандал дээр толгойгоо доош болгоод цусаа гойжуулаад суусан” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 687 дугаартай “...М.А биед доод эрүүний битүү хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ байна” гэх дүгнэлт /хх-ийн 18-19/,

 

Шүүгдэгч Ц.О “...согтуу ах намайг заамдаад бариад авахаар нь би гараа атгаж байгаад баруун гараараа тэр согтуу ахын баруун шанаа руу нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

 

Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 16/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Ц.О хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Иргэний хуульд зааснаар хууль бус үйлдлээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хариуцан арилгах үүрэгтэй ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, шүүгдэгч 1,150,000 төгрөг төлөхөөр зөвшөөрсөн боловч шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд төлөөгүй байх тул уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч М.А олгох нь зүйтэй байна.

 

Мөн хохирогч М.А нь “хэсэг хугацааны дараа дахин хагалгаанд орж хадаас авахуулах шаардлагатай” гэж мэдүүлж байх тул цаашид гарах зардлаа жич нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ц.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Ц.О нь эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул торгох ял шийтгэх үндэслэлгүй ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажиллуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Ц.О хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.О 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Ц.О Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажиллуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О 1,150,000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 16-50  тоотод оршин суух Н овогт М.А-д олгож, хохирогч нь гэм хор учруулсантай холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД