Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2026/01035

 

 

 

 

 

 

 

 

 

2026 05 08 210/МА2026/01035

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/03330 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Миний бие 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр *******-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, орчуулагчийн ажилд томилогдон 16 хоногийн хугацаанд ажилласан.

1.2.Тус компанийн захирлаас 2025 оны 11 дүгээр сарын 27-ны орой 20 цагт wechat-aap дараах шалтгаанаар ажлаас чөлөөлж буй талаар мэдэгдэл ирүүлсэн.

Тус мэдэгдэлд: Хятад хэл ба Монгол хэлний хоорондох орчуулгын мэргэжлийн алдаа гарсан ... чадвар дээшлэх шаардлагатай ... Ерөнхий үнэлгээний үр дүнгээс харахад та одоогоор компанийн орчуулга ... шаардлагатай байдаггүй юм. Компанийн хэргийн зөвлөлд шалгалтын хугацаа танд дүүрэн байгааг тодорхойлсон бөгөөд хоёр талын ажлын гэрээ 2025 оны 11 сарын 28 өдрөөс эхлэн дуусгагдсан юм. Та 2025 оны 11 сарын 27-ны өдөр ... ажлын барааны буцаалт ... хийх ёстой юм гэж тусгасан байсан.

1.3.Миний бие тус компанид ажиллаж байх хугацаандаа ямар нэг алдаа дутагдал, орчуулгын алдаа гаргаж байгаагүй бөгөөд ажлаас чөлөөлсөн захирлын мэдэгдэл ирэхээс өмнө ямар нэгэн сануулга авч байгаагүй, компанийн зүгээс ажлын үнэлгээний талаар огт мэдэгдэж байгаагүй.

Иймд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа тул орчуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шаардлага гаргаж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.******* нь ******* хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс томилгооны бичгээр туршилтын хугацаатайгаар ажилд авсан. Тус томилгооны бичигт туршилтын хугацаа 3 сар бөгөөд туршилтын хугацаанд ажилд авах нөхцөлийг хангаагүй нь батлагдсан, ажлын үүргээ ноцтойгоор биелүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн харилцааг цуцлах, дуусгавар болгохоор заасан.

2.2.******* нь ажиллаж байх хугацаандаа удаа дараа буруу орчуулга хийж байсан. Тухайлбал, ******* нь 2025 онд Дизель генераторын байр шинээр барих шаардлага гарч дагалдах барилгуудын үнийн саналыг *******-аас авах үед Гал тогооны агуулах гэж буруу орчуулж шаардлагагүй үнийн санал авч манай компанид цаг хугацааны хувьд нөхөж баршгүй гарз учруулсан.

Мөн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хурлын тэмдэглэлийг алдаатай хөтөлж, чанарын шаардлага хангаагүй тул компанийн үндсэн орчуулагчаар шинээр орчуулуулсан. Түүнчлэн өдөр тутмын орчуулга болон захирлын хэлсэн зүйлсийг ойлгож байна гэсэн ч юу ч ойлгоогүй байдаг байсан.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 /туршилтын хугацаа/ дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг ажилд тэнцээгүй гэж үзэн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хөдөлмөрийг гэрээг цуцалсан тул *******г гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 11,753,919 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан ******* ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулахыг *******-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 273,213 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.******* ******* ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ТМС-2025-1111-01 тоот томилгооны албан бичгээр Орчуулагч гэх орон тооны бус ажилд туршилтын хугацаагаар томилсон байдаг.

Туршилтын хугацааны эхний сард буюу 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн орчуулгын онц ноцтой алдаанууд гаргаж байсан тул туршилтын хугацааг заавал дуусгах шаардлагагүй гэж үзсэн.

4.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.9-д ажил олгогчийн шаардсанаар ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг ажил олгогчид үнэн зөвөөр өгөх, хийсэн ажлаа тайлагнах гэж заасан байдаг. Хэрэв хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзвэл нэхэмжлэгч ******* уг заалтыг удаа дараа зөрчсөн тул хийгээгүй ажлын 2 сарын цалин хөлсийг олгох нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч энэхүү ажилд тэнцэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

4.3.Талуудын хооронд үүссэн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.1-д дагалднаар ажиллуулах; 50.1.2-д туршилтын хугацаагаар ажиллуулах гэсэн зүйл заалтад хамаарч байна. Мөн нэхэмжлэгч ******* Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1.Орчуулгын онц ноцтой алдаа гаргасан зүйл байхгүй. Үнийн санал авах уулзалтыг Өвөр монгол орчуулагч хариуцаж хийх байсан боловч ирж чадахгүй шалтгааны улмаас намайг оролцуулсан. Тухайн харилцаа маш энгийн харилцаа байсан. Генераторын байр, гал тогооны газ хадгалах агуулахын сав, хогийн цэг гэсэн 3 байршил дээр байсан. Юун дээр үл ойлголцол үүссэнийг сайн ойлгохгүй байна.

Хурлын протоколыг буруу алдаатай орчуулсан зүйл байхгүй. Захирлын хөтөлсөн протоколтой тулгаж үзэхэд 90 хувь таарч байсан. Өөрийгөө алдаа гаргасан гэж бодохгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах шаардлага гаргасныг хариуцагчаас туршилтын хугацаагаар ажиллах хугацаандаа удаа дараа орчуулгын алдаа гаргасан тул хугацаанаас өмнө дуусгавар болгосон үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ТМС-2025-1111-01 тоот томилгооны бичгээр хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******г тус компанид орчуулагчаар туршилтын 3 сарын хугацаатай ажиллуулахаар, нэг сарын 3,500,000 төгрөгийн цалин хөлс олгохоор харилцан тохиролцсон. /хх 6-9/

3.2.Улмаар хариуцагч *******-иас 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдэл хүргүүлж, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг захиргааны санаачилгаар дуусгавар болгосон. /хх 10/

 

4.Талууд гэрээ байгуулсан эсэх, мөн туршилтын хугацаанд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн эсэхэд маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж, 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт Туршилтаар ажиллуулах ... гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байна... гэж, мөн зүйлийн 64.5 дахь хэсэгт Туршилтаар ажиллах ажилтанд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ гэж тус тус зохицуулсан.

 

5.Хэргийн 6-9 дэх талд авагдсан *******-ийн томилгооны бичиг нэртэй баримтад ажлын байрны нэршил, ажиллах хугацаа, ажил амралтын горим, цалин хөлс болоод хөдөлмөрийн харилцааг цуцлах, дуусгавар болох нөхцөлийн талаар тусгагдсан байхаас гадна нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн үйл баримт тогтоогдсон тул анхан шатны шүүхээс талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт нийцжээ. Энэ үндэслэлээр хариуцагчийн гомдлоос хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэсэн хэсгийг хангахгүй.

 

6.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон бол энэ талаар гаргасан шийдвэрийг ... ажилтанд танилцуулж, ...хувийг хүлээлгэн өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчид хүргүүлсэн дээрх 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн мэдэгдлээр ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үр дагаврыг агуулсан тул хуулийн дээрх зохицуулалтад заасан шийдвэр-т тооцогдоно.

Тухайн шийдвэрт ажилтантай байгуулсан туршилтын гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийг огт баримтлаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзэх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

6.1.Анхан шатны шүүхээс ажил олгогч туршилтын хугацаандаа удаа дараа орчуулгын ноцтой алдаа гаргасан, ур чадварын хувьд тэнцэхгүй гэсэн татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна. Мөн ажилтан ур чадварын хувьд тэнцэхгүй болохоо хүлээн зөвшөөрсөн гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

6.2.Талууд хөдөлмөрийн гэрээг 3 сарын туршилтын хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт нийцэх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хугацаа дуусгавар болжээ.

Гэрээг цаашид сунгах, сунгагдсанд тооцох эсэх асуудал зохигчийн хүсэл зоригоос хамаарч Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, талуудын хоорондох тохиролцооны бичгийн 1, 2-д зааснаар хэрэгжих тул нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй гэж үзэж энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт нийцсэн, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоос туршилтын хугацаагаар орон тооны бус ажилд томилсон байсан, орчуулгын ноцтой алдаа их гаргасан тул туршилтын хугацааг заавал дуусгах шаардлагагүй, ажилдаа тэнцэхгүй болохоо өөрөө хүлээн зөвшөөрсөн гэсэн хэсгийг хангахгүй.

 

7.Ажил олгогч нь хууль болон гэрээнд заасан хугацаа дууссанаар ажилтантай байгуулсан туршилтаар ажиллуулах гэрээг цуцлах эрхтэй боловч уг хугацаанаас өмнө гэрээг цуцлах болсон үндэслэлээ нотлоогүй, ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлт бичгээр гаргаагүй байхад гэрээг цуцалсан нь үндэслэлгүй тул туршилтаар ажиллуулах гэрээний хугацаа дуусах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд ажиллаагүй хоёр сарын хөлс төлөх үндэслэлгүй талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

7.1.Харин анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг тооцохдоо талуудын тохиролцсон цалин хөлсний хэмжээг харгалзан үзэлгүй буруу тооцсон байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

Хэрэгт авагдсан томилгооны бичиг нэршилтэй гэрээний 2.3-т сарын үндсэн цалин 3,000,000 төгрөг, хоолны мөнгө 500,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөг байхаар тохирсон тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д заасан олговрыг тооцохдоо мөн журмын 1.5-д ажилтанд олгож байгаа ... унаа хоолны хөнгөлөлт..-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж зааснаар тохирсон хоолны мөнгийг хасч тооцвол 7,395,355 төгрөг байна. (3,000,000 төгрөг : 21,5 = нэг өдөрт 139,535 төгрөг * 2025.11.28 - 2026.02.13 хооронд ажлын 53 хоног)

Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас олговорт 7,395,355 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт нийцнэ.

 

8.Анхан шатны шүүх ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг туршилтын хугацаагаар тооцон зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, тохиролцооны бичгийн 3.2-д тус тус нийцжээ.

 

9.Нэхэмжлэгч шийдвэрийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан 30 хоногийн дотор шүүхэд шууд хандсаныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар хүлээн авахаас татгалзаагүй байна. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь процесс хэмнэлттэй байх зарчимд нийцэхгүй.

 

10.Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/03330 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтад 11,753,919 гэснийг 7,395,355 гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтад 273,213 гэснийг 203,476 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,013 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

 

О.ОДГЭРЭЛ